Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 107

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

            Улсын яллагч Г.Мөнхтүвшин

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Шинжээч З.Алтанхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын  харъяат, 1991 оны 07 сарын 29-нд төрсөн, эрэгтэй, 26 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 2-р баг, Сургуулийн 1-14 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Хондогочой овогт Баттайваны Баттөгсөд /РД:ЕЮ91072915/ холбогдох эрүүгийн 201710010028 тоот хэргийг хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Б.Баттөгс нь 2016 оны 12 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох солют буюу пиротехникийн хэрэгслийг иргэн Н.Чимэдцэрэнгийн  эзэмшлийн 00-43 ДГА улсын дугаартай суудлын автомашинд ачиж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Би бусдын машиныг өдрийн 100 юаниар хөлсөлж, Замын-Үүд Эрээний хооронд ачаа бараа зөөх ажил эрхэлдэг юм. Сардаа бараг 1 сая орчим төгрөгийн орлого олдог, манай дүү бас ажил хийдэг. Дүүгийнхээ хамт ам бүлээ тэжээдэг бөгөөд байшингийнхаа зээлийг төлдөг юм. 2016 оны 12 сард Эрээнээс 0043 дугаартай машинд ачаа ачсан. Тэгээд Монголын хил дээр ирээд гаальд шалгуулахад ачсан ачаа дотор  маань салют байсан.  Би салют байгаа талаар мэдээгүй. Ачаагаа шалгаж аваагүй нь миний буруу.  Уг ачааг каргод хийгээд энэ талаараа ачаа ачсан өвөрмонголд хэлэх байсан. Үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож байгаа. Хөнгөн ял шийтгэж өгнө үү ”  гэсэн мэдүүлэг

Шинжээч З.Алтанхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Онцгой байдлын албанд 15 жил ажиллаж байна. Мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргах боломжгүй гэдгээ цагдаагийн байгууллагад хэлсэн байдаг. Тухайн хүний хилээр нэвтрүүлсэн эд зүйл нь пиротехникийн хэрэгсэл юм. Пиротехникийн хэрэгсэл гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг хэлнэ. Уг дүгнэлтийг гаргахдаа эд зүйлийг бодит байдлаар үзсэн, мөн хил дээр ажилладаг байгууллагаас гарал үүслийн бичиг баримт байсан эсэхийг асуусан. Энэ эд зүйл нь бол пиротехникийн хэрэгсэл бөгөөд тэсэрч дэлбэрэх зүйлд хамаарна. Хуульд зааснаар Засгийн газар нь хилээр импортлох дүрмийг батлаад, энэ дагуу зөвшөөрөл авч хилээр оруулах юм. Мөн гарал үүслийн бичиг баримтгүй хилээр оруулж ирсэн учраас үйлдвэрлэсэн он сар өдөр, ашиглах хугацаа, найрлагыг нь харах боломжгүй юм. Иймд цаашид ашиглах боломжгүй юм” гэсэн мэдүүлэг.

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 5/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0004027 /хх-ийн 6/

Гэрч Н.Чимэдсэрчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг ЗамынҮүд сум руу орж ирэхэд Баттөгс би цагдаад саатуулагдсан хориглосон зүйл ачсан байна гээд баригдсан талаараа хэлсэн. Б.Баттөгс надад хэлэхдээ “Од буудлын үүднээс үл таних хятад иргэнээс ачаа авч ачсан юм, тухайн үед хятад иргэн надад хэлэхдээ бэлэн хувцас гуталнууд байгаа гэж хэлсэн юм, би ачаа барааг нь ачаад Монголын хил дээр ирээд шалгуулахад бэлэн хувцас гутал гэсэн ачаа бараанаас салют буюу протехникийн хэрэгсэл гарч ирсэн тэгээд л саатуулагдсан гэж хэлсэн” юм... Б.Баттөгс нь ер нь бол амьдралын түвшин муутай хүн байгаа юм. Найз маань даруу төлөв хүний үгээр тусч зантай хүн байгаа юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Г.Мөнхсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний мэдэж байгаагаар 2 жил орчим л ачаа барааны тээвэрт явж байгаа, гэхдээ өөрт нь хувийн машин байдаггүй ихэвчлэн хүний машиныг хөлсөөр унгадаг юм. Одоогийн байдлаар ээж, дүү нарынхаа хамт Замын-Үүд сумын 2-р баг Босс 1-30 тоотод дүүгийнхээ эзэмшлийн байшинд бөөндөө амьдардаг юм.Түүнд хувьд ногдох эд хөрөнгө гэх зүйл байхгүй, ахуй амьдарлынх нь талаар ярьвал ээж, дүү нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй ганц найз маань машин тэрэг жолоодож ар гэрээ тэжээдэг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/           

            0043 ДГА улсын дугаартай  УАЗ 3151 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23/

Шинжээч З.Алтанхуягийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн “ 1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг,

2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэнэ.

3.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадгалах газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/ ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ.

4.Нэмж дүгнэлтэнд тусгах зүйл байхгүй болно” гэсэн шинжээчийн 2 тоот дүгнэлт /хх-ийн 29-30/

2000 онд худалдан авч байсан гэх 4 ханатай Монгол гэрийг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/      

192 ширхэг пиротехникийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 71/                                                                                                                        

0043 ДГА улсын дугаартай УАЗ-3151 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77-79/

            Иргэний нэхэмжлэгч Д.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “00-43 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн улаан хүрэн өнгөтэй тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийх бөгөөд 2011 оны 06 -р сард Зандрааболд гэх хүнээс 6,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед нэрээ солиогүй байсан ба жилийн дараа мөнгө гүйцэт өгч нэрээ сольж байсан. 2016 оны 04-р сараас эхлэн хамаатны дүү Чимэдсэрчинд хөлсөөр бариулж байгаад сүүлдээ мөнгө өгөлгүй хэдэн сар явуулсны дараа машины Чимэдсэрчинд өгөх болсон. Чимэдсэрчин нь тодорхой эрхэлсэн ажилгүй эхнэр хүүхдийн хамт амьдардаг болохоор амьдралаа залгуул гэж бодоод машинаа өгсөн. Гэхдээ нэрээ солиулаагүй, машинтай холбогдуулан гомдол, санал нэхэмжлэx зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/

Гэрч М.Мөнгөнбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед жолоочоос нь “улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа таны ачиж орж ирсэн ачаа бараанд байгаа юу” гэж асуухад байхгүй гэж хариулсан.Ингээд би 00-43 ДГА дугаарын УАЗ-31512 маркийн автомашины хаалгыг нь жолоочоор нь нээлгэн үзлэг хийхэд гадна талаараа ногоон өнгийн мяндсан шуудайтай 6 хэсэг ачааг машины гол хэсэгт байрлуулан тойруулаад гадна хэсгээр нь аар саархан ачаа бараагаар далдалсан маягтай тавьсан байсан. Тэгэхээр нь жолоочоос “энэ юу юм бэ?” гэж асуухад гутал байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нягтлан шалгаж үзье гэсэн бодол төрж ачааг задалж үзэхэд дотроос нь салют буюу пиротехникийн хэрэгсэл гарч ирсэн.Ингээд лавшруулан үзлэгийг хийж 6 хэсэг ногоон өнгийн мяндсан шуудайтай пиротехникийн хэрэгсэл байгааг тогтоон хойшлуулшгүй ажиллагааг явуулж материалжуулан холбогдох газарт нь шилжүүлсэн. Нэг ногоон өнгийн мяндсан шуудайнд 2 хайрцаг пиротехникийн хэрэгсэл байсан.1 хайрцаг дотор нь 16 ширхэгтэй, нийт 192 ширхэг байсан. Пиротехникийн хэрэгсэл нь одоо хилийн АЗШНБ- дээр байрлах Гаалийн агуулахад байгаа болно.”  гэсэн мэдүүлэг/хх-ийн 108/

Шүүгдэгч Б.Баттөгс  нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 41/ 

Вендо ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 94- 102/

Ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-106/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч Б.Баттөгс нь 2016 оны 12 сарын 25-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор протехникийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Банзрагчийн эзэмшлийн 00-43 ДГА улсын дугаартай, УАЗ-3151 маркийн автомашинд БНХАУ-ын Эрээн хотоос ачиж  Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн байна.

            Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т зааснаар пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрмийг батлах дүрмийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавралтаар баталсан пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрмийг батлах журмын 4, 9-т зааснаар аж, аж ахуйн нэгж, иргэн нь геологи, уул уурхайн  асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллагад өргөдөл гаргаж бүртгүүлсэн байхыг шаардах юм.

            Шүүгдэгч нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй улсын хилээр протехникийн хэрэгслийг нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 18.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч З.Алтанхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон шинжлэн судалсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 5/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0004027 /хх-ийн 6/, гэрч Н.Чимэдсэрчингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/, шинжээч З.Алтанхуягийн  2017 оны 01 сарын 10-ны өдрийн 2 тоот дүгнэлт /хх-ийн 29-30/ гэрч М.Мөнгөнбаганы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 108/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

            Шүүгдэгч Б.Баттөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

            Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 192 ширхэг пиротехникийн хэрэгслийг гарал үүслийн бичиг баримтгүй хилээр оруулж ирсэн учраас үйлдвэрлэсэн он сар өдөр, ашиглах хугацаа, найрлагыг нь харах боломжгүй тул цаашид ашиглах боломжгүй талаар шинжээч З.Алтанхуяг мэдүүлсэн тул устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Тухайн эд мөрийн баримт нь Замын-Үүд дэх Гаалийн газрын баталгаат агуулахад хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн байгааг дурдав.

            Мөн энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор 0043 ДГА улсын дугаартай УАЗ-3153  маркийн тээврийн хэрэгсэл,  шүүгдэгчийн хөрөнгөөс 4 ханатай монгол гэр зэргийг битүүмжилсэнийг хүчингүй болгож, 0043 ДГА улсын дугаартай УАЗ-3153  маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Банзрагчид, 4 ханатай монгол гэрийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

                       0043 ДГА улсын дугаартай УАЗ-3153  маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Банзрагчийн өмчлөлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хондогочой овогт Баттайваны Баттөгсийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Баттайваны Баттөгсийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Шүүгдэгч Б.Баттөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 192 ширхэг пиротехникийн хэрэгслийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.

5.Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 0043 ДГА улсын дугаартай УАЗ-3153  маркийн тээврийн хэрэгсэл,  шүүгдэгчийн хөрөнгөөс 4 ханатай монгол гэр зэргийг битүүмжилсэнийг хүчингүй болгож, 0043 ДГА улсын дугаартай УАЗ-3153  маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Банзрагчид, 4 ханатай монгол гэрийг шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Баттөгсөд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч   Б.Баттөгс нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баттөгсөд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД