Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

                                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Н

         Улсын яллагч Ц.Ц,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш,

         Шүүгдэгч М.И нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.И-д холбогдох эрүүгийн 2519000000136 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,,,,, оны,,,,, дүгээр сарын ,,,,-ний өдөр ,,,,, аймаг, ,,,, суманд төрсөн, эмэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ,,,,, аймаг, ,,,,, сум 2 дугаар баг, ,,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М-ийн И /РД:,,,,,,,,/ гэв.

           Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.И нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ,,,,,,,,,аймгийн,,,,,,,,сумын ,, дугаар баг ,,,,,,, тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Т-тай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар заазуураар түүний толгойн тус газар цохиж зүүн чамархайн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.И нь ,,,, оны ,,, дүгээр сарын ,,-ны өдөр ,,,, аймгийн ,,,,, сумын ,, дугаар баг ,,,,,,, тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Т-тай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар заазуураар түүний толгойн тус газар цохиж зүүн чамархайн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Т-ийн "...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр И бид 2 гэртээ байж байхад манай найз Ш ээж Э-ийн хамт 11 цагийн орчим ....архи уусан....нэг мэдсэн чинь эхнэр миний толгой руу цохих шиг болсон. Тэр үед толгойноос цус гарсан. Тэр үед ухаан орсон....тэр үед гаднаас 6 дугаар багийн засаг дарга орж ирээд цагдаад дуудлага өгсөн....миний зүгээс гомдол санал байхгүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, гэрч Н.Ш-ийн "...Т эхнэр И-тай намайг хардаад байхаар нь чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа бол би явлаа шүү гэж хэлсэн. ... ээж бид хоёр баруун тийшээ манай найз Ч-ийн гэрт очиж байж байгаад буцаад Т-ийн гэрт ирсэн. Т, И 2 муудалцсан бололтой Т-ийн толгойноос цус гарчихсан байж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ,,,, дугаартай "1.Б. Т-гийн биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо....... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.И-гийн  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч М.И-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч М.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,үүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.И-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн.

           Иймд шүүгдэгч М.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар  мэдүүлсэн /хх 10-р ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Т овогт М-ийн И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.И нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.НАРАНЦЭЦЭГ