| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1470/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1694 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503000000571 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт О-ын Ц, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 28-ны Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- “...*** УНХ машины п-40 улсын дугаартай машин жолооч Ц гэх иргэнийг мөргөж гэмтээсэн...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Зам тээврийн осол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7, 9-10 дахь тал),
- Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтас хэргийн 8 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/6181 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Я.Ц-ын биед зүүн өлмий 3-р яс, 2, 3-р хурууны угийн шивнүүр ясны хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
- Хохирогч Я.Ц-ын “...Би 2025.04.28-ны өдрийн 18 цагийн үед Өргөө кино театрын урд талын замаар хойноосоо урагшаа зам гарах гээд явган хүний гарцын гэрлэн дохио ассан байхаар нь би зам гарах гээд явахад гарцан дээр машинд мөргүүлээд унасан. Тухайн өдрийн өглөө 10 цаг гэхэд 2 пиво уусан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очоод эмчид үзүүлээд шинжилгээ өгөөд орой нь Налайхад гэртээ очсон. Миний зүүн хөлийн савхан яс хугарсан байсан. Мөн өлмий хэсгээрээ гэмтсэн байна гэсэн. Жолоочтойгоо би ярилцаад эмчилгээний төлбөр мөнгөө авахаар болсон. Мөн хөлийг эдгэтэл эргэж тойроод холбоотой байна гэж хэлсэн. Одоо миний эмчилгээний төлбөр мөнгийг жолооч залуу өгч байгаа. Би явган хүний гарцаар гарч явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би сэтгэл санааны хор уршгийг нэхэмжлэхгүй. Надад жолооч төлбөр мөнгийг өгнө гэж тохиролцож ярьсан байгаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “...Асуулт 1. Toyota Prius маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?
Хариулт 1. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар эд ангиуд нь эвдрэлтэй байна вэ?
Хариулт 2. Уг тээврийн хэрэгсэл нь зүүн талын ойрын гэрэл асахгүй, баруун талын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй эвдрэл гэмтэлтэй байна.
Асуулт 3. Учирсан эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль нь болох?
Хариулт 3. Уг тээврийн хэрэгслийн зүүн талын ойрын гэрэл асахгүй, баруун талын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад техникийн үйлчилгээ хийгээгүйгээс үүссэн эвдрэл гэмтэл байна.
Асуулт 4. Уг тээврийн хэрэгсэл нь тоормосны ямар системтэй вэ? Тоормос бүрэн ажиллаж байсан эсэх?
Хариулт 4. Шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.5кН, баруун талдаа 2.3кН, зөрүү нь 8% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1 кН, баруун талдаа 2.2кН, зөрүү нь 5%, (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.
Асуулт 5. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, АВS бол дээрх системүүд тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүсэх эсэх?
Хариулт 5. Шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой.
Асуулт 6. Toyota Prius маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байгаа эсэх?
Хариулт 6. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 29300cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 16200 cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13100 cd (стандарт 10000-225000 cd) байна. Зүүн талын ойрын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэх (хавтаст хэргийн 30-36 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ө-ын “...Би 2025.04.28-ны өдөр Ц-тэй хамт байгаагүй учраас юу болсон талаар мэдэхгүй байна. Би тухайн тээврийн хэрэгслийг эзэмшдэг. Одоохондоо Ц бид хоёр хамт амьдарч байгаа учраас машиныг ээлжилж жолоодоод байгаа. Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй. Машины үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Би ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хохирлыг тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрөө барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 42 дахь тал),
- 2025.05.09-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаанд “...1.Жолооч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч Я.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0725/6181 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Я.Ц-ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.Ц нь 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талын замд Тоёота Приүс маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Я.Ц-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч О.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ц-ээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Я.Ц-ын биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гарган өгсөн “өдөр тутмын зардал болон эмчилгээний төлбөр, байрны түрээсийн төлбөрийг авч байгаа. Эмчилгээгээ бүрэн хийлгэж эдгэрсэн, гомдол, саналгүй” гэх утга бүхий хохирогчийн хүсэлтийг болон хохирол төлсөнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн.
Мөн шүүгдэгчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд 196,000 төгрөг (хавтаст хэргийн 60 дахь тал) төлсөн байх тул шүүгдэгч О.Ц-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. ...Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч: “...би машинаараа ажлаа хийж орлого олдог. Тийм болохоор жолооны эрхийг маань хасахгүй үлдээж өгнө үү. Гэм буруугаа ойлгож байна. Цаашид анхаарал болгоомжтой байна...”
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 14 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 16 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ц-ийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч О.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж , 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх…” гэж тус тус заасан.
Шүүгдэгч О.Ц-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт О-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч О.Ц-г чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР