2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Ч.М,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503000000496 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Э-ын Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:

Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Б нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны баруун талын замд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 50 минутын орчимд Toyota verossa маркийн *** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- “...машинд мөргүүлсэн, ...хөл гэмтсэн, ...орилоод...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Зам тээврийн осол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

- Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтас хэргийн 10 дахь тал),

- Хохирогч Ч.М-ын “... Би 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах гэрийнхээ гадна талд асфальтан замын баруун талын явган хүний зам дээр ТҮЦ барих гээд төмөр тастаад сууж байхад араас машин мөргөөд хөлөн дээгүүр даваад гараад явсан. Би мөргүүлсэн эрчдээ унаж өвдөлтөөсөө болоод шууд босоод догонцож ёооё гээд орилж байхад хажуу талын хашааны эгч сонсож гарж ирээд түргэн болон цагдаа дуудсан. Нөгөө залуу хажуу талын эгч юу болж байна яаж байна гэж орилох үед машинаасаа гарж ирсэн. Тэгээд цагдаа болон эмнэлгийг хүлээж байхдаа нөгөө залуугаас яагаад мөргөчхөв өө, согтуу байгаа юм уу гэж асуухад хүүхдээ голын хайрцаг дээр суулгаж явж байгаад хүүхэд над руу ороод ирэхээр нь ээжид нь өгөх гэж байгаад замын хажуу руу ороод мөргөчихлөө гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирж үзлэгээ хийгээд хэмжилт хийж яваад нөгөө жолоочийг согтуурал шалгах багажаар шалгахад эрүүл байсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгчээс гаргасан “… Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 7,096,125 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирыг яллагдагч Э.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү…” гэх утга бүхий нэхэмжлэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Иргэний хариуцагч Ж.О-ын “...Манай ах Э.Б нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа хотод байсан тул худалдах, худалдан авах гэрээ хийж чадахгүй байна. Миний дүү зарж байгаа хүнээс нь очоод гэрээ хийгээд нэр дээрээ авчих дараа нь завтай болохоороо ах нь нэр дээрээ шилжүүлээд авъя гэж надаас гуйгаад би тухайн Toyota verossa маркийн *** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй худалдах худалдан авах гэрээ хийж авсан. Яг үндсэн эзэмшигч нь манай ах Э.Б гэх хүн юм. Хохирлыг манай ах Э.Б төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/5463 дугаартай дүгнэлтээр “… Дүгнэлт: 1.Ч.М-ын биед зүүн өвдөгний жийргэвчний арын эвэр, урд чагтан холбоос, гадна талын холбоос, тахимны шөрмөсний урагдал, булуу ясны гадаргууд шахагдсан хугарал, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 196 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-36 дахь тал),

- 2025.04.25-ны өдрийн мөрдөгчийн магадалгаагаар 1. Жолооч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ч.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна ...” гэх (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48-49 дэх тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЕГ0725/5463 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.М-ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.Б нь 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 16 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны баруун талын замд Toyota verossa маркийн *** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ч.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Ч.М-ын биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Б-аас 2,870,000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болох нь хавтаст хэргийн 65-66 дахь талд авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 7,096,125 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-т олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн лавлагаагаар (хавтаст хэргийн 74 дэх тал) *** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.Г-ын нэр дээр байх бөгөөд 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 0462 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр Д.Г нь тус тээврийн хэрэгслийг Ж.О-т шилжүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Б нь “...Миний жолоодож явсан тээрийн хэрэгсэл нь Д.Г гэдэг хүний нэр дээр байдаг миний худалдаж авсан автомашин, нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа...” гэж, иргэний хариуцагч Ж.О “...Toyota verossa маркийн *** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч нь манай ах Э.Б. Хохирлыг манай ах Э.Б төлж барагдуулна...” гэж тус тус мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг  компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Б-ы хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59, 70 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 60 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бы хувийн байдлыг тогтоов.    

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал/, зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Х овогт Э-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 7,096,125 (долоон сая ерэн зургаан мянга нэг зуун хорин тав) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАР