| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 197/2025/0066/Э/220/2025/0356 |
| Дугаар | 2025/ШЦТ/1695 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410050300046 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь хохирогч П.О-ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Б нь нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод, иргэн П.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний үснээс нь зулгааж, дагз хэсгээр нь газар унагаж, гар, хөл, бие рүү нь удаа дараа өшиглөж, зүүн нүд рүү нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “...11.14-ний өдөр манай О 50/н, эм/ дүүг хамт архи ууж байсан хүний эгч нь найзтайгаа нийлээд зодсон байна, өчигдөр ГССҮТ дээр томографт үзүүлсэн чинь тархиндаа харвалт өгсөн байна, сэхээний тасагт хэвтэж байгаа, биеийн байдал хүнд байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 12 дахь тал),
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 13-16 дахь тал)
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 27-31 дэх тал)
-Хохирогч П.О-ийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найз болох Н-ийн гэрт очсон. Н бид хоёр бие биеийнхээ гэрээр орж гарцгаадаг. Ямар нэгэн дотно харилцаа байхгүй, зөвхөн найзын харилцаа холбоотой. Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би Н-ийн гэрт түүнтэй 1 шил 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Н-ийн гэрт түүний хуурай дүү нар гэх миний үл таних 2 эмэгтэй нэг шил архитай орж ирсэн. Тухайн үед би, Н, Н-ийн хүү М, мөн тэр үл таних 2 эмэгтэй байсан. Цагийн хувьд бол үдээс хойш 16 цаг болж байсан байх. Тэгээд Н бид тэр 2 миний үл таних эмэгтэй нартай архи хамт ууж суусан. Тухайн үед Н бол маш согтолттой байсан ба тасраад том өрөөнийхөө орон дээр унтаж байхад тэр 2 эмэгтэй гэнэт миний үснээс зулгаагаад /тодруулбал арай 1 өндөр нуруутай эмэгтэй нь/ намайг газар унагаасан. Түүний дараа өндөр нуруутай эмэгтэй нь миний гар, хөл рүү өшиглөж цохиж эхэлсэн. Тэр өндөр эмэгтэй миний үснээс ороож зулгааж байгаад газар унагахад би толгойгоороо дагз хэсгээр унасан. Мөн тэр өндөр эмэгтэй намайг миний үсийг ороож зулгааж байгаад гал тогооны өрөө рүү чирч оруулсан. Тэр үед би дагзаараа юм мөргөсөн. Гал тогоонд тэр өндөр эмэгтэй миний биеэс зулгааж, хөл, гар, бие рүү өшиглөсөн. Мөн тэр өндөр эмэгтэй нь миний зүүн нүдний хэсэг рүү хүчтэй гараараа цохисон. Тэр өндөр эмэгтэй гол нь гуталтай байсан бөгөөд миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Харин нөгөө намхан эмэгтэй нь над руу дайрах нь гайгүй байсан санагдаж байна. Тухайн үед Н-ийн хүү М нь гэрийнхээ 2 давхраас бууж ирээд намайг зодож байсан өндөр эмэгтэйг “болиоч ээ эгчээ” гэж хэлж байсан. Тэгээд тэр өндөр эмэгтэй намайг зодохоо больсон бөгөөд над руу “чамайг ална гэж” орилж чарлаж байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Маргааш нь манай эгчийн охин Ч намайг хараад ГССҮТ рүү дагуулан ирсэн. ...Би хохирлын баримтуудыг шүүх хурал дээр гаргаж өгнө. Одоогоор баримтууд бүрэн бүрдээгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34-37, 40-41 дэх тал),
-Гэрч Б.Ч-ийн “... Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад П.О эгчийн гэр буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод очиход манай нагац эгч П.О бусдад зодуулсан байдалтай буюу зүүн талын нүд нь хөхөрч хавдчихсан, хоёр талын шанаа болон чих хөхөрсөн, дагзны ард талын хэсэгт нь цус хуралттай, хөхөрч хавдсан, хүзүүг нь боож багалзуурдсан мэт гарын ором гарч улайж хөхөрсөн, мөн хоёр талын гарын дотор тал, бугалга, бугуйны хэсгүүдэд нэлээд олон хөхөрч няцарсан, цээжний хэсэгт нэлээд том хөхөрсөн, баруун талын хөлийн шилбэ хэсэгт том хөхрөлттэй, зулгарч хавдсан, зүүн талын хөлөнд мөн хөхрөлттэй байсан. Мөн бөгсний хэсэгт хөхрөлттэй байсан. ...Би нагац эгч П.О-ийг дагуулаад Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж гэмтлийн тасгийн эмчид нагац эгчийг үзүүлж, тархи цээжний томограф зураг авхуулсан. Зургийн хариу гарч эмч надад “тархины ард нэлээн цус хуралттай, яаралтай гэмтэл дээр очоод эмчид үзүүл, хагалгаанд орж магадгүй” гэж хэлсэн. Үүний дагуу гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нагац эгч П.О-ийг дагуулан очиж яаралтай түргэн тусламжийн тасаг руу оруулсан. ...Нагац эгч О надад ...нэг мэдэхэд тэр 2 эмэгтэйн нэг нь миний дээрээс архи асгасан, би яаж байна аа гэхэд миний толгойн ард буюу дагз руу маш хүчтэй цохисон, тэгээд би ухаан балартаад байж байхад намайг тэр эмэгтэй нүүр нүдгүй зодож, элдэв янзаар харааж, үсийг гараараа ороож байгаад үснээс чирээд зодоод байсан ...гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-46 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн “... 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хичээлээ тарчхаад гэртээ харих гээд явж байхад манай ээжийн найз Нарангоо над руу залгаж “Н-ийн гэрт танай ээж архи уугаад байж байна, миний дүү очоод ээжийгээ аваад гэртээ харьчих” гэж хэлсэн. Би өөрийн ээж П.О-ийн гар утас руу өөрийн гар утаснаас залгахад миний ээжийн гар утсыг Н ахын дунд хүүхэд болох М авсан. М шууд утсыг аваад “Э үү” гэж асуухад би “тийм байна, наана чинь яг юу болоод байгаа юм” гэж асуусан. Тэр үед М надад “О эгч зодуулаад байна, чи гялс ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би Н ахын гэр лүү өөрийн сургуулиас алхаж явж байхад над руу М ээжийн гар утаснаас залгаад “хурдлаарай” гээд 2 удаа залгасан. Тэгэхээр нь би зам дээрээс такси бариад Н ахын гэр рүү явж очсон. Намайг Н ахын гэрт очоод хаалгыг нь тогшиход 1 бор өнгийн цамцтай, рам нь алтлаг өнгийн харааны нүдний шилтэй эмэгтэй хүн хаалгыг нь онгойлгосон, тэгээд би “Н-ийн гэр мөн үү, манай ээж байгаа юм болов уу” гэж асуухад тухайн хаалга надад онгойлгож өгсөн эмэгтэй хүн надад “байхгүй, сая цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ харих гээд тухайн Н ахын гэрийн шатаар бууж байхад шатан дээр М-тай таарсан. М гартаа хүж, чүдэнз барьчихсан явсан ба авч явж байсан зүйлсээ гэртээ оруулж өгчхөөд гарч ирсэн. Дараа нь М намайг манай гэрт хүргэж өгсөн. М надад намайг манай гэрт хүргэж өгөх замдаа юу болсон талаар өөрийн мэдэж байгаа зүйлсийг ярьж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-50 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Н.М-ын “... Манай гэрийн доод давхарт орилоон болоод байхаар нь би доошоо шатаар буугаад харахад Б эгч О эгчийн нүүр рүү шилтэй архинаас архи цацаж байсан. Тэрний дараа Б эгч О эгчийн нүүр рүү нь алгадаад, үснээс нь хоёр гараараа базаж байгаад газар шал руу чирч унагасан. Түүний дараа Б эгч О эгчийг газар хэвтэж байхад нь нүүр рүү болон биеийн бүх хэсэг рүү нь өшиглөж, цохиж байсан. Б эгч О эгчийн үснээс нь олон удаа зулгааж байгаад газар ийш тийш нь шидэж, дараа нь гараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Б эгч өвлийн хатуу гуталтай байсан бөгөөд О эгчийн нүүр, хамар руу нь хэд хэдэн удаа өшиглөж, өвдөглөсөн. О эгчийн хамар, нүүрнээс их хэмжээний цус гарч байсан, мөн О эгч хөдөлж чадахгүй болтлоо зодуулаад мөлхөж яваад байсан. Мөн би О эгч мөлхөж явж байгаад нойлын өрөөнд тасарчихсан байж байхад нь Б эгч очоод О эгчийн үснээс нь хоёр гараараа зулгааж байгаад том өрөөний буйдан руу дахин чирч авчирсан. Яг тэр үед цагдаа ирсэн. Цагдаа ирэх хүртэл 1 цаг гарам өнгөрсөн. Цагдаа нар манай гэрт ирээд О эгчийг авч явсан бөгөөд үүний дараа Б эгч надад “дараа нь цагдаа нар асуувал мэдэхгүй юм шиг байгаарай” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52-54 дэх тал),
- Гэрч А.О-ийн “… Тэгээд хоол бэлэн болоод би хүмүүст хоол аягалж өгсөн бөгөөд би Б-ын ахад хоол аягалж өгч байхад тухайн эмэгтэй түүний урд сууж байснаа яагаад ч юм мэдэхгүй савтай ус цээж рүү нь цацчихсан юм. Тэр үед Б-ын ах нь тэр эмэгтэйг чи одоо яаж байгаа юм бэ гэсэн. Би бас хэлсэн. Харин Б тэр эмэгтэйд хандаж чи яаж байгаа юм бэ гэсэн. Тухайн эмэгтэй согтуу байсан тул ахынх нь аягатай хоолыг аваад идчихсэн юм. Тэр үед Б уурлаад чи яагаад миний авчихсан аягатай ахыг хоолыг идэж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд ер нь уур амьсгал сонин болчихсон юм. Үүний дараа Б-ын ах нь хоолоо нээх идээгүй учраас би тухайн айлд ирсэн зорилгоо биелүүлэхийн тулд дусал залгахаар шийдсэн. Намайг ахад нь дусал залгачихсан байхад Б ахынх нь аягатай хоолыг булааж авч идлээ гээд тухайн эмэгтэй найзыг нь сууж байсан сандлаас нь үснээс нь зулгаагаад газар унагасан. Тэгээд миний харж байснаар бол Б нь нуруу луу нь 1-2 удаа өшиглөсөн. Тэр үед М гэх хүү Б-ыг тухайн эмэгтэйгээс салгаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 67-70 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15157 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.П.О-н биед баруун талын зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, дагз, баруун чих, хүзүү, баруун чамархай, хацар, цээж, хэвлий, баруун дал, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, өгзөг, баруун гуяа, баруун шилбэ, зүүн гуяа, зүүн шилбэ, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах үйлчлэлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 72-74 дэх тал),
- Шүүгдэгч Х.Б-ын “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Юутай ч тухайн хүүхэнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч П.О-ийн данс руу 9,500,000 төгрөг шилжүүлж, хохирогчийг хохиролгүй болгосон болно. Мөн хохирогч надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 106-107, 2-р хавтаст хэргийн 10-11 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, өөр хоорондоо хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2024 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 15157 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч П.О-ийн үснээс нь зулгааж, дагз хэсгээр нь газар унагаж, гар, хөл, бие рүү нь удаа дараа өшиглөж, зүүн нүд рүү нь гараараа цохих зэргээр зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан “баруун талын зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, дагз, баруун чих, хүзүү, баруун чамархай, хацар, цээж, хэвлий, баруун дал, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, өгзөг, баруун гуяа, баруун шилбэ, зүүн гуяа, зүүн шилбэ, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч П.О-ийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч П.О-ийн биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Баас 9,500,000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн байх тул шүүгдэгч Х.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчид авагдсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул тухайн зүйл ангийн эрүүгийн хариуцлагын торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Мөн шүүгдэгч Х.Б-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг цуцалж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч: “...ийм зүйлээс хол баймаар юм байна. Зодуулсан хүндээ ч гэсэн маш их санаа зовсон. Маш их гэмшиж байгаа...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 109, 2-р хавтаст хэргийн 21 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 111 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 112 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 113 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 114 дэх тал), татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 115 дахь тал ), хур нэгдсэн хайлтын лавлагаа (1-р хавтаст хэргийн 116-118 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 159-170 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр зэргийг гэмтэл учирсан, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Х.Б-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Х-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР