| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0551/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/575 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/575
2025 07 07 2025/ШЦТ/575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Г.Манилцэцэг,
шүүгдэгч: М.Б. нар оролцсон эрүүгийн 2506036771398 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт М.ын Б.
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, блокны үйлдвэрт ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б. нь 2025 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар байрны арк хэсэгт А.Н.ийн биед халдаж, эрүүл мэндэд нь нүдний булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун чамархайн хуйх, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун чамархай, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2506036771398 дугаартай хэргээс:
Хохирогч А.Н.ийн мэдүүлэг /хх-ийн 10-12, 85/,
Гэрч Б.Т.ын мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч М.А.ын мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Г.Д.ийн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4585 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч М.Б. нь 2025 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар байрны арк хэсэгт А.Н.ийн биед халдаж, эрүүл мэндэд нь нүдний булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун чамархайн хуйх, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун чамархай, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч А.Н.ийн өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Y.” нэртэй ресторанд хоолонд орсон. Тэгээд тэндээсээ гараад Сансарын тунельд караокед 2 цаг суусан. 21:00 цагийн үед уг караокенээс гараад Баянбүрдийн замын урд байдаг “Ч.” нэртэй шөнийн цэнгээний газарт орсон. Тухайн бааранд ууж, бүжиглэж байгаад 02:00 цаг өнгөрч байхад гараад, хоёр найзыгаа машинд суулгаж өгчихөөд эхнэр болон дүү Б.Т.ын хамт такси бариад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны харалдаа зогсоод, таксины мөнгөө өгөх гээд сүүлд буусан. Тэгээд таксины мөнгөө өгчихөөд, буугаад, зам гараад ирэхэд манай эхнэрийг хүн цохисон байсан. Тэгэхээр нь очоод цайвар цамцтай, намхан биетэй залууг цохих гэж байгаад цохиулаад газар унасан чинь энд тэндээс гар орж ирээд цохиод байсан. Дараа нь намайг дэвсээд байсан, тэр үед би ухаан алдаад унасан.
...Намайг цайвар цамцтай, намхан биетэй залуу 1 удаа цохих үед би согтолттой байсан учир газар унасан. Газар унасны дараа намайг тэр залуу 1-2 удаа нүүр лүү цохисон. Хамт явж байсан хоёр залуу нь намайг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
Гэрч Б.Т.ын өгсөн “...Би хүргэн А.Н., эгч У. нарын хамтаар Баянбүрдийн ойр орчимд архи согтууруулах ундаа хэрэглээд эгчийнхээ гэр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байр луу орж явахад үл таних 4-5 залуу манай эгчийг хэл амаар “янхан” гэж доромжилсон. Тэгээд манай эгч “би нөхөр болон дүүгийн хамтаар явж байна” гэж хэлсэн чинь манай эгчийн нүүр хэсэгт цохисон. Тэгээд А.Н. өмөөрөөд очиж, би араас нь очоод салгах гэсэн боловч тухайн залуучууд нийлээд бид хоёрыг зодсон. Тэгээд ах ухаан алдаад унасан. 20-30 орчим насны хүмүүс байсан. Бид тухай хүмүүсийг харвал танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч М.А.ын өгсөн “...Зам дээр найз М.Б., Г.Д. нарын хамтаар алхаад явж байсан. Булан тойроод харахад олон хүмүүс бужигнаад, маргалдаад, зодолдож байсан. Тэгэхээр нь М.Б.ыг харсан чинь наана алхаж явж байгаа харагдсан. Тэгээд Г.Д. араас нь гүйгээд очсон. Би сүүлд нь очсон болохоор юу болсныг харж чадаагүй. Хүмүүс маргалдаад, зодолдоод байхаар нь бид хэд явах гэсэн боловч хүн зодсон гээд явуулаагүй. Нэг эрэгтэй хүн газар унасан байсан, хажууд нь найз нь бололтой дээгүүрээ хувцасгүй хүн сууж байсан. Ухаан алдсан хүний ойр хавьд хүмүүс цагдаа дууд гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Г.Д.ийн өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 02:00-03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К.” нэртэй шөнийн цэнгээний газрын явган хүн алхдаг зам дээр найз М.Б., М.А. нарын хамт явж байхад үл таних эрэгтэй хүн М.Б.ыг алхаад явж байхад нь хананд шахаад, толгой руу нь цохихоор нь М.А.ын хамт араас нь очсон чинь М.Б. тэр хүнийг “та хүн андуураад байна, уучлаарай, би ингээд явчихъя” гэж хэлсэн чинь толгой руу нь 1 удаа цохихоор нь М.Б. зөрүүлээд 1 удаа цохисон, газар унасан. Тэгээд тэрнээс хойш би нэг хүнтэй муудалцаад, намайг барьж аваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4585 дугаартай “А.Н.ийн биед баруун нүдний булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журсын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. А.Н.ийн биед учирсан баруун нүдний булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь нийлээд болон гэмтэл тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Монос” эмийн сангийн урд талд зодоон болсон гэх хаягийг шалгахад явган хүний зам дээр цус мэт улаан зүйлээр бохирлогдсон газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-49/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б. нь тухайн үед үүссэн зөрчилдөөнөөс үүдэн А.Н.ийн биед халдаж, улмаар нүүр лүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч М.Б. нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч А.Н.ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 85/ байх ба баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгчээс хохиролд 600.000 төгрөг авсан тул өөр гомдол, санал байхгүй гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан /хх-ийн 86/, мөн энэ нь холбогдох гүйлгээний баримтаар нотлогдож байгаа /хх-ийн 91/, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 173.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардлыг шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн /хх-ийн 113/ байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч М.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Б. нь бүрэн дунд боловсролтой, ажил эрхэлдэг, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч М.Б.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч М.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт М.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН