Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/568

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         07           04                                    2025/ШЦТ/568

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: М.Билгүүтэй,

шүүгдэгч: А.Э. нар оролцсон эрүүгийн 2503005330631 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт А.ын Э.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, М.“У.” нийгэмлэгийн А.эд а. ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э. нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ аваагүй “Я.” ХХК-ийн “Б. сургалтын төв” гэх байгууллагаар “А.-к.” гэх мэргэжлийн хуурамч үнэмлэхийг гаргуулан авч, улмаар М.“У.” нийгэмлэгийн А.даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар тус ангийн Ч., Я.ын цехэд а.ийн дагалдангаар, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар тус ангийн Ч.гийн цехэд а.ээр тус тус ажилд орж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан буюу эрх олгосон боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас А.Э.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2503005330631 дугаартай хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н.ийн мэдүүлэг /хх-ийн 71-72/,

Гэрч Ч.Д.ын мэдүүлэг /хх-ийн 25-28/,

Гэрч Ч.Д.ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-90/,

Гэрч П.О.гийн мэдүүлэг /хх-ийн 78/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/78 дугаартай албан бичиг /хх-ийн 51/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаартай албан бичиг /хх-ийн 54/,

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам /хх-ийн 39-42/,

А.Э.ийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал /хх-ийн 103-140/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-62/,

А.Э.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 99/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч А.Э. нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ аваагүй “Я.” ХХК-ийн “Б. сургалтын төв” гэх байгууллагаар “А.-к.” гэх мэргэжлийн хуурамч үнэмлэхийг гаргуулан авч, улмаар М.“У.” нийгэмлэгийн А.даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар тус ангийн Ч., Я.ын цехэд а.ийн дагалдангаар, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар тус ангийн Ч.гийн цехэд а.ээр тус тус ажилд орж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан буюу эрх олгосон боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н.ийн өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж тэнцээд, 2024 оны  03 дугаар сарын 07-ны өдрөөс а.ийн дагалдангаар томилогдож байсан. “У.” ХНН-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/474 дугаартай “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам”-ын дагуу материалыг бүрдүүлж, ачаа тээврийн үндсэн мэдлэгийн шалгалт өгч тэнцсэнээр ажилд авсан. А.Э. нь журамд заасны дагуу өргөдөл, мэргэжлийн үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан/, дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг анх ажилд орохдоо өгч байсан. А.Э. нь ажиллах хугацаандаа ажлын гологдол, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар томилогдоод, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа цалин хөлс болох гар дээр авсан болон татвар төлсөн нийт 29.781.344 төгрөгийн цалинг авсан байна. Манай байгуллагаас хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй. А. нь талбайн эрхлэгч болон цехийн даргын шууд удирдлаган дор ажилладаг болохоор ганцаараа ажил үйлчилгээг явуулах боломжгүй, ажил удирдагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу ажилладаг, бие даан шийдвэр гаргах боломжгүй, мөн дадлагын хугацаанд өөрийн сурсан мэдлэгээрээ ажилладаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

Гэрч Ч.Д.ын өгсөн “...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл ороогүй мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.

...Би хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хэвлэн гаргаж, гарын үсэг зурж байсан.

...Төмөр замын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх, эсхүл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил талаар гуйлгаар авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 25-28/,

Гэрч Ч.Д.ын дахин өгсөн “...Мэргэжлийн үнэмлэхийг нууцлал бүхий цаасан дээр хэвлэж байгаагүй. Зураг хэвлэхэд ашигладаг бичгийн цааснаас арай зузаан цаасан дээр хэвлэн өгдөг байсан. Манай сургалтын төвөөс гарган өгсөн бүх мэргэжлийн үнэмлэх боловсролын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагад бүртгэлгүй.

...Тухайн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гарган өгч байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Тухайн мэргэжлийн үнэмлэхийг бүгдийг нь шууд хэвлэн өгч байсан. Эдгээр хүмүүс нь ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Надад тухайн иргэдийг суралцаж байсан болон төгссөн болохыг нотлох ямар ч бичиг баримт байхгүй. Шууд хэлэхэд бүгд хуурамч мэргэжлийн үнэмлэх юм.

...Мэргэжлийн үнэмлэх бүр дээр дарагдсан “Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институт” гэх тамга нь надад байсан. Түүнийг 2024 онд би шатаачихсан. Одоо байхгүй болсон. Харин мэргэжлийн үнэмлэх дээр байгаа хүмүүсийн нэрсийг би заримдаа зохиогоод бичдэг байсан. Гарын үсгийг нь би өөрөө зурчихдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-90/,

Гэрч П.О.гийн өгсөн “...Манай байгууллагын А.а. А.Э. нь 2024 оны 03 дугаар сард анх томилогдож өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна. А.а. мэргэжил нь цагийн тарифаар үндсэн цалинг тооцож боддог ба үүн дээр нэмэгдэж сар бүр шагнал цалин, бусад холбогдох нэмэгдлүүд авдаг, мөн жилийн үр дүнгийн шагнал цалинг тооцож олгодог. А. А.Э. нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар томилогдож, олгосон цалингийн картнаас харахад 29.781.344 төгрөгийн нийт цалин хөлс авсан байна. Уг дүнд үндсэн цалин болон шагнал цалин орсон ба жилийн эцсийн шагнал аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/78 дугаартай “...”Б. сургалтын төв” нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно.” гэх албан бичиг /хх-ийн 51/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаартай “...Хавсралт дахь 38 иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэх албан бичиг /хх-ийн 54/,

А.Э.ийн яллагдагчаар өгсөн “...Анх би 2018 онд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос сонгуулийн журмаар сургалт болохыг мэдсэн. Сургалт нь “Эрин” хорооллын 2 давхарт явагддаг байсан. Сургалтад 6 сар суралцах байсан боловч 2 сар болоод төгссөн. Уг сургалтын талаар сайн мэдэхгүй байна. Манай ээж сургалтын мэдээллийн талаар байрны хүнээс сонсоод надад хэлж байсан. Тэгээд би сургалтад очиж бүртгүүлсэн. Уг мэргэжлийн үнэмлэхийг Сонгинохайрхан дүүргийн хурлын танхимаас би өөрөө очиж авсан. Би сургалтын төлбөрийн талаар сайн мэдэхгүй байна, манай ээж төлсөж байж магадгүй. Би 2 сарын дараа мэргэжлийн үнэмлэхээ аваад “У.”-ын А., э.д 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр а. мэргэжлээр томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

“Б. сургалтын төв”-д би суралцаж байгаагүй. Тухайн үед хуурамч гэдгийг би мэдээгүй, харин одоо бол хуурамч гэдгийг мэдсэн.

Би мэргэжлийн сургалтын төвд суралцаагүй байж хуурамч мэргэжлийн үнэмлэхийг өөрийн биеэр очиж хүлээн авч, тухайн мэргэжлийн үнэмлэхээрээ ажилд орохдоо ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 99/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э. нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ аваагүй “Я.” ХХК-ийн “Б. сургалтын төв” гэх байгууллагаар “А.-к.” гэх мэргэжлийн хуурамч үнэмлэхийг гаргуулан авч, улмаар М.“У.” нийгэмлэгийн А.даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар тус ангийн Ч., Я.ын цехэд а.ийн дагалдангаар, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар тус ангийн Ч.гийн цехэд а.ээр тус тус ажилд орж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан буюу эрх олгосон боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасан.

Шүүх гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр буюу хохирогч хуулийн этгээдээс тийнхүү хууль ёсны төлөөлөгч томилсон, тухайн гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг мэдсэн гэж тооцож болох цаг хугацаагаар тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэж нийтийн албаны ашиг сонирхол буюу албан баримт бичгийн талаар хуулиар тогтоосон журам, аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдсан, зөрчсөн үйлдлийг ойлгоно.

Аливаа баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт нь тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлыг бэхжүүлэх, дамжуулах, мэдээлэх, батлах материаллаг объект болж өгдөг эрх зүйн категори юм.

Хуурамч гэдэг нь үнэн чанартаа хууль бус, дуураймал, үнэний үндэслэлгүй буюу ор нэр төдий зэрэг шинжтэй бөгөөд хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах нь өөр гэмт хэргийн үндсэн арга болох нөхцөл байдал болдог.

Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч А.Э. нь тухайн мэргэжлийн үнэмлэхийг хуурамчаар гаргуулан авч, улмаар тухайн хуурамч баримт бичгийг ашиглан ажилд орсон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдэж байсан, тийнхүү тодорхой мэргэжлийн дадал, мэдлэгийг нь эрх бүхий байгууллагаас зохих ёсоор баталгаажуулж гэрчлээгүй нөхцөлд холбогдох этгээд мэргэжлийн алдаа, дутагдал гаргах тохиолдолд төр, хүн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж тийнхүү үйлдсэн нь санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Тийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогджээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Э.ээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хуулийн этгээдээс хохирол нэхэмжлээгүй буюу шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч А.Э.ийг эрх олгосон боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н.э нь А.Э. хөдөлмөрийн гэрээндээ заасан хөдөлмөр эрхэлж, түүнд олгох цалин хөлс, урамшууллыг авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч А.Э.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.Э. нь бүрэн дунд боловсролтой, М.“У.” нийгэмлэгийн А.эд а.ээр ажиллаж байгаа, ам бүл 6, эцэг, эх, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Э.т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг шүүгдэгч А.Э. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хөх цэнхэр өнгийн хавтастай “Б. сургалтын төв”-ийн ... дугаартай мэргэжлийн үнэмлэх хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт А.ын Э.ийг эрх олгосон боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э.ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э.т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх цэнхэр өнгийн хавтастай “Б. сургалтын төв”-ийн 2019/114 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН