| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1359/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1627 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,
хохирогч Т.С, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар,
шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503001140486 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Ө-ын Н, Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Т*** эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй, 1, 12, 19, 21, 22, 24-27, 33, 40, 44, 56, 60, 70, 74-83 дах талд авагдсан нотлох баримтуудыг;
Хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвбазараас хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хавтаст хэргээс дуудлага лавлагааны хуудас, хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-15 дахь тал),
- Хохирогч Т.С-ийн “...2025.01.22-ны өдөр би гэрээсээ 07 цаг 40 минутын орчимд гараад ажилдаа явахаар Богд арын тийшээ алхаж байсан юм. Тэгээд Төмөр замын дээд сургуулийн урд талын 3 замын уулзвараар ертөнцийн зүгээр хойноос урагшаа зам хөндлөн гарах гэрэл дохио дээр ирээд гэрэл дохио ногоон өнгөөр асахыг хүлээж зогссон. Тэгээд гэрэл дохио солигдоод ногоон өнгөөр асахаар нь би зам хөндлөн гарах гээд хойноос урагш явган хүний гарцаар зам руу орох үед миний зүүн гар талаас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд машинд мөргүүлээд шидэгдээд унасан. Хэсэг хугацаанд би юу болсныг мэдээгүй шокийн байдалтай байж байгаад ухаан орж сэргэсэн. Дараа нь машинд мөргүүлсэн гэдгээ мэдээд бэр болон ажлын газрын хүн рүү ярьж мэдэгдсэн. Намайг мөргөсөн машины жолооч намайг машиндаа суулгаад шууд ГССҮТ рүү аваад явсан. Тэгээд ГССҮТ-д очиж үзүүлж байх хооронд манай ар гэрийнхэн болон ажлын газрын хүмүүс ирээд манай дүү цагдаад дуудлага өгч бүртгүүлсэн байсан. Тэгээд ГССҮТ-д үзүүлж дуусаад замын цагдаагаас холбогдоод ослын газар ирж хэмжилт үзлэг хийлгэсэн. Би тухайн үед явган хүнийг зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан. Тухайн 3 замын уулзвараар явган хүнд зориулсан гэрэл дохих асах үед зүүнээс урагш чиглэлийн авто машинууд эргэж эхэлсэн. Намайг мөргөсөн машин болохоор намайг чигээрээ ирж мөргөсөн. Намайг мөргөх үед тэр машин л ганцаараа чигээрээ орж ирсэн өөр машин байгаагүй. Ослын улмаас миний биед дунд чөмөгт ясны далд хугарал, ясны эдийн няцрал, булчин дотор жийргэвч мөгөөрсөнд ургадал, зөөлөн эдийн гэмтэл учирсан. Бас доод өвдөг уруулд зулгаралт болон шарх үүссэн байсан. Би гомдолтой байна. Ажилгүй байх хугацааны цалин болон эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/2550 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Т.С-ийн биед дунд чөмөгт ясны далд хугарал, ясны эдийн няцрал, булчин дотор жийргэвч мөгөөрсөнд ургадал, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Т-ын С /РД:***/ -ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 84-85 дахь тал),
- 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 545 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “...Жолооч Ө.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.9.Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Т.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн (хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/2550 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.С-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ө.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 07 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн урд уулзварт Тоёота приус маркийн *** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтыг зөрчиж улаан гэрэл дохиогоор уулзварт нэвтэрч явган зорчигч Т.С-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нараас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Т.С-ийн биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 3,480,950 төгрөг, олох ёстой байсан цалин 3,254,682 төгрөг, ослын улмаас гар утас эвдэрч, алтан ээмэгний өрөөсөн нь алга болсон гэх 4,205,183 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөг тус тус нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497, 505, 511, 513 дугаар зүйлүүдэд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 21-22 дахь талд авагдсан нийт 2,971,450 төгрөгийн ор, хоног, хагалгааны нэмэлт зардал, эмийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай байх тул хангаж шийдвэрлэлээ.
Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж болох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 582 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Т.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.Н нь анх удаа хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо 34 настай, хохирогч Т.С-ийн биед учирсан гэмтлийн байдал буюу хүндэвтэр зэргийн хохирол учирсан, тулгуур эрхтний гэмтэл авсан, хохирогч Т.С 48 настай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,920,000 төгрөгөөр тогтоов.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 660,000 төгрөг байсан бол 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792,000 төгрөг болсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Ө.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг гэмт үйлдэл хийж төгссөн үеэс тооцох болохоос гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн үеэр тооцох талаар хуульчлаагүй болно.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.3 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна” гэж заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоох үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Мөн хохирогч Т.С-ийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,521,202 төгрөгийн зардал гарч, иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож зохих журмын дагуу нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүгдэгч Ө.Н-оос 6,521,202 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгчөөс хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар хохирогч Т.С-д 2,254,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,521,220 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-оос (2,971,450+7,920,000-2,254,000)=8,637,450 төгрөг гаргуулж хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршигтай холбоотой бусад асуудлын тухайд:
Хохирогч Т.С нь гар утас эвдэрсэн, алтан ээмэгний өрөөсөн тал алга болсон гэх боловч мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлэгтээ огт дурдаагүй, гар утас байсан эсэх, эвэрдсэн эсэх, алтан ээмэг байсан эсэх, алга болсон эсэх, гар утас, ээмэг нь ямар үнэлгээтэй, ямар үнэ цэнтэй байсан талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн олох байсан цалин 3,254,682 төгрөг гэх боловч ямар тооцооллоор яаж, хэрхэн тооцсон нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан албан тоотод “Т.С нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдөр дуустал ээлжийн амралтын 22 хоногийг эдэлж 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа орсон болно.” гэсэн байх тул хохирогч Т.С-ийн дутуу авсан цалин хөлсийг тооцох боломжгүй байна.
Иймд дээр дурдсан хохирлуудыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нараас мөрдөн байцаалтын шатнаас хохирлыг төлж байсан тул, дээрх зардлуудыг хасуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.С нь шүүгдэгч талаас 1,030,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн, уг мөнгийг авсан нь үнэн, дээрх авсан төлбөр нь хэрэгт авагдсан байгаа эмчилгээний зардалтай давхцахгүй, хамааралгүй зардал байгаа болно гэсэн.
Шүүгдэгч Ө.Н-оос шүүхэд гаргаж өгсөн баримтаар хохирогч Т.С-ийн төрсөн эгч гэх Т.Ж-д 2025.01.24-ны өдөр эмчийн үзлэг, хөлийн даруулга гэсэн утгаар 150,000 төгрөг, 2025.01.26-ны өдөр эмийн зардал гэсэн утгаар 100,000 төгрөг, шинжилгээ, эмчилгээ гэсэн утгаар 85,000 төгрөг, бэхэлгээ эмчилгээ гэсэн утгаар 165,000 төгрөг, 2025.01.27-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.
Мөн 2025.01.22-ны өдөр “Sergelen uvdugni MRI hiilgeh” гэсэн утгаар 400,000 төгрөг, 2025.01.23-ны өдөр “...MED TRAUM” утгаар 310,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.
Дээрхээс үзвэл шүүгдэгч Ө.Н нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.С-ийн эм, эмчилгээний зардалд түүний төрсөн эгч Т.Ж-д болон Эрүүл мэндийн байгууллагад нийт 1,510,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Гэвч хэрэгт авагдсан хохирлын баримтууд нь 2025.02.03-ны өдрийн 500,000 төгрөгийн ор хоногийг зардлын баримт, 2025.02.03-ны өдрийн 2,254,240 төгрөгийг хагалгааны нэмэлт зардлын баримт, 2025.02.03-ны өдрийн 176,810 төгрөгийн эмийн баримт, 2025.05.01-ний өдрийн 40,500 төгрөгийн эмийн баримт тус тус авагдсан буюу цаг хугацааны хувьд шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтуудтай давхцалгүй, хохирогчийн зүгээс өөрөөс гарсан зардлын баримтуудыг өгсөн гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авахаас татгалзсан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Ө.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Т.С-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хүн ирээд 1 удаа уучлалт гуйгаагүй. Сэтгэл санааны хохирлыг төлөөгүй. Хүн ёсных нь хувьд гомдолтой байна. Тиймд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Т.С: “...Гомдолтой л байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Н-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч түүнийг уучлалт гуйгаагүй гэж байна. Үүнд хэдийгээр юм хэлэхгүй байгаа ч тодорхой хэмжээний тайлбар хийе. Хохирогчийн дүү нь ирээд юм яриад ажил дээр нь хүрч ирж элдвээр хэлдэг. Би гэмтсэн учраас өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа гэж хэлсэн. Өөрийг нь төлөөлөхгүй хүн ажил дээр нь очоод зүй бус авир гаргаад байсан зүйл байгаа. Хохирол төлбөрийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөн прокурорын шатанд төлж байсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Тэрээр хөдөлмөр хийгээд өөрийн ажил амьдралаа залгуулаад явж байна. Хохирлын талаар зээл авах асуудал байсан. Хохиролд 2,554,240 төгрөгийг төлсөн. Нийгмийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлын мөнгийг төллөө. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол хохирогчийн эрүүл мэндэд зарцуулсан мөнгө. Тиймд өөр байгууллагын дансанд хийсэн юм шиг ярьж болохгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн багаар буюу 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дүүргийн хооронд хязгаарлах саналыг гаргаж байна. Ер нь бол өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Ө.Н нь ажил хөдөлмөр эрхэлж байж сэтгэцэд учирсан хохирлыг төлөх боломж бүрдэнэ. Иймд торгох ял оногдуулж, уг ялын хэмжээг хамгийн багаар тогтоож өгнө үү. Хүнийг нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхээс гадна хохирол төлбөр төлөх учир миний гаргасан саналыг хүлээж авна уу. Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийснээс өөрийн ажлаа хийгээд цалингаа аваад хохирол төлбөрөө төлөөд явсан нь дээр байна...” гэв.
Шүүгдэгч Ө.Н: “...Бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч Ө.Н-ийн хувийн байдалтай холбоотой жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 78-79 дэх тал), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80-82 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ө.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас хохирлыг төлж барагдуулж байсан, шүүхээс тогтоосон хохирол төлбөрөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг бүрэн төлсөн, хохирогчид мөн хохирол төлбөр төлсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Ө.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Н нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг, харин түүний ажлын байр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байх тул ажил хөдөлмөр эрхлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Ө-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ийг Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Н-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР