| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0458/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/316 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/316
2025 06 20 2025/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2518000000010 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 22:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн Хөтөл хороолол төв зам дээр улсын дугаартай Toyota Noah загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “,12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж амь насыг хохироосон болох нь:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дарханы постоор орж ирсэн урдаас маш их хурц гэрэлтэй машин орж ирсэн. Тэгээд тормоз гишгээд хохирогчийг мөргөсөн. Миний машин замын хажуу орсон. Тухайн үел эмнэлгийн машиныг дуудсан. Тухайн үед 60 километр цагийн хурдтай явж байсан. гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,
“...Осол гарсан гэх Дархан сумын 18 дугаар багийн Хөтөл хорооллын төв авто замын ертөнцийн зүгээр баруун талд замын хөвөө хэсэгт 40-45 орчим насны эрэгтэй хүний цогцос байх ба замын ертөнцийн зүгээр баруун талд Toyota Noah маркийн хөх өнгийн улсын дугаартай урд хэсгийн баруун гэрэл салж унжсан, радиатор, копуд хэсэг нь хонхойсон, салхины шил цөмөрч хагарсан, гупер хагарсан байдалтай тээврийн хэрэгсэл зогсож байв” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 9-21/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00 хувь илэрсэн гэх тэмдэглэл, согтуурлыг шалгасан гэрэл зураг /хх-ийн 22-23/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн: “... Ц. нь миний төрсөн ах байгаа юм. Ах Ц. 2024 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод манайд ирээд хамгийн сүүлд уулзсан. Түүнээс хойш байнга ахтайгаа утсаар холбогддог байсан. 2024 оны 12 сарын 03-ны 17:32 цагт хамгийн сүүлд утсаар ярьсан. Оршуулгын зардалтай холбоотой 23,739,250 төгрөг гарсныг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30/,
Гэрч Т.гийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 02 дугаар баг Энхталаас Тохижилт үйлчилгээний газраас хашигдсан морио авахаар 22:00 цагаас аймгийн төв рүү машинаар явахдаа Дарханаас Сэлэнгэ аймаг руу явдаг олон улсын замаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байрлах Гончигийн дэлгүүр буюу “ ” минимаркетын ойролцоо төв замаар явж байхад замын баруун талд хар бараан өнгийн хувцастай согтуу бололтой эрэгтэй хүн алхаж явсан. Би Дархан сумын Тохижилт үйлчилгээний газарт очиж, морио аваад буцаад Орхон сум руу явж байхад Дарханаас Сэлэнгэ аймаг руу явдаг олон улсын чанартай зам дээр осол гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч Б.ийн: “...Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд хамгийн сүүлд Дархан-Уул аймгийн Дархан сумын тоот гэртээ байхдаа хамгийн сүүлд уулзсан. Тэгээд ажлын газрын залуу болох гэх залуу манай нөхөр лүү утасдаад тэгээд манай нөхөр ажил руугаа явлаа гээд гараад явсан. Өчигдөр шөнө хамгийн сүүлд 23 цаг 14 минутад над руу өөрийн гэсэн дугаараасаа залгасан бөгөөд тухайн үед нилээд уучихсан байдалтай байсан. Би тухайн үед яагаад архи уучихсан юм бэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 34/,
Гэрч Н.ын: “...Миний ажилладаг “ ” ХХК-ийн захирал Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороололд офиссын зориулалттай 01 давхар барилга гэж хүний бригадаар бариулж байгаа бөгөөд 2024 оны 12 сарын 03-нд би барилга дээр очиж дулааны ажлыг хүлээн авсан. Тэгээд руу залгаад “барилга дээр хүн байхгүй байна” гэхэд “манай ажилтан гэрээс очиж аваад барилга дээр хүргээд өгчих” гэхээр нь би барилгын хашаанд байх монгол гэрийн гадна буулгаад гэртээ харьсан. Өчигдөр 19:00 цагийн үед Ц. ах руу залгаж асуухад манай ажлын гээд ахыг сая эргээд явлаа гэж хэлж байсан. Түүнээс хойш Ц. атай утсаар яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Гэрчы: “...2024 оны 12 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад древенд гэрт нь хүргэж өгсөн. Уржигдар буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19:40 цагийн орчимд түүнтэй хамгийн сүүлд утсаар ярьсан. Ц. нь надтай 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цуг ажиллаж эхэлсэн. Энэ ажил нь 2 дахь ажил нь байсан. Энэ ажил дээр Ц. барилгын туслах ажилтан, эхнэр нь тогоочоор ажиллаж байсан. Хэрэг болдог өдөр би Улаанбаатар хот руу ажлаар явчихсан байсан. Ц. нь барьж байгаа барилгынхаа объектыг 03-ны үдээс хойш очиж харж хонохоор болж тохиролцсон байсан. Би өөрөө байгаагүй болохоор Ц. нь ажлын байран дээр архи уусан үгүйг би бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр дагзны ар төвгөр хэсгээс 3 салаалсан хугаралтай ба эхний салаа нь дагзны ар төвгөр хэсгээс хойш суурийн зүүн дунд хонхор зүүн их далавч хэсгийг дайрч турк эмээлийн зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн, 2 дахь салаа нь дагзны ар төвгөр хэсгээс доош суурийн баруун их далавч хүрч доош суурийн баруун дунд хонхор хэсгийг дайрч суурийн зүүн дунд хонхор хүртэл үргэлжилсэн, 3 дахь салаа нь дагзны ар төвгөр хэсгээс дээш үргэлжилсэн 04 сантиметр шугаман хугарал, их тархины зүүн талд бөмбөлгийн дагз, зулай, чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушгины доод дэлбэнд цус хуралт, баруун, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, дух хамар баруун хацар, дээд уруул, баруун тохой, баруун сарвуу, зүүн сарвуу, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх суурь яс, дагз ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Баруун, зүүн шаант тахилзуур ясны хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Шарх, зулгаралт гэмтэл хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчийн биед учирсан суурь яс, дагз ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн цогцост хийсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний 10:10 цагийн байдлаар нас бараад 9-11 цаг болсон байх боломжтой. Амь хохирогч /OI/ цустай байжээ. Амь хохирогчийн цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46-49/,
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах, шинжээч ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай: “... улсын дугаартай Toyota Noah маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөн байна. Явган зорчигч Ц. нь 5.6-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” 5.2-т “Харанхуй буюу гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэж заасныг зөрчсөн байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч ******* нь Улсын Замын хөдөлгөөний 12.2, 12.3-т заасныг зөрчсөнөөс болсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/,
“Дархан Алтан-Жолоо” ХХК-менежер ажилтай, шинжээч 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай: “...Тоормосны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тоормос нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормос нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм.Toyota Noah маркийн хөх өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн хэмжээндээ байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 79-81/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 16 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлогдох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгэнэд ирүүүлсэн “Л. ******* ” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-102/,
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 127/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ******* нь харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтуурсан үедээ замын зорчих хэсгээр явж байсан явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмт учруулсны улмаас Ц. нь мөргүүлсэн газар дээрээ нас баржээ.
Энэ үйл баримтын талаар болон гэм буруу зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байна.
Шинжээч ,, нарын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46-03/07 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн материалтай танилцахад Toyota Noah маркийн улсын дугаартай авто машины жолооч *******ийг Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээчийн тусгай мэдлэг , шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Toyota Noah маркийн улсын дугаартай авто машины жолооч *******ийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг шинжээчийн тусгай мэдлэг, мэрэгжлийн хүрээнд тогтоох боломжгүй байна. Хэргийн материал дахь анх осол гарсан гэх “А” цэгийн байрлал, бусад нотлох баримттай танилцахад жолооч ******* “гэрлийн гялбаанд орсон гэх нь уг зам тээврийн осол гарах нөхцөл шалтгаан бус гэж үзэж байна. Хэргийн материал дахь гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, бусад нотлох баримтуудтай танилцахад явган зорчигч Ц. нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр зүйл дэх “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц. нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Уг осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” /хх-ийн 88-91/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0225/202 дугаартай дүгнэлтэд: “... улсын дугаартай Toyota Noah маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх зөрчсөн бол ямар заалтыг зөрчсөн болох гэх асуултад эрх зүйн дээд боловсролгүй, авто инженер мэргэжилтэй шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол”, 19.1.8-д “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол” гэсэн заалтуудын дагуу хариулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэлийн замын үзэгдэх орчин чөлөөтэй, замаар гарч буй явган зорчигчийг харах боломжтой, тухайн зайнд тээврийн хэрэгсэлийг зогсоох арга хэмжээ авч амжих эсэх, ******* нь дотоод арга хэмжээ авсан эсэх нь хувь хүний ур чадвар дадлага, туршлагатай холбогдох субъектив шинжтэй, шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн мателиалд тоормосны гэх мөр нотлох баримтаар авагдаагүй байх тул жолоочийн зогсоох арга хэмжээ авсан эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Амь хохирогч Ц. нь Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, зөрчсөн бол ямар заалтыг зөрчсөн болох гэх асуулад эрх зүйн дээд боловсролгүй, авто инженер мэргэжилтэй шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол”, 19.1.8-д “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол” гэсэн заалтуудын дагуу хариулах боломжгүй. Осол болсон үндсэн шалтгаан юу вэ? Осол гарахад нөлөөлсөн бусад шалтгаан нөхцөл юу байсан бэ? гэх асуултууд нь Замын хөдөлгөөний дүрмээр хариулагдах тул авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол”, 19.1.8-д “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол” гэсэн заалтуудын дагуу хариулах боломжгүй” /хх-ийн 192-201/ гэжээ.
Шинжээч ,, нар “...*******ийг Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах үед мэдэгдэж буй баримтын хүрээнд тавьсан асуултуудад хариулсан дүгнэлт бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж буй нотлох баримт биш юм.
Шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний эцэст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр тогтоодог.
Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авнаНас барсан хохирогч замын зорчих хэсгээр явж байсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч нь үзэгдэх орчин хязгаарлагдсан, харанхуй орчинд өөрийн харж буй хязгаарын хүрээнд хүн, мал амьтан гэнэт гарч ирсэн тохиолдолд осол гаргахгүй хэмжээний хурдыг сонгож явах ёстой.
Өөрөөр хэлбэл зам дээр ямар саад байгааг лавтай сайн мэдэх боломжгүй, мэдэхгүй байгаа бол осол аюул гаргахгүй зогсоож болох хурдыг сонгож явах ёстой ба Замын хөдөлгөөний дүрмээр тухайн нөхцөл байдалд ямар хурдтай явахыг тохиолдол бүрийг нарийвчлан зааж өгөх боломжгүй, жолооч тогтоосон хурдын дээд хязгаар дотор тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах учиртай.
Шүүгдэгч нь үзэгдэх орчин хязгаарлагдсан, харанхуй орчинд ойрын болон холын гэрлийн гэрэлтүүлж буй зам буюу өөрийн харж буй хязгаарын хүрээнээс цааш ямар нэгэн саад учрахад уг саадыг мөргөхгүй хурдыг сонгож яваагүйгээс зам дээр явж байсан явган зорчигчийг мөргөсөн байх тул Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “,12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Хохирогч зорчих хэсэг дээр явж байсан буруутай боловч энэ нь ослын үндсэн шалтгаан биш байна.
Хохирогч мөргүүлсэн гэх А цэгээс 29.6 м хол зайд хол зайд очсон байдал, автомашины копут цөмөрч радиатор, радиаторын дээд багана гулзайсан байдал зэргээс үзвэл тогтоосон хэмжээнээс илүү буюу зогсоох арга хэмжээ авсан ч зогсох боломжгүй хурдтай явж байсан байж болох магадлалтай байна.
Гэвч шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “хурд хэтрүүлсэн” гэж үзээгүй, харин “тохирох хурдыг сонгох” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Шинэцэцэг нь шүүгдэгчээс оршуулгын зардалд зарцуулсан 23,739,250 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж зааснаар шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой 23,739,250 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар маргаагүй байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,320,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны шилжүүлгийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс 20,419,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амь хохирогч нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.2, 5.6-д заасныг зөрчсөн буюу “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар Төв аймгийн Заамар сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* *******ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 20,419,000 /хорин сая дөрвөн зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , тоотод оршин суух овогт гийн -д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД