| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0609/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/561 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/561
2025 07 03 2025/ШЦТ/561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Б.Мөнгөншагай,
шүүгдэгч: Ж.Б. нар оролцсон эрүүгийн 2511000000577 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н. овогт Ж.ын Б.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б. нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ч. дүүргийн 5 дугаар хороо, “А.” и.т байх шөнийн клубд Д.С.ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргт холбогджээ.
Ч. дүүргийн Прокурорын газраас Ж.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2511000000577 дугаартай хэргээс:
Хохирогч Д.С.ы мэдүүлэг /хх-ийн 17-20/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7275 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г.гийн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Ж.Б.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн хх-ийн 54/,
Ж.Б.ын хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 42-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Ж.Б. нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ч. дүүргийн 5 дугаар хороо, “А.” и.т байх шөнийн клубд Д.С.ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Д.С.ы өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад дөрвүүлээ хороололд караокед ороод, тэндээ 2 цаг орчим болсон. Тэгээд 16 орж Т. ахыг аваад Ч. дүүргийн 5 дугаар хороо, “А.” и.т байх шөнийн стрип клубд орсон. Тэнд ширээний хажууд зогсож байхад хажуугаар танихгүй залуу түлхсэн, тэгээд эргэж хараад, заамдаж аваад, шууд намайг цохисон. Хамгаалагч салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7275 дугаартай “Д.С.ы биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн зөрүүтэй хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
Ж.Б.ын яллагдагчаар өгсөн “...Энэ үйлдэлдээ гэмшиж байна, өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б. нь “түлхсэнд уурлалаа” гэх шалтгаанаар Д.С.ы нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын цөмөрсөн зөрүүтэй хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ж.Б. нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Д.С.ы биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Ч. дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б.оос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг харилцан зөвшилцөж төлсөн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ 500.000 төгрөгийг нэхэмжилж байна, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж тайлбарласан /хх-ийн 13/ ба шүүгдэгч нь уг мөнгөн дүнг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн, мөн хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас 278.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, үүнийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилж, шүүгдэгч нь 280.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн /хх-ийн 62/ байх тул Ж.Б. бусдад баримтаар төлөх төлбөргүй байна.
Хэдий хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх боловч шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Ж.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ж.Б. нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Б.од “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Ж.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н. овогт Ж.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.С. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН