Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э                      

Улсын яллагч О.А

Шүүгдэгч Ц.Э , ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  овогт Ц-ийн Э , Ө  овогт У-ын Н  нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..настай, э.эгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., Улаанбаатар хот, С  дүүрэг, .. хороо, .. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Б  дүүрэг ... түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ө овогт Ц-ийн Э  /РД: .../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны.. сарын ..-ний өдөр У хотод төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, одоо .. ажилтай, ам бүл ...хамт Улаанбаатар хот, Б  дүүрэг ..хороо .. тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ө  овогт У-ын Н РД: ..../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.Э.., ******* нар нь бүлэглэн 2024 оны 07 сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод байхдаа дансны гүйлгээний гүйлгээ амжилттай гэсэн утга бүхий үнийн дүнг засварлан хохирогч Б.С-ийн Хаан банкны .. тоот данс руу 2,910,000 төгрөгийг шилжүүлсэн гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж хохирогч Б.С-т 2,910,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед Н-тэй нийлээд хүний доор ажиллаж байхаар өөрсдөө юм хийж үзье гэж бодоод төмөр хашаа хийж эхэлсэн. Тэгээд тэр ажил маань сайн ашигтай байсан тэгээд бид хоёр наадмын өмнө нэлээн олон захиалга аваад гэрээ байгуулаад урьдчилгаа мөнгө авсан байсан. Тэгээд бид хоёр БНХАУ-руу аялж явангаа төмөр хашаа хийх түүхий эдийн судалгаа гаргаад ирье гээд 2024 оны 07 дугаар сарын 08-ний Улаанбаатар хотоос найз Н , найз охин Н , Л гэх эмэгтэй, Г цуг ажилладаг залуу бид хэд замын унаад суугаад Замын-Үүдэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өглөө очоод Замын-Үүд сумын вокзал дээрээс суудлын авто машинд суугаад БНХАУ-н Эрээн хот руу гарсан. Тэгээд Эрээнд нэг буудалд бөөнөөрөө хоночхоод маргааш өглөө нь БНХАУ-н Бээжин хот руу автобусаар яваад Бээжинд очоод 1 хоноод буцаад Эрээн хотод ирээд нэрийн сайн санахгүй байна нэг буудалд нэг өрөөнд бөөнөөрөө орсон. Тэгээд маргааш нь Л  гэх эмэгтэй Улаанбаатар хот руу явахгүй бол болохгүй байна гээд ганцаараа яваад өгсөн. Тэгээд ч Л  өөрийнхөө зардлыг даасан тэгээд мөнгө нь дуусаж байсан болохоор би явлаа гэсэн тэгээд л яваад өгсөн. Тэгээд бид хэд Бээжинд явж байхад бид нарын мөнгө санхүүг Н  барьж байсан гэтэл Н  Бээжинд явж байгаад пасктай /цүнх/ мөнгөө алга болгочихсон тэгээд бид хэд мөнгөгүй болчхоод ямартай ч буцъя гээд Эрээн хотод ирээд бичиг баримтуудаа буудалд өгөөд 1 өрөө аваад байцгаасан. Тэгээд бид хэд Эрээний тэр буудалд 7, 8 хоног болсон тэгээд Н бид хоёр мөнгө олох гээд гадуур гараад явж байгаад нэг дэлгүүр юань солино гэхээр нь ороод 100 юань авъя гээд өөрийн хаан банкны ...гэх данснаас 48500 төгрөг шилжүүлээд 100 юань авсан. Тэгээд буцаж буудалдаа ирээд өрөөндөө орохгүй доор хүлээлгийн танхимд сууж байгаад түрүүний юань авсан гэх хүний данс дүү 1 төгрөг шилжүүлсэн, дахиад 3395 төгрөг шилжүүлсэн, тэгээд 2910 төгрөг шилжүүлээд шилжүүлсэн гэх дансны хуулгыг хуулбарлан авч гар утсан дээрээ засварлаад 2,910,000 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдлээ гэх гүйлгээний баримт болгоод Н-ийн гар утас руу явуулсан тэгээд удалгүй Н  буцаад нөгөө дэлгүүр лүү яваад 6000 юань аваад хүрээд ирсэн. Тэгээд бид хэд буудлаасаа гараад Монгол Улс руу явсан. Эрээн хотод буудлын тооцоо 2300 юанийг төлсөн, тэгээд хил дууссан байсан тэгээд бид хэд Замын-Үүд суманд буудалд хоночхоод маргааш нь гарах зардал 400 юань. Тэгээд Замын-Үүд суманд ирсэн чинь вагоны тасалбар дууссан байсан, тэгээд бид хэд Замын-Үүд суманд буудалд хоночхоод маргааш нь вагоноор явсан. Н бид хоёр л мэдэж байсан өөр хүн д хэлээгүй ээ. Бид хэд хоол унд, буудлын мөнгөгүй болсон байсан болохоор бид хоёр энэ санааг гаргасан юм. Одоо бололцоогоороо ******* бид хоёр шүүх хурал болохоос өмнө хохирлыг барагдуулна гэжээ. /хх-ийн 92-95/

Шүүгдэгч Ц.Э  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Урагшаа зугаалахаар явсан. Тэгээд мөнгөгүй болоод буудалд олон монгол хүнтэй танилцсан. Тэгээд ийм аргаар мөнгө авч болдог гэж сонсоод юань авсан гэв. 

Шүүгдэгч *******  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Э-тай багын найзууд гэж хэлж болохоор удаан найзалсан сайн найзууд юм. Тэгээд сүүлийн 3 жилийн хугацаанд авто угаалга болон төмөр хашаа хувиараа хийж хамтарч ажиллаж байсан. Тэгээд энэ оны 07 дугаар сард Э  бид хоёр боломж бололцоотой байгаа дээрээ БНХАУ-руу аялангаа төмөр хашааны түүхий эдийн үнийн судалгаа гаргачхаад ирье гээд бид хоёртой хамт ажиллаж байсан Г гэх залуу, Э-ы найз охин Н , Миний найз Л  бид хэд 2024 оны 07 дугаар сарын 08-ний орой замын унаанд суугаад Замын-Үүд суманд 09-ний өглөө очоод вокзал дээрээс жижиг тэргэнд суугаад БНХАУ-н Эрээн хотод очоод бөөнөөрөө Хуалан гэх нэртэй буудалд нэг өрөө аваад хоносон. Тэгээд маргааш өглөө нь БНХАУ-ын Бээжин хот руу автобусаар яваад Бээжинд очоод очсон өдрөө авч явсан хамаг мөнгөө алга болгосон тэгээд бид хэд дансанд байсан монгол мөнгөө Бэжээнд юань болгочхоод мөнгөгүй юм чинь гээд бид хэд буцаад Эрээн хот руу явсан. Тэгээд бид хэд Эрээний тэр буудалд 7, 8 хоног болсон тэгээд Э бид хоёр мөнгө олох гээд гадуур гараад явж байгаад нэг дэлгүүр юань солино гэхээр нь ороод найз Э 100 юань авъя гээд өөрийнхөө данснаас 48500 төгрөг шилжүүлээд 100 юань авсан. Тэгээд буудалдаа байж байгаад Э бид хоёр гадаа тамхи татаад байж байтал нэг хятад улсанд амьдардаг гэх нэг залуутай юм ярьж байгаад бид хэд балраад явж байгаа талаараа ярилцсан. Тэгээд Э бид хоёр юань зардаг дэлгүүрээс гүйлгээний утгыг нь өөрчлөөд юань авахаар шийдээд Э  буудлын хүлээлгийн танхимд үлдээд нөгөө гүйлгээний утгыг өөрчлөөд над руу чатаар явуулсан би тэгээд нөгөө дэлгүүр дээр очоод 6000 юань авъя гээд нөгөө Э-ы над руу явуулсан засварласан гүйлгээний дүнг харуулаад 6000 юаниа аваад буудалдаа ирээд буудлынхаа мөнгийг төлөөд бид хэд Монгол Улс руу буцсан гэжээ. /хх-ийн 66-69/

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 08 сард найз нарын хамт урагшаа зугаалахаар явсан. Автобусандаа мөнгөө алдсан. Тэгээд буцаад Эрээнд ирээд буудалд монгол залуучуудтай танилцсан. Тэгээд энд юань сольдог хүнээс юань сольж авна гээд мөнгө авчихдаг гэж сонссон, тэгээд ийм юм хийсэн гэв.

Хохирогч Б.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би БНХАУ-ын улсын эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг "ДУН ДУНЫ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР" гэх нэртэй дэлгүүрт Монгол улсаас бараа аваачиж өгдөг юм. Тэгээд тэр дэлгүүрт өгөөд надад юаниар тооцоо хийдэг юм. Тэгээд тэр авсан юаниа монголд авч ирээд зарахаар хямдхан байхаар нь би тэнд нь заруулахаар болсон юм. Тэгээд Монгол улс руу явсан юм. Тэгээд Замын-Үүд суманд гадуур ажилтай явж байсан чинь "ДУН ДУНЫ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР" дэлгүүрийн эзэн нь надтай wechat-aap холбогдоод энд нэг хоёр залуу юань авна гэж байна юанийг чинь зарчих уу гэхээр нь өө тэг тэг 485 төгрөгөөр бодоод зарчих гэсэн тэгсэн тэр 2 залуу 100 юань авна гэнэ гэхээд нь би Хаан банкны ..гэх дансаа явуулаад удалгүй 48,500 төгрөг Хаан банкны ..гэх данснаас орж ирсэн. Тэгээд удалгүй "ДУН ДУНЫ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР” дэлгүүрийн эзэн, яриад нөгөө 2 залуу дахиад юань авна гэнээ гэхээр нь хэд гэж асуусан чинь 6000 юань авна гэнээ гэхээр би за за 485 төгрөгөөр бодоод зарчих гэж хэлээд л миний утасны цэнэг дуусаад орлогоо харж чадаагүй. Тэгээд орой гэртээ орж ирээд утсаа цэнэглээд асаасан чинь "ДУН ДУНЫ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР" дэлгүүрийн эзнээс wechat-aap 2.910.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл надруу зургийг нь дараад явуулсан байсан. Би дансаа харсан чинь мөнгө орж ирээгүй байсан. Тэгээд би интернэт банк руугаа ороод харсан чинь 2910 төгрөг "b" гэх утгатайгаар Хаан банкны ..гэх данснаас орж ирсэн байсан. Тэгээд би маргааш нь банканд очоод лавлаж асуусан чинь. Өө танд 2910 төгрөг л орж ирсэн байна гэж надад банкны ажилтан хэлхээр нь би нөгөө мөнгө шилжүүлсэн баримтыг нь үзүүлсэн чинь одоо үед наад зурган мэдээллийг яаж л бол яаж л өөрчилдөг болсон шүү дээ эгч таныг залилсан байна та цагдаагийн байгууллагад ханд гэж хэлээд би тухайн үед бас завгүй байсан болохоор өргөдөл өгч чадаагүй юм аа. Би мөнгөө олж авч хохирлоо барагдуулмаар байна гэжээ. /хх-ийн 15-16/

Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед ямартай ч наадам болох гэж байсан. Тухайн үед Э бид хоёр үерхдэг байсан. Тэгээд БНХАУ-руу аяллаар яваад ирье гээд бид хэд 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотоос манай найз залуу Э , Н , Г , Л нарын хамт замын унаанд суугаад Замын-Үүдэд очоод вокзал дээрээс унаанд суугаад БНХАУ-руу гарсан. Тэгээд бид хэд Эрээн хотод ороод буудал аваад нэг хоноод маргааш нь автобусаар БНХАУ-ын Бээжин хот руу яваад 2 хоноод буцаад Эрээн хотод ирсэн. Эрээнд ирээд нэг буудал аваад бөөнөөрөө хоносон. Тэгээд бид хэд ирээд удаагүй байхад Л гэх эмэгтэй хотод ажилтай явахгүй бол болохгүй байна гээд ганцаараа Монгол Улс руу яваад болсон өгсөн. Тэгээд Н , Э , Г  бид хэд Эрээн хотод 6, 7 хоног хоносон. Бид хэд 1 өрөөнд цугтаа байцгаасан. Тэгээд бид хэд мөнгө төгрөггүй болсон байсан. Тэгээд Н хотоос хашааны урьдчилгаа мөнгө орж ирэх ёстой гээд бид хэд хүлээгээд байсан. Тэгээд явах өдөр өглөө буудалдаа сэрсэн чинь Энхсайхан, Наранхүү хоёр байхгүй байсан харин Г  гэх залуу л ганцаараа байсан. Тэгээд 3 цагийн дараа Э , Н хоёр гаднаас ороод ирсэн. За хэдүүлээ буудлаасаа гарья мөнгөтэй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хэд Монгол улс руу явсан. Тэгээд Замын-Үүд суманд ирээд Улаанбаатар хот руу явах гээд вагоны тасалбар авах гэсэн чинь дууссан байсан. Тэгээд бид хэд тэндээ хоночхоод маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Монголд ирээд удаагүй байсан. Н , Э бид гурав гадуур явж байсан. Тэгтэл Н , Э  хоёр хоорондоо БНХАУ-н Эрээн хотод байхдаа нэг хятад хүнээс мөнгө залилж авсан тэр гайгүй байгаа, ядаж байхад гэрээний мөнгө орж ирээгүй баларсан юм аа гэж ярилцаж байсан. Тэгээд 10 сард над руу цагдаагаас залгаад 6000 юань хүнээс авсан талаар асуусан тэгээд л би Н , Э  хоёрыг БНХАУ-н Эрээн хотод байхдаа хүнээс мөнгө залилж авсан байна гэх талаар мэдсэн. Би мөнгөний хэмжээг нь мэдэхгүй байна. Харин сүүлд Э  надад хэлэхдээ 3.000.000 сая төгрөг нэг хятад хүнээс авсан гэж л хэлсэн тийм нарийн ширийн юм яриагүй. Бас буудлаас гарахдаа Э тооцоогоо хийх дээ БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаниар тооцоогоо хийж байхыг нь харсан. Би Э-тай энэ оны 01 дүгээр сард танилцаж үерхэж эхэлсэн. Н  гэх залуутай 4 сард уулзаж танилцсан тэрнээс хойш 2, 3 удаа л уулзаж байсан. Тэр хоёр найзууд. Бид хэд БНХАУ-н Эрээн хотод буудалд 6,7 хоног хоносон мөнгө өгсөн. Тэгээд Улаанбаатар хот руу явах замын зардлаа хийсэн байх би яг тэр мөнгийг хүнээс залилж авсан талаар тухайн үед мэдээгүй ээ. Бидний санхүүг Н , Э  хоёр барьж явсан. Надад мөнгө өгөөгүй ээ, би тухайн үед Э-тай үерхдэг байсан. Надад тухайн үед хүнээс мөнгө авсан талаараа хэлж байгаагүй. Би харин сүүлд цагдаагаас ярихаар нь мөн өмнө нь бид 3 уулзаж байхдаа хятад хүнээс мөнгө авсан талаар ярьж байсныг сонсоод л тэр хоёрыг залилан хийсэн байх гэж бодсон гэжээ. /хх-ийн 19-21/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Н гэх хүний хайсан хашаа хийдэг газар ажиллаж байсан. Би тэр газарт ажиллаж байхдаа Э  гэх залуутай хамт ажиллаж байгаад 2024 оны 07 дугаар сард наадмаар бөөнөөрөө БНХАУ-руу аялалд яваад ирье гээд бид хэд дэмжээд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өглөө Н , Э , Н , Л бид хэд явсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Замын-Үүдэд буугаад вокзал дээрээс нэг унаанд суугаад БНХАУ-руу гарцгаасан. Тэгээд бид хэд БНХАУ-ын Эрээн хотод 1 хоног хоноод БНХАУ-ын Бээжин гэх хот руу яваад 2 хоночхоод БНХАУ-ын Эрээн хотод буцаж ирсэн. Тэгээд Эрээн хотод буудал аваад 6 хоног болсон. Эрээн хотод 3 хонож байхад Л  гэх эмэгтэй нь гэр лүүгээ явлаа гээд ганцаараа Монгол руу буцаад явсан. Үлдсэн бид хэд буудалдаа байж байхад Н  ах мөнгө дуусчихлаа, захиалга ууг нь орж ирсэн урьдчилгаа мөнгө орж ирэх ёстой гэж ярьж байсан. Тэгээд бид хэд архи пиво ууцгаагаад би тасраад унтсан байсан. Тэгтэл маргааш өглөө нь 10 өнгөрөөгөөд намайг сэрхэд Н , Э  хоёр байхгүй байсан. Н  гэх эмэгтэй бид хоёр л байсан. Тэгээд удалгүй Н  ах, Э  хоёр гаднаас орж ирээд мөнгөтэй болсон, буудлын тооцоогоо хийчхээд Монгол Улс руу буцъя гээд бид хэд ачаа бараагаа баглаад монголд орж ирсэн. Би мөнгөний хэмжээг нь мэдэхгүй байна харин буудлаас гарахдаа Э тооцоогоо хийх дээ БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаниар тооцоогоо хийж байхыг нь харсан. Би 2024 оны зун Н  гэх ахын хайсан хашаа хийдэг ажилд ороол танилцаж байсан. Би сайн мэдэхгүй ээ. Хамт ажиллаж байхдаа л ажил дээр л уулздаг байсан. Тэр хоёр найзууд л юм шиг байна лээ сүрхий л сайн найзууд юм шиг байна лээ. Би Монгол ирээд хашааны үйлдвэрт нь 2, 3 хоног ажиллаад ажлаасаа гараад Улаанбаатар хот СБД-н 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ј худалдааны төвд сантехникийн сэлбэг зардаг ажил хийж байгаа. Тэрнээс хойш Н  Э хоёртой холбоо бариагүй, тааралдаагүй. Би Монгол ирээд Н ахын хашаа хийдэг үйлдвэрт 2, 3 хоног ажиллаж байхад миний ...гэх дугаар луу ..дугаарын утас залгаад нэг эмэгтэй хүн миний дуу чи юань авах даа гүйлгээний дүнгээ буруу хийсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг хүнээс аваагүй, хүнд өгөх мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь тэр эгч миний дуу сонсож бай та хэд БНХАУ-ын Эрээн хотод байхдаа надаас 6000 юань авахдаа интернэт банкаараа 2,910,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 2,910 төгрөг шилжүүлсэн байна мөнгөө хий гэж хэлсэн тэгтэл Э  миний усыг тэр эгчтэй яриад надаас холдоод явсан би яг юу ярьсныг нь сонсоогүй. Тэгээд Э  буцаж ирээд миний утсыг өгөхөд нь хэн юм гэж асуухад аа БНХАУ-ын Эрээн хотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг бид хэдийн юань авдаг эгч байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э миний утсыг аваад бас нөгөө хүнтэй ярьсан бас юу ярьсныг нь сонсоогүй гэжээ. /хх-ийн 24-26/

Гэрч Б.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр бид хоёр БНХАУ-руу .. улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарч ачаа бараа болон хүн зөөдөг ажил хийдэг. Манай эхнэр олсон орлого болох БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт юанийг БНХАУ-ийн Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг "ДУН ДУН" гэх нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч хятад иргэнд өгч монгол мөнгөөр зардаг. Манай эхнэр Хаан банкны... тоот дансаа БНХАУ-ийн Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг "ДУН ДУН" гэх нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчид өгсөн байдаг юм хүмүүс тухайн дэлгүүрт орж ирээд юань авна гэхээр тухайн данс руу мөнгөө хийчих гээд хийлгүүлэхээр нь нөгөө хятад дэлгүүрийн худалдагч гүйлгээ амжилттай хийгдсэн гэх баримтын зургийг нь аваад манай эхнэрийн wechat руу явуулахаар нь манай эхнэр гар утсан дээрээ орлогын мэдээллийг нь шалгаад өгдөг юм. Манай эхнэр бид хоёр БНХАУ-ийн Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг "ДУН ДУН" гэх нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчаар дамжуулан юань зараад бараг 2 жил болж байна. Бид хоёр тухайн үед Монголд байсан бас л завгүй явж л байсан эхнэр бид хоёр гадуур явж байсан чинь эхнэрийн wechat-aap БНХАУ-ийн Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг "ДУН ДУН" гэх нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч 2 залуу юань авна гэж орж ирлээ өгөх үү гэх мессеж үлдээсэн байсан тухайн үед бид хоёр машиндаа цуг байсан юм. Тэгээд манай эхнэр тэг тэг баримтыг нь явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 48,500 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд нөгөө хятад худалдагчид 100 юанийн мөнгө орсон байна гэж манай эхнэр хэлсэн. Тэгээд бид хоёр Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг нэмэх очрын карго дээр бараа авч байтал нөгөө хятад худалдагч залгаад дахиад 6,000 юань авна гэнээ гэж хэлсэн. Тэгээд би эхнэртээ нөгөө 100 юань авсан залуучууд дахиад 6,000 юань авна гээд ороод ирлээ гэнээ гээд эхнэртээ хэлсэн чинь за за тэг тэг баримтыг нь явуулчих гээд хэлсэн тэгээд бид хоёр тухайн каргогоос ачаагаа хайж байсан чинь эхнэрийн гар утас унтарчихсан байсан. Тэгээд орой гэртээ ирээд эхнэр утсаа цэнэглээд дансаа шалгасан чинь 6,000 юанийн мөнгө орж ирээгүй харин нөгөө өдөр нь 100 юань авсан залуугийн данснаас 2,910 төгрөг л орж ирсэн байсан. Тэгээд манай эхнэр маргааш нь цагдаад очоод өргөдөл өгсөн гэжээ. /хх-ийн 29-31/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01-02/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл бичиг, баримтыг хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 47-55/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-75/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын 2025 оны 03 сарын 31-ны өдрийн .. дугаартай тогтоол /хх-ийн 83-86/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 122/

Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-ийн 136-141/  зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.Э , *******  нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод байхдаа дансны гүйлгээний гүйлгээ амжилттай гэсэн утга бүхий үнийн дүнг засварлан хохирогч Б.С-ийн Хаан банкны .. тоот данс руу 2,910,000 төгрөгийг шилжүүлсэн гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж хохирогч Б.С-т 2,910,000 төгрөгийн хохирол үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.С-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 24-26/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 29-31/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл бичиг, баримтыг хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 47-55/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-75/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Гэмт хэрэг гарсан байдлын тухайд шүүгдэгч Ц.Э , ******* нар нь амар хялбар аргаар мөнгө олохоор 2,910,000 төгрөгийн дансны гүйлгээний гүйлгээ амжилттай гэсэн утга бүхий үнийн дүнг засварлан, 2,910,000 төгрөгийг шилжүүлсэн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,910,000 төгрөгийн үнэ бүхий 6,000 юанийг бэлнээр авч залилсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогдож байна.

                Шүүгдэгч нарт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч Б.С-т учруулсан нийт хохирол болох 2,910,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 2,910,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдааны шатанд 1,500,000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 1,410,000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

                Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө  овогт Ц-ийн Э , Ө  овогт У-ын Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц-ийн Э , У-ын Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Э , *******  нар нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э , *******  нараас 1,410,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-т олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э , *******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б