Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Т-, Ж.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Т-, Ж.Д- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ИӨ” ХХК--д холбогдох

 

9 500 000 төгрөгийг гаргуулан Ч.Т-д, 9 960 000 төгрөгийг гаргуулан Ж.Д-д тус тус олгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Т-, Ж.Д-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхон, 9-р байр, 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016523 дугаарт бүртгэлтэй 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчилдөг байсан. Миний бие 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 92 тоот гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 92 тоот гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгөө хөрөнгө оруулалт болгон өгч, “ИӨ” ХХК--ийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны оронд баригдах шинэ орон сууцнаас 10 дугаар давхрын 104 тоот 40.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 8 дугаар давхрын 81 тоот 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг тус тус авахаар тохиролцсон. Орон сууцны метр квадратын зөрүүг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.2-т зааснаар 1 м.кв тутам 1 825 000 төгрөгөөр буюу 14 м.кв-ын 25 550 000 төгрөг байхаар тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаа буюу “ИӨ” ХХК--ийн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сард 500 000 төгрөг, жилд 6 000 000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр авахаар болсон. Уг төлбөрөөс 2014, 2015 онд 6 000 000 төгрөг тус тус авсан. Үүнээс хойш нөхөн олговор огт аваагүй, орон сууцны м.кв-ын зөрүүг өгөөгүй байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар “ИӨ” ХХК- нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Иймд “ИӨ” ХХК--аас 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхон, 7-р байр, 4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009636 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчилдөг байсан. Миний бие 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 53 тоот гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 53 тоот гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгөө хөрөнгө оруулалт болгон өгч, “ИӨ” ХХК--ийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны оронд баригдах шинэ орон сууцнаас 9 дүгээр давхрын 93 тоот 43.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 2 дугаар давхрын 22 тоот 23.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцнуудыг тус тус авахаар тохиролцсон. Орон сууцны метр квадратын зөрүүг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.2-т зааснаар 1 м.кв тутам 1 825 000 төгрөгөөр буюу 0.84 м.кв-ын 1 533 000 төгрөг байхаар тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаа буюу “ИӨ” ХХК--ийн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сард 500 000 төгрөг, жилд 6 000 000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр авахаар болсон. Уг төлбөрөөс 2014, 2015 онд 6 000 000 төгрөг тус тус авсан. 2014 онд м.кв-ын зөрүү 460 000 төгрөгийг “ИӨ” ХХК--д бэлнээр өгсөн. Үүнээс хойш нөхөн олговор огт аваагүй. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар “ИӨ” ХХК- нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Иймд “ИӨ” ХХК-аас 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 9 500 000 төгрөг, м.кв-ын зөрүүнд өгсөн 460,000 төгрөг, нийт 9 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ИӨ” ХХК- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ИӨ” ХХК- нь хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх Мамба Дацан хийдийн орчим ХЕТ 2013-6 багцын В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэхээр шалгаран, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар А/337 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэх батламж авсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газраас “ИӨ” ХХК- болон иргэд гэсэн 3 талт гэрээг байгуулсан. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ялсан барилга барих компаниудад хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас өгнө гэж олон удаа хөрөнгө оруулалт, зээлийн санал авч байсан боловч олгогдоогүй, арилжааны бүх банкууд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд барилгын зээл өгөөгүй манай компанийн ажил хүндэрч зогссон. Төслийг өөрийн болон хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх төсөлтэй холбоотой орон сууцны барилга угсралтын ажил болон бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүлээлгэн өгсөн ба 3-н талт гэрээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдсан гэсэн 03/266 тоот албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн. Иргэн Б.Алтанзул, М.Оюун-Эрдэнэ, С.Шийлэгдамба нарын нэхэмжилсэн нөхөн олговрыг гэрээний дагуу дан ганц манай компани хариуцахгүй, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран хариуцах ёстой. Нэхэмжлэгч Ч.Т- нь “ИӨ” ХХК--аас нөхөн олговорт 2014-2016 онуудад нийт 12 990 000 төгрөг авсан. Харин 2017 оны 01 сараас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 7 510 000 төгрөгийн нөхөн олговрыг манай компани Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газартай хамтран хариуцна. Илүү нэхэмжилсэн 1 990 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ж.Д- нь “ИӨ” ХХК--аас нөхөн олговорт 2014-2016 онуудад нийт 11 540 000 төгрөг авсан. Харин 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 8 960 000 төгрөгийн нөхөн олговрыг манай компани Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газартай хамтран хариуцна. Илүү нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИӨ” ХХК--аас 7 510 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-д, 8 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Т-гаас урьдчилан төлсөн 166 950 төгрөг болон нэхэмжлэгч Ж.Д-аас урьдчилөн төлсөн 174 310 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИӨ” ХХК--аас улсын тэмдэгтийн хураамжид 135 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-д, 158 310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д тус тус буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Т- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр миний нэхэмжилсэн мөнгөн дүгнээс 1 990 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хассан тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “ИӨ” ХХК- төсөл хэрэгжүүлэх хугацааг цуцласан өдрийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж болгож гэрээг дуусгавар болгосон гэж үзэж 1 000 000 төгрөгийг хассан. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах нь зөвхөн Нийслэлийн Засаг даргад байдаг бөгөөд тэрхүү захирамж нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор төсөл хэрэгжүүлэх хугацааг цуцласан. Ийм учраас нөхөн төлбөрийн мөнгөнөөс 2 сарын төлбөр болох 1 000 000 төгрөгийг хассан нь үндэслэлгүй тул буцаан олгоно уу. “ИӨ” ХХК- нь нөхөн олговрын мөнгө сарын 500 000 төгрөгийг барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд өгнө гэж заасан бөгөөд 2014, 2015 оны нөхөн төлбөр 12 000 000 төгрөгийг гэрээнд заасан дансанд авсныг 12 990 000 төгрөг буюу 990 000 төгрөгийг илүү авсан гэж үндэслэлгүй гүтгэж мөнгөн дүнг хассан. Гэрээ байгуулсан дансаар авсан ба бэлнээр ямар нэгэн мөнгө аваагүй. “ИӨ” ХХК--аас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 522 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 990 000 төгрөг, 2016 оны 6 дугаар 18-ны өдөр 488 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгийг 5 хувааж авсан. Надад өгсөн гэх 990 000 төгрөг нь миний авсан 12 000 000 төгрөгт орсон. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжилсэн 1 990 000 төгрөгийг олгож өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Д- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр миний нэхэмжилсэн мөнгөн дүгнээс 1 960 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хассан тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “ИӨ” ХХК- төсөл хэрэгжүүлэх хугацааг цуцласан өдрийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж болгож гэрээг дуусгавар болгосон гэж үзэж 1 000 000 төгрөгийг хассан. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах нь зөвхөн Нийслэлийн Засаг даргад байдаг бөгөөд тэрхүү захирамж нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор төсөл хэрэгжүүлэх хугацааг цуцласан. Иймд нөхөн төлбөрийн мөнгөнөөс 2 сарын төлбөр болох 1 000 000 төгрөгийг хассан нь үндэслэлгүй тул буцаан олгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

                Нэхэмжлэгч Ч.Т- нь 9 500 000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Д- нь 9 960 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ИӨ” ХХК--д холбогдуулан гаргаснаас хариуцагч зарим хэсгийг буюу нэхэмжлэгч Ч.Т-гийн шаардлагаас 7 510 000 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Д-ын шаардлагаас 8 960 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч, үлдэх 1 990 000 төгрөг болон 1 000 000 төгрөгийг тус тус эс зөвшөөрч маргажээ./хэргийн 67-68, 95-96, 127, 131 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар ИӨ ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх хугацааг цуцласан. Иймд нөхөн төлбөрийн мөнгөнөөс 2 сарын төлбөр болох 1 000 000 төгрөгийг хассан нь үндэслэлгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ зохигч болон Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нарын хооронд байгуулагдсан байна./хэргийн 95-98, 102-104 дүгээр тал/

 

Улмаар нэхэмжлэгч Ч.Т- нь 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 92 тоот, нэхэмжлэгч Ж.Д- нь 2014 оны 03 сарын 06-ны өдөр 53 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г тус тус “ИӨ” ХХК--тай байгуулж, нэхэмжлэгч Ч.Т- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон, 9-р байрны 01 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016523 дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Д- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон, 7-р байрны 4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009636 дугаарт бүртгэлтэй, 66 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, тус тус “ИӨ” ХХК--д хүлээлгэн өгөх, хариуцагч “ИӨ” ХХК- нь 2015 оны 3 дугаар улиралд багтаан 79 398 000 төгрөгийн үнэ бүхий 40.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 98 802 000 төгрөгийн үнэ бүхий 49.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж, Ч.Т-гийн өмчлөлд, 86 229 000 төгрөгийн үнэ бүхий 43.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 46 114 200 төгрөгийн үнэ бүхий 23.29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьж, Ж.Д-ын өмчлөлд тус тус шилжүүлэн өгөхөөр, мөн газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр Ч.Т- болон Ж.Д-д тус тус олгохоор талууд харилцан тохиролцсон байна./хэргийн 72-73, 100-101 дүгээр тал/

 

Хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай”А/424 дүгээр захирамжийн хуулбар хувь авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. /хэргийн 4, 36, 84, 108 дугаар тал/ Анхан шатны шүүхээс уг баримтыг тодруулах ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлаж байгаа тохиолдолд эрх бүхий этгээд цуцласан эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.

 

Ийм учраас анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болон батламж авсан төслийн явц хангалтгүй, тус газраас удаа дараа өгсөн үүрэг, шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр “ИӨ” ХХК--ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаар хэлэлцэж, хариуцагч “ИӨ” ХХК- нь цаашид гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэснийг гэрээг эрх бүхий этгээд албан ёсоор цуцласан гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхээс талууд үнийн дүнгийн хувьд маргаагүй боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх, авах хугацааны талаар тохиролцоонд хүрээгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нар хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэх үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлээс хангалттай тогтоогдохгүй байна. Зохигчид эвэлэрэн хэлэлцэх талаар ярьлцах үед хариуцагч төлбөр төлөх хугацааны талаар тохиролцоогүй тохиолдолд, нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж шууд дүгнэх боложгүй. Тодруулбал, хариуцагч төлбөр төлөх хугацаанаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нэхэмжлэгч нар багасгах болсон нь харилцан хамааралтай эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ч.Т-гийн 46 790 төгрөг, нэхэмжлэгч Ж.Д- 28 850 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                    ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           С.ЭНХТӨР