| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, халх, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***************** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** регистрийн дугаартай, Х овогт Т.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг “*****” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтай, шинэс төрлийн 1,113 метр куб модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, сумын ойнд санд 223,844 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх хуудас/, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 13 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Б 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх хуудас/, гэрч Г.О 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь хуудас/, гэрч С.Б 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх хуудас/, гэрч Ш.Т 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь хуудас/, гэрч Ж.Т 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь хуудас/, гэрч Д.Б 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 37 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-43 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас ойн санд 671,532 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд төлж барагдуулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан.
Хэдийгээр шүүгдэгч нөхөн төлбөрийг буруу дансанд төлсөн байх боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүх энэ байдлыг залруулах боломжтой юм.
Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкаар дамжуулан Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд Т.Б төлөгдсөн 671,532 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, цаашид энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч Т.Б хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 1.90 метрийн урттай 4, 2 метрийн урттай 4 ширхэг, 2.06 метрийн урттай 2 ширхэг, нийт 10 ширхэг бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ***** улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгсэл, хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензиний банктай, улаан өнгийн банкны тагтай, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай /бариулыг скочоор ороосон/, шугам төмөр сейфтэй 1 ширхэг моторт хөрөө, цагаан өнгийн 4.64 метрийн урттай уяа 1 ширхгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 1.90 метрийн урттай 4, 2 метрийн урттай 4 ширхэг, 2.06 метрийн урттай 2 ширхэг, нийт 10 ширхэг бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ********** улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгсэл, хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензиний банктай, улаан өнгийн банкны тагтай, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай /бариулыг скочоор ороосон/, шугам төмөр сейфтэй 1 ширхэг моторт хөрөө, цагаан өнгийн 4.64 метрийн урттай уяа 1 ширхгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин прокурорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т.Б зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкаар дамжуулан Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд Т.Б төлөгдсөн 671,532 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, цаашид энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 1.90 метрийн урттай 4, 2 метрийн урттай 4 ширхэг, 2.06 метрийн урттай 2 ширхэг, нийт 10 ширхэг бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ************* улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгсэл, хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн бензиний банктай, улаан өнгийн банкны тагтай, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай /бариулыг скочоор ороосон/, шугам төмөр сейфтэй 1 ширхэг моторт хөрөө, цагаан өнгийн 4.64 метрийн урттай уяа 1 ширхгийг улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан прокурорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН.