Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч Ш.Буянтогтох

Шүүгдэгч Ц.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Цолмонд холбогдох 1716000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр эгчийн хамт, Төв аймгийн Архуст сумын 2-р баг Нарстын 3-2 тоотод оршин суух, ДГ94121616 регистрийн дугаартай, Мандал овогт Цэнгэлмаагийн Цолмон гэв.

Шүүгдэгч Ц.Цолмон нь Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд 2017 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед мустанг-5 маркийн мотоциклийг тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний  буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай хүүхэд Д.Өсөхбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 

Шүүгдэгч Ц.Цолмон нь Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд 2017 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Мустанг-5 маркийн мотоциклийг тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний  буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай хүүхэд Д.Өсөхбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Цолмонгийн шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумд Буянтогтохын Өсөхбаяр гэдэг 5 настай хүүхдийг дайрсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өсөхбаярын бүх эмчилгээний зардлыг нөхөн барагдуулсан. Эмчилгээний зардалд 6.300.000 төгрөг төлсөн  гэх мэдүүлэг, 

мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Даваадоржийн “... Анагаахын дэлгүүр орж тамхи аваад захиргааны урд байдаг худгийн хажуугаар гарахаар явж байхад нь “Наана чинь хүүхэд байна зөөлөн яв” гэж хэлсэн. Тэгээд Цолмон тормозоо гишгээд замаас гараад буцаад машин зам руу ороход нэг хүүхэд ирээд өвдөг хамгаалагч руу нь мөргөсөн. Тэгээд тэр хүүхэд зам дээр унасан. Цолмон эргэж ирээд хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөх гээд явах гэтэл Мөнхөө гэдэг хүн хүүхдийг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /ХХ19/,

  гэрч Д.Мөнхбаатарын “... араараа хүн суулгасан мотоциклтой хүн зам дээр тоглож байсан хүүхдийг өвдөг хамгаалагчаараа л мөргөсөн байх. Би машинаа зогсоогоод тэр хүүхэд дээр очиход машин зам дээр доошоо харчихсан амнаас нь цус гарсан байдалтай уйлаад хэвтэж байсан. Тэгээд би хүүхэд мөргөсөн залуугаас хүүхдийг аваад эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ20/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №204 дугаартай “...2. Иргэн Өсөхбаярын биед эрүү ясны хоёрлосон хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ2-23/

Шинжээч Д.Жаргал, Б.Бөхбаяр, Д.Ойнбилэг нарын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “... Жолооч Ц.Цолмон нь улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хүүхэд мөргөсөн осол гаргасан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /ХХ55/

Шүүгдэгч Ц.Цолмонгийн жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа /ХХ11/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ц.Цолмонг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож .авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Д.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-20-рт/, шинжээч Б.Бөхбаярын мэдүүлэг /хх-56-рт/, Ц.Цолмонгийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-11-рт/  зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ц.Цолмонгийн хүсэлтээр: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргаж өгсөн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн талаарх нотариатаар батлуулсан тодорхойлолт /ХХ36/, хохирогч Ш.Буянтогтохын нотариатаар батлуулсан гомдол санал, нэхэмжлэх зүйл гэсэн тодорхойлолт /ХХ37/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх. 

Шүүх шүүгдэгч Ц.Цолмонг А ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай хүүхэд Д.Өсөхбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь   шүүгдэгч Ц.Цолмонгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Даваадорж, Д.Мөнхбат нарын мэдүүлэг, жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /ХХ53/, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ш.Буянтогтохын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “... эмчилгээний төлбөрт Ц.Цолмонгийн ар гэрээс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 06 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 07 дугаар сарын 1-ний өдөр 400.000 төгрөг, 07 дугаар сарын 03-ны өдөр 4.600.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөгийг эмчилгээ, үйлчилгээний зардалд авсан нь үнэн болно. Цаашид гомдол саналгүй...” гэх тодорхойлолт /ХХ37/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн”...Эмчилгээний зардалд 6.300.000 төгрөг авсан. Одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв. 

Шүүгдэгч Ц.Цолмонд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Мандал овогт Цэнгэлмаагийн Цолмонг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон дээрх байдлаар тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзаж, тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид 6.300.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээр гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, цагдан хоригдоогүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Мандал овогт Цэнгэлмаагийн Цолмонг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цолмонгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай. 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Цолмонд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

4.Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид 6.300.000 төгрөг төлсөн, ялтан Ц.Цолмонгоос гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Цолмонд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ц.Цолмонд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.САРАНТУЯА