| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1442/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1703 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Г.Билгүүн,
шүүгдэгч Х.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502001320163 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
Б овогт Х-ийн Г, Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нагац эгч, үеэлүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: *** урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Г нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс 5, 32, 60, 111, 114, 150 дахь талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, мөс гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.0386 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Х.Г-ын сайн дураараа гарган өгсөн жижиг гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,1144 грамм жинтэй байв...” гэх (хавтаст хэргийн 5-8 дахь тал),
- Х.Г-ын биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай "...2 болон 4 дүгээр баганад 1 улаан зураас илэрч тухайн бодисуудыг хэрэглэсэн гэх утгыг илэрхийлсэн болохыг тэмдэглэлд тусгаж Х.Г-ын шээсийг битүүмжлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШЕГ-т хүргүүлэхээр тогтов" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 9-10, 11 дэх тал),
- Эд мөрийн баримтаар “… 0.0386 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талст мэт зүйл”-ийг тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ЕГ0325/1456 дугаартай дүгнэлтээр “.... Дүгнэлт: 1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-29 хүний биеэс хураан авсан 0,1144г мөс д/ч Г.Б 2025.01.29" гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0,0386 грамм байна" гэх (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ЕГО325/1446 дугаартай дүгнэлтээр "...Дүгнэлт: 1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Г *** 2025.1.29" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг болно" гэх (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 526 дугаартай дүгнэлтээр "... Дүгнэлт: 1.Х.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Х.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.Х.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4.Х.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.Х.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.Х.Г нь мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна. 7.Х.Г нь мансууруулах сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна..." гэх (хавтаст хэргийн 59-60 дахь тал) нотлох баримтууд авагдсан байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,
мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т[1] зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/1456 дугаартай дүгнэлтээр “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Х.Г-ын хадгалж байсан гэх зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Г-ын хууль бусаар хадгалсан метамфетамин (Methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис юм.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 0,0386 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан шууд хохирол төлбөргүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Шүүхээс шүүгдэгч Х.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хууль бусаар хадгалсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, гэмт хэргийн шинж зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЦХШЗ/1231 дугаартай захирамжаар 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл буюу 0,0386 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “...Хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагын талаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн гэмт хэрэг нь сонгох санкцитай, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг заавал хорьж, нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх зорилгын хүрээнд зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс оногдуулж болох эрх хэмжээ байх тул улсын яллагчийн 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялын саналыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Х.Г нь нагац эгч, бага насны үеэлүүдийн хамт амьдардаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, нийгэмд эзлэх байр суурийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн хүнийг засарч хүмүүжих, зан үйлээ засах боломжийг олгож өгнө үү. Эдгээрийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү ...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Г-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), регистрийн дугаарын лавлагаа(хавтаст хэргийн 112 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа( хавтаст хэргийн 115 дахь тал), Сонгинохйрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 129-135 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ын цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, хувь хүн, нийгэмд үзүүлэх хор нөлөө ихтэй, шүүгдэгч Х.Г нь 0,0386 грамм мөс гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, тухайн бодисыг бусадтай хамт хэрэглэж мансуурсан байх тул өмгөөлөгчөөс гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл буюу 0,0386 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч, Б овогт Х-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ын цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл буюу 0,0386 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР
[1] Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль
4 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх
/Дээрх 4 дүгээр зүйлийн гарчигт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:
4.1.1.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.2.лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;
4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;
/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.
/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.2. Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.