| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/01574/И |
| Дугаар | 101/ШШ2022/03609 |
| Огноо | 2022-08-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/03609
2022 08 22 101/ШШ2022/03609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.П
Хариуцагч: Ү.Д
16,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
1,476,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Ү.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би, хариуцагч Ү.Дтай зээлийн гэрээг байгуулж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15,597,200-ийг Кинг капитал ББСБ-д төлж, мөн өдөр Ү.Дгийн Хаан банк дахь 0 тоот хувийн дансанд 142,800 төгрөг, нийт 15,740,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.
Улмаар хариуцагч талаас зээлсэн мөнгөө өгөх боломжгүй болсон тул өөрийн нэр дээрхи Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулан гудамж, 1206 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 40 мк.в табайтай, 0 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууц, мөн хаягт байрлах 700мк.в талбайтай, 0 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 643 мк.в талбайтай,0 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газруудыг сайн дурын үндсэн дээр нийт 16,000,000 төгрөгөөр тооцож 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авахаар тохиролцсон.
Ингээд тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлж, дээрхи эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэх авч гэрчилгээг гаргуулан авсан.
Гэтэл хариуцагч тал дээрх газрыг хууль бусаар ашиглаж, эзэмшиж, өмчилж байсан тул миний бие хууль ёсны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 101/ШШ2021/04273 дугаартай шийдвэр гарсан.
Уг шийдвэрээр нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дээрх хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудын өмчлөх эрхийг хариуцагч Ү.Дд олгохоор шийдвэрлэсэн тул хариуцагч Ү.Дгаас зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 15,597,200 төгрөг, хашаа байшингийн үлдэгдэл төлбөр 142,800 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар 320,000 төгрөг, тусгай тэмдэгтийн хураамж 120,000 төгрөг, нотариатын хөлс 10,000 төгрөг нийт 16,190,000 төгрөгийг хариуцагч Ү.Д-гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёрын хооронд болсон асуудал нь зээл чөлөөлнө гэсэн асуудлаас үүссэн. Зээл чөлөөлсний дараа бага зэргийн хүндрэл гарсны үндсэн дээр дараагийн авах зээл бүтэхгүй болсон. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авч явсан. Үүрэг дуусгавар болсон тухай баримтыг Ким капитал ББСБ-н захирал Д, иргэн Ү.Д-д гаргаж өгсөн. Гэтэл үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт үүрэг дуусгавар болсон барьцаан гэрээг бүртгүүлэхийн тулд бүрдүүлсэн материалд өмчлөгч гэж орсон. Өмчлөгч гэж байгаа учраас тэр үед би өмчлөгч байсан. Гэтэл мэдүүлэг дээр өмчлөгч гэснийг бөглөж, түүн дээр өөр хүнээр гарын үсэг зуруулаад өөр хүнээр бөглүүлээд танил талаа ашиглан энэхүү бичиг баримтыг үйлдээд өөртөө ашигтай байдлаар үйлдэж миний хөрөнгийг шилжүүлж авсан. Үүнийг би 12 дугаар сарын 07-нд мэдээд миний юмыг буцаагаад өгчих би барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаж өгье гэсэн, өмнө нь ч би энэ асуудлыг гаргаж байсан.
Гэтэл миний бичиг баримтыг нэгийг ч надад өгөөгүй эрсдэлтэй байдал үүсгэсэн. Үүрэг дуусгавар болоогүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ковидын хөл хорио тогтоогдсон. Өмнөх өдөр нь буюу 10-ний өдөр энэ хүн миний бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч явсан байгаа. Гэтэл энэ хүн ямар ч зээл гарахгүй ямар ч боломж байхгүй гэдгийг мэдсээр байж мөнгөө өгчихөөд бичиг баримтаа аваа гэж байгаа юм. Би мөнгөө өгөх гэхээр миний бичиг баримт байхгүй, миний нэр дээр биш хүний нэр дээрх гэрчилгээгээр би зээл авах боломжгүй. Тэр үед манай гэр бүлийн байдал үнэхээр хүнд байсан. Ээж минь хоёр жил хүнд өвчтөй байсан 2021 оны 5 дүгээр сарын 27-ний өдөр бурхан болсон. Тэр үед үнэхээр хүнд хэцүү байсан Би энэ хүнд ойлгуулж хэлсэн. Гэтэл энэ хүн ерөөсөө авч хэлэлцээгүй утсаа авхаа больсон, Бичиг баримтаа солилцоод мөнгөө аваад хохиролгүй болчих байсан. Ер нь бол энэ хүний шуналаас үүдэлтэй хэрэг 3 удаа 40,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн. 142,800 төгрөг нь өдрийн 1 хувийн хүүтэй гэсэн. 260,000 төгрөгийг өөрийх нь дансанд үлээгээд. 15,597,200 төгрөгийн банк бус руу шилжүүлээд 15,740,000 төгрөг. Энэ мөнгийг би авсан нь үнэн.
Иймд үндсэн 15,740,000 төгрөгийг төлнө гэдгийг тодорхой мэдэж байгаа. Аваад хэрэглэсэн 15,740,000 төгрөгийн хувьд маргах зүйл байхгүй. Харин өөрөө дур мэдэж зардал гаргаж хийсэн асуудал тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Птэй байгуулсан Худалдах-худалдан авах гэрээг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04273 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0237 дугаар магадпалаар хүчин төгөлдөр бусад тооцсон. Уг хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэдгийг Б.П мэдсээр байж үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул түүнээс гарах зардлуудыг Б.Пгийн нэхэмжилж буй 16,190,000 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 11:54 минутад 5039283828 тоот Хаан банкны Б.Б-н нэр дээрх дансанд төлсөн Худалдах-худалдан авах гэрээний төлбөр болох 41,000 төгрөг.
2. Хэлцэлийг хүчин төгөлдөр бус тооцуулахын тулд өмгөөлөгч н.Б, н.А, н.Ц нартай 1,800,000 төгрөгөөр гэрээ байгуулж 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 10:04 минутанд 5675409010 тоот Б-н дансанд төлсөн 300,000 төгрөг.
3. Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн өмнө нь шүүх дээр мэтгэлцэхдээ, өөрийн хөрөнгийг 16 сая төгрөгөөс илүү үнэтэйг тогтоолгохоор нотлох баримт бүрдүүлж Хөрөнгө Эстимент ХХК-иар үнэлгээ хийлгэж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15:20 минутанд Хөрөнгө Эстимент ХХК Б.Б-ийн 0 тоот дансанд төлсөн 255,000 төгрөг.
4. Өмгөөллийн хөлс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 11:56 минутанд Б.Агар-Эрдэнийн 0 тоот дансанд төлсөн 500,000 төгрөг.
5. Үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулахаар төлсөн гэрчилгээний үнэ 60,000 төгрөг.
Нэхэмжлэгч Б.П-гөөс нийт 1,476,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Энэ хүн өөрөө өмгөөлүүлэх эрхээ эдлэж зардал гаргасан нь надад огт хамаагүй гэж бодож байна. 500,000 төгрөгийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө хуралдаа ирж суух боломжтой байсан яагаад ирээгүйг мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 30- ны гэрээг сайн дурын үндсэн дээр өөрөө мөнгөө төлөөд хийж сайн дураар хийсэн. Гэрээг хамтдаа хийсэн. Гэрээний төлбөрийг худалдаж байгаа тал төлдөг гэж нотариат хэлсэн. 255,000 үнэлгээн дээр сайн дурын үндсэн дээр хийлгэж, гаргасан зардал учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 60,000 төгрөгийг хаана төлснийг нь мэдэхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өмгөөлөгч авсан зардал заавал төлөгдөх зардалд хамаарахгүй. Хэргийн оролцогч өөрөө нотлох баримт бүрдүүлж гаргаж өгөх ёстой учраас хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь заавал төлөх зардалд хамаарахгүй, гэм хорын хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй. 60,000 төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардалд хамаарч байгаа учраас тусдаа асуудал. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
1. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Пгөөс Ү.Дд 0 дугаартай данс руу 15,597,200 төгрөг, 142,800 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай Б.П-гийн эзэмшдэг Хаан банк дахь 0 дугаартай дансны хуулга /хх.-7/
2. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, 160,000 төгрөг, 80,000 төгрөгийг тус тус төлсөн Голомт бакны орлогын мэдүүлэг, 40,000 төгрөгийг НУБГазарт төлсөн Капитрон банкны 3 ширхэг баримт, нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг төлсөн баримт /хх.-8-14/
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04273 дугаартай шийдвэр /хх.15-22/
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
1. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20,000 төгрөгийг Гэрэгэ системс-ээр тус тус төлсөн 3 ширхэг баримт, нотариатын үйлчилгээний хөлс 41,000 төгрөг төлсөн баримт, Хөрөнгө эстимэйт ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 250,000 төгрөг төлсөн баримт, Ү.Дгийн эзэмшдэг Хаан банк дахь 0 дугаартай дансны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гүйлгээний мэдээлэлтэй хуулга /хх.75-83/
Хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт:
1. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2022/15911 дугаартай захирамжаар, тус шүүхийн 101/ШШ2021/04273 дугаар шийдвэртэй иргэний хэргийн 136, 137, 138 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээг барьцаанаас чөлөөлөхөд бүрдүүлсэн нотлох бармтууд буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг-үүд, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр огноотой Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл /хх.-93-95/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Ү.Дд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 15,740,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 320,000 төгрөг, тусгай тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 төгрөг, нотариатын хөлс 10,000 төгрөг, нийт 16,190,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Птэй байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад төлсөн төлбөр 41,000 төгрөг, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхэд өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн 2,600,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн мэтгэлцэхдээ, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 255,000 төгрөг, Үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахад төлсөн гэрчилгээний үнэ 60,000 төгрөг, нийт 1,476,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцсэн.
3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар бичгээр гаргаагүй ба зээлийн гэрээний дагуу авсан 15,740,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд маргахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын 450,000 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгч өөрийн буруугаас, өөрийн сонголтоор хүсч гаргасан зардал тул төлөхгүй хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлав. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ хариуцагчтай адил байр сууринаас тайлбарласан.
4. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдүүлэгч Б.П нь 15,597,200 төгрөг болон 142,800 төгрөг, нийт 15,740,000 төгрөгийг зээлдэгч Ү.Дд зээлдүүлсэн болох нь зохигч талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцжээ.
5. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 15,740,000 төгрөгийн талаар нэхэмжлэгчтэй маргахгүй эргүүлж төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хариуцагч зөвшөөрснийг шүүх батлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасантай нийцнэ.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 450,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн нийт 1,476,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, зохигч талууд ижил үндэслэлийг баримтлан нэхэмжлэлийн шаардага тус тус гаргаж, харилцан үгүйсгэж мэтгэлцэхдээ өөрсдийн шаардлага тус бүрийг үгүйсгэх агуулга бүхий байр суурийг илэрхийлж байхын зэрэгцээ 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, 160,000 төгрөг, 80,000 төгрөгийг тус тус төлсөн Голомт бакны орлогын мэдүүлэг, 40,000 төгрөгийг НУБ Газарт төлсөн Капитрон банкны 3 ширхэг баримт, нотариатын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг, 41,000 төгрөг төлсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой гэж үзэх агуулга тодорхой тусгагдаагүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардага тус тус нотлогдоогүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан бөгөөд зохигч талууд хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж буй зардлуудыг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр, өөрийн сонголтоор гаргасан зардлууд байх тул харилцан биесээ буруутгах боломжгүй, зохигч тус бүрт эд хөрөнгийн алдагдал, хохирол бүхий зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч Ү.Д нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 15,740,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Пд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталсугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 450,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчээс 1,476,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 238,900 төгрөг, хариуцагчийн төлсөн 38,566 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 236,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА