| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Хохирогч Х.А
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-ийн Э-д холбогдох эрүүгийн ..... тоот хэргийг 2025 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Т аймгийн Б суманд төрсөн, яс үндэс .., .. настай, э.эгтэй, .. боловсролтой, ...мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт Т аймгийн Б сумын ... баг .....тоотод оршин суух хаягтай, урьд Т аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар, 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ч овогт Б-ийн Э /РД: ../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 2025 оны 01 сарын 12-ны шөнө согтуурсан үедээ хохирогч Х.А-тэй маргалдаж, биед нь халдаж, зодон баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зүүн угалз хэсгийн шарх, доод уруул язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус харлалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 01 сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хятад улсын Эрээн хотод Хан буудал гэх газар ганцаараа очсон. Тухайн үед тухайн буудалд хуучны танил А , Б нар архи уугаад хөзөр тоглож байсан. Тэгээд би тэндээс гараад хажуу талын өрөө рүү орсон. Би тухайн үед 518 тоот өрөө рүү ортол Ч , Л гэх дүү нар байсан. Би дүү нартайгаа юм яриад сууж байтал А , Б нар орж ирээд А намайг шууд араас боосон. Тэгээд ухаан алдаж унаад нүд бүрэлзээд ирэхээр нь би хазтал хамрыг нь хазсан байсан. Тэгээд Б , Ч , Л 3 салгаад босож ирээд А-тэй хэд цохилцож аваад тэгээд салгасан. Тэгтэл А сэтэрсэн хамраа эмнэлэгт үзүүлнэ, цагдаад өгнө гээд гараад явсан. Тэгээд араас нь Б-тэй би гараад явтал А дэлгүүрийн шатан дээр сууж байсан. Тэгээд би "андаа 2-лаа муудалцаад яах вэдээ" гээд хажууд нь суутал намайг тохойгоороо хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би босож ирээд би А-ийг толгой руу нь цохисон. Тэгтэл над руу дайрч байгаад шатны уруу өөрөө унасан. Тэгээд Б , Ч нар салгаад А-ийг аваад яваад өөр буудалд унтуулаад Б , Ч , Л бид 4 нэг өрөөнд унтсан. Би 2 Өвөрмонгол хүнтэй 1 шил архи хувааж уусан. Миний өөрийн ухаантай байсан. Би Бүгд Найрамдах Хятад улсын Эрээн хотод Хан буудал гэх газар байсан. Ч , Л , Б , А бид нар байсан. Би эхлээд буудлын өрөөнд байхад А-ийн шанаа хэсэгт гараараа 2 удаа, шатан дээр сууж байхад нь дух руу нь 1 удаа гараараа цохисон. Тухайн үед зодолдсон асуудал миний буруу А худал мэдүүлэг өгсөн байна. Зарим болсон үйл явдлын талаар худал мэдүүлсэн байна. Анх намайг орж ирээд ална гээд гарсан гэсэн байх ба би тухайн үед огт юу ч яриагүй гарсан гэжээ. /хх-ийн 95-96/
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Эрээнд байж байхад А тэнд байсан. Хажуу өрөөнд ороод би тооцоо дуусгана гэж хэлээгүй. А өөрөө орж ирээд эхлээд намайг боосон, би нэлээд боолтонд орж байгаад хамраас нь хазсан. Өөр ярих зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын хохирол төлсөн. Шүүхийн баримттай хохирлыг төлнө гэв.
Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр том машин бариад БНХАУ-ын Эрээн хот руу хил нэвтэрсэн. Тэгээд найз Б-тэй цайны газарт хоол идэж байгаад 50 юанийн 5 шил архийг 5-лаа хувааж уусан. Тэгээд дүү Л , Ч нарын буусан Хан нэртэй буудлын 518 тоот өрөөнд очсон. Тус өрөөнд хувцсаа сольчхоод хажуу талын өрөөнд орж 13 модны покер тоглоод сууж байсан чинь гаднаас Б.Э орж ирээд “Өө чи энд байгаа юм уу, чамтай учраа олно, чамайг ална" гээд инээгээд гараад явсан. Тэгээд бид 4 тоглож дуусаад, би 518 тоот өрөөндөө ороход Б.Э сууж байхаар нь би хажууд нь очоод суусан чинь бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд бид 2 барьцаалдаад газар унахад би Б.Э-ын дээр унасан чинь Б.Э шууд миний хамарнаас хазсан. Тэгээд би дүү нартаа хандаж хурдан салгаач, хазаад байна гэж орилсон чинь бүүр хүчтэй хазаж хойшоо татаад миний хамарны зүүн талын мөгөөрсийг тогтох төдий үлдээж, санжгануулсан. Тэгээд цагдаа дуудах гэж зөндөө оролдсон боловч ирэхгүй байсан болохоор нь эмнэлэг явж тусламж авах гээд, дэлгүүрийн үүдэнд такси барих гээд сууж чинь Б.Э гэнэт миний баруун талаас баруун хөлөөрөө нүүр лүү 1 удаа маш хүчтэй, манартал өшиглөсөн. Тэгээд дүү Ч нь салгаж Б.Э-д хандаж "та чинь зүгээр сууж байгаа хүнийг ингэж болдог юм уу, ямар аймар хүн бэ" гэж хэлсэн. Тэгээд би газраас босож ирээд Б.Э-той 1-2 удаа харилцан цохилцсон чинь найз Б нь надад хандаж "Миний найз өөр буудалд хонох юм уу гээд дагуулж яваад Шуван нэртэй буудалд буугаад 213 тоот өрөөнд унтчихаад өглөө эрт Замын-Үүд сум руу орж ирсэн. Миний баруун нүд хөхөрч хавдсан, доод уруул бүхэлдээ язарч хавдсан, хамар далийж хавдсан, хамарны зүүн талын мөгөөрс салгаж 8 оёдол тавиулсан. Одоо миний биеийн маш их зовуурьтай толгой дүүрч, дагз хэсгээрээ хатгаж өвдөнө, миний нурууны 2 үе хугархай өчигдрөөс хойш ахар сүүл рүүгээ хатгуулж өвдөөд сууж чадахгүй байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн биеэр өргөдлөөр хандсан. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Б.Э-ын найз эмэгтэй Б нь надад руу чат бичиж, үе үе залгаж ярьдаг, үе үе уулзаж хамт хонодог болсон. Б нь Б.Э-оос илүү надтай холбоотой болсон. Тэгээд Б.Э нь Б-аас салгаж чадахгүй гээд надад өш сандаг болсон юм шиг байна гэжээ. /хх-ийн 05-06/
-2025 оны 02 сарын 10-нд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУлсын Эрээн хотод очоод машинаа хятад улсын гаалийн хашаанд тавьчхаад найз Б-ийн хамт цайны газар орж хоол идчихээд зүс таних 3 хүнтэй 5 шил архи уучхаад Ч буудал авчихсан байна гэхээр нь очсон. Манай хажуу талын өрөөнд хүмүүс ороод ир гэхээр нь ороод нар буудлын өрөөнд тоглоод сууж байхад гаднаас Э орж ирээд өнөөдөр хоёулаа тооцоогоо дуусгана гээд гараад явсан. Тэгээд тоглоом дуусаад өрөөндөө орсон чинь Э манай өрөөнд байсан. Би тухайн үед согтуу байсан болохоороо сайн санахгүй байна. Э-ын дээрээс дараад орны завсраар унасан чинь Э миний хамар дээрээс хазаад тэгээд хамар өвдөөд хамраас цус гараад би сэргэсэн. Тэгээд эмнэлэг орох гээд гадаа такси хараад дэлгүүрийн үүдний шатан дээр сууж байхад Э бид хоёр бид хоорондоо хэрэлдээд сууж байсан чинь Э гэнэт миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд салгаад Ч Э-ыг аваад яваад өгсөн. Миний баруун талын шанаа хавдсан. Доод уруул бүхэлдээ язарч хавдсан, хамар далийж хавдсан, хамрын зүүн талын угалз мөгөөрс салгаж 8 оёдол тавиулсан. Одоогоор биеийн байдал хүзүүний ар хэсгээр өвдөнө, хамраас болоод амьсгалахад бэрхшээлтэй байна. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Эрболдын найз эмэгтэй Б нь над руу чат бичиж, үе үе уулзаж хамт хонодог болсон. Б Э-оос илүү надтай холбоотой болсон. Тэгээд Э нь Б-аас салж чадахгүй гээд надад өс сандаг болсон юм шиг байна. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө уур хүрээд сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгон гэж мэдүүлсэн. Харин би одоо бол сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй. Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Замын-Үүд сум нэгдсэн эмнэлэг дээр очоод хамардаа оёдол тавиулах гэсэн чинь нийгмийн даатгал төлдөггүй болохоороо төрийн сангийн дансанд 31,300 төгрөг тушаагаад оёдол тавиулсан. Би баримтыг нь аваад ирсэн байгаа. Би хохирол нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэх зардал мөнгөө Э-оос гаргуулж авна. Миний нийт эмчилгээний төлбөр болох 7,041,300 төгрөгийг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 11-12/
Хохирогч Х.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Э-той найзын харилцаатай байсан. Б гэх хүүхнээс болсон асуудал юм. Шүүгдэгч надтай холбогдсон. Тэгэхдээ занал хийсэн. Мөн сорвины тос л авч өгнө гэж хэлсэн, тэгээд би энэ хүний дугаарыг блоколсон. Энэ хүн буудлын өрөөнд орж ирээд шууд тооцоо бодно гэж хэлсэн. Хонох байсан 318 тоот өрөөнд орсон. Би тухайн үед согтуу байсан нь үнэн. Тэгээд энэ хүн миний хамарнаас хазсан. Дүү нараа салга гэж хэлсэн. Тэгээд салгаад, гараад эвлэрэх шахуу байж байхад дахин нүүр лүү өшиглөсөн. Хамар одоо амьсгалахад маш хэцүү байгаа, байнга идээ татаад байгаа, хамар мурийсан. Одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмчилгээний мөнгө өгөх байх гэж харсан боловч мөнгө төгрөг өгөөгүй. 7,041,300 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Х-ын А нь Улаанбаатар хот, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б-ийн Э-оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 34-35/
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод Хан зочид буудалд 518 тоот өрөөнд 18 цагийн орчимд Л бид 2 орсон. Тэгээд 23 цагийн орчимд Х.А , Б.Б нар нь манай өрөөнд нэлээн халамцуу орж ирсэн. Х.А , Б.Б нар нь хажуу талын 520 тоот руу орж хөзөр тоглох гээд гараад явсан. Удалгүй Б.Э нь гаднаас нэлээн халамцуу орж ирээд Л бид 2-той юм яриад сууж байхад Х.А , Б.Б нар орж ирэх шиг болсон би гар утсаараа юм үзэж байсан чинь гэнэт Х.А , Б.Э нар газарт унасан. Тэгээд шууд очоод салгасан чинь Х.А-ийн хамрыг хазчихсан, хамар орчмоос нь их хэмжээний цус гарч байсан. Б.Б нь Б.Э-ыг аваад буудлын өрөөнөөс гарсан. Би Х.А ахад хандаж "Эмнэлэг орж оёулья" гэж хэлээд буудлаас гарсан чинь гадаа Б.Б , Б.Э нар нь зогсож байсан. Тэр 2-ын хажуугаар гараад, такси дуудуулах гээд дэлгүүр явж байхад араас Б.Б , Б.Э нар нь хүрч ирээд Б.Э , Х.А нар нь хоорондоо маргалдаж байснаа ноцолдохоор нь салгасан. Тэгээд Х.А ах хамрын цусаа тогтоох гээд дэлгүүрийн шатан дээр сууж байхад Б.Э-ын хажууд талаас нь нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Б.Э нь Х.А-ийн хажууд дэлгүүрийн шатан дээр сууж байсан чинь Х.А нь Б.Э-ын нүүр лүү нэг удаа цохисон. Б.Б нь Х.А-ийг аваад Шуан гэх зочид буудал руу оруулсан. Тэгээд Б.Б , Б.Э бид 3 Хан зочид буудлын 518 тоот өрөөндөө орж амарсан. Х.А ахын бие болон нүүрд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Б.Э ахын бие болон нүүрд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Тухай өдөр юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. Нэг эмэгтэй хүнээс болоод хоорондоо маргаантай байсан гэсэн. Би тэр талаар нь тодорхой мэдэхгүй. Буудлын өрөөнд хоорондоо ноцолдох үед нь Х.А-ийн хамраас хазсан байсан. Тэгээд дэлгүүрийн шатан дээр Б.Э нь Х.А-ийн нүүр орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Дэлгүүрийн гадаа баруун гараа нүүрэн орчим нь нэг удаа цохисон. 2-лаа гаднаас орж ирэх үедээ нэлээн согтуу байсан гэжээ. /хх-ийн 15-16/
Шинжээч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дээрх гэмтлүүд нь шинэ учир тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 45-46/
Шинжээчийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн ДОГ0725/024 дугаартай дүгнэлт: 1.Х.А-ийн биед баруун хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зүүн угалз хэсгийн шарх, хамрын нуруунд зулгаралт, доод урууланд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зохинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн чихэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Учирсан гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 4.Учирсан баруун хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын” 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 6.Учирсан баруун нүдний ухархайн дотор ханы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зүүн угалз хэсгийн шарх, доод урууланд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын” 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 7.Учирсан хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн чихэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын” 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 38-39/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт /хх-ийн 29/
Хохирлын баримт /хх-ийн 48-52/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 83-86/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
Хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 59-65/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 99-100/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Э нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод 2025 оны 01 сарын 12-ны шөнө согтуурсан үедээ хохирогч Х.А-тэй маргалдаж, биед нь халдаж, зодон баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зүүн угалз хэсгийн шарх, доод уруул язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус харлалт бүхий хөнгөн хохирол учруулсан хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.А-ийн мэдүүлэг /хх-ийн 05-06, 11-12/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16/, шинжээч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46/, шинжээчийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн ДОГ0725/024 тоот дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Х.А-ид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эрболдод зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Х.А нь эмчилгээний зардалд нийт 7,041,300 төгрөг, иргэний нэхэмжлэгч байгууллага нь 124,762 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Хохирогчид учирсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн болно. Иргэний нэхэмжлэгч байгууллагыг хохирол 124,762 төгрөгийг шүүгдэгч нь 2025 оны 06 сарын 17-ны өдөр төлж барагдуулсан нь Төрийн банк ХК-ийн баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс нотлох баримтын хүрээнд нотлогдсон 311,300 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Хохирогч Х.А нь 2025 оны 02 сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө уур хүрээд сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгоно гэж мэдүүлсэн. Харин би одоо бол сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй.” /хх-ийн 11-12/ гэж мэдүүлсэн байдаг. Шүүх хуралдаан дээр “...сэтгэцэд учирсан хор уршгийн талаар сайн ойлгож мэдээгүй, түүнчлэн Эрболдыг миний нэхэмжилсэн хохирлыг төлчих юм бол би сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахгүй гэж хэлж байсан, одоо миний хохирлыг төлөхгүй, мөн миний сэтгэл санаа маш хүнд байгаа тул би хор уршгийг тогтоолгоно” гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох эрхтэй байсан боловч тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулж байсан байдал зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон нийтэд тусгай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тусгай ажил хийлгэх ялыг оногдуулахад саад болохуйц нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Э-ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-оос 311,300 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б