2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

хохирогч Б.А,  

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000551 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц-ын А, Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 224 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, түүнд оногдуулсан ялыг хөнгөнийг нь хүндэд багтааж бүгд 1 жил 6 сар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар 1995.07.26-ны өдрийн 224 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 сар хорих ял оногдуулаад 1 жил тэнсэж, хянан харгалзсаныг сэргээж түүний зарим болох 5 сар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр нэмж бүгд 1 жил 11 сар хорих ял шийтгэж, 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 293 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, 2001 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр суллагдсан,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 158А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод оршин суух хохирогч Н.Ч-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хулгай хийх зорилгоор нэвтэрч үйлдэл дээрээ цагдаагийн байгууллагын албан хаагч нарт баригдсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан;

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод оршин суух хохирогч Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхны төмрийг хөшиж, вакум цонхыг түлхэж нэвтрэн 2 ширхэг вино дарс, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ат нийт 1,090,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- “...гэрт хулгайч орсон байна, одоо хажуу айлыг ухаад байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 8-11,  12-14 дэх тал),

- Хохирогч Б.А-ын “...Би 2025.04.20-ны өдөр 12 цагийн орчимд гэрээ түгжиж гараад 14 цагийн орчимд гэртээ иртэл манай гэрийн гал тогооны цонхоор хулгай орсон байсан. Тэгээд би урагшаа гарч хартал манай урд айлын цоожтой гэрт юм дуугарахаар нь хулгайч байгаа юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа удалгүй цагдаа нар ирээд тухайн айлын тооноор хартал үл таних эрэгтэй байсан. Тухайн этгээдийг цагдаагийн албан хаагч нар авч явсан. Манай гэрээс 2 ширхэг нэр хаяггүй дарс хулгайд алдагдсан. Үүнийг 200,000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрийн гал тогооны өрөөний цонхны тор эвдэж сүйтгэсэн байсан. Би цонхны гадна торыг 300,000 төгрөгөөр үнэлж байна. Өөр эд зүйл алдагдаагүй. Би хулгайд алдагдсан эд зүйл болон эвдэгдсэн эд зүйлийн үнэлгээг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Хохирогч Н.Ч-ийн “...Би 2025.04.20-ны өдөр ажлаа хийж байтал манай хойд талын айлын эмэгтэй болох Б.А залган танай гэрт хулгайч орсон байна гэж хэлсний дагуу гэртээ иртэл цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. Тухайн хулгайч нь манай тооноор орсон байсан. Манай гэрээс эд зүйл алдагдаагүй, цагдаагийн алба хаагч хулгайчийг үйлдэл дээр нь барьсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх  зүйлгүй. Би тухайн этгээдийг танихгүй, өмнө нь харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн Т-25/275 дугаартай дүгнэлтээр “...1.Вино дарс – 2024 онд худалдан авч байсан – 2 ширхэг – нэгжийн үнэ 109,500 төгрөг – нийт үнэ 109,500 төгрөг. 2.Цонхны төмөр хаалт – 2020 онд худалдан авч байсан – 1 ширхэг – нэгжийн үнэ 10,000 төгрөг – нийт үнэ 100,000 төгрөг. 3.Мөнгөн аяга – 2025 оны 01 дүгээр сард авч байсан – 1 ширхэг – нэгжийн үнэ 880,900 төгрөг, нийт үнэ 880,900 төгрөг, Нийт дүн 1,090,400 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 39-44 дэх тал),

- Хохирогч Б.А-т шүүхийн хэлэлцүүлэгт “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр химийн эмчилгээтэй байдаг. Урд айл руу ороод дусал хийлгээд буцаад гэр лүү гээ орсон. Тэгээд гэртээ ороод том өрөө рүү ороход хамаг юм сандаачсан байсан. Гараад цагдаа дуудах гээд хүн дуудах гээд гэрийн хажуу руу явахад тийм зүйл болсон. Би хулгайч энд байна гэж бодсон. Цагдаа нар яваад би араас нь мөнгөн аяга алга болсныг мэдсэн. Би химийн эмчилгээнд явдаг байсан болохоор мөнгөн аяганд ус уудаг байсан. Тэгээд усаа уух гээд мэдсэн. Тэгээд араас нь цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдлийг хамааруулан ойлгодог.

Тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан ба хууль тогтоогчоос “Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод оршин суух хохирогч Н.Ч-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хулгай хийх зорилгоор нэвтэрч үйлдэл дээрээ цагдаагийн байгууллагын албан хаагч нарт баригдсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан;

Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод оршин суух хохирогч Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхны төмрийг хөшиж, вакум цонхыг түлхэж нэвтрэн 2 ширхэг вино дарс, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т нийт 1,090,400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.А хохирогч Б.А-ын гэрээс эд зүйл хулгайлсныхаа дараа хөрш айл болох хохирогч Н.Ч-ийн монгол гэрийн тооноор нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж байхад цагдаагийн албан хаагч түүний үйлдлийг таслан зогсоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үздэг.

Шүүгдэгч Ц.А-ын хохирогч Н.Ч-ийн монгол гэрт хулгай хийх зорилгоор нэвтэрч үйлдэл дээрээ баригдсан нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан хууль зүйн шинжийг хангах хэдий боловч шүүгдэгч Ц.А нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул аль хүнд зүйлчлэлээр хэргийг нэгтгэн зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

Иймд шүүгдэгч Ц.А-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг:

Хохирогч Н.Ч нь “...Манай гэрээс эд зүйл алдагдаагүй, цагдаагийн алба хаагч хулгайчийг үйлдэл дээр нь барьсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх  зүйлгүй...” гэж мэдүүлсэн болно.

Харин хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Цагдаа нар яваад би араас нь мөнгөн аяга алга болсныг мэдсэн. Би химийн эмчилгээнд явдаг байсан болохоор усаа уух үедээ мөнгөн аяга алга байгааг мэдсэн. Тэгээд араас нь цагдаад хэлсэн...” гэж мэдүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-с 1,090,400 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.А-т олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгчээс 1,090,400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т олгуулах, шүүгдэгч Ц.А нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс цагдан хоригдсон. Түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...Гэм буруугаа  хүлээж байна. Гэмшиж байна. Миний буруу...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.А-ын хувийн байдалтай холбоотой асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 31-33 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 34-35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.16-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 81-83 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 85-87 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.04.26-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 88-90 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006.03.14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 91-92 дахь тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995.07.26-ны өдрийн 224 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 94-98 дахь тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996.02.08-ны өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 99-101 дэх тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997.07.31-ний өдрийн 293 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 102-103 дахь тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998.05.07-ны өдрийн 43-А дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 104-107 дахь тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002.04.18-ны өдрийн 158 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас 1,090,400 төгрөгийн хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2  (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ын цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

2.3.  Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын А-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ын цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-с 1,090,400 (нэг сая ерэн мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулж, хохирогч Б.А-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР