Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч *******,

Гэрч *******,*******, *******, *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэ/ 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түшээгүн овогт *******ид холбогдох 20170900282 дугаартай хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлтэй 2005 оны 10-р сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг, Нарс гэх газар оршин суух Түшээ гүн овогт Лхамжавын  Нямдорж РД/И-/.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04-р сарын 09-өөс 2017 оны 04-р сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутгаас иргэн *******ийн хээр зүсмийн 2 тооны морийг, мөн газраас 2017 оны 04-р сарын 25-нд шилжих шөнө зээрд зүсмийн морийг нь тус тус шунахай сэдэлтээр хулгайлж, иргэн *******т нийт 14 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хх-ийн 3-4 дүгээр хуудас сэжигтэн Лхамжавын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хх-ийн 6-7 дугаар хуудас эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хх-ийн 8-10 дугаар хуудас гэрч *******ийн мэдүүлэг, хх-ийн 11 дүгээр хуудас гэрч *******ийг дахин байцаасан байцаалт, хх-ийн 12 дугаар хуудас *******аас морь түр хураан авсан тэмдэглэл, хх-ийн 13 дугаар хуудас гэрч Жавзандуламын мэдүүлэг, хх-ийн 14, 62 дугаар хуудас гэрч Даваадоржийн мэдүүлэг, хх-ийн 15 дугаар хуудас гэрч Очирбатын мэдүүлэг, хх-ийн 63 дугаар хуудас гэрч Очирбатыг дахин байцаасан байцаалт, гэрч Басангийн мэдүүлэг, хх-ийн 17 дугаар хуудас гэрч *******ын мэдүүлэг, хх-ийн 18 дугаар хуудас гэрч Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, хх-ийн 22 дугаар хуудас эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, хх-ийн 24, 27 дугаар хуудас өргөмжлөл, хх-ийн 28 дугаар хуудас өргөмжлөл, хх-ийн 33-34 дүгээр хуудас үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, хх-ийн 58-60 дугаар хуудас эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хх-ийн 62 дугаар хуудас хохирогч Даваадэлгэрийн байцаалт, хх-ийн 75 дугаар хуудас хохирогчийн малын тооллогын баримт зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр : Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 22 хуудас/, өргөмжлөл /хх-ийн 25-28 хуудас/, морины бай шагналын баримт, үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59 хуудас/, Даваадоржийн хувийн тэмдэглэлийн дэвтэр болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь  2017 оны 04-р сарын 09-өөс 2017 оны 04-р сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутгаас иргэн *******ийн хээр зүсмийн 2 тооны морийг,

 мөн газраас 2017 оны 04-р сарын 25-нд шилжих шөнө зээрд зүсмийн морийг тус тус хулгайлан 14 300 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:

1. Мөрдөн байцаалтад хохирогч *******ийн өгсөн  “...2017 оны 04-р сарын 24-ний өдөр адуугаа гол руу ороход нь бүртгэж үзэхэд бүрэн бүтэн байсан орой нь манай адуу Хонгор сумын Салхит 3 дугаар баг Эрхэт хайрхан руу бэлчээрт гарсан ингээд 2017 оны 04-р сарын 25-ны адуугаа гол руу ороход нь бүртгэж үзэхэд уралдуулахаар тэжээж байсан зээрд зүсмийн сартай морь алга болсон байсан. 26, 27-ны өдрүүдэд тэр хавиар адуугаа хайгаад олоогүй юм... 2017 оны 04-р сарын 09-өөс 10-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас аргамжаатай байсан хээр зүсмийн 2 тооны адуугаа хулгайд алдсан байсан юм. Тэгтэл 2017 оны 05-р сарын эхээр алдсан хоёр адууны нэг адууг нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас Дархан сумд байх үхэр хариулдаг нэг хөгшинд манай хурдан удмын адууг хулгайлсан Нямдорж гэж залуу зарсан байсныг хураан авч, хүлээлгэн өгсөн. Алдагдсан дээрх хоёр адуу нь хоёулаа хээр зүсмийн, нас гүйцсэн, зүүн талын хаа, гуяндаа дором тамгатай байсан мөн 2017 оны 03-р сарын 06-ны өдөр юм уу 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон хайрханы ууланд бэлчээрт байсан адуунаас хойд хоёр хөл нь борвиноос доош цагаан, зүүн талын гуяндаа бундан, хаан дээрээ дором тамгатай 1 тооны гүү алдсан энэ адууг мөн Нямдорж гэгч хулгайлсан гэж сэжиглэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

2. Мөрдөн байцаалтад гэрч М.Жавзандуламын өгсөн “...Манайх 7 азарга 200 гаруй тооны адуутай юм энэ өвөл адуунаас зээрд зүсмийн хурдан удмын адуугаа уяж уралдуулах гэж тэжээж байгаад 2017 оны 04-р сарын 20-ны үед бэлчээрт гаргасан юм. 2017 оны 04-р сарын 24-ний өдөр манай хүү Бат-Эрдэнэ адуугаа гол руу орж ирэхэд нь бүртгэж үзэхэд бүрэн бүтэн байсан тэр өдөр манай адуу голынхоо зүүн талаар Хонгор сумын нутгаар бэлчсэн юм. 2017 оны 04-р сарын 25-ны орой нь адуугаа бүртгэж үзэхэд уяж уралдуулахаар тэжээж байсан зээрд зүсмийн хурдан удмын адуу алга болсон байсан. 26, 27-ны өдөр Номгон, Эрхэт, Салхитын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд Дарханы цагдаад алдагдсан малын бүртгэлд бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

3. Мөрдөн байцаалтад гэрч *******ийн өгсөн “...Би Дархан буян захын хойд байрлах лорд баарны 1 давхарт мах худалдаж авч шулж зардаг юм. 2017 оны 03-р сарын 14-ний өдөр Эрдэнэбилэг гэсэн жолоочтой 7162 УБА улсын дугаартай хар өнгийн соната 2 маркийн машинаар Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын нутаг Номгон 3-р багийн харъяат зүс таних Нямдорж гэгч залуу /86781222 гэсэн холбоо барих утастай/ адууны шулсан мах авчирч өгсөн. Ямар нэгэн гарал үүслийн бичиг байгаагүй. Түүнээс ямар учиртай адууны мах авчирч өгч байгааг асуухад манай адуу байгаа юм малын эмч байхгүй бичиг авч чадаагүй гэж хэлсэн түүний авчирч өгсөн адууны мах 70-80 кг болсон 150 000 төгрөгөөр худалдаж авсан адууны махтай цаг сартай, халтар зүсмийн адууны толгой авчирч байсан арьс, гэдэс дотор авчраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

4. Мөрдөн байцаалтад гэрч*******ын өгсөн “...2017 оны 04-р сарын 25-ны өдөр хамтарч ажилладаг Басангийн хамт зах дээр байж байтал зах дээр махны ченж хийдэг Ягаан гэх эмэгтэй Басан руу залгаад зарах адуу байна очоод үзээдэх гээд нэг утасны дугаар Басанд өгсөн Басан бид хоёр тэр утсаар ярьж байгаа газрыг нь заалгаж очиход Хүнсний үйлдвэрийн хойд талд байх нэг айлд очсон гэрийн эзэн нь гэх танихгүй өвгөн байсан адуу зарж байгаа гэх 30 гаран насны, туранхай бор залуу байсан. Тэр адуугаа 600 000 төгрөгөнд зарна гэхэд нь бид хоёр 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож тэр залуугаар зарах гэж байгаа морийг нь унуулаад Басангийн хашаанд хүргүүлж түүнд бэлэн 500 000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

5. Мөрдөн байцаалтад гэрч Н.Басангийн өгсөн “...2017 оны 04-р сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд махны ченж хийдэг Ягаан гэгч эмэгтэй над руу утсаар яриад нэг хүн морь зарна гээд байна очоод үзээдэх гээд надад нэг утасны дугаар өгсөн би тэр утас руу нь яриад хамтарч ажилладаг Очирбатын хамт Хүнсний үйлдвэрийн ард байх гэр хорооллын айлууд дунд байх нэг айлыг заалгаж очсон тэр хашааны эзэн гэх нэг өвгөн мөн морь зарж байгаа гэх 30 гаран насны бор залуу, хүрэн зүсмийн, сартай, зүүн дээрээ гурвалжин /Дормон/ тамгатай, нас нийлсэн, дунд зэргийн тарга тэвээртэй адууг 600 000 төгрөгөнд зарна гэсэн би түүнээс адууг нь 500 000 төгрөгөөр худалдаж авъя гэж ярьж тохиролцож тэр залууг морьтой нь дагуулаад гэрт ирсэн би тэр залууд бэлэн 500 000 төгрөг өгсөн. Худалдаж авсан адуугаа Очироо бид хоёр нядлаад зах руу оруулаад зарчихсан. Нядалсан адууны толгой, гэдэс, дайвар бүтээгдэхүүнийхэнд зарж, арьсыг нь мөн зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 6. Мөрдөн байцаалтад гэрч *******ын өгсөн: “...2017 оны 04-р сарын 10-ны үеэр миний танил Цолмонгийн Жижгээ /99401996/ гэх залуу над руу утсаар яриад Бааскагийн хашаанд зарах боломжийн хямдхан адуу байна очоод үзээч гэсэн би хүү Мөнх-Эрдэнийн хамт танил Бааскагийн гэрт нь очиж үзэхэд бор хээр зүсмийн зүүн талын хаа, гуян дээрээ дором тамгатай, нас нийлсэн өнжмөл дэлтэй, туранхай адуу байсан уналганд хэрэглэж болохоор адуу байсан учраас худалдаж авъя гэж Бааскатай ярьж тохиролцсон Бааска хэлэхдээ наад адууг чинь маргааш өглөө махлах гэж байгаа юм 300 000 төгрөгөнд зарна гэж хэлсэн Бааскад адууг нь авъя манайд аваачаад өгчихөөрэй мөнгийг нь маргааш өгье гэж хэлсэн. Ингээд орой нь Бааска манай гэрт адууг авчирсан. Маргааш өглөө нь Бааска адууны эзэн гэх залуугийн хамт ирж хүү Мөнх-Эрдэнээс 300 000 төгрөг бэлнээр аваад явсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас адууг хулгайн адуу гээд хураан авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

7. Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн “...2017 оны 04-р сарын дундуур байсан юм өдрийг нь тодорхой санахгүй байна манай аав Ганбатын танил Жижгээ гэх залуу аавтай утсаар яриад Бааскагийн хашаанд зарах боломжийн адуу байна очоод үзээч гэсэн тэгээд аав бид хоёр Тогсоны 7 буудлын орчим байх Бааска /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ахынд очиж тэр адууг үзэхэд бор хээр зүсмийн зүүн талын гуян дээрээ дором тамгатай /гурвалжин/ нас нийлсэн өнжмөл дэлтэй, тарга тэвээрэг муутай адуу байсан. Аав тэр адууг уналганд хэрэглэж болохоор адуу байна худалдаад авчихъя гэсэн. Тэгэхэд Бааска наад адууг чинь маргааш өглөө махлах гэж байгаа юм 300 000 төгрөгөнд зарна гэж байсан. Тэгээд аав бид хоёр адууг худалдаж авахаар болж Бааскаг тэр адууг манайд аваачаад өгчихөөрэй гэж хэлсэн орой Бааска манайд адууг авчирч өгсөн мөнгийг нь маргааш аваачаад өгье гэсэн. Ингээд Бааска адууны эзэн гэх 30 гаран насны, туранхай бор царайтай залуутай ирсэн. Би тэр залууд 300 000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл 2017 оны 05-р сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагаас хулгайн мал худалдаж авсан байна гэж аав бид хоёрын худалдаж авсан адууг хураан авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өгсөн “...Би хоёр хээр морь алга болсныг мэдээгүй байсан. 04 сарын 8.9-ний үед адуундаа нийлсэн байх гэж бодоод үзэхэд байгаагүй. Би сүүлд нь машинтай явж байж олж авсан. Би морио 2012 оноос эхлэн уяж эхэлсэн. Өмнө нь 2,3 удаа тариаланчдын баяр, төмөр замчдын баяраар айрагдаж байсан. Цаашдаа уралдсан бол олон удаа амжилт гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Би 7-8 морь уядаг. Одоо зээрд морины 12.000.000 төгрөг хоёр морины 800.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн “...2017 оны 05 сарын 24-25-нд шилжих шөнө явж байтал Нарсны ар гэх газраар нэг хүрэн морь ганцаараа сүргээсээ тасарчихсан явж байхад нь барьж авсан. Тэр хүрэн морийг авахдаа уядаг, хурдан морь гэж мэдээгүй. Тэгээд тэр морийг Дарханд аваачаад 500.000 төгрөгөөр ченжэд өгөөд мөнгөө аваад явсан. Хоёр хээр морины хувьд аваад Дарханд аваачаад нэгийг нь амьдаар нь өгсөн, нэгийг нь ченжэд 300.000 төгрөгөөр зарсан. Нийт 3 морь хулгайлсан асуудал байгаа... ” гэх мэдүүлэг,

10. 2017 оны 05-р сарын 12-ны өдөр сэжигтэн *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4 хуудас/,

11. Эд зүйл хураан авсан тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 хуудас/,

12. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 57-58 хуудас/ зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч *******ийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлгийн явцад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас иргэн *******т учруулсан хохирол болох 1 800 000 төгрөг, иргэн Г.Мөнх-Эрдэнэд учруулсан хохирол болох 300 000 төгрөгийг хохирогч тус бүрт 01 жилийн хугацаанд нөхөн төлөхийг *******ид үүрэг болгох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хохирогч *******ийн алдагдсан хүрэн морины  хурдан удмын, уралдаж байсан гэдгийг нотолсон баримт болох  өргөмжлөл  нь эзний нэр, морины зүс зөрөөтэй тул  дээрх алдагдсан морийг хурдан удмын морь гэдгийг хангалттай нотлохгүй байна. Иймд жирийн морины үнэлгээрээр үнэлсэн болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь шаардлагатай нотлох баримтаа дахин бүрдүүлээд хурдан удмын адууны үнийн зөрүүг  жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь 13 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж, ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  зэргийг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Шүүгдэгч Түшээ гүн овогт *******ийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн /2015 он/ 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч *******ид мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр  03 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас иргэн *******т учруулсан хохирол болох 1 800 000 төгрөг, иргэн Г.Мөнх-Эрдэнэд учруулсан хохирол болох 300 000 төгрөгийг хохирогч тус бүрт 01 жилийн хугацаанд нөхөн төлөхийг *******ид үүрэг болгох албадлагын арга хэмжээ авсугай.

3.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******оос 1 800 000 төгрөг гаргуулан *******т, 300 000 төгрөг гаргуулан Г.Мөнх-Эрдэнэд тус тус олгосугай.

4.Хохирогч ******* нь хурдан удмын гэх морины үнийн зөрүүг шаардлагатай баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******ийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргуулах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.САРАНТУЯА