Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч А.Амгалан,     

Шүүгдэгч Д.М,     

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж залан овгийн Д-ын М-ад холбогдох 2528000000136 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

Биеийн байцаалт:      

Холбогдсон гэмт хэргийн талаар:     

Шүүгдэгч Д.М нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ... тоотод иргэн Д.Б-ийн эрх чөлөөнд нь халдаж биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэрийн хажууд байнга утсаар залгаад байсан тул би таслаад байсан. Тэгээд очоод бөөн юм болгосон байсан гэв.      

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би төрсөн дүү Э-гийн хамтаар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи аваад Ч найзынхаа гэрт очсон. Бид гурав нөгөө авсан архиа хувааж ууж дуусгаад Э, Ч бид гурав манай гэрт очсон. Элчмаа төд удалгүй гэр рүүгээ яваад өгсөн. Ч дэлгүүр орж тамхи аваад эргэж ирээд манай гэрт сууж байсан. Ч бид хоёр архи уугаагүй байсан. Орой 20 цагийн үед байсан байх гаднаас манай гэрт М согтуу орж ирсэн. Гэрийн пингийн хаалга салхинд саваад байхаар нь түр түгжчихсэн байж байсан чинь хүн хаалга нүдсэн. Ч гэрийн пингийн хаалга тавих гээд бостол М хаалга хүчтэй татаж орж ирээд үгийн зөрүү байхгүй Ч-ы зүүн талын хацар руу 1 удаа алгадаж автал Ч газар унасан. Ч газраас босоод гэрийн баруун талын ор руу явтал М хойноос нь очоод зангидсан гараараа Ч-ы цээж рүү 1 удаа цохиж автал Ч орон дээр саваад унасан. М Ч-ыг гэрээс чирээд аваад гарсан. М буцаж гэрт орж ирээд намайг хувцастайгаа зүүн талын орон дээр хэвтэж байтал янхан, банзал, хулгайч, Ч та хоёр банзалдсан уу гэж хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан. М өөрийнхөө гар утсаар миний нүүр, толгой руу цохиод, нүдээд байсан. Би зүүн талынхаа гараараа нүүр, толгойгоо хамгаалтал цохиж байгаад болиод гарынхаа хурууг ам руу хийж татсан. Мөн миний барьдаг гар утасны үзүүр хэсгийг ам руу чихэж байгаад зүүн талын гуяны гадна талд зангидсан гараараа 2 удаа цохиж авсан... М надаас уучлалт гуйсан, бид хоёр эв зүйгээ олсон. М миний толгойг бариач дээр очиж 2 удаа бариулсан. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр М надад эмчилгээний зардалд 500,000 төгрөг данс руу шилжүүлж өгсөн. Би М-ын өгсөн мөнгийг эмчилгээндээ бэлнээр зарцуулсан тул одоо надад гаргаж өгөх баримт байхгүй.” (хавтаст хэргийн 19-21, 22 дахь тал)   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед Б дүү Э-ийн хамтаар 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архитай ирсэн. Бид гурав авчирсан архийг нь хувааж уусан. Орой 19 цагийн үед Б манай гэрт очъё гээд Б-ийн гэрт Э бид гурав алхаад очсон. Би татах тамхиа гэртээ мартсан байсан тул буцаж гэр рүүгээ ирээд тамхи аваад буцаад Б-ийн гэрт очиход дүү Э нь явчихсан байсан. Би Б-гийн зүүн талын орны доод талд сандал дээр, Б орон дээрээ сууж байсан. Б бид хоёр архи уугаагүй, юм яриад сууж байтал хашааны хаалга дуугарах шиг болсон. Б бид хоёр Э-г ирж байгаа юм байхдаа гэж бодсон. Б-ийн гэрт гаднаас нэг танихгүй залуу орж ирээд үгийн зөрүү байхгүй шууд зангидсан гараараа миний зүүн талын хацар руу 1 удаа цохиж авахад нь би газар унаад босож ирээд, гэрийн зүүн талд очтол нөгөө залуу миний хойноос ирээд дахин зангидсан гараараа миний зүүн талын хацар руу 1 удаа цохиж, би гэрийн зүүн талын орон дээр унасан. Нөгөө залуу намайг гэрээс чирээд гарсан. Би гэрийн гадаа жоохон сууж байгаад яваад өгсөн... Миний биед гэмтэл учраагүй, тухайн үед 2 удаа нэг талынхаа хацар руу цохиулснаас өөр юм болоогүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 27-29 дэх тал)     

 Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ээж 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед миний утас руу залгаад би хүнд зодуулчихлаа гэж ярьсан. Намайг ээжийн гэрт очиход ээж хүнд зодуулчихсан, амнаас нь цус гарсан, нүүрний зүүн шанаа нь хөхөрч хавдсан, зүүн талын гар хөхөрч, улайсан байсан. Би ээжээс хэн гэж хүн зодсон талаар асуусан чинь таксинд явдаг М гэдэг хүн согтуу гэрт орж ирээд өөрийнхөө гар утсаар цохиж, зодсон. Мөн ээжийн гар утасны үзүүр хэсгийг нь өөрийнх нь аманд хийж, амны дотор талыг урсан гэж ярьсан. Манай ээж 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед миний утас руу залгаад надаас 20,000 төгрөгийг Ч гэсэн нэртэй данс руу шилжүүлж авсан. Ч, манай ээжийн төрсөн дүү Э нийлж, 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад ээжийн гэрт гурвуулаа явган алхаад очсон, төд удалгүй Э эгч гэр рүүгээ яваад өгсөн. Ээж Ч гэх хүнтэй гэрт байж байхад нь гаднаас М гэх хүн согтуу орж ирээд эхлээд Ч гэх хүнийг цохиж аваад гэрээс чирч гаргаад, М гэх хүн буцаж ээжийн гэрт ороод ээжийг ганцаараа байж байхад нь зодсон байна.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)       

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “М хааяа архи уудаг. Харин архи уусан үедээ ямар авир зантайг нь мэдэхгүй. Цуг архи ууж үзээгүй. Намайг 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой /цагийг нь сайн санахгүй байна, нар арай жаргаагүй байсан/ гэрт нь ортол М гэртээ ганцаараа 0,33 грамм байсан жижиг архи уугаад нэлээн согтуу сууж байсан. Надад М ууж байсан архинаасаа 2 хундага хийж өгөхөөр нь би уучихаад гэрээс нь гараад явсан. Нэлээн бухимдуу байдалтай, нэлээн согтуу архи ганцаараа уугаад сууж байсан. Би гэрт нь ороод удаагүй гараад явсан.” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)       

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ээжийн бие өвдөөд, Б эгч бид хоёр гэрт харж байгаад 2 хоногийн өмнө эмнэлэгт хэвтүүлээд эгч бид хоёр гэрт нь байж байсан юм. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед манай эгч намайг гэрт унтаж байхад бос хоёулаа нэг айлд очоод ирье, яг шартаж үхлээ гэж хэлсэн. Эгч бид хоёр Ч гэдэг хүний гэрт нь очсон. Ч халамцуу байсан. Эгч 0.75 литрийн 1 шил архи авч бид гурав хувааж уугаад нэлээн юм ярьж суусан. Ч гэртээ ганцаараа байж байхаас та хоёрыг дөхүүлж өгөөд, гэрт чинь жаал юм ярьж сууж байгаад ирье гэж хэлээд эгч бид хоёртой гэр рүү алхаад ирсэн. Тухайн үед цаг хараагүй. Ч гэртээ татах тамхи мартсан байна гэж хэлээд гэр рүүгээ тамхи авах гээд явсан. Би найзынхаа гэр рүү явсан. Эгч одоо Ч ирэх байх гээд гэртээ ганцаараа үлдсэн. Ч гэдэг хүнийх эгчийн гэрээс 2-3 гудамжны зайтай байсан.” (хавтаст хэргийн 40-41 дэх тал)  

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13-14 цагийн үед байсан санагдаж байна Б миний утас руу залгаж, дата явуулаад өгөөч гэж хэлсэн. Би дата нь явуулсан, төд удалгүй Б миний утас руу согтуу залгаад гэрт хүрээд ирээч ярих юм байна гэж хэлсэн. Би гэрт нь очоод Б-тай Баянцагаан дэлгүүр орсон. Б 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянцагаан дэлгүүрээс 12,000 төгрөгийн өр тавьж, архи уусан байсан, өрөө өгөх гээд надаас мөнгө зээлж өгсөн. Би 0.33 граммын Агар нэртэй 1 шил архи авсан. Б бид хоёр авсан архиа аваад гэрийнх нь гадаа очсон. Б миний өөдөөс эхнэр чинь ажлаасаа ирчихсэн, зангаа хувиргаад байна, би эхнэрийг чинь гэртээ байх үед чиний утас руу байнга залгаад байна гэж үг хаяад, дургүй хүргээд байхаар нь хашааных нь үүдэнд буулгаад, хувааж уух гэж авсан архиа би аваад яваад өгсөн. Би гэртээ ирээд авсан архиа ганцаараа ууж дуусгаад, дахин дэлгүүр орж 0.5 граммын Агар нэртэй 1 шил архи аваад гэртээ ирсэн. Би нөгөө авсан архиа ганцаараа уугаад сууж байтал манай хойд талд байдаг Н өвгөн манай гэрээр орж ирээд 2 хундага татаад гэрээс гараад явсан. Би үлдсэн архиа ганцаараа ууж дуусгаад тасарчихсан. Нэг мэдсэн миний гар утсыг Б булаацалдаад байх шиг санагдаж байна... Би 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б-д эмчилгээний сард бэлнээр 500,000 төгрөг өгч, хохирлын 100 хувь барагдуулж, уучлалт гуйж, эв зүйгээ олсон. Б надад одоо ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн.” (хавтаст хэргийн 70-72 дахь тал)   

Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ӨМГ0725/197 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Б-ийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи,  зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Д.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ӨМГ0725/210 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Ч-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 91 дэх тал)

Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 42 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 94-95 дахь тал)

Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 42 дугаартай санал (хавтаст хэргийн 96-97 дахь тал).  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.М нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ... иргэн Д.Б-ийн эрх чөлөөнд нь халдаж биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ч-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал), гэрч Б.П-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Д.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), гэрч Т.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ӨМГ0725/197 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                          

Шүүгдэгч Д.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи,  зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ӨМГ0725/197 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)-ээр тогтоогдож байна.          

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.                

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.М, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...М надаас уучлалт гуйсан, бид хоёр эв зүйгээ олсон. М миний толгойг бариач дээр очиж 2 удаа бариулсан. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр М надад эмчилгээний зардалд 500,000 төгрөг данс руу шилжүүлж өгсөн. Би М-ын өгсөн мөнгийг эмчилгээндээ бэлнээр зарцуулсан тул одоо надад гаргаж өгөх баримт байхгүй.” (хавтаст хэргийн 19-21, 22 дахь тал) гэж, шүүгдэгч Д.М-ын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д нийт 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар тус тус мэдүүлснээс гадна хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 84 дэх тал)-аар давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.               

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.             

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,    

Шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Ж залан овгийн Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ