| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1471/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1707 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Г.Хурмандах,
хохирогч Н.Б,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000436 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт Б-ийн Э, Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Н.Б-ийн эзэмшлийн эд хөрөнгө болох IPhone 15 маркийн гар утсыг “ломбарданд барьцаанд тавин, мөнгөөр нь машинаа засуулж, зарчхаад эргүүлээд авч өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг бичгээр гаргасныг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5,6 дахь тал),
- Хохирогч Н.Б-ийн дахин өгсөн: “... 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бид хоёр Нисэх рүү явсан. Тэгээд Нисэх дээр очоод Б.Э би гялс ломбард руу орж тавьчхаад гараад ирье, чи байж байгаарай гэж хэлсэн. ...Б.Э нэг хоногийн дараа утас авч авч өгнө гэчхээд утсыг маань өгөхгүй удаад байсан бөгөөд өчнөөн залгаад дүүд маань утсыг маань өгөөгүй байсан. Тэгээд өчнөөн удаан утсыг чинь одоо өглөө гэж хэлээд алга болчхоод байсан болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. ...Утсыг маань эргүүлж өгөөгүй, мөнгө ч эргүүлж өгөөгүй. Гэхдээ “Налайх руу явдаг өдрөө би ямар ч утасгүй яаж явах юм бэ? гэж Б.Э-д хэлсэн чинь айфоне экс ар загварын улаан өнгийн өөрийнхөө барьж байсан хуучин гар утсыг надад өгсөн. Гэхдээ би өөрийнхөө айфоне 15-ийг эргүүлээд авчихвал энэ утсыг нь буцааж өгөх болно. ...Би өөрөө үнэлгээ хийлгүүлсэн юм. ...айфоне 15 загварын ягаан өнгийн гар утсаа эсвэл үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг эргүүлж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч Л.Б-ийн “...Миний бага хүү Э хамт түрээсийн байраар амьдарч байгаад, 2024 оны 12 сард манай хашаа байшинд том хүү Х-ийн хамт амьдарч байсан. Над руу Б 2025 оны 02 сард утсаар залгаад Э миний айфоне 14 про макс загварын гар утсыг аваад явсан тэрийг аваад өгөөч гэж ярихаар нь би Э утсаар ярихад би авсан өгнө ш дээ гэж хэлээд мөнгө төгрөгийн өрөнд орсон тогтсон ажилтай болоод өгнө ш дээ гэдгийг надад хэлж байсан юм. Мөн тухайн гар утсыг хаясан юм гэж бас ярьсан юм... “ гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хөрөнгийн үнэлгээний “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн ТХҮ-925-911772 дугаартай дүгнэлтээр “...Айфоне 15 гар утас – 1 ширхэг – 1,800,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 19-23 дахь тал),
- Хохирогч Н.Б-аас гаргаж өгсөн шүүгдэгч Б.Э-тай харилцсан мессежний хуулга (хавтаст хэргийн 27-29 дэх тал) зэрэг нотлох баримтууд авагдсан болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй баримтууд гэж үнэлсэн болно.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 538 дугаар тогтоолд “...өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүний хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Б нар үерхэж нөхөрлөж байхдаа хугацаандаа шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Б-ийн эзэмшлийн IPhone 15 загварын гар утсыг “ломбардад барьцаанд тавин, мөнгөөр нь машинаа засуулж, зарчхаад эргүүлээд авч өгье” гэж ярьж тохиролцон барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьжээ. Улмаар шүүгдэгч Б.Э, хохирогч Н.Б нар нь маргалдан муудалцаж, шүүгдэгч Б.Э нь өөрийн эзэмшлийн машинаа зарж чадалгүй хохирогч Н.Б-ийн гар утсыг буцаан өгөх үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц барьцаалан зээлдүүлэх газраас гар утсыг авалгүйгээр орхиж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч Н.Б-д “өнөөдөр өгнө, гэрийн чинь гадаа байна, оруулаад өгье” гэх мэтээр хуурч, итгэл эвдсэн тодорхой үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Б-ийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, буцааж өгөх зорилгогүйгээр шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий, тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Э-ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-аас хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол төлбөрийн тухайд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 1,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Э-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР