Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/451

 

                                   

 

 

 

 

 

 Ц.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/563 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Ц-т холбогдох эрүүгийн 2008014590153 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Цогтсайханы Ц-, 19... оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............ гэх, ам бүл ............ оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Ц.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар  сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 34-34 тоотод хохирогч О.Х-гийн түрээсэлж амьдардаг нийтийн байранд “насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ын биеийг илсэн” гэх асуудлаас үүдэн насанд хүрээгүй хохирогч Ц.Б-тай маргалдаж улмаар түүнийг хөлөөрөө жийж унагах, өшиглөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хацар, баруун шанаа, ооч, баруун мөр, баруун тохойд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн Ц.Ц-ийн насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ыг зодох үед тухайн цаг хугацаанд зодооныг салгах зорилгоор “болиоч хүүхэд аллаа” гэж хэлсэн хохирогч О.Х-г заамдаж, хамар, шанаа хэсэгт нь цохисны улмаас түүний биед хамрын нуруу, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд санаатай учруулсан,

мөн Ц.Ц-ийн хохирогч О.Х-г зодох тухайн цаг хугацаанд зодсоныг болиулахаар “боль чи яаж байна” гэж хэлэн хохирогч О.Х-гийн өмнүүр орсон хохирогч С.Н-ыг тогоогоор нуруу руу нь цохих, эрүү рүү нь гараараа цохих, хэвлий рүү нь өшиглөхийг завдах зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, зүүн баруун даланд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулж, насанд хүрээгүй хохирогч Ц.Б-, О.Х-, С.Н- нарын эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл учруулах байдлаар онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.6 дахь заалтад заасан “Хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоожээ.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн: 1. Хэрэг бүртгэлтийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нээж мөрдөгч тогтоол үйлдсэн байна. Гэтэл эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр мөрдөгч шүүхэд шилжүүлэх санал гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17 дугаар бүлэг болох “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зорилго нь аливаа гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх процесс байх талаар хууль тогтоогч хуульчилсан байхад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрхи зорилготой нийцэхгүйн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 12 хоногийн өмнө шүүхэд шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд гүйцэтгээгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар хуульчилсан байна. Гэтэл прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагч Ц.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 3 дугаар  сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 34-34 тоотод хохирогч О.Х-гийн түрээсэлж амьдардаг нийтийн байранд “насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ын биеийг илсэн” гэх асуудлаас үүдэн насанд хүрээгүй хохирогч Ц.Б-тай маргалдаж улмаар түүнийг хөлөөрөө жийж унагах, өшиглөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хацар, баруун шанаа, ооч, баруун мөр, баруун тохойд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн Ц.Ц-ийн насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ыг зодох үед тухайн цаг хугацаанд зодооныг салгах зорилгоор “болиоч хүүхэд аллаа” гэж хэлсэн хохирогч О.Х-г заамдаж, хамар, шанаа хэсэгт нь цохисны улмаас түүний биед хамрын нуруу, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд санаатай учруулсан, мөн Ц.Ц-ийн хохирогч О.Х-г зодох тухайн цаг хугацаанд зодсоныг болиулахаар “боль чи яаж байна” гэж хэлэн хохирогч О.Х-гийн өмнүүр орсон хохирогч С.Н-ыг тогоогоор нуруу руу нь цохих, эрүү рүү нь гараараа цохих, хэвлий рүү нь өшиглөхийг завдах зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, зүүн баруун даланд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулж, насанд хүрээгүй хохирогч Ц.Б-, О.Х-, С.Н- нарын эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл учруулах байдлаар онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.6 дахь заалтад заасан “Хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж яллах дүгнэлтийн үндэслэх хэсэгт тогтоосон хэргийн үйл баримтыг тогтоох хэсэгт давхардуулан бичсэн нь яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй болсон. Түүнчлэн яллах дүгнэлтийн үндэслэх хэсэг утга найруулгын хувьд алдаатай байгааг дурьдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйл хангагдсан эсэх”-ийг прокурор хянана гэж хуульчилсан байна. Гэтэл прокурор 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 28 дугаартай прокурорын саналдаа “... яллагдагч Ц.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мөн хүсэлт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан тул... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг... гаргаж байна” гэсэн нь прокурорын санал хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж торгох ялыг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цагаар тогтооно” гэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно” гэж зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хуульчилсныг бүгдийг нь хангаж байна гэж дүгнэсэн атал юуг үндэслэн торгох ял оногдуулах санал гаргасан нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар, хэрэгт шүүгдэгч Ц.Ц-ийг ажил хөдөлмөр эрхэлдэг талаар ямар нэгэн баримт авагдаагүй байхад яллах дүгнэлтэд түүнийг хувиараа түгээлтийн машин барьдаг ажилтай гэж тодорхойлсон нь ойлгомжгүй бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй хүнд ямар үндэслэлээр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь ойлгомжгүй болжээ.

4. Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолд “... хохирогч Ц.Ц-...” гэж гарын үсэг зуруулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... 1. Ц.Ц-ийн биед баруун хацар, баруун шанаа, зулайн хуйх, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэжээ. Гэтэл шүүгдэгчийн Ц.Ц-ийн биед хэн гэмтэл учруулсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг хэн учруулсан эсэхийг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

5. Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзвэл 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ц.Ц- нь Ц.Б-тай уулзан О.Х-гийн гэрт очиж, С.Н- нартай архидан согтуурч хоорондоо маргалдан зодолдсон. Тодруулбал, 31 настай хүн хүүхдүүд цуглуулж архидан согтуурсан байна. Улмаар маргааныг таслан зогсоохоор ирсэн О.Х-гийн эцэг Ш.Бат-Очирыг шүүгдэгч Ц.Ц- цохисон байна. Гэтэл шүүгдэгчийн дээрхи үйлдлүүдэд зөрчлийн шинж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иймд дээрхи үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаав.

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний  үндсэн дээр тогтооно”, “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон. Шүүгдэгч Ц.Ц- нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын хэмжээний талаар санал гаргаж, саналыг шүүгдэгч Ц.Ц-ээс хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүх хуралдаан дээр Ц.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн давхар хүсэлт гаргаж өгсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүд нь нэг тал болж гэм буруугийн талаар маргаагүй, ялын талаар тохиролцсон, ямар нэгэн эсрэг санал гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл нь тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байхад уг зүйл заалтад заасан үндэслэлд хамааралгүй үндэслэл дурьдаж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн зүйл заалтад нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах явцад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэл болгох хуулийн заалтыг удирдлага болгосон, “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг удирдлага болгоогүй нь ойлгомжтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ц.Ц-ийг насанд хүрээгүй хохирогч Ц.Б-, О.Х-, С.Н- нарын эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл учруулах байдлаар онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааны аливаа хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой нийцээгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар хуульчилсныг зөрчиж яллах дүгнэлтийн үндэслэх хэсэгт тогтоосон хэргийн үйл баримтыг тогтоох хэсэгт давхардуулан бичсэн нь яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, утга найруулгын хувьд алдаатай байгааг засуулах,

Ц.Ц-ийг ажил хөдөлмөр эрхэлдэг талаар ямар нэгэн баримт авагдаагүй байхад прокурор ямар нотлох баримтыг үндэслэн торгох ял оногдуулах санал гаргаж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ял тохиролцсон нь ойлгомжгүй,  

Ц.Ц-ийн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирлыг хэн гэмтэл учруулсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй,  

Ц.Ц-ийн хохирогч О.Х-гийн эцэг Ш.Бат-Очирыг цохисон үйлдэлд зөрчлийн шинж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн зэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тодорхой хэмжээнд шалгаж тодруулсныг шүүх хуралдааны явцад шаардлагатай зарим зүйлийг нэмж тодруулах, талуудаас шинэ баримт гаргаж өгөх замаар нотолбол зохих зүйлийг бүрэн тогтоох боломжтой тул шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дээрх асуудлууд нь хууль зүйн үндэслэлтэй боловч гагцхүү шүүх шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх зүйл биш байна гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавихдаа прокурорын байгууллага цаашид анхаарч ажиллавал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/563 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Ц-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ