Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/487

 

 

 

 

 

  2021              5             19                                        2021/ДШМ/487

 

 

 

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Оюундэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор З.Оюундэлгэрийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дугаар дүгнэлтээр Ж.Л-д  холбогдох эрүүгийн 1909021770636 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Ж.Л, 19........ оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн шүүхийн 74 тоот магадлалаар 1 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан.

Шүүгдэгч Ж.Л-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Л-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Л-аас хохирогч Ө.Т- нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-ын цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Оюундэлгэр бичсэн дүгнэлтдээ: “... 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 183 тоотод оршин суух иргэн Ө.Т-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч /PNSX/ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн унадаг дугуйг нууцаар авч бусдад 126.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн ба эрүүгийн 1909021770636 дугаартай хэрэгт Б.О- нь өөрийн нэрийг Сартуул овгийн Жаргалсайханы Л- /РД: ХЙ84032811/ хэмээн мэдүүлж, хүний нэрээр ял шийтгүүлсэн болох нь гэрч М.Пүрэвсүрэн, Ж.Л- нарын мэдүүлгүүд, мөн Баясгалангийн О- нь Ж.Л- нэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж дууссан талаарх албан бичиг, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны сиди бичлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрхи хэрэгт тус дүүргийн прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаартай яллах дүгнэлтийг Ж.Л-д холбогдуулан үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор “....шүүгдэгч Б.О- нь бусдын байнга амьдрах гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иргэн Ж.Л- нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар” хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин Б.О- нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгахад тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн байна. Иймд Ж.Л-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 768 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Л-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар “Шинэ нөхцөл байдлаар хэрэг үүсгэх тухай” тогтоолоор хэрэг үүсгэн шалгах явцад дээрх гэмт хэргийг Б.О- үйлдэж, Ж.Л- нэрээр ял шийтгүүлсэн болох нь Б.О-гийн “Би 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараад байх Хорих 419 дүгээр ангид ял эдэлж 2020 оны 6 дугаар сард хугацаа дуусч суллагдсан. Би Ж.Л-тай хамт хоригдож байсан, найз байсан учир тодорхой хэмжээнд мэддэг байсан” тухайгаа дэлгэрэнгүй мэдүүлсэн мэдүүлэг /59-62/, гэрч Б.Отгонсарнайгийн “О- хорихоос гарч ирсэн удаагүй байсан гэж хэлээд Дэнжийн 1000-д уулзсан. Ахынх нь байдаг бөгөөд ахын гэрт нь уулзсан. Тэр надад чанд нэг зүйл хэлэх гэсэн юмаа, намайг уучлаарай, чиний нэрээр шоронд суучихаад ирсэн шүү гэсэн. ... О-г 2019 оны 7 дугаар сард хулгайн хэргээр шоронд суусан тухай мэднэ, харин хүний нэрээ ял эдэлсэн тухай мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх 64/, гэрч Ж.Л-ын “Баясгалангийн О-г 2007 онд Хорих 409 дүгээр ангид ял эдэлж байгаад танилцаж байсан. Сүүлд бас Хэнтий аймгийн 419 дүгээр ангид бас хамт хоригдож байсан” /хх 68/ гэсэн мэдүүлэг болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-87/, папилон санд үзлэг хийсэн тэмдэглэл, 190409021770636 дугаар эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Б.О- нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 183 тоотод оршин суух Ө.Т-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч унадаг дугуй хулгайлж 126.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байж болохоор байхад түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг нь үндэслэн Ж.Л- нэрээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн нөхцөл байдал илэрсэн байх тул Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Оюундэлгэрийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин прокурорын дүгнэлтийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай хэсэг нь үндэслэлгүй байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх Ж.Л-д холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож байгаа тул прокурорт хэргийг буцааж, прокурор Б.О- нэрээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Л-д холбогдох эрүүгийн 1909021770636, Б.О-д холбогдох эрүүгийн 1909021770636 дугаар хэргүүдийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                               

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ