Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

 

            Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн З  хундага овогт Б-ын Н-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2025 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ний өдөр Дорноговь аймаг, У суманд төрсөн, .. настай, э.эгтэй, яс үндэс .., .. боловсролтой, мэргэжилгүй, .. хийдэг, ам бүл ... хамт, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, .. баг, .. хэсэг, ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар 3 жил, 5 сар хорих ял, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, З  овогт Б-ын Н  /РД: ЕК84092978/

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Б.Н  нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр .. улсын дугаартай тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор хориглосон 4 төрлийн 150 кг бүхий 5 шуудай нийлэг хальсан уутыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  

           

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр .. улсын дугаартай тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор хориглосон 4 төрлийн 150 кг бүхий 5 шуудай нийлэг хальсан уутыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-23/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 32-34/, гэрч Ш.Түвшинжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 42, 46/, гэрч С.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 44/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 53/, гэрч Ж.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/, гэрч О.А-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 67-69/, 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Гаалийн лабораторийн магадлан шинжилгээний 0324003556 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 75-77/, шүүгдэгч Б.Н-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73, 2-р хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.

Хэрэгт хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 4 төрлийн, 5 шуудай, 150 килограмм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З  овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Олон Улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Н-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримт болох Замын-Үүд сум дахь Гаалийн газрын агуулахад хадгалагдаж байгаа 4 төрлийн, 5 шуудай, 150 килограмм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.Б