Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/424

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         06           09                                      2025/ШЦТ/424

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч: Б.Б., түүний өмгөөлөгч Х.Гантулга нар оролцсон эрүүгийн 2508000000577 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш. овогт Б.н Б.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүрээр үйлчлүүлээд гарах үед дэлгүүрийн худалдагч араас нь “утсаа аваарай” гэж хэлэхэд хохирогч М.М.ийн кассын дэргэд тавиад мартсан байсан “Айфон 11” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 713.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2508000000577 дугаартай хэргээс:

Хохирогч М.М.ийн мэдүүлэг /хх-ийн 28/,

БГэрч Б.Б.гийн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34/,

Б.Б.ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24/,

Б.Б.ын хувийн байдалд холбогдох баримтууд /45-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүрээр үйлчлүүлээд гарах үед дэлгүүрийн худалдагч араас нь “утсаа аваарай” гэж хэлэхэд хохирогч М.М.ийн кассын дэргэд тавиад мартсан байсан “Айфон 11” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 713.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч М.М.ийн өгсөн “...”Миний сүлжээ” дэлгүүрээр 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22:30 цагийн орчим үйлчлүүлээд касс хэсэгт тооцоогоо хийж байхдаа өөрийн эзэмшлийн Айфон 11 маркийн гар утсаа үлдээсэн байсан. Тэгээд буцаж ирээд гар утсаа авах гэсэн боловч миний ард үйлчлүүлж байсан гэр бүлийн эхнэр, нөхөр, хүүхэд гурвын нөхөр нь авч явсан гэж худалдагч хэлэхээр нь камер шүүж үзэхэд миний дараа үйлчлүүлсэн эрэгтэй хүн миний гар утсыг авч явж байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрч Б.Б.гийн өгсөн “...”Миний сүлжээ” дэлгүүр ороод хүнс цуглуулаад гарах гэж байтал ардаас дэлгүүрийн худалдагч гэх хүн “утсаа аваарай” гээд орилоод байсан. Манай дүүгийн 3 настай хүүхэд миний гар утсыг барьсан явж байсан, тэгээд би миний утас юм байна гэж бодоод Б.Б. ахыг “та аваад гарч бай, би АТМ орчихоод яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд Б.Б. ах аваад гарсан. Тэгээд 1 цаг гаран түгжрээд гэртээ очтол тухайн гар утас минийх биш байсан гэдгийг мэдсэн. Тэгээд хартал цэнэг нь дуусаад унтарсан байсан. Буцаж тухайн дэлгүүр очоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хохирогч гар утсаа дэлгүүрийн кассан дээр байрлуулан худалдан авалт хийж байгааг харуулсан бичлэгт байна. ...Хохирогчийг гар утсаа үлдээгээд гараад явсны дараа араас нь худалдан авалт хийж байсан цэнхэр өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн цамцтай иргэн худалдагчаас гар утсыг нь авч байгааг харуулсан бичлэг байна. ...Сэжигтэй этгээд нь “Миний сүлжээ” дэлгүүрийн зогсоолоос автомашинтайгаа гарч байгааг харуулсан бичлэг байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Үнэлэгдэж байгаа эд зүйл буюу Айфон 11 утасны хохирлын дүн нь 713.000 төгрөгөөр тогтоогдож байна.” гэх тайлан /хх-ийн 34/,

Б.Б.ын сэжигтнээр өгсөн “...Би “Миний сүлжээ” дэлгүүрээс худалдаж авсан эд зүйлсээ аваад гарах гэтэл худалдагч эмэгтэй ардаас “утсаа аваарай” гээд орилоод байхаар нь би эргэж очиж аваад, гарч яваад машиндаа суугаад, дүү охин ардаас АТМ орчихоод гарч ирсэн. Би дүү охинд тухайн гар утсыг үзүүлээд “энэ чиний утас мөн үү?” гэж асуухад “минийх биш байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр газраас хөдлөөд Гурвалжингийн гүүр даваад, том машинаа аваад, хөдөө орон нутаг яваад 2 хоноод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Эд зүйл хүлээн авсан тухай “...Иргэн Б.Б.аас Айфон 11 маркийн хар өнгийн, саарал кейстэй гар утас 1 ширхэгийг хэрэгт хавсаргах үндэслэлтэй байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 20/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Утасны асаах товчлуурт дарахад нууц үг нэхэх бөгөөд уг гар утасны кодыг хохирогч М.М. нь “200505” гэж хэлж байна. Гар утасны түгжээ нь тайлагдах бөгөөд тухайн гар утасны ажиллагаа нь хэвийн ажиллаж байна. Дээрх гар утсыг хохирогч М.М.т харуулахад “миний эзэмшлийн гар утас мөн байна” гэв. Гар утсыг М.М.т хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б. нь дэлгүүрийн кассан дээр түүний урд үйлчлүүлээд гарсан иргэний тооцоогоо хийх явцдаа кассан дээр тавьж үлдээн мартаад явсан гар утсыг дэлгүүрийн худалдагч өөрт нь андууран өгсөн буюу бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг даруй мэдсэн атлаа тийнхүү буцаан өгөлгүй авч явж завшсанаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж, 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

“Бага хэмжээнээс дээш хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид эд зүйлийг нь биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б.ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Б. нь бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хавсарган ирүүлсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш. овогт Б.н Б.ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН