| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/180 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Н,
Улсын яллагч Ц.Ц,
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г холбогдох эрүүгийн 2513000400193 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,,, оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ,,,, аймаг, ,,,, суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт ,,,,, оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, ,,,, Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ,,,,,,, аймгийн хамгийн том зар гэсэн группэд М.К болон түүний гэр бүлийн гишүүдийн зургийг байршуулж ",,,,,,, хүн алсан баатрууд, хүмүүс царайг нь харж мэдэж аваарай, ,,,,,,, сумын гаралтай, одоо нэг нь аймгийн төвд амьдардаг нэр нь Б Х" гэсэн пост бичиж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь Т овогт М-ийн Г /,,,,,/ нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ,,,,,,, аймгийн хамгийн том зар гэсэн группэд М.К болон түүний гэр бүлийн гишүүдийн зургийг байршуулж ",,,,,,,,, хүн алсан баатрууд, хүмүүс царайг нь харж мэдэж аваарай, ,,,,,,, сумын гаралтай, одоо нэг нь аймгийн төвд амьдардаг нэр нь,,,,,,," гэсэн пост бичиж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч М.К "...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк цахим орчинд ,,,,,,,,, аймгийн хамгийн том зар групп дэр ",,,,,,,," гэх фейсбүүк хаягаас миний охин болон эхнэр бид гурвын зургийг байршуулж ",,,,,,,,, хүн алсан баатрууд, хүмүүс царайг нь харж мэдэж аваарай, ,,,,,,,, сумын гаралтай, одоо нэг нь аймгийн төвд амьдардаг нэр нь ,,,,,,,,,” гэсэн пост оруулж илт худал мэдээлэл тарааж миний нэр төрд халдсан. ...пост оруулсан хүнийг танина. ...,,,,,,,,, төрсөн охин ,,,,,,, гэж охин юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/, сэжигтэн,,,,,,,,,, “...Би ,,,,,,,,," гэх фейсбүүк ашигладаг..... М.К нь 2017 онд миний аавын төрсөн дүү О.К гэх хүнийг хамаатантайгаа гэрт нь очиж амь насыг нь бүрэлгэж байсан. Тухайн үедээ хэрэг нь шалгагдаад Б.Х гэх хүн шүүхийн шийдвэрээр 9 жилийн хорих ял авч хоригдож байсан. ... Б.Х 9 жилийн хорих ял авчихаад 6 жил хоригдоод хугацаанаасаа өмнө суллагдсан явдалд би гомдолтой байдаг. М.К гэх хүн ч миний ахын амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой гэж боддог болохоор бачимдаж уурласандаа фейсбүүк дээр тухайн постыг тавьсан... Миний буруу би маш их гомдож явдаг тул тухайн постыг тавьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/, Фейсбүүк цахим орчинд нийтэлсэн постын гэрэл зураг /хх-ийн 3-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Фейсбүүкийн группэд бусдыг доромжлон зар тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Г нь хүний нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт М Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ