| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0505/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/481 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/481
2025 06 23 2025/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Н.Анхбаяр,
шүүгдэгч: Б.С., түүний өмгөөлөгч А.Очбадрал нар оролцсон эрүүгийн 2508016170910 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х. овогт Б.ын С.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “К.” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С. нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С. дүүргийн ... дүгээр хороо, ... байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.М.ы биед халдаж, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, баруун чамархай, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, хамрын баруун самсаа, баруун шанаанд зулгаралт, хамар, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
С. дүүргийн Прокурорын газраас Б.С.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2508016170910 дугаартай хэргээс:
Хохирогч Д.М.ы мэдүүлэг /хх-ийн 7-9/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О.ийн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Б.О.ийн мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3831 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/,
Б.С.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.С. нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С. дүүргийн 19 дүгээр хороо, 7а байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.М.ы биед халдаж, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, баруун чамархай, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, хамрын баруун самсаа, баруун шанаанд зулгаралт, хамар, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Д.М.ы өгсөн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 61-ийн гарамд гэртээ байж байгаад эхнэрийг “ирж хонох уу” гэхээр нь хонох санаатай гэрээсээ гараад 7а байрны гадаа ирээд, эхнэрээ утсаар дуудаж гаргаж ирээд, байрны зогсоолд машинд сууж байгаад эхнэртэйгээ маргалдсан. Бид хоёр хадмуудаас болоод ойрд жаахан маргаантай байгаа юм. Манай хадам ах Б.С. ирээд, машины хаалга онгойлгоод “аятайхан байж чадах уу” гэхээр нь би “энэ удаа дахин миний амьдралд оролцох гээд байна уу” гэж хэлсэн. Тэгтэл намайг “буугаад ир, ална чамайг” гээд би машинаас буугаад, Баатар бид хоёр харилцан заамдалцаж аваад, хэсэг зууралдаж байгаад больсон юм. Б.С. миний баруун хөл рүү өшиглөж унагаад, дээр мордож байгаад миний нүүр хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа, ойролцоогоор 7-8 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,
Гэрч Б.О.ийн өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С. дүүргийн 19 дүгээр хороо, 7а байрны 50 тоот байрны гадна машин дотор нөхөр Д.М.тай гэр бүлийн асуудлаас болоод бид хоёр хэрэлдэж муудалцаад байж байхад манай төрсөн ах Б.С. хүрч ирээд “та хоёр боль, 70 гаруй настай хөгшин хүний хажууд байж дандаа бөгс бөөрний хэрүүл хийх юм, амьдарвал амьдарсан шиг амьдар, чадахгүй бол больцгоо” гэж хэлээд машины хаалга саваад явсан. Тэгээд Д.М. араас нь очоод Б.С. ахтай маргалдаж, нэгнийгээ заамдаж, хоёулаа газар унаж, бие биенийгээ цохиод эхэлсэн. Удалгүй Б.С. ах Д.М.ы дээр нь гарч, нүүр, хамар луу нь гараараа цохиж байхад манай хүү М.Б. хүрч ирээд хоёуланг нь салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3831 дугаартай “Д.М.ы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, баруун чамархай, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, хамрын баруун самсаа, баруун шанаанд зулгаралт, хамар, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
Б.С.ын яллагдагчаар өгсөн “...Д.М. намайг заамдаад авахаар нь би газар унагааж, нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж маргалдаж байхад манай төрсөн дүү Б.О. бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С. “эхнэртэйгээ хоорондоо маргалдлаа” гэх шалтгаанаар Д.М.тай маргалдаж, улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.С. нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Д.М.ы биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
С. дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.С.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч Д.М. нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр нас барсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О.ээс ямар нэг хохирол нэхэмжлэхгүй гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.С.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.С. нь бүрэн дунд боловсролтой, ажил эрхэлдэг, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.С.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.С. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х. овогт Б.ын С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН