Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/558

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025         07           03                                        2025/ШЦТ/558

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: Б.Бат-Эрдэнэ,  

шүүгдэгч: С.Н. нар оролцсон эрүүгийн 2508000000964 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц. овогт С.ийн Н.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н. нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор  амьтны жагсаалтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг худалдан авсан,

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг Баян-Өлгий аймгийн Б. сумын ...ийн нутаг дэвсгэрт хадгалсан,

2025 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг Баян-Өлгий аймгаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 434.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С.Н.н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2508000000964 дугаартай хэргээс:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц.гийн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч Ж.А.ын мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3826 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-46/,

Шинжээч Г.О.гийн мэдүүлэг /хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч С.Н. нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор  амьтны жагсаалтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг худалдан авсан,

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг Баян-Өлгий аймгийн Б. сумын ...ийн нутаг дэвсгэрт хадгалсан,

2025 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг Баян-Өлгий аймгаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 434.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэг хийгдэх эд зүйл нь 20 гаран см урттай улаан өнгийн жижиг цаасан хайрцаг байх ба дээр нь ..., ... Н.д гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн цаас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэн С.Н.гээр хайрцгийг нээлгэж үзэхэд дотор талаас нь 3 орчим см урттай эвэр хошуутай амьтны гаралтай шувууны мэт өд, сөдгүй гавал толгой байна.

Үзлэгийн цааш үргэлжлүүлэхэд хүнсний скочоор ороосон 4 хэсэг мах байныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц.гийн өгсөн “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон орлого”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчим, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг.

Гэмт хэргийн улмаас учирсон хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-р заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 434.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч Ж.А.ын өгсөн “...Би “А.” ХХК-д Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд зорчигч тээврийн автобусны жолооч хийдэг. Би 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу ... БӨҮ улсын дугаартай Киа загварын автобусаар өглөөний 10:00 цагийн үед гарах гээд Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв дээр зогсож байхад үл таних 40-45 насны эрэгтэй хүн ирээд Улаанбаатар хот руу дайвар явуулах гэсэн юм гээд жижиг 10-20 орчим см-ийн хэмжээтэй хайрцагтай, дээр нь “Н.д ..., ...” гэсэн бичигтэй зүйл өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод очихоор авах хүн нь мөнгийг нь өгнө гэсэн. Тэгээд би дэвтэр дээр 5000 төгрөг зээл гэж бичээд автобусны баруун талын доод хамгийн урд талын багажийг нээгээд ачаа ихтэй болохоор тэр зүйл жижигхэн зүйл байсан тул багажийн ам хэсэгт тавьсан. Тэгээд Баян-Өлгий аймгаас 2025 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 30 минутын үед гараад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Эмээлтийн пост дээр ирээд цагдаад шалгуулахад тухайн жижиг хайрцагтай зүйлийг онгойлгож үзсэн. Тэгсэн шувууны бололтой мах гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3826 дугаартай “...Амьтны толгой нь Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus (Gebler, 1836) шувууны толгой байна. Амьтны хүйсийг тодорхойлох боломжгүй. Агнагдсан байдал болон агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Толгойн ясанд үүссэн гэмтэл шарх байхгүй. 4 ширхэг бодгалийн махны 1 ширхэг махнаас 4 мм металл мэт зүйл илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдийг 1 амьтных болохыг тогтоох боломжгүй. Алтайн хойлог нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалтад багтсан болно. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Алтайн хойлог нь 217.000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 40-46/,

Шинжээч Г.О.гийн өгсөн “...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Алтайн хойлог 217.000 төгрөг байна. Амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол Амьтны тухай хуулийн 37.2 дахь хэсэгт зааснаар 434.000 төгрөг байна.

Шинжилгээнд ирүүлсэн тухайн амьтны гаралтай махыг тогтоох боломжгүй дүгнэлтэд тусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н. нь ховор амьтны жагсаалтад багтдаг Алтайн хойлог шувууг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн болох нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг багтаасан ойлголт юм.

Амьтны тухай хуульд “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор тодорхойлсон ба зөвхөн судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлбөр нөхцөлд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор гагцхүү төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр агнаж, барихыг зөвшөөрдөг.

Гэтэл шүүгдэгчийн тухайд гарал үүсэл нь тодорхойгүй амьтны түүхий эдийг “ятуу шувууны мах гэж хэлсэн, ядаргаанд сайн гэдэг утгаар зах дээрээс авсан” гэж тайлбарлан тухайн түүхийн эдийг хадгалсан, улмаар бусдаар тээвэрлүүлэн өөрөө авсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба тухайн амьтныг хэн агнаснаас үл хамааран түүхийн эдийг нь тодорхой хувийн ашиг сонирхлын үүднээс худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн нь тухайн гэмт хэргийн шинжийг хангах үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч С.Н. нь Монгол орны тодорхой бүс нутагт суурьшин амьдардаг, түгээмэл бус тохиолдох шувууг агнах нь хууль бус шинжтэй болохыг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байхад түүхий эдийг нь худалдан авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох амьтны аймагт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Н.гээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, амьтны аймагт учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Н.г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Алтайн хойлог шувуу нь 217.000 төгрөгийн үнэлгээтэй байх ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж зааснаар амьтны аймагт учирсан хохирол 434.000 төгрөг байна.

Шүүгдэгч нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:”, 7 дахь хэсгийн 7.2.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж тус тус зааснаар 434.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч С.Н.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Н. нь тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Н.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг шүүгдэгч С.Н. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэнд С.Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Алтайн хойлог шувууны толгой 1 ширхэг, 4 ширхэг амьтны мах зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц. овогт С.ийн Н.г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.д оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Алтайн хойлог шувууны толгой 1 ширхэг, 4 ширхэг амьтны мах зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН