Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2019/00014

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй,

Ө.Ц-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 138/ШШ2019/00323 дугаар шийдвэртэй Ш.М-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Ц-д холбогдох 25 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э /онлайнаар оролцсон/, хариуцагчийн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 6 тугалтай үнээг 3 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед манай хүргэн М.Мягмарбат тус Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Хүрээлэнгийн малчин Ө.Ц-г гайгүй сайн малчин гэсэн тул Ө.Ц-гээр үнээгээ маллуулаад 2016 оны 10 сард авахаар болсон. Тохирсон ёсоороо 10 сард үнээгээ авахаар очиход малчин Ө.Ц нь утсаа авахгүй байсаар 11 сар гарсан. Хүргэн М.Мягмарбатаар дамжуулан үнээгээ авах гэтэл Ө.Ц зугтаасаар байгаад бас л авч чадаагүй. 2017 оны 6 сард үхрүүдээ авъя гэтэл Хүрээлэнгээс цалингаа авахаар танай үхрийг өгнө гээд өгөөгүй. 2017 оны 7 сард очихдоо үхрээ зүслэхэд 6 үнээ, 6 бяруу, 6 тугал байсан. Миний бие Улаанбаатар хотоос үхрээ авах гэж олон удаа Чойбалсан сум руу явсан боловч Ө.Ц нь элдэв заль хэрэглэн худлаа хэлсээр өгөөгүй. Одоо миний үхэр 24 толгой болсон байгаа. Малчин Ө.Ц нь хүрээлэнгийн 160 толгой үхрийг сарын 200 000 төгрөг буюу нэг толгой үхрийг 1250 төгрөгөөр харж байна. Тиймээс Хүрээлэнгийн жишгээр тооцож миний үхрийг харсан цалинг би Ө.Цд төлж болно. 2016 онд худалдаж авсан 6 үнээ, 6 тугалыг 2017 он, 2018 онд гарсан төлийн хамт тооцвол өнөөдрийн байдлаар 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу байх ёстой. Миний бие дээрх үхрүүдээ зах зээлийн ханшаар үнэлж байна. Үнээ 1500.000х6=9000.000 төгрөг, хязаалан үхэр 1400.000х6=8400.000 төгрөг, шүдлэн үхэр 1000.000х6=6000.000 төгрөг, бяруу 350.000х6=2100.000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг болно. Миний бие Ш.Мо нь хариуцагч Ө.Цгээс 25 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ш.М нь Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2016 оны 9 сарын 6-ны өдөр 6 тугалтай 6 үнээг, нэгийг нь 650 000 төгрөгөөр, нийт 3 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Байгууллагын малчин Ө.Цгээс худалдаж авсан үхрээ авах гэж нөхөр Мягмарбатын хамт очсон. Биднийг очиход Ө.Ц нь мориныхоо уяан дээр оччихоод бид нартай уулзахгүй байсан. Харин эхнэр нь бидэнд хүрээлэнгээс үлдсэн гэх үхэрнүүдийг зааж өгч, бид зургийг нь авч байсан. 2017 оны 8 сард дахин очсон. Тэгтэл Ө.Ц нь 2016 оны 9 сараас хойшхи үхэр харсан хөлс 2500 000 төгрөг нэхэмжилж, аав маань тэгэхэд нь ахад нь 1 сая төгрөг байна, энийг малласан хөлсөндөө тооцоод ахынхаа худалдаж авсан үхэрнүүдийг өгчих гэхэд хүрээлэнгээс цалингаа аваагүй байгаа гээд өгөөгүй. Тэр үед биднийг очиход 4 үнээ нь тугалсан байгаа гэж байсан. Ингэхээр нийт 16 толгой үхэр болсон байсан. Бид байнга л Ө.Цтэй ярьж үхрээ авах талаар хэлж, нэхэж байсан. Сүүлдээ биднийг залгахаар утсаа ч авахгүй болсон. Аав маань 70 хүрч байгаа, хөгшин настай хүн, би 9 жаахан хүүхэдтэй. Өөрсдийнхөө худалдаж авсан үхрээ авах гэж Улаанбаатар хотоос наашаа цаашаа явах нь их хүндрэлтэй байна. Хариуцагч шүүхэд өгсөн хариу тайлбартаа үндэслэлгүй тайлбар бичсэн байна лээ. Бид 2017 оны 8 сараас өмнөх мал малласан цалинг өгнө, үүнээс хойших хугацааны цалинг өгөхгүй. Учир нь бид малаа авъя гээд байхад байгууллагын цалингийн барьцаанд малыг маань авчихаад өгөхгүй байсан. Иргэний хуулийн 88 дугаар зүйлд зааснаар малынхаа үр шимийг хүртэх ёстой. Тийм учраас 24 толгой үхэр нэхэмжилж байна. Бид төлийн төл гэж нэхээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Ө.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Анх 2015 оны 6 дугаар сард Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 163 толгой үхэр хүлээж авч Дорнод аймгийн Халхгол сумаас хөөж ирж байсан. Тухайн үед тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан М.Мягмарбат нь хүрээлэнгийн нэрээр болон хувийн зүгээс зарж үрсээр байгаад 2016 оны 9 сард 6 толгой гунж үлдсэн байсан. Захирал М.Мягмарбат 2015 оны 8 сарын орчим 16 үнээ, 15 тугал, нийт 31 толгой үхэр ачиж зарсан байсан. Дараа нь буюу 2017 оны хавар намайг 31 толгой үхэр дутаасан хувьдаа ашигласан гэж Дорнод аймгийн Цагдаагийн газарт өгсөн байсан. Энэ асуудал шалгагдаж Мягмарбат хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Анх мал харахдаа төлийн хувь болгож гарсан төлийн 30 %-ийг сарын цалингаас гадна өгөхөөр тохиролцсон. Ш.Мо гэдэг хүнд зарсныг мэдээгүй. Бидэнд энэ тухай мэдэгдсэн зүйл байхгүй. 2016 оны 09 сарын 06-нд Ш.М нь хүрээлэнгээс 6 тугалтай үнээ 3900 000 төгрөгөөр авсан. Энэ үед хүрээлэнгийн 6 гунж үлдсэн байсан бөгөөд 2017 оны 06 сарын сүүл үед Мягмарбат Ш.Мтой ирж 6 толгой үхрээ авна гэсэн /зарсан гэх/. Би тухайн үед буюу 2016 оны 9 сараас хойш хүрээлэнгээс цалингаа аваагүй, төлийн нэмэгдэл ч аваагүй байсан тул цалин хөлсний тооцоо хийсэн хойно үлдэгдэл малыг нь албан ёсоор хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Мягмарбат ойрхон бэлчиж байсан тэр хавийнхны үхэртэй хамт хөөж ирээд үхэр дундуур яваад зураг аваад байсан. Ш.Мд үхэр зааж өгөөд зураг авсан. 6 тугалтай үнээ өгчих. Энэ хүнд өгөөд явуулчих, цалин болон төлийн хувийг чинь хүрээлэнгээс гаргуулаад өгнө гээд гуйгаад байсан. Би зөвшөөрөөгүй. Үхрийн тоо цөөрсөн тул цалинг багасгаж 200 000 төгрөгөөр тооцож 2016 оны 09 сарын 14-нд нэг л удаа цалин авсан. Хүрээлэнгээс цалингийн зөрүү, төлийн хувийг нэхэмжлэх болно. Үлдсэн 6 толгой үхэр бол бага насны шинэ гунж байсан ба Мягмарбат захирал болон хүрээлэнгээс аль том нас гүйцсэн үхэрнээс нь шилж зарсаар байгаад үлдсэн 6 гунж байсан. Гэтэл үндэслэлгүйгээр 24 толгой үхэр нэхэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ц нь Дорнод аймгийн СЭШХ-д 2015 оны 6 сард малчнаар ажилд орж 163 толгой үхэр хүлээж авч, тус үхэрнүүдийг Халхголоос өөрөө тууж ирсэн байдаг. Үүнээс хойш тус хүрээлэн нь үхэрнүүдийг байгууллагын цалин болон үйл ажиллагаанд хэрэглэх гэж маш ихээр зарлагаддаг байсан гэж тайлбарладаг. 2016 оны 9 сард 6 тугалтай үнээ байсан гэж тайлбарладаг. Худалдан авах гэрээ хийснээс хойш Ө.Цгийнд очиж үхэрнүүдийн зургийг авсан. Тугалны зураг огт байдаггүй. Тугалтай байсан бол эхийнх нь хамт зургийг нь авахгүй яасан юм бэ. Ө.Цгийн хэлж байгаагаар 2016 оны 9 сард тэднийд 6 тугалтай үнээ байх боломжгүй. Зөвхөн бяруун гунж байсан гэдэг. Хүрээлэн нь үхрийн үржлийн гол мал болох бухыг зарсан. Ийм байхад 24 болтлоо үхэр нь өсөх боломжгүй. Хүрээлэн нь Ш.Мтой гэрээ байгуулсан гэдгээ хариуцагчид албан ёсоор мэдэгдээгүй. Сүүлд зүгээр л хэлсэн байдаг. Байгууллага 6 тооны үнээг тугалын хамт зарсан гэсэн даргын тушаал байгаагаас өөр зүйл байхгүй. Яг ямар зүсмийн үнээ, тугалыг зарсан нь тодорхойгүй. Ө.Ц нь байгууллагын үхрийг сарын 200 000 төгрөгөөр маллахаар сүүлд тохирсон байдаг. Мөн төлийн хувь өгөхөөр тохирсон. Ш.М нь Ө.Цтэй гэрээ байгуулаагүй. Хүрээлэн Ш.Мд малаа худалдсан. Байгууллагатай тохирсны дагуу сарын цалин болон төлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хасч 6 үнээг, 6 тугалын хамт өгөх боломжтой. Хэрэгт авагдсан малын тооцоо бодсон актанд байгаа малчин Ө.Цгийн гарын үсэг нь түүний гарын үсэг биш. Нэхэмжлэгч тал цалингийн тооцоо бодохоор хүрээлэнд хамааралтай гээд, төлийн талаар болохоор өөрсдийнх нь асуудал болоод байгаа нь ёс зүйгүй асуудал юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 138/ШШ2019/00323 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Ц-гээс 25 500 000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үнээ, 6 тооны хязаалан үхэр, 6 тооны шүдлэн үхэр, 6 тооны бярууг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.450 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл явдлыг дараах байдлаар дүгнэсэн.

“Ш.М-ын нэхэмжилж байгаа малын зах зээлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож нотлох баримтаар өгөөгүй” гэж шүүх үзжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд үхрээ өөрөө үнэлсэн. Мөн нэхэмжлэгч малыг малаар нь авах гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд Ө.Цгээс мөнгө нэхэмжлэх гэж үхрээ үнэлээгүй тул заавал мэргэжлийн байгууллагаар зах зээлийн үнэлгээ гаргах шаардлагагүй байгаа юм. Үнэлгээний талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд түүнд үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрх нь байсан ч үнэлгээ гаргуулаагүй байна. Тухайн үед Ө.Ц зургаан тугалтай үнээ өөрт нь байгааг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө анх авсан зургаан тугалтай үнээгээ өгье гэж хэлсэн байдаг. Хариуцагч өөрөө авснаа мөн өгөхөө мэдсээр байтал шүүх хэтэрхий нэг талыг барьсан хандлага гаргаж байна.

Ш.М Ө.Ц хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ хийх шаардлагагүй ба учир нь Ө.Ц Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малчин байсан бөгөөд Ш.М нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үхэрнээс худалдаж авсан ба худалдаж авсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ш.М өөрийн худалдаж авсан үхэрнүүдээ тухайн үед авах гэж хэд хэдэн удаа очсон авч чадаагүй. Учир нь малчин Ө.Ц байгууллагаас мал харсан цалингаа хэдэн сараар аваагүй байсан ба цалингийн тооцоогоо дуусгасан хойно нь үхэрнүүдийг нь өгнө хэмээн буцааж байсан. Малчин Ө.Цгийн эхнэр болох Батчимэг тухайн үед үхэрнүүдийг чинь зааж өгье хэмээн зааж өгснийг утсан дээрээ зураг дарж баталгаажуулан хавтаст хэрэгт мөн хавсаргасан. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Цалин болон төлийн хувийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч зургаан тугалтай үнээг Ш.Мд өгөх боломжтой” гэсэн хариу тайлбар өгсөн байгаа нь анхны зургаан тугалтай үнээ нь Ш.Мынх гэдгийг хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Малчин Ө.Цтэй гэрээ хийгээгүй бөгөөд сүүлд Ө.Ц өөрөө малаа харахаа хүлээн зөвшөөрсөн. Ш.Мын үхрийг өгвөл ажилгүй, цалингаа авч чадахгүй гэсэн үүднээс үхэрнүүдийг нь өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цалингаа бүрэн авч дууссан хэдий ч анхны авсан зургаан тугалтай үнээгээ өгье гэсэн ч нэхэмжлэгч бидний хувьд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийг үндэслэн үр шим хүртэх буюу 2016 оноос хойшхи малын үр шим буюу малын төллөсөн байдлыг бодон 24 тооны үхэр нэхэмжилсэн. Мөн Ш.М нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс үхэр худалдаж авсны дараа малчин Ө.Ц малыг цалингийн барьцаанд авсан гэж мэдүүлж байхад шүүгч “Ш.М болон Ө.Ц нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж болсон үйл явдлыг буруугаар дүгнэж байна. Ө.Цгээс мал худалдаж аваагүй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан гэж нотлох баримтанд хавсаргасан байхад шүүх нэг талыг барьсан нь тодорхой харагдаж байна.

Шүүх “Хүрээлэнгийн үхрээс ямар насны ямар им зүстэй үнээ тугалыг Ш.Мд хүлээлгэж өгөх талаар Ө.Цд үүрэг өгсөн баримт байхгүй” гэж дүгнэж бичсэн байна. Гэтэл хүрээлэнгийн захирлын тугалтай үнээ зарлага болгох тухай захирлын тушаал нотлох баримтаар мөн л хавтаст хэрэгт хавсаргасан. Мөн тухайн үеийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дарга болох Мягмарбат нь Ө.Ц рүү утсаар болон биеэр хэд хэдэн удаа холбогдож уулзаж хэлсэн. 2016 оны 9 сараас хойш утасны дуудлагаар хэдэн удаа Ө.Ц рүү дуудлага хийж ярьж, хэдэн удаагийн дуудлаганаас хэдийг нь авч хэдийг нь аваагүй нь нэмэлт нотлох баримтаар гарч ирнэ. Мөн 2016 оны жилийн эцсийн тайлангийн үеэр нягтлантай тулгалт хийх үед эхнэр болох Батчимэг нь сүүлийн зургаан тугалтай үнээ Ш.Мд зарсныг мэдсэн төдийгүй өөрсдийн малын хар дансны дэвтэртэй тулгаж тооцоо хийж тэмдэглэж авсан ба хар дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргасан болно. Ө.Цг хүрээлэнгийн малчин байсан гэдгээр хүлээлэнгээс худалдаж авсан гэрээний үүрэгт хамааруулж шүүх үзэж байгаа нь буруу. Мөн Ө.Ц нь шүүх хурлын явцад гэрчээр оролцож байсан тухайн үеийн хүрээлэнгийн дарга байсан Мягмарбат гэх хүнийг байгууллагын хөрөнгө идсэн, ял шийтгэл эдэлж байсан гэх ташаа мэдээлэл өгч хүний нэр хүндэд халдсан.

Иймд анхан шатны шүүх нь болсон үйл явдлыг буруугаар дүгнэж худалдах худалдан авах гэрээний харилцааны үүрэгтэй холбон хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн зүйл заалтыг буруу баримтлан хэргийг шийдсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч би өөрийн биеэр оролцоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ш.М миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

                                                   ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Ө.Ц-гээс 25 500 000 төгрөгийн үнэ бүхий 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь тал/

Нэхэмжлэгч Ш.М нь 2016 оны 09 сард Дорнод аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 6 тугалтай үнээг / тугалтай 6 үнээ гэж тушаал гарсан/ 3 900 000 төгрөгөөр худалдан авч, үнийг тус байгууллагын дансанд тушааж, малаа дараа авахаар малчин Ө.Ц-гийнд үлдээсэн, 2017 оны 06 сард нэхэмжлэгч малаа авъя гэж очиход хариуцагч “хүрээлэн 2016 оны 09 сараас хойш цалингаа өгөөгүй учир цалин, төлийн нэмэгдлээ авсны дараа үхрийг өгнө гэж хэлээд өгөөгүй” гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 15-16, 23-24 дэх талууд/

Тус давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа үндэслэл нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт болох маргааны зүйл болж байгаа малыг /үхрийг/ одоогийн зах зээлийн үнээр үнэлсэн үнэлгээний баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж тус шүүхээс үзэв.

Үнэлгээ тогтоосон баримтыг нэхэмжлэгч тал гаргаж ирүүлээгүй гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан боловч “уг баримтыг гаргах шаардлагатай, хэрхэн гаргах” талаараа нэхэмжлэгч ойлгосон эсэх нь шүүхийн шийдвэр болон хавтаст хэрэгт тодорхойгүй байна. Талууд нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч, талууд ямар асуудлаар маргаж байгааг зөв тодорхойлсны үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой ямар үйл баримт тодорхой бус байгаа, нотлох шаардлагатай ямар үйл баримт байгаа,  түүнийг аль тал нотлох  үүрэгтэй зэргийг шүүхээс талуудад хэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг нотлоход талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх нь шүүхийн үүрэг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах  мэтгэлцэх болон диспозитив зарчимтай харшлахгүй. Энэ талаар талууд ойлгосон атлаа холбогдох нотлох баримтыг гаргаагүй тохиолдолд тэднийг нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

Хэргийн байдлаас үзэхэд нэхэмжлэгч  6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу нэхэмжилсэн. Хариуцагч нь 6 үнээ, 6 тугал төлөхийг зөвшөөрч, энэ нөхцлийг зөвшөөрвөл эвлэрэх боломжтой гэсэн тайлбарыг гаргасан. Энэ тохиолдолд шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6 үнээ, 6 хязаалан үхэр, 6 шүдлэн үхэр, 6 бяруу, хариуцагчийн зөвшөөрч байгаа 6 үнээ, 6 тугалын одоогийн зах зээлийн үнэлгээг нотлосон орон нутгийн жишиг үнэлгээг зайлшгүй хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай байна. Ингэснээр шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг буруу ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.М нь худалдах худалдан авах гэрээний худалдагч тал болох Эрдэм Шинжилгээний хүрээлэнд холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин тэдний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ хэрэгжихэд гэрээний зүйл болох үхрийг эзэмшилдээ байлгаж байгаа малчин Ө.Ц саад болж, үхрийг хүлээлгэн өгөхгүй саатуулсан гэсэн үндэслэлээр хариуцагч Ө.Ц-д холбогдуулан шаардлага гаргасан. Энэ нь тухайн зүйлийн өмчлөгчөөс эзэмшигчид тавьж буй “өмчлөлийн зүйлээ үр төл, үр шимийн хамт авах” шаардлага гэж ойлгогдох үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөвхөн худалдагч талд л шаардлага гаргах эрхтэй хэмээн нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлагдмал хүрээнд тайлбарлаж, түүнийгээ хариуцагч Ө.Ц-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Иймд дээрх үндэслэлээр анхан  шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 138/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ