Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б   даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Э                                                                       

Улсын яллагч Э.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Х

Шүүгдэгч У.Ц , Д.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт У-ийн Ц , Б  овогт Д-ын Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Д  аймгийн Д  суманд төрсөн,.. настай, э.эгтэй, .. боловсролтой,.. .мэргэжилтэй, " Т" ХХК-ны ү-ийн дарга, Б  цахилгаан станцын материалын инженер ажилтай, ам бүл .. хамт Улаанбаатар хот Б  дүүргийн ..р хороо ..тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х  овогт У-ийн Ц /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..оны .. сарын..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, э..эгтэй, ..боловсролтой, .. мэргэжилтэй, хэрэг гарах үед "Т ХХК-нд механик ажилтай байсан, одоо .. ажилтай, ам бүл .. Дорноговь аймгийн Сайншанд ... баг М  хороолол ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ын Э  /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ц-ийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн У  сумын нутаг дэвсгэрт байх Т хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн талбай буюу Ү-ийн уурхай гөлтгөнө олборлох талбай дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг “... Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно...” гэсний дагуу Т хуулийн этгээдийн ерөнхий захирал 3.Э-тай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” байгуулж, уг хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсгийн 3.1-д “Д аймаг С  сум, ..-р багийн нутаг дэвсгэрт байрлах цемент үйлдвэрлэх үйлдвэрийн технологи, холбогдох материалын олборлолт, нийлүүлэлтэд цемент тавих чиглүүлэх, хэвийн тасралтгүй ажиллагааг хянах, үйлдвэрийн аюулгүй ажиллагааны хяналт тавих, үйлдвэрийн төлөвлөгөөний дагуу бүтэгдэхүүнийг үйлдвэрлэх, удирдан чиглүүлэх, мөн удирдах албан тушаалтны хуулийн дагуу заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ”, 4.2.8 "ажилтан нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж шаардлага хүргүүлнэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн (цаашид ХАБЭА гэх) ажилтныг чиглүүлэн ажиллах үүрэгтэй", 4.2.9 “Ажилтан нь үйлдвэрийн аюулгүй ажиллагаа болон кемп дэх ХАБЭА-н байдлыг бүрэн хариуцаж, өдөр тутмын зааварчилгаа, аюулгүй ажиллагааны өдөр тутмын ажил, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй” гэснийг, Үйлдвэрийн даргын “албан тушаалын тодорхойлолт”-ын “Үндсэн үүрэг”-ийн 16 “Хөдөлмөр Хамгааллын Аюулгүй Ажиллагааны Нийтлэг дүрмийг ажилчдадаа сахиулан ажиллуулах, өдөр тутам сар бүр зааварчилга өгөлтөд хяналт тавих”, 18 “Хариуцсан нэгж, хэсэгт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, ангилал MNS (Монгол Улсын стандарт) 4931:2000 стандартын 3.12, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлд заасан “чиг үүргийн дагуу ажил олгогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах” гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн талбай дээр гөлтгөнийг шорооноос ялгах, шигшүүр янзлах үүрэг авч ажил үүрэг гүйцэтгэж байсан самосвал оператор ажилтай Б.П  шигшүүрт дарагдаж баруун уушгины шарх, үнхэлцэг хальсны урагдал, цээжний хөндий, үнхэлцгийн хөндий дэх цус алдалт, баруун зүүн уушгины цус хуралт, баруун 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, гавал ясны эмтрэл, толгойн шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамрын нуруу, эрүү, нурууны зулгаралт гэмтэл бүхий гэмтлийн улмаас цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амь нас нь хохирсон буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон,

Шүүгдэгч Д.Э-г 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д  аймгийн У сумын нутаг дэвсгэрт байх Т хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн талбай буюу Ү-ийн уурхай гөлтгөнө олборлох талбай дээр Механик инженерийн “албан тушаалын тодорхойлолт”-ын “Үндсэн үүрэг”-ийн 2-т “Үйлдвэрийн оператор, жолооч, хүнд механизмын операторуудад засвар үйлчилгээний хэлтсийн ажилчдад ажиллагааны зааварчилга, чиглэл өгөх”, 10-д “Ажилчдаар үүргийн бус нэмэлт ажил гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэх аргачлалыг танилцуулах”, 14-д “Хариуцсан нэгж, хэсэгт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлд заасан “чиг үүргийн дагуу ажил олгогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах” гэснийг биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн талбай дээр гөлтгөнийг шорооноос ялгах, шигшүүр янзлах үүрэг авч ажил үүрэг гүйцэтгэж байсан самосвал оператор ажилтай Б.П шигшүүрт дарагдаж баруун уушгины шарх, үнхэлцэг хальсны урагдал, цээжний хөндий, үнхэлцгийн хөндий дэх цус алдалт, баруун зүүн уушгины цус хуралт, баруун 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, гавал ясны эмтрэл, толгойн шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамрын нуруу, эрүү, нурууны зулгаралт гэмтэл бүхий гэмтлийн улмаас цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амь нас нь хохирсон буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т ХХК-ийн захирал 3.Э Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан уг компани үйлдвэрийн даргаар томилогдон ажилд орсон. Ажилдаа бол 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэр дээрээ ирсэн юм. Тэгээд үйлдвэрийн түүхий эд татах ажилд Улаанбаатар хотоос жолооч нар машинтай Сайншандад ирээд 2 төрлийн түүхий эд татах, нэг нь цеолит, нөгөөдөх нь гөлтгөнө татах ажилтай байсан юм. Цеолитоо татан авалт хийгээд дууссан, гөлтгөнө татан авалт хийхэд жолооч нар явсан, ингэхдээ манай компани механик инженер 2023 оны 04 дүгээр сарын 29-нд Э  жолооч нар Ү-ийн уурхай руу яваад 30-ны өглөө ойролцоогоор 9-10 цагийн үед над руу утсаар ярьж нэг жолооч шигшүүрт дарагдаад нас барсан талаар хэлсэн. Амь хохирогч Б.П-тэй "Т " ХХК-ийн ерөнхий захирал 3.Э хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас хэд хоногийн өмнө Б.П-г ажилд авах талаар ярилцлага хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ярилцаж байсан. Амь хохирогч Б.П  "Т " ХХК-нд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Самосвал операторын жолоочоор ажилд орсон. Б.П нь .. улсын дугаартай Х  маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг барьж, түүхий эд материал зөөвөрлөх ерөнхий үүрэгтэй байсан. Амь хохирогч Б.П ямар тээврийн хэрэгсэл барих жолооны үнэмлэхтэй байсан талаар мэдээгүй, хүний нөөцөөс манай компанид ажилд орох хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж хяналт тавьдаг тул миний бие бичиг баримтыг шалгаагүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг С ангиллын жолооны үнэмлэхтэй хүн барьж замын хөдөлгөөнд оролцоно. Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг "Т " ХХК-ний цементийн үйлдвэр 2-3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сайншанд сумын үйлдвэр дээр ирсэн. Амь хохирогчийн хувьд энэ компанид ажиллаж байсан тул ажлын байрны хувцас хэрэглэл тавьж олгосон буюу өвлийн хувцас тавьж олгосон байх. Миний зүгээс сая энэ компанид ажилд орсон тул энэ талаар мэдэхгүй байна. Би ажилчид нарт ажлын байрны хувцас хэрэгсэл тавьж олгох талаар компани удирдлагад ямар нэг хүсэлт бичиг баримт явуулаагүй. Миний хувьд цементийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангуулах, ажилчид нар өдөр тутам хяналт тавьж, ХАБЭА ажилтанд чиглэл өгөх, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг. Самосвал оператор ажлын байранд дээр ажиллах хүн ямар төрлийн ажлын байрны хувцас хэрэгсэл хэрэглэдэг талаар сайн мэдэхгүй байна. Жолооч нарт энгийн ажлын хувцас хэрэгсэл тавьж олгох байх гэж бодож байна. Тухайн үед манай компанид хөдөлмөр аюулгүй байдлын инженер албан тушаал дээр ямар нэг хүн ажиллаж байгаагүй. Компани бүтцэд байдаг халамжийн газарт зарлал мэдээлэл хүргэсэн байсан. Тухайн осол болсны дараа боловч яг албан ёсоор байсан хүн бол байгаагүй. Дорноговь аймгийн хөдөлмөр Хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн хувьд Д.Д  гэх эмэгтэй орох талаар хүсэлт өгөөд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу нэгдэх өдөр компани ерөнхий захирал З.Э-тай гэрээ байгуулж ажилд орсон. Би энэ чиглэлээр ямар нэг сургалтад хамрагдаагүй. Миний хувь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хянаж ажиллах гэж бодож байна. "Т ХХК-ийн ерөнхий захирал 3.Э-тай миний бие 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд тухайн компани Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг цементийн үйлдвэрийг хариуцаж, ажилчид нарт чиглэл өгч ажиллахаар болсон. Тэгээд ерөнхий захирлаас үүрэг чиглэл авч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сайншанд сумын цементийн үйлдвэр дээр ирсэн Цементийн үйлдвэрт шаардлагатай цеолит нэртэй түүхийг эдийг Өргөн сумын нутаг дэвсгэрээс 7 хоногийн хугацаанд татан авалт хийсэн. Ерөнхий захирал 3.Э-цеолит татан авалтын талаар танилцуулахад цеолит түүхий эдийн татан авалт болно гэж хэлж, мөн цементийн түүхий эдэд шаардлагатай гөлтгөн шаардлагатай тул Улаанбадрах сумын Үнэгтийн уурхайгаас гөлтгөн олборлох татан авалт хийх ажлыг зохион байгуулахаар ажилчид, техник хэрэгслийг механизийн инженер Э-д хариуцуулан явуулсан. Үйлдвэрийн ажлыг эхлүүлэх талаар компани ерөнхий захирал З.Э чиглэл өгсөн. Манай компани эксковаторыг техникийн хяналтын асуудал хариуцсан байгууллагаас кран болгон ашиглах зөвшөөрөл аваагүй. Манай компани ерөнхий захирал 3.Э ажилд орох хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ хийж, миний бие тухайн хүмүүсийг үйлдвэрт ажиллах чиглэл өгч, хяналт тавьж ажиллана. Манай компани зүгээс хохирол мөнгө төлж барагдуулж, мөн гэрээ байгуулсан байгаа гэжээ. /2-р хх-ийн 86-88/

2025 оны 03 сарын 11-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Манай компанийн зүгээс өргөх зөөх тээвэрлэх хэрэгслүүд ямар нэг зөвшөөрөл аваагүй. Байгууллагаас зөвшөөрөл авдаг талаар ямар нэг ойлголт байхгүй байсан. Миний бие дөнгөж ажилд ороод 7-8 хонож байсан тул аюулгүй ажиллагааны чиглэлээр ямар нэгэн сургалтад хамрагдаж чадахгүй байсан. Мөн компани ажилчдад энэ талаар ямар нэгэн сургалтад хамруулаагүй байсан. Тухайн өдөр Ү-ийн уурхай луу явж байгаа ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж, хууль дүрэм журмын дагуу ажиллах талаар амаар зааварчилгаа өгч явуулсан, ямар нэг бичгээр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Манай компанид ашиглагдах шигшүүр ямар улсад үйлдвэрлэсэн эсэх талаар мэдэхгүй. Хэрхэн ашигладаг талаар, яаж хэрэглэдэг талаар, ямар нэг ойлголт байхгүй байсан. Үйлдвэрийн хашаан дотор байсан сараалжилсан төмөр байна гэж шигшүүрийг ойлгож байсан. Харин тухайн өдөр сараажилсан төмрийг машин дээр ачсан байсан талаар харсан. Миний хувьд ажилчид хайж хүн цуглуулах гээд гадуур яваад ирсэн. Шигшүүрийг ашиглах талаар ямар нэг дүрэм журам, заавар байдаг талаар мэдэхгүй. Миний зүгээс энэ шигшүүрийн талаар ямар ч ойлголт мэдлэг байхгүй байсан. Тийм учраас энэ талаар мэдэхгүй байна гэжээ. /2-р хх-ийн 231-233/         

Шүүгдэгч У.Ц  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Тухайн хэрэг болох өдөр Өргөний урдаас цеолит түүхий эдийн татан авалт хийж дуусаад захирал руу залгаад өөр татан авалтаа эхлүүлье гэсэн. Тухайн өдөр тоног төхөөрөмжүүд бүгдээрээ Сайншандад байсан. Тэгээд тоног төхөөрөмжийг зөөгөөд хүмүүсийнхээ хоол унд, машины тос тосолгоог өгчхөөд би өөрөө Сайншандад ажлаа амжуулах гээд үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 30-ны өглөө ийм зүйл боллоо гэж хэлэхээр нь би хүний нөөцөөс ар гэрийнх нь дугаарыг аваад залгаж мэдэгдсэн. Мөн цагдаагийн байгууллага руу ийм зүйл болсон гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд цагдаагаас амь хохирогчийг аваад ир гээд аваачиж моорогт хийсэн, тэгээд цагдаад болсон бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн гэв.

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " Т" цементийн үйлдвэрт үйлдвэрийн механик албан тушаал дээр ажилладаг. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай үйлдвэрийн дарга Ц , компани ерөнхий захирал Э нар надад хандан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ү " гэх манай компанийн гөлтгөнийн уурхайгаас гөлтгөнө татаад ир гэж үүрэг өгсөн. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн үед 8 тээврийн хэрэгсэл буюу Х маркийн тээврийн хэрэгсэл тус бүр нэг нэг жолооч, 1 ковш нэг жолоочтой, би өөрөө нийт 10-уулаа явсан, мөн Сөгдөхийн уурхайгаас манай экскаваторыг траллерт ачуулан шууд Ү-ийн уурхай руу явуулсан. Бид нар Ү-ийн уурхай руу явж байгаад замдаа хонож, маргааш өглөө буюу 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө цааш хөдөлж Ү-ийн уурхай дээр 07 цагийн үед очсон, бид нарыг очих үед Сөгдөхөөс гарсан траллер ирсэн байсан. Тэгээд бид жолооч нарын гөлтгөнө шигших шигшүүр босгох болсон бөгөөд шигшүүрээ 2 машинд ачиж байгаад буулгах гэсэн боловч байрлал нь буруу байсан тэгээд би хажууд байсан Б.П болон Энхбат нарыг хөлийг нь тэгшил гээд хэлтэл Б.П , Э нар тухайн шигшүүрийг эргүүлэх үед тухайн шигшүүрийг дүүжилж өргөсөн байсан тросс тасарч шигшүүр Б.П-ийн бие дээр дарж унасан тэгээд би эксваторын шанагаар тухайн шигшүүрийг өргөж байгаад Б.П-г татаад гаргаад иртэл Б.П-ийн хамар, мөн дагз хэсгээр цус гарсан байсан. Тэгээд би татаж гаргаад шууд машинд зөөж авч очин суулгаад төмөр замын Ү өртөөний эмчид очин үзүүлтэл Б.П-г үзээд нас барсан байна гэж хэлээд шууд аймаг руу аваад яв гэсэн тэгээд би талийгаач Б.П-г аваад шууд Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Манай компанийн ерөнхий захирал 3.Э , үйлдвэрийн дарга Ц  нар 2023 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Сайншанд суманд байх цементийн үйлдвэрт Улаанбадрах сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гөлтгөнийн уурхайгаас гөлтгөнө авч ир гэж гар утсаар үүрэг чиглэл өгсөн. Тухайн ажилчдыг би өөрөө хариуцаж явсан бөгөөд надтай хамт 8 жолооч, 1 ковшийн оператор нийт 10 хүн бүгд тус бүрдээ техниктэйгээ явсан би Мэндээ гэх жолоочийн кабинд сууж явсан. Талийгаач Б.П   нь Ү-ийн уурхайгаас өөрийн хариуцаж авсан .. улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр гөлтгөнө ачиж Сайншанд суманд ирэх үүрэгтэй байсан. Тухайн өдөр манай компанийн зүгээс болон миний зүгээс ажилчдаа аюулгүй ажиллагааны заавар өгөөгүй байсан. Харин шигшүүр тавих үед шигшүүр буруу байрласан байсан тул би Б.П , Э  нарыг хоёр талаас нь тэгшил гэж хэлсэн тэгтэл шигшүүрний тросс тасарч тухайн шигшүүр Б.П-ийн дээр унасан. Тухайн үед шигшүүрийн гол хэсгээс нарийн троссоор хүлж байгаад экскаваторын шанаганы шүднээс гогцоолдож байгаад өргөж машин дээрээс буулгасан тэгээд байрлалыг янзлах болж дахин өргөж байгаад бага зэрэг эргүүлэх үед тросс тасарч талийгаач Б.П-гийн талруу унаж Б.П-г дарсан. Би Э , Б , Г нар яг хажуу талд нь хараад байж байсан. Бусад хүмүүс нь цаана ажилтай явж байсан. Тухайн шигшүүр зориулалтын шигшүүр биш гар хийцийн шигшүүр байсан. Ойролцоогоор 4 тонн хавьцаа байгаа байх. Амь хохирогч Б.П  "Т " ХХК-нд үнэгтийн уурхайгаас өөрийн хариуцаж авсан 57-... улсын дугаартай Ховоо маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр гөлтгөнө ачиж Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа манай компани үйлдвэрийн хашаанд буулгахаар байсан. Тухайн тээврийн хэрэгслийн С ангиллын жолооны үнэмлэхтэй хүн барьж замын хөдөлгөөнд оролцоно. Амь хохирогч Б.П  манай компанитай хөдөлмөрийн гэрээ хийгээд ажилд орсон болохоор С ангиллын жолоо барих үнэмлэхтэй гэж бодсон. Тэрнээс биш би тухайн иргэн Б.П.ийн ямар тээврийн хэрэгсэл барих жолооны үнэмлэхтэй эсэх талаар шалгаагүй. Миний бие тухайн компанид 2008 онд механик албан тушаалтайгаар ажилд орсон. Ажлын байрны тодорхойлолтод бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шалгах үүрэгтэй байдаг. Тухайн механик инженер албан тушаал дээр ажилдаг. Амь хохирогч Б.П.ийн үед бол шалгаагүй. Амь хохирогч Б.П.д компани зүгээс ажлын байрны хувцас хэрэгсэл тавьж олгоогүй. Ажлын байрны хувцас хэрэгслийг үйлдвэрийн дарга хөдөлмөр хамгаалалтын инженер хоёр хариуцаж тавьж олгох ёстой байдаг. Самосвал оператор ажлын байранд дээр ажиллах хүн уурхайд ажиллах үед аюулгүйн малгай /каск/, ажлын бээлий, шорооноос хамгаалах нүдний шил, хувцасны гадуур өмсөх гэрэлтдэг хантааз, хөлийг хамгаалсан урд талдаа төмөртэй ажлын гутал өмсөх ёстой байдаг. Миний бие ажилчид нарт ямар төрлийн ажлын хувцас хэрэгсэл хэрэгтэй байгаа талаар үйлдвэрийн дарга болон компани удирдлага нарт танилцуулж байгаагүй. Ажлын хувцас хэрэгсэл тавьж олгох тал дээр үйлдвэрийн дарга, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дарга нар хариуцна гээд би энэ ажилд оролцдоггүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай компани Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Ү гэх уурхайгаас гөлтгөнө татах гээд хөдлөх үед хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүн ямар нэг зааварчилга өгөөгүй, ямар хүн ажилдаг талаар сайн мэдэхгүй байна. Нэг эмэгтэй хүн ажилд орох гэж байгаа талаар сонсон. Харин энэ гэмт хэрэг гараны дараа Чинзориг гэх залуу ажилд орсон байдаг юм. Манай компани экскаваторыг техникийн хяналтын асуудал хариуцсан байгууллагаас кран болгон ашиглах зөвшөөрөл аваагүй. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй гэжээ. /2-р хх-ийн 108-110/

2025 оны 03 сарын 07-нд өгсөн мэдүүлэгтээ: Манай компанийн зүгээс ямар нэг өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж зохих зөвшөөрөл аваагүй байсан. Манай компани сая ажил эхлэхээс өмнөх жилүүдэд хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан байх үед аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж шалгалт өгдөг байсан. Сая ажил эхлэх үед хөдөлмөр аюулгүй байдлыг хангах ажилтан байхгүй байсан тул шууд ажилд гарсан. Тухайн өдөр би ажилчдад амаар зааварчилга өгсөн. Тэрнээс биш ямар нэг бичгээр зааварчилга өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Манай компанийн ажилчид өөрсдөө хийсэн гар хийцийн шигшүүр юм, ямар нэг улсад үйлдвэрлэсэн зүйл байхгүй. Тухайн шигшүүртэй холбоотой ямар нэг заавар дүрэм журам, ажиллах хугацаа ноором байхгүй. Манай компани 2022 онд буюу энэ гэмт хэрэг гарахаас 1 жилийн өмнө өөрийн компанид ашиглах зорилготой шигшүүр хийсэн юм. Ямар нэг уул уурхайн яам болон эрх бүхий байгууллагаас шигшүүр ашиглах талаар зөвшөөрөл авсан зүйл байхгүй гэжээ. /2-р хх-ийн 229/

Шүүгдэгч Д.Э  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 10 машин Ц-гээс аваад явсан. Шөнө Х-ийн уг гээд газарт амарсан. Өглөө 06 цаг болж байхад жолооч нараа сэрээгээд 30-ны өглөө явсан. 08 цагт уурхай дээр бид хэд очсон. Экскаватороор 2 жолоочоо шигшүүрэг буулгана гэж хэлээд аман үүрэг өгсөн. Троссоор өргөөд буулгасан юм, тэгээд экскаваторыг эргүүлж байхад тороос нь мултраад хүний амь нас хохирсон. Тэгээд шууд амь нас хохирсон хүнээ машинаар өртөөний эмнэлэг рүү аваад явсан. Тэр хүртэл амьсгалж байсан. Очоод эмчид үзүүлэхэд амьсгал хураасан байсан. Эмч шууд Сайншанд руу аваад яв гэсэн, ийм л зүйл болсон гэв.  

Иргэний хариуцагч Т ХХК-ий төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харамсалтай хэрэг гарсан. Хохирогчийн ар гэртэй байнгын холбоотой байгаа. Хохирогч талтай эвлэрлийн гэрээ байгуулж 2025 оны 07 сарын 01-ны дотор 3 хүүхдийн дансанд 30,000,000 төгрөгийг байршуулах байсан. Энэ мөнгийг өнөөдөр өгнө. Хохирогч талд нийт 120,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Хэдийгээр хүний амийг юугаар ч нөхөж чадахгүй боловч манай байгууллагаас жоохон ч гэсэн дэм үзүүлэх үүднээс хохирлыг барагдуулж байгаа гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Зуунмод сум,.. баг, ... тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай нөхөр Б.П  2022 онд Т ХХК-д жолоочоор ажилд орсон бөгөөд 2022 ондоо Дархан хотын зам дээр ажиллаж байгаад өвөл болж амарч байгаад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны хавьцаа Дорноговь аймагт машин барина гэж явсан. Тэгээд Дорноговь аймагт өөрийн хариуцаж авсан машинтайгаа цемент зөөж байна гэж ярьж байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 18 цагийн үед над руу залгаад хайр нь Дорноговь аймаг Сайншанд сумаас 100 гаран километрийн зайд байх Г--ийн уурхайгаас гөлтгөнө зөөж ирэхээр явж байна одоо ингээд сүлжээгүй болох байх гэж ярьсан. Тэгээд би тухайн өдрийн орой залгаад гар утас нь холбогдох боломжгүй байсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өглөө залгахад бас гар утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл тухайн өдрийн 10 цагийн үед манай хадам ээж миний гар утас руу залгаад сая Пүрэвсүрэнгийн ажлын газраас залгалаа бие нь маш муу байна гэж хэлж байна гэж хэлсэн тэгээд бид нар бөөндөө Төв аймгийн Зуунмод сумаас гарах үед манай нөхрийг нас барсан гэж хэлсэн. Бид нар шууд Дорноговь аймаг Сайншанд суманд ирэхэд манай нөхөр Б.П-г аймгийн эмнэлгийн моорогт хийсэн гэж байсан. ...2022 оноос хойш Т  ХХК-д жолоочоор ажиллаж байсан. Нөхөр бид хоёр 2 хүүтэй бөгөөд одоо би 4 сартай жирэмсэн. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчин зовлон ярьдаггүй байсан. Манай нөхөр Б.П  илэн далангүй нийтэч яриа хөөрөө сайтай найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн байсан. Архи дарс уугаад байдаггүй тамхи бол татдаг байсан. Би маш их гомдолтой байна. Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байгаа дээрх хэргийн үнэн бодитоор шийдвэрлэж өгөхийг хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүсэж байна. Хөдөлмөрийн байцаагчийн гаргасан дүгнэлт нь дутуу гаргасан гэж би бодож байна. Талийгаач нөхрийн минь дарсан гэх шигшүүрийг өргөсөн гэх ковш нь зориулалтын шигшүүрэг өргөх механизм байсан эсэхийг хөдөлмөрийн байцаагчийн дүгнэлтэд тусгаагүй, тухайн шигшүүрийг яаж угсрах техникийн паспортыг дүгнэлтэд тусгаагүй зэрэг байдлууд нь учир дутагдалтай байна иймд хөдөлмөрийн байцаагчийг шүүх хуралдаанд оролцуулах аль эсвэл хөдөлмөрийн байцаагчаас нэмэлт тайлбар асуулгах хүсэлтэй байна. Буруутай этгээдийг зөв олж тогтоолгох хүсэлтэй байна. Талийгаачийн оршуулгын зардал болон 21, 49 хоногт гаргасан зардлуудыг баримтаар нэхэмжлэх, дээрх хэрэг гарсан цагаас хойш Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу ирж очих болон байрласан буудал зэргийн зардлуудыг баримтаар нэхэмжилнэ. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 36 сарын цалинг нэхэмжилнэ. Иргэний хуулийн дагуу сэтгэл санаа хохирол, талийгаачийн гурван хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэмжийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн дагуу талийгаачийн хүүхдийг асарч буй хүнд 8 нас хүртэлх хугацаанд тэтгэмж олгоно гэсний дагуу дээрх нэхэмжлэлүүдийг хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаж байна. Холбогдох шаардлагатай баримтуудыг хавтаст хэргийн материал танилцахдаа гаргаж өгнө. Дээрх хэрэгт хариуцагч компанийн зүгээс оршуулгын зардалд 15 сая төгрөг өгсөн мөн талийгаачийн цалингийн зээл болон малчны зээл болох нийт 12 сая төгрөгийг талийгаачийн ээжтэй хоорондоо ярин төлж барагдуулсан. Т ХХК-ний захирал гэх хүн болон түүний өмгөөлөгч нар нь 75 сая төгрөг санал болгон мөнгө өгсний хариуд гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөх зэргээр санал тавьж намайг өнөө маргаашгүй төрөх дөхсөн байхад удаа дараа дарамталж сэтгэл санаагаар унагаж байсан. Тухайн 75 сая төгрөгийг одоо авахгүй бол цаашид нэг ч төгрөг өгөхгүй хуулийн дагуу яваад та нар манай компаниас нэг ч төгрөг олж авч чадахгүй гэх мэтээр дээрэнгүй харьцаж байгаа нь харамсалтай санагдаж байна. Миний нөхөр 28 настай идэр залуу насандаа үр хүүхэд болон хань ижлээ орхин тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болсоор байхад биднээс огт уучлалт гуйгаагүй атлаа хайрт ханийн минь амь насыг 75 сая төгрөгөөр үнэлж биднийг дарамтлан дээрэнгүй үйлдэл гаргаж байгаа нь надад болон үр хүүхдүүд нь үнэхээр харамсалтай байна. Иймд хуулийн байгууллага үнэн зөвөөр шалган шийдвэрлэж өгнө үү. Талийгаачийн оршуулгын зардал гэж 15 сая төгрөгийг өгсөн. Тухайн мөнгөнөөс 9 сая төгрөгийг талийгаачийн буяны ажилд шилжүүлэн өгч үлдэгдэл 6 сая төгрөгийг би өөрийн дансаар хүлээж авсан. Би өөрийн дансаар хүлээж авсан мөнгийг талийгаачийн буяны ажилд зарцуулсан. Тухайн гэрээгээр талийгаачийн ээж, ах дүүсэд нийт 15 сая төгрөг, эхнэр болох миний бие үр хүүхдүүд нь 75 сая өгөхөөр бас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талийгаачийн гурван хүүхдэд тус бүрд нь 10 сая төгрөгийн хадгаламж нээж өгнө гэсэн утгатай эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Одоогоор санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 34, 38, 44/

Гэрч Л. Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос .., ., ... улсын дугаартай Х  маркийн тээврийн хэрэгслүүдтэй М , П , М , Г , талийгаач П , Д  бид 7 Дорноговь аймгийн Сайншанд суманд ирээд Сайншанд сумаас ертөнцийн зүгээр урагш 40 км гаруй зайд С-ийн уурхайд ажиллаж байгаад 04 дүгээр сараас 27-нд Сайншанд суманд ирээд амарч байгаад 04 дүгээр сарын 29-ний өдөр Сайншанд сумаас оройны 19:00 Ү-ийн уурхай руу .., .., .., .., .., .. улсын дугаартай Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Д , М , П , Г , талийгаач П , Б , Г  бид хэд хөдөлсөн, экскаваторын жолооч М  урд өдөр нь түрүүлээд явсан байсан. Сайншандаас Ү-ийн уурхай руу явж байгаад шөнийн 23:00 цаг өнгөрч байхад замдаа хонохоор болоод унтсан, маргааш нь буюу 04 дүгээр 30-ны өдөр 04:00 цагийн үед хоносон газраасаа хөдөлсөн. Ү  уурхай дээр 07:00 цаг өнгөрч байхад Үнэгт уурхай дээр очоод машин дээрээ гэр болон тоног төхөөрөмжүүдээ буулгаж эхэлсэн. ... улсын дугаартай Х  маркийн машин дээр байсан шигшүүрийг экскаватораас М буулгасан хамгийн сүүлд .. улсын дугаартай Х маркийн машин дээр Д гараад шигшүүрийг экскаваторын шанаганы шүднээс тороос зүүж байсан тэгээд М шигшүүрийг өргөөд газар буулгах гэж байсан чинь бид нарыг хариуцаж байсан Э наадах чинь буруу харсан байна жаахан өргөж байгаад эргүүлчих гэхээр би талийгаач П бид 2 талд гарч байгаад зөөлхөн эргүүлж байсан чинь экскаватороос зүйлтэй байсан тороос нь тасрах шиг болохоор нь би цаашаагаа үсрээд эргэж хараад талийгаач П рүү харсан чинь П-г цаашаагаа нэг алхах шиг болсон шигшүүрийн унахдаа толгойны ар хэсэгт нь цохих шиг болоод унаад өгсөн чинь, шигшүүр нь дээрээс нь унаад өгсөн. Би очоод хартал талийгаач шигшүүрт даруулсан байхаар нь би өргөх гэсэн чинь чадахгүй нөгөө хэдийг дуудсан чинь бүгд хүрээд ирсэн. Тэгээд экскаваторын жолооч М-ийг хурдан өргөөрэй гэж хэлээд шигшүүрийн булангаас нь өргүүлэхээр нь талийгаач П-г татаж гаргасан. Би хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа амаараа авсан зааварчилгаа дээр гарын үсэг зураагүй. Надад Э дарга зааварчилгаа өгдөг байсан. Хаяа Ц  зааварчилгаа өгдөг байсан. Би хэрэг болдог өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгаач П бид 2-г шигшүүрийн 2 талаас эргүүлэх үүргийг Энхрийхүү дарга өгсөн. Намайг талийгаач П  дээр очиход амьсгалахгүй байсан, татаж гаргаж ирсний дараа жаахан амьсгаа аваад биеэ хөдөлгөж чадахгүй нүд нь бага зэрэг хөдөлж байсан гэжээ. /1-р хх-ийн 54-55/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би "Н  " ХХК-"нд 2023 оны 04 дүгээр сарын 19-нд ороод 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос ............ улсын дугаартай Х  маркийн авто машинтай Э , Г , М , талийгаач П  бид 5 Дорноговь аймгийн Өргөн сумаас ертөнцийн зүгээр баруун тийш С  гэх газар ирээд ажиллаж байгаад 04 дүгээр 29-ний өдөр 18 цаг 30 минутын үед с-ийн уурхайгаас экскаватораа Н маркийн автомашин дээр ачаад Х  ахтай хамт Сайншанд сумын Зүүнбаян багаас ертөнцийн зүгээр зүгт байрлах Ү-ийн Гөлтгөнийн уурхай руу хөдөлсөн, Харин Сайншанд сумаас талийгаач П , Д , Э , М , Г , Э , П  нар Ү-ийн уурхай руу надаас тусдаа хөдөлсөн. Би Х  ахтай замдаа явж байгаад шөнийн 00 цаг10 минутын орчимд Ү-ийн уурхайгаа мэдэхгүй байсан болохоор замдаа хоноод маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 30-ны өдөр үүрийн 04 цаг 50 минутад хоносон газраасаа Ү-ийн уурхай руу хөдөлсөн. Ү-ийн уурхай дээр 05 цаг 30 минутад очсон. Жолооч ах Х  Замын-Үүдэд ажилтай гээд экскаватораа машин дээрээсээ буулгаад намайг үлдээгээд яваад өгсөн, би нөгөө хэдийгээ хүлээгээд экскаватор дотроо унтаад өгсөн. Намайг унтаж байхад машин сагнаалдах чимээ гараад би сэрсэн хартал талийгаач П , Д , Э 3 ирсэн байсан. Би тэгэхээр нь та хэд яасан удав аа гэсэн чинь шигшүүрүүдийн боолт зэргийг салгаж ачаад түлшээ авсаар байгаад удчихлаа гэсэн тэгээд араас нь Г , М , Э , П бас нэрийг нь мэдэхгүй нэг ах байсан. Тэгээд бид нар том машин дээр ачсан байсан тоног төхөөрөмжөө буулгах гээд машинаа гарсан. Эхлээд П  ах Д  хоёр .. улсын дугаартай Х  маркийн машин дээрээс гэрээ буулгаж байсан чинь Э ах шигшүүрээ буулгацгаая гэсэн би тэр үед экскаватор дотор сууж байсан чинь Э ах .. маркийн машинтай ирж зогсохоор нь талийгаач П , Д  2 шигшүүрийг тороосоор ороож зүүгээд экскаваторын шанаганы шүдэнд зүүгээд өгөхөөр нь би экскаватор өргөөд .. Улсын дугаартай Х маркийн машины хажууд буулгасан, тэгээд буулгасны дараа Э  машинаа хөдөлгөөд  .. Улсын дугаартай Х  маркийн машины буруу талаар нь орж зогссоны дараа талийгаач Э  ахын .. машин дээр гараад дэвшин дээр нь байсан 2 ширхэг барилгын төмөр буулгасан. Талийгаачийг Э ахын машины дэвшин дээр байхад .. дугаартай Х  миний хажууд ирж зогссон чинь Д  .. дугаартай машины дэвшин дээр шигшүүр оосорлож өгөх гээд гараад талийгаач П-г дуудаад хоёулаа энийг цуг оосорлоё гэсэн чинь талийгаач П  за байж байгаарай би энэ 2 төмрийг тийш нь аваачиж тавьчхаад очъё гэсэн чинь Даваа хүлээж байхдаа шигшүүрийг оосорлож экскаваторын шанаганы шүдэнд зүүж өгсөн. Зүйгээд дуусахаар нь би экскаваторыг ажиллуулаад шигшүүрийг өргөөд өмнө буулгасан шигшүүрийн хажууд буулгах гэсэн чинь Э  ах наана тавиад яах юм бэ шууд суурилуулах газраа буулга гэсэн тэгээд суурилуулах газраа буулгах гэж байсан чинь Э ах наадах чинь буруу харсан байна эргүүлээд тавьчих гэж хэлсэн чинь шигшүүрийн хажуу талд байсан талийгаач П , Э ах эргүүлэх гээд татсан чинь тороос нь тасраад шигшүүр газар унасан. Тэгсэн чинь газар тоос босохоор нь би далийгаач П-г хажуу талын нүх рүү уначихлаа гэж бодсон харин Э  ах цаад талын овгор шороо руу үсэрсэн байсан тэгээд тоосон дунд юм харагдахгүй байсан болохоор нь тоос намжихыг хүлээж байгаад тоос намжсаны дараа хартал шигшүүрийн доод талд талийгаач П  даруулсан хэвтэж байхаар нь экскаваторын шанагаа өргөж байгаад шигшүүрийн булангаас бага зэрэг өргөсөн чинь цаанаас М , Г , тэнчээ байсан бүх хүмүүс ирээд талийгаачийг татаж гаргасан. Би тэгээд экскаватор дотроос буугаад очиж хартал талийгаач ухаан алдсан байсан. Тэгсэн чинь Г хажуу талын уурхай руу яваад жижиг машин олоод ирье шууд эмнэлэг аваад явъя гэж хэлээд явсан тэгээд хажуу талын уурхайгаас машин ирээд Э , Г бид 3 талийгаачийг аваад хамгийн ойрхон эмнэлэг рүү явъя гээд явсан талийгаач замдаа амьсгал хураасан. Би экскаватор барих эрхтэй, 2018 онд хүнд машин механизмын оператор чиглэлээр 30 хоногийн сургалтад суралцаж мэргэжлийн үнэмлэх зэргийг авсан. Би 2018 оноос хойш барьж байгаа 2019 онд Цэргийн алба хааж байхдаа Тавантолгой Зүүнбаянгийн төмөр зам дээр экскаваторын оператораар ажиллаж байсан. Би энэ "Н " ХХК-д ажилд орсон цагаасаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг Улаанбаатар хотоос гарахдаа амаар танилцуулахад нь авч байсан өдөр болгон зааварчилгаа авч байгаагүй би гарыг зааварчилгаа аваад гарын үсэг зурж байгаагүй. Надад Э  ах зааварчилгаа өгдөг байсан. Э  ахыг ямар албан тушаалтайг мэдэхгүй. Үйлдвэрийн дарга Ц  зааварчилгааг амаар өгдөг байсан зааварчилгаа дээр гарын үсэг зуруулж байгаагүй. Би хэрэг болдог өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад анх шигшүүрийг буулгах үүргийг Э ах өгсөн. Намайг шигшүүрийг өргөхөд талийгаач П  хамгаалалтын хувцас хэрэгсэл байгаагүй цацруулагчтай хувцастай байсан. Талийгаач П  доошоо харсан байдалтай шигшүүр нь далны доод хэсэгт нь дарсан. Талийгаач П-г гаргаж ирэхэд толгойны дагзны дээд хэсгээс цус гарсан, хамраас цус гарсан байдалтай ухаангүй байсан. Шигшүүр 3-с 3,5 метр урт өргөнтэй, жингийн хувьд нэлээд хүнд, зориулалт нь шороог шигшээд бүхэл болон нунтгаар нь ялгадаг зориулалттай гэжээ. /1-р хх-ийн 57-58/

Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх ажлыг эхлүүлэх гээд машин тэрэгтэйгээ очоод ачаагаа буулгаад ачих ёстой ажлаа эхлүүлэх гэж байгаад тухайн асуудал болсон байна. Амь хохирогч Б.П-г манай хүний нөөцийн ажилтан ажилд авсан миний хувьд өөрөө ажилтнуудтай харьцах шаардлага байдаггүй, миний хувьд үйлдвэрийн дарга Ц-тэй харьцаж, үйлдвэрийн дарга нь ажилтнуудтайгаа механиктайгаа ажилладаг, Улаанбаатар хотод компани оффис төв нь байдаг өдөрт хийж байгаа ажил үүргийн хуваарийг үйлдвэрийн дарга Ц хариуцдаг бөгөөд үйлдвэрийн даргатай тусгай нөхцөлтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байдаг юм, үйлдвэрийн дарга нь хөдөлмөр аюулгүй ажиллагаа, хоол унд ажилд авах, халах эрх мэдэлтэй, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ер нь намайг орлосон бүхий л ажлыг зохицуулах гэрээтэй байдаг. Үйлдвэрийн дарга Ц  өөрөө багаа бүрдүүлж хүний нөөцийн ажилтантай хамтарч ажилд авах эрх нь Ц-т өөрт байдаг, тухайн үед өөрөө зарлал тавиад уулзалтаа хийж байсан. Үүнийг Ц  тодорхой мэднэ. Энэ ажлын хувьд болохоор 4 хоног ажиллаад л явах байсан, ер нь бол ажилчдад өвөл зуны хувцас өгдөг, тухайн үед байсан үгүйг мэдэхгүй байна, амь хохирогчийн ар гэрийнх нь хүмүүс болон ээж, эхнэр, ихэр нь гэсэн хүмүүстэй уулзсан, оршуулгын зардал 15 сая төгрөг, малчны зээл нь болохгүй боллоо нэхэгдээд байна гээд 7 сая төгрөг төлж барагдуулсан, дараа цалингийн зээл гээд 7 билүү 8 сая төгрөг төлсөн байгаа, хадмындаа амьдардаг байсан юм байна лээ. Төв аймагт 2 өрөө байр шийдээд өгөөч гэж хүсэлт тавьсан байгаа тэр нь 75 сая төгрөгийн ханштай байгаа юм байна лээ, миний хувьд саналд нь хүндэтгэлтэй хандана, тодорхой хэмжээний хугацаа байвал боломж байна, шууд одоо бол бэлэн гаргаад өгөх мөнгө төгрөг байхгүй байна гэж хэлсэн байгаа. "Т " ХХК-ны гүйцэтгэх захирал миний бие амь хохирогч Б.П-тэй хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал 7 сарын хугацаанд ажиллах гэрээг баталсан. Манай компани хүний нөөцийн ажилтан манай компанид ажиллах хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, тохирох ажлын байран дээр нь гэрээг боловсруулж гүйцэтгэх захирал миний биеэр гэрээг баталгаажуулдаг. Би бол тухайн гэрээ байгуулж байгаа хүмүүсийн ажил горилогчийн анкеттай танилцдаг, өөр бичиг баримттай танилддаггүй. Манай компанид олон хүмүүс ажилд ордог тул нэг бүрчлэн бичиг баримттай танилцах боломж байдаггүй. Манай компанийн хүний нөөцийн ажилтан бичиг баримтын бүрдлийг хангаж ажилдаг. Амь хохирогч Б.П  "Т " ХХК-нд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Самосвал операторын жолооч ажилд орсон. Тухайн хүнийг ямар тээврийн хэрэгсэл барьж хөдөлгөөнд оролцох талаар дээр манай компани механикийн инженер зохион байгуулна, Үйлдвэрийн дарга бол ажилчид ямар ажил хөдөлмөр эрхлэх, амрах цагийн хуваарь, хоол хүнс, бүх үйлдэл хөдөлгөөнийг хариуцдаг. Амь хохирогч Б.П  ямар тээврийн хэрэгсэл барих жолооны үнэмлэхтэй байсан талаар мэдэхгүй байна. Тухайн хүнтэй миний бие уулзаж байгаагүй, миний зүгээс үйлдвэрийн дарга, хүний нөөцийн ажилтан нартай тусгай нөхцөлтэй гэрээ байгуулж, тухайн хүмүүс компанид ажиллах хүмүүсийг шалгаруулж авах, тухайн орон нутгийн хүмүүсийг ажилд авах зэрэг олон ажлыг зохион байгуулж, өөрсдийн бага буюу хамтран ажиллах хүмүүсийг бүрдүүлж ажиллах ёстой байдаг. Миний зүгээс амь хохирогч Б.П-д ажлын хувцас тавьж олгосон талаар мэдэхгүй байна. Манай компани үйлдвэрийн дарга ажилчид нарт ямар төрлийн хувцас хэрэгсэл хэрэгтэй байгаа талаар санхүүжилт хүссэн хүсэлт явуулдаг юм энэ талаар бичиг баримт байгаа талаар харах шаардлагатай байна. Самосвал оператор ажлын байранд дээр ажиллах хүн ямар төрлийн ажлын байрны хувцас хэрэгсэл хэрэглэдэг талаар сайн мэдэхгүй байна. Манай ажлын хүмүүсийн ярьж байгаагаар цар тахлын үед өмсөж байгаа битүү цагаан хувцас зүгээр байна гэж яригдаж байсан. Үйлдвэрийн дарга ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчид нарт ямар төрлийн хувцас хэрэгсэл хэрэгтэй байгаа талаар хүсэлт гаргаж өгч, ямар материалаар хийлгэх талаар саналт бас гаргаж өгдөг. Тухайн үед манай компанид хөдөлмөр аюулгүй байдлын инженер албан тушаал дээр ямар нэг хүн ажиллаж байгаагүй. Манай компани үйлдвэрийн дарга, хүний нөөц албан тушаал дээр ажиллаж байсан хүмүүс манай компанид ямар ажлын байранд дээр ямар хүмүүс хэрэгтэй байгаа талаар зар мэдээлэл байршуулсан. Хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн хувьд Д.Д  гэх эмэгтэй орох талаар хүсэлт өгөөд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу нэгдэх өдөр ажилд орж гэрээ байгуулахаар тохирсон байсан байна лээ. Харин тухайн осол бол 04 дүгээр сарын 30 өдөр буюу бүтэн сайн өдөр болсон юм. Манай компани үйлдвэрийн дарга өгсөн байх. Манай компани экскаваторыг техникийн хяналтын асуудал хариуцсан байгууллагаас кран болгон ашиглах зөвшөөрөл аваагүй гэжээ. /1-р хх-ийн 60-61, 63-64/

Шинжээч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.”Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах зорилгоор ажилтны төлөөлөгчтэй хамтын хэлэлцээ хийх, ажилтантай харилцан тохирч хөдөлмөрийн гэрээ, түүнийг дагалдах гэрээг байгуулах бөгөөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцааны асуудлаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоох эрхтэй”, 49.3.”Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно.” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн гурав дугаар дэд бүлгийн хөдөлмөрийн гэрээний төрөл гэх хэсэгт Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний талаар тодорхой тусгаж өгсөн байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.2.”Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэж заасан байна. Иймд ажил ологчийн тушаал шийдвэр, ажлын байрны тодорхойлолтод тусгасан бол зарим чиг үүргүүдийг давхцуулахгүйгээр зохицуулалт хийж, шилжүүлж болно гэж үзлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.”Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.”, 10.3.”Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна” гэж заасны дагуу нэг утгуурт экскаваторыг түүний техник ашиглалтын паспорт болон мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн ачаа өргөх краны зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө. Ийм үед экскаватор нь "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд өргөх байгууламж тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар шалгуулж, заавар зөвлөмж дүгнэлт гаргуулсан байна. У.Ц  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг Тээлийн шонхор ХХК-ийн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1, 4.2.8. 4.2.9-т заасан ажилтны үүрэг, хөдөлмөрийн гэрээний хавсралт Ажлын байрны тодорхойлолтын Үндсэн үүрэг: 4,8,16,17,18-д зааснаар тодорхойлж тогтоож өгсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.8, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралт Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм-ийн 5.а/, д/,142 дахь заалтуудыг; Д.Э  нь Т ХХК-ийн механик Хөдөлмөрийн гэрээний хавсралт 3-т Ажлын байрны тодорхойлолтын Хоёр. Чиг үүрэг: “Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх” болон Үндсэн үүрэг: 2, 8, 10, 13, 14-т заасан үүрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.5.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1, 4.14, 4.16, 4.17 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй байх тул хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалт, техник технологи хэрэгжүүлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг У.Ц , Д.Э  нар хариуцах ёстой. Хөдөлмөрийн сайдын 2023 оны А/173-т заасан журмаар Тээлийн шонхор ХХК-ийн ХАБЭА-н ажилтан нийт ажилтны сургалтыг 27.3-т заасан үүргээ хэрэгжүүлэхээр байна. Өргөх механизмын аюулгүй байдлыг хариуцагч сургалтад хамрагдаж шалгалт өгсөн тушаалаар томилогдсон хүн үйлдвэрлэлийн талбай дээр хэрэгжүүлэх /механик инженер/. У.Ц нь Т ХХК-ийн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1, 4.2.8, 4.2.9-т заасан ажилтны үүрэг, хөдөлмөрийн гэрээний хавсралт Ажлын байрны тодорхойлолтын Үндсэн үүрэг: 4. “Ажилчдын эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж ажиллах”, 8.”Гэнэтийн нөхцөл байдалд техникийн болон удирдлагын оновчтой шуурхай шийдвэр гаргаж зохицуулалт хийх”  16.”ХХАА-ны дүрмийг ажилчдадаа сахиулан ажиллуулах, өдөр тутам, сар бүр зааварчилгаа өгөлтөд хяналт тавих”, бусад 17, 18-д зааснаар тодорхойлж тогтоож өгсөн байна. Мөн Тээлийн шонхор ХХК-ийн механик Д.Э нь Хөдөлмөрийн гэрээний хавсралт 3-т Ажлын байрны тодорхойлолтын Хоёр. Чиг үүрэг: “Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх” болон Үндсэн үүрэг: 2, 8, 10, 13, 14-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь Үйлдвэрлэлийн талбай дээр хэн хариуцан ажиллах, тодорхой зааж тусган хэрэгжүүлэхээр үүрэг болгох, тухайн талбайг хариуцсан ажилтан хариуцан ажиллах ёстой, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомжид нийцнэ. Энэхүү хуулийн 27.3, 27.5-д тодорхой заасан байна. Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэлбэр бөгөөд эрсдэлийн үнэлгээ хийгээд түүнийг ажил хэрэг болгон ажлын байран дээр хэрэгжүүлэх нь гол бөгөөд осол гарах нөхцөлийг бууруулах талтай гэж үздэг. Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь осол гарахад шууд нөлөөлөх нөлөөлөл багатай бөгөөд ажил олгогч болон Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.5-д заасан албан тушаалтан хүлээнэ. Т ХХК-ийн үйлдвэрийн дарга У.Ц  нь уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 142 Нэг утгуурт экскаваторыг түүний техник ашиглалтын паспорт болон мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн ачаа өргөх краны зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө. Ийм үед экскаватор нь "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн шаардлагыг хангуулаагүй, хяналт тавьж ажиллаагүй. Т ХХК-ийн механик Д.Э нь Экскаваторыг краны зориулалтаар ашиглан ачаа буюу шигшүүрийн тоног төхөөрөмжийг өргөж буулгах, шилжүүлэх ажлыг гүйцэтгэхдээ ачаа буюу шигшүүрийг байрлах талбайд өргөсөн үед хохирогч Б.П  болон Э  нарыг тухайн шигшүүрийг эргүүлэх тэгшлэх үүрэг өгөхдөө түүний уртад тохирсон татуурга хэрэглэх шаардлагыг өгөөгүй, тэд өргөсөн ачааг гараар чиглүүлэх эргүүлэх үйлдлийг гүйцэтгэх үед тросс хомутаас мултарсан /тасарсан байж болзошгүй/-ны улмаас Б.Пүрэвсүрэн нь ачаанд дарагдаж амь нас нь хохирсон байна гэжээ. /2-р хх-ийн 235-237/

Шүүх шинжилгээний 2023 оны 05 сарын 24-ны өдрийн 02/028 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Амь хохирогч Б.П-ийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун уушгины шарх, үнхэлцэг хальсны урагдал, цээжний хөндий, үнхэлцгийн хөндий дэх цус алдалт, баруун, зүүн уушгины цус хуралт, баруун 7, 8, 9 10 дугаар хавирганы хугарал., хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, гавал ясны эмтрэл, толгойн шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамрын нуруу, эрүү, нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.4.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.6.Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 7.Амь хохирогч Б.П  нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. 8.Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 9.Амь хохирогчийн цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна. /1-р хх-ийн 73-81/

Шинжээчийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн ШД/2023-04 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 88-91/

Шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 2024-06/01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 107-110/

Т ХХК-ны гүйцэтгэх захирал З.Э-ын шүүгдэгч Д.Э-эй хийсэн 2022 оны 09 сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1-р хх-167-172, 173-174/

Т ХХК-ны гүйцэтгэх захирал З.Э-ын шүүгдэгч У.Ц-тэй 2023 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 217-224/

Т ХХК-ны механик инженерийн албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 225-228/

Т ХХК-ны гүйцэтгэх захирал З.Э-ын амь хохирогч Б.П-тэй 2023 оны 04 сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 сарын 31-ны өдрийг дуустал буюу 7 сарын хугацаатай байгуулсан Хугацаатай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 03-06, 07-08, 09/

Хохирлын баримтууд /2-р хх-ийн 33-46/

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 93,114/

Хэргийн материалтай танилцсан тэмдэглэл  /2-р хх-ийн 123-129, 3-р хх-ийн 12-17/

2025 оны 01 сарын 28-ны өдрийн ХАБ-060/84/85/86/87-25/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 203-215/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч У.Ц-ийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байх Т хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн талбай буюу Ү-ийн уурхай гөлтгөнө олборлох талбай дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг “... Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно...” гэсний дагуу Т хуулийн этгээдийн ерөнхий захирал 3.Э-тай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” байгуулж, уг хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсгийн 3.1-д “Дорноговь аймаг Сайншанд сум, 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах цемент үйлдвэрлэх үйлдвэрийн технологи, холбогдох материалын олборлолт, нийлүүлэлтэд цемент тавих чиглүүлэх, хэвийн тасралтгүй ажиллагааг хянах, үйлдвэрийн аюулгүй ажиллагааны хяналт тавих, үйлдвэрийн төлөвлөгөөний дагуу бүтэгдэхүүнийг үйлдвэрлэх, удирдан чиглүүлэх, мөн удирдах албан тушаалтны хуулийн дагуу заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ”, 4.2.8 "ажилтан нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж шаардлага хүргүүлнэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн (цаашид ХАБЭА гэх) ажилтныг чиглүүлэн ажиллах үүрэгтэй", 4.2.9 “Ажилтан нь үйлдвэрийн аюулгүй ажиллагаа болон кемп дэх ХАБЭА-н байдлыг бүрэн хариуцаж, өдөр тутмын зааварчилгаа, аюулгүй ажиллагааны өдөр тутмын ажил, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй” гэснийг, Үйлдвэрийн даргын “албан тушаалын тодорхойлолт”-ын “Үндсэн үүрэг”-ийн 16 “ХХАА-Н дүрмийг ажилчдадаа сахиулан ажиллуулах, өдөр тутам сар бүр зааварчилга өгөлтөд хяналт тавих”, 18 “Хариуцсан нэгж, хэсэгт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, ангилал MNS (Монгол Улсын стандарт) 4931:2000 стандартын 3.12, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлд заасан “чиг үүргийн дагуу ажил олгогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах” гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн,

шүүгдэгч Д.Э-г 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байх Т хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн талбай буюу Ү-ийн уурхай гөлтгөнө олборлох талбай дээр Механик инженерийн “албан тушаалын тодорхойлолт”-ын “Үндсэн үүрэг”-ийн 2-т “Үйлдвэрийн оператор, жолооч, хүнд механизмын операторуудад засвар үйлчилгээний хэлтсийн ажилчдад ажиллагааны зааварчилга, чиглэл өгөх”, 10-д “Ажилчдаар үүргийн бус нэмэлт ажил гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэх аргачлалыг танилцуулах”, 14-д “Хариуцсан нэгж, хэсэгт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлд заасан “чиг үүргийн дагуу ажил олгогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах” гэснийг биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн талбай дээр гөлтгөнийг шорооноос ялгах, шигшүүр янзлах үүрэг авч ажил үүрэг гүйцэтгэж байсан самосвал оператор ажилтай Б.П  шигшүүрт дарагдаж амь насыг хохироосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/, гэрч Д.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/, гэрч З.Э-мэдүүлэг /1-р хх-ийн 60-61, 63-64/, шинжээч Л.Э-ын мэдүүлэг /2-р хх-ийн 235-237/, шүүх шинжилгээний 2023 оны 05 сарын 24-ны өдрийн 02/028 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-81/, 2025 оны 01 сарын 28-ны өдрийн ХАБ-060/84/85/86/87-25/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 203-215/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасны дагуу ...ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно..." гэсэн хуулийн зохицуулалтаар шүүгдэгч У.Ц-тэй 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т ХХК-ны захирал З.Э нь "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ" байгуулсан нь хууль зөрчөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд гэрээний "..3.1 дэх хэсгийн 3.1-д "Дорноговь аймаг Сайншанд сум, 4-р багийн нутаг технологи, холбогдох дэвсгэрт байрлах цемент үйлдвэрлэх үйлдвэрийн материалын олборлолт, нийлүүлэлтэд цемент тавих чиглүүлэх, хэвийн тасралтгүй ажиллагааг хянах, үйлдвэрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, үйлдвэрийн төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, удирдан чиглүүлэх, мөн удирдах албан тушаалтны хуулийн дагуу заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ", 4.2.8 "ажилтан нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж шаардлага хүргүүлнэ, ХАБЭА-н ажилтныг чиглүүлэн ажиллах үүрэгтэй", 4.2.9 "Ажилтан нь үйлдвэрийн аюулгүй ажиллагаа болон кемп дэх ХАБЭА-н байдлыг бүрэн хариуцаж, өдөр тутмын зааварчилгаа, аюулгүй ажиллагааны өдөр тутмын ажил, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй" гэснийг,

Үйлдвэрийн даргын "албан тушаалын тодорхойлолт"-ын Үндсэн үүргийн 16-д "ХХАА-Н дүрмийг ажилчдадаа сахиулан ажиллуулах, өдөр тутам сар бүр зааварчилга өгөлтөд хяналт тавих", 18-д "Хариуцсан нэгж, хэсэгт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу ажил олгогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах”, Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, ангилал MNS 4931:2000 стандартын 3.12, 15 дугаар зүйлийн 15.1 "ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй", ажиллуулахаар зохицуулж, талууд гарын үсгээ зуржээ.

Иймд зохих ёсны гэрээгээр шилжүүлсэн үүргийг биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгч Д. Э , У.Ц нарын гэм буруу тогтоогдсон  болно. Уг осол нь хариуцагч байгууллага болох Т ХХК-ийн ажилчдын буруутай үйлдлээс шууд хамааралтай байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг байгууллага шүүгдэгч нарын нэгэн адил хариуцан арилгах үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч У.Ц , Д.Э  нарын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.П-ийн амь хохирсон хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирлын хувьд:

Т ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 120,000,000 төгрөгийг өгсөн, эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 47/-ний дагуу 3 хүүхдэд тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэргийн улмаас сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөрт 3 хүүхдийн тэтгэмж, үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийг цаашид нэхэмжлэхгүй гэх тохиролцоог З.Э-тай байгуулсан нь 2024 оны 06 сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 47/-ээр тогтоогдож байна. Хариуцагч байгууллагын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 120,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тал дээр талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Иргэний хариуцагч байгууллагаас гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Хаан банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байна.    

 Эрүүгийн хариуцлагын хувд:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан болно. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тороосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Х  овогт У-ийн Ц  , Б  овогт Д-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийн Ц , Д-ын Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 (нэг) жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнсэнгийн хугацаанд шүүгдэгч У.Ц , Д.Э  нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч У.Ц , Д.Э  нарт анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тороос 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар иргэний хариуцагч Т  ХХК-аас 30,000,000 төгрөгийг гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д олгохоор шийдвэрлэснийг иргэний хариуцагч байгууллага нь 30,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаас төлж барагдуулсныг дурдсугай.

7. Шүүгдэгч У.Ц , Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний хариуцагч байгууллага болон шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч У.Ц , Д.Э  нар урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б