2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1700

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Е.Хулан,

хохирогч М.Э

шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410038900680 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Т-ы П, Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.П нь хохирогч М.Э-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч Т.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Т.П нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх” автобусны буудал дээр 15045 дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч М.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг заамдах, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүзүүний цус хуралт, зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хэвлийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч М.Э-ын “...2024.07.28-ны 20 цагийн орчимд би автобусны нисэхийн эцсийн автобусны буудал дээр ирсэн чинь урд автобус урсгал хаагаад тавьчихсан байсан. 15045 баазын дугаартай автобус байсан ба би тэр замаар нь явах гээд сигналдсан боловч нисэхийн эцсийн Жи Эс 25 руу яваад орчихсон. Тэндээс гарч ирэхээр нь би тухайн автобусны жолооч дээр очоод чи хөгшөөн холдоод өгөөч, мань цагаараа гарах гэж байгаа юм гэсэн чинь өөдөөс Н-ын хүүхэд надтай юм ярих болоогүй шүү гэж хэлэхээр нь би чи чинь ямар сонин зантай п**** вэ гэж хэлсэн. Чи надад гай болно шүү, би энэнээс чинь бараг мултраад гарчихдаг юм гэх мэтээр хэлж байсан ба шууд заамдаад авсан. Намайг заамдаад байсан ба гинж болон чихэвч таслаад хаячихаар нь автобус руугаа ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн диспетчер рүүгээ “45-н жолоочтой маргалдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд байж байна” гэж хэлсэн. Диспетчер цаанаас хөдлөөч ээ гээд байсан. Цагдаа хүлээх зуур хэрэлдээд хэл амаар нэгнийгээ доромжлоод байж байсан. Хөдлөөд явах гээд байхаар нь хаалгыг нь таглаад түлхүүрийг нь аваад үлдчихсэн юм. Дахиад нэлээн хэрэлдэж байгаад миний хамар тус газарт гараараа цохиод авсан.мөр рүү 2 удаа гараараа цохисны дараа би албаар өмссөн байсан биеийн тамирын өмд, трусыкийг нь урсан. Намайг  боогоод автобусныхаа хаалганаас гаргах гээд байсан ба би доор нь автобус руу орох гээд хөлөөс нь татаж байхад санаандгүй тэр залуу цээж рүү тийрчихсэн. Би олгойны хагалгаанд ороод 20-иод хонож байсан ба оёдлоо авхуулаагүй байсан. тэр өшиглөлт яг оёдол дээр таарчихсан ба задраад цус гарсан. Цагдаа ирэхгүй байхаар нь залгасан чинь хэлтэс дээр гомдлоо гарга гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд тохироод, адилхан нэг баазын залуучууд байна даа. Больё гээд гар бариад салсан ба цагийн дараа би тухайн залуу руу утсаар яриад миний чихэв алга байна, автобусанд чинь байна уу гэсэн чинь би чиний чихэвчийг яаж мэддэг юм. Миний ч гэсэн чихэвч тасарчихсан байна гэж томроод байсан. Чи монетон гинж таслаад хаячихлаа , яаж янзалж өгөх юм гэхэд надад таньдаг хүн байгаа, янзлаад өгье гээд аймар томроод байсан. Ойлголцохгүй байсан учир утсаа салгасан ба удалгүй би өөрөө тэр залуу руу залгасан чинь “саяны болсон асуудлыг баазаас нуусан шүү, чи надад баярлаарай” гэж хэлсэн ба эхнэр нь диспетчерт тухайн үедээ гарч байсан юм билээ. Тэгэхээр нь би “ингэж ярихын бол чи боль оо, хөгшөөн. 300 мянган төгрөг өгчих, тэгээд салъя гэсэн чинь явдаг газраараа яв гэсэн. Тэгээд л би шууд цагдаагийн байгууллагад биеэрээ очин гомдол гаргаж өгсөн. Хамар тус газарт гараараа нэг удаа, баруун мөр лүү 2 удаа гараараа, 1 удаа алгадсан. Мөн цээжин тус газар 1 удаа өшиглөсөн. Монетон гинж, чихэвч 2-оо төлүүлмээр байна. Хамар бага зэргийн далийлттай тэгшлүүлмээр байна. Мөн цалингийн 20 хувь хасуулсан.Үүнийгээ төлүүлмээр байна. ...сэтгэцэд гэм хор учраагүй. Үзүүлэх шаардлагагүй. Гинж-2,800,000 төгрөг, эмчилгээний зардал, бас урсгал зардлууд нийлээд 4 сая төгрөг, чихэвч 100,000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Ажлын 2 хоногийн цалин, 1 сарын 20 хувийн цалин хассан. 3 сая төгрөг авах ёстойгоос гар дээрээ 800,000 төгрөгийн цалин авсан. Энийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 22, 24 дэх тал),

-  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 10077 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.М.Э-ын биед хүзүүний цус хуралт, зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хэвлий зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэх (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 10182 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Т.П-ын биед хүзүү, эрүү, цээж, баруун суга, сарвуу, зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 6.Т.П-ын баруун чих мэдрэл мэдрэхүйн гаралтай хүнд хэлбэрийн сонсгол бууралттай байна. Уг сонсгол бууралтын үүссэн цаг хугацаа болон шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0525/517 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.2024.08.09-ний өдрийн №10182 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Т.П-ын биед хүзүү, эрүү, цээж, баруун суга, сарвуу, зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 41-44 дэх тал),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 94-112 дахь тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 10077 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч М.Э-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Т.П-ын хохирогч М.Э-ыг нүүрэн тус газарт цохисон үйлдэл хохирогчийн биед учирсан хүзүүний цус хуралт, зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хэвлий зулгаралт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Т.П-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.П нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй боловч “надад мөн адил гэмтэл учирсан, миний чих юм сонсохоо больсон, намайг хохирогчоор тогтоож шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.П-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч М.Э нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба шүүх хуралдаанд “...сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн,  монетон гинжний төлбөр 3,500,000 төгрөг, хамрын хагалгаа, шинжилгээ, үзүүлэх явдал урсгал зардалд 4,000,000 төгрөг, чихэвч 120,000 төгрөг, тухайн сарын цалингийн 20 хувь хасуулсан ойролцоогоор 900,000 гаруй төгрөг нэхэмжилж байна...” гэсэн.

Хавтаст хэргийн 65-69 дэх талд авагдсан Бан Хас ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний №Х24-143 дугаартай тайлангаар “...Монетон гинж-үнэлгээний дүн: 2,464,000 төгрөг...” гэж дүгнэсэн боловч хохирогч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...монетон гинж надад өөрт маань байгаа...” гэж мэдүүлэх тул шүүгдэгч Т.П-аас монетон гинжийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь тухайн монетон гинжинд ямар хэмжээний эвдрэл учирсан, тухайн эвдрэлийг засах боломжтой эсэх, хэрэв засах боломжтой бол ямар үнээр засах зэрэг шаардлагатай баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Мөн хамрын хагалгаанд орох шаардлагатай гэх боловч шинжээчийн 10077 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Э-ын биед хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон болохоос хамар ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байна. Үүнээс үзвэл хамрын хагалгаа нь энэ гэмт хэргээс улбаатай эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн чихэвчний үнэ 120,000 төгрөг гэх боловч ямар төрлийн чихэвч байсан, тухай чихэвчний эд зүйлийн үнэлгээг хийж гүйцэтгээгүй байна. Мөн нэг сарын цалин 20 хувиар хасуулсан нь энэ гэмт хэрэгтэй холбоотой эсэх, ямар үндэслэлээр нэг сарын цалин 20 хувиар хассан нь тодорхойгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хохирогч М.Э-ын нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Т.П-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч  М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Т.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. ..” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 85 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Т.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.П-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Жалайр овогт Тувааны П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч  М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР