Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/484

 

 

 

 

 

 

  2021              5            19                                         2021/ДШМ/484

 

 

        Б.И-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Б.И-ийн өмгөөлөгч Н.Нямдорж, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/418 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Даваадоржийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.И-д холбогдох эрүүгийн 2009010210704 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нарангэгээн овгийн Балжиннямын И-, 19........ оны ........ дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ..............үйлчлэгч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл ............ хамт Баянгол дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ............... тоотод түр оршин суух, /РД: ................../;

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн.

Б.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр иргэн А.С-аас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо “Хаан банк” дахь 5076080404 тоот данснаас шилжүүлсэн 3.980.000 төгрөгийг мөн “Хаан банк” дахь 5163142705 тоот дансаар, бэлнээр 20.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг “Америкийн Нэгдсэн улс руу ажилд зуучилж, найдвартай гаргаж өгнө” хэмээн баримт бичиг буюу “зээлийн гэрээ” байгуулж халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан,

2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Х.Л-аас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо “Хаан банк” дахь 5076080391 тоот данснаас шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг 5076080335 тоот Ц.Г- гэсэн дансаар авч хохирогчийг “Америкийн Нэгдсэн улс руу ажилд зуучилж, гаргаж өгнө” хэмээн баримт бичиг буюу “зээлийн гэрээ” байгуулж халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан, нийт 8.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. 1. Шүүхийн хэлэлцүүлгээр Б.И- нь хохирогч нараас мөнгө авсан цаг хугацаанд гэрч Ц.Г-ийн дүү болон хүүхдийг Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж гаргаж өгнө гэж 4.000.000 төгрөг авсан. Б.И-ийн гуйлтаар Ц.Г- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд дээрхи мөнгө авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай. 2. Хохирогч нараас Б.И-ийн авсан гэх мөнгөнөөс Л.Солонго нь 3.500.000 төгрөг /хх 49/, Д.Шижирбаатар 2.500.000 төгрөг /хх 49/ тус тус авсан болох нь дансны хуулгаар нотлогдсон. Гэтэл Л.Солонго нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... “.....” ХХК нь ажилтнуудаасаа шалгалт авч, Америк руу явуулж байсан тул би зөвхөн уг компанид хүн оруулж өгөх үүрэг хүлээсэн. Би Б.И-д хүмүүсийг Америк явуулж өгнө гэж хэлээгүй. Үүргээ биелүүлсэн тул нэг оруулж өгсний хөлс болгож 700.000 төгрөг, 4 хүнээс 3.000.000 төгрөг, Б.И-ийн өмнөх зээлд 500.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй эсэх, тэдгээрийн хооронд өр зээл байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Гэрч Д.Шижирбаатар нь мөрдөн шалгалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Би И-д хүн олж өгч, мөнгө авсан асуудал байхгүй. П.Баатарчулуун бид 2 И-ийн гуйснаар төсөл бичсэн. П.Баатарчулуунаас би авлагатай бөгөөд П.Баатарчулуунд Б.И- мөнгө өгөөгүй бөгөөд намайг “Б.И-ээс мөнгө аваад өр цайръя” гэсэн учир би Б.И-ээс 2.500.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн болно. Гэтэл шүүгдэгч Б.И- эдгээрийн мэдүүлгийг үгүйсгэсэн тул тэдгээрийн хооронд өр авлагын асуудал бий эсэх, үнэхээр төсөл бичсэн эсэхийг мөрдөн шалгалтын явцад шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлсэн цаг хугацаанд өр авлагаа авсан нь үндэслэлтэй эсэхийг тодруулж, тэдгээрийг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна. Шаардлагатай гэж үзвэл иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна. 3. Прокурорын яллах дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас бусдад 8.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дурьджээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И- нь гэрч Ц.Г-т хохирогч нарын хохиролд 5.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн ба гэрч Ц.Г- нь дээрхи мөнгөнөөс өөрийн дүү болон хүүгийн мөнгөнд 2.500.000 төгрөг, үлдэх 2.500.0000 төгрөгийг зээлэндээ авсан. Мөн гэрч Л.Солонго мэдүүлэхдээ “... 1.500.000 төгрөгийг бэлнээр, 1.500.000 төгрөгт өөрийн үнэт эдлэлээ өгч хохирол барагдуулсан гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Б.И- 1.500.000 төгрөгийн эд зүйлийг барьцаанд тавьсан. Бэлнээр мөнгө аваагүй гэж мэдүүлсэн тул эдгээрийг тодруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой зөв тогтоож, хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна. 4. Хэрэв “.....” ХХК гадаад руу ажиллах хүчин гаргадаг бол ямар шалгуур тавьж, хэрхэн гаргадаг талаар эрх бүхий этгээдээр тодруулах, дээрхи нэр бүхий хохирогч нар нь ажилд хэрхэн орсон, гадагшаа явах боломжтой байсан эсэхийг тодруулах шаардлагатай байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурор Д.Даваадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэх судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт дотоод И-ээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.И- нь хохирогч нарыг анхнаасаа залилах санаа зорилго агуулж “Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж, найдвартай гаргаж өгнө” хэмээн баримт бичиг буюу “зээлийн гэрээ” байгуулж халхавчлан залилсан нь баримтаар тогтоогддог, энэ талаар хохирогч нар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байхад анхан шатны шүүх Б.И-ийн залилсан үйлдэлд бус яллах дүгнэлтээс болон хэргийн үйл баримтаас гадуурх харилцаанд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрч Ц.Г- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, мөн тэрээр өөрийгөө залилуулсан гэж үзээгүй байхад түүний өмнөөс шүүх дур мэдэн гэмт хэргийн шинж байж болзошгүй мэтээр дүгнэлт хийсэн, мөн хохирогч нар нь Л.Солонго, Д.Шижирбаатар нарыг танихгүй эдгээр хүмүүст мөнгө өгч байгаагүй, Б.И- нь өөрөө “Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж, найдвартай гаргаж өгнө” гэж биднээс мөнгө авсан гэж мэдүүлсээр байхад хохирогч, гэрч нарын хууль сануулж өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу болсон. Мөн гэрч Л.Солонго, Д.Шижирбаатар нарын мэдүүлэг нь давхар нотлох баримтаар нотлогдсон. Тэдэнд шилжиж орсон мөнгөний эх үүсвэрийг мухарлаж шалгасныг шүүх анзаараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.И- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.И-ийн өмгөөлөгч Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.И-ийг “зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 8.0 сая төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилж авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ “шүүгдэгчийн өөр хүмүүсээс дээрх аргаар авсан үйлдэлд гэмт хэргийн шинжтэй эсэх, хэрэгт өөр этгээдүүд хамтран оролцсон эсэх, иргэний хариуцагчаар оролцуулах эсэх, хохирлыг бодитой зөв тогтоох, “.....” ХХК гадаад руу ажиллах хүч гаргадаг бол ямар шалгууртай эсэх” зэрэг хэд хэдэн үндэслэл зааж, дүгнэлтээ тодорхой дурьдсан байна.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, “хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаас гадна  мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гадна шүүх хуралдааны явцад нотлох зохицуулалттай тул шүүгдэгч Б.И-ийг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан нэр бүхий хоёр хохирогчийг залилсан эсэхийг шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн эцэслэн шийдвэрлэхэд бүрэн боломжтой байна.

Хохирогч А.С- “...И- гэх эмэгтэйтэй уулзахад “эгч нь найдвартай гаргаад өгнө, 1 хоног компанид ажиллах ёстой, мөнгөө дундын дансанд байршуулах ёстой, бүтэхгүй бол мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хэлсэн. ...нийт 4.0 сая төгрөг өгсөн. Ингээд уг асуудал бүтэхээргүй болохоор нь “мөнгөө авъя” гэхэд “удахгүй өгнө” гэсээр байгаад өдийг хүрсэн” /хх 29/, хохирогч Х.Л- “...тэгээд И- гэх хүнтэй Хүнсний-4 дэлгүүрийн арын ногоон байрны гадаа машинд уулзахад “эгч нь Сайпан арал руу хүн гаргаж байгаа, 80 хүн гаргасан, дахиад 150 хүн гаргана, олон хүн байгаа учир оочер дайруулаад өгье, ... гээд 4.0 сая төгрөгийг би шилжүүлсэн” /хх 189/, гэрч Л.Солонго “миний хувьд Америк явуулж өгдөг хүн бол биш, зөвхөн тус компанид хүн оруулж өгнө гэдгээ И-д хэлсэн. ...Би ганцхан И-ийг л таньдаг өөр хүмүүстэй огт уулзаж байгаагүй” /хх 194/ гэсэн утга агуулга бүхий мэдүүлгүүдийг өгснөөс гадна гэрч П.Баатарчулуун, Д.Батчулуун нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт бэхжүүлэгдсэн байх тул шүүгдэгч Б.И-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шүүх хуралдаанаар тодруулж, зохих хууль зүйн дүгнэлт өгч, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох байдлаар эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/418 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.И-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ