Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгч Л.Бямбабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгэгч Л.Бямбабаярт холбогдох 1716000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 9, аав, ээж, ах, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд оршин суух, ДН94122419 регистрийн дугаартай, Бэсүд овогт Лувсангийн Бямбабаяр гэв.
Шүүгдэгч Л.Бямбабаяр нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний оройн 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн Гашуун гэх газарт тус сумын иргэн Ц.Батсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/    

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 
Шүүгдэгч Л.Бямбабаяр нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний оройн 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн Гашуун гэх газарт тус сумын иргэн Ц.Батсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Л.Бямбабаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн Гашуунт гэх газар 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед тус сумын иргэн Ц.Батсайханыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон. Намайг хониндоо яваад орой ирэхэд Ц.Батсайхан манайд ирсэн агсам тавиад байж байсан. Би Ц.Батсайханыг та одоо яв ингэж болохгүй гэж хэлчихээд морь аргамжчихаад ирсэн чинь Ц.Батсайхан мөн л манайд агсам тавиад байж байсан. Манай аав орхичихоод айл руу яваад өгсөн байсан. Тэгээд яв гээд явахгүй байхаар нь толгойн тус газар нь гараа атгаж байгаад нэг цохьсон. Дахиад яв гээд явахгүй байхаар нь гадаа гаргаж ирээд нүүрэн тус газар нь нэг мөргөсөн. Тэгээд манай аав Ц.Батсайханыг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед би архи уугаагүй, хонинд яваад ирсэн байсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн. 1.500.000 төгрөгний хохирлоос 1.000.000 төгрөгийг нь өгсөн байгаа. 500.000 төгрөгийг нь 08 дугаар сарын 16-ны дотор төлж дуусгах юм. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаа. 460.000 төгрөгийн торгуулийн ялыг аль болох урт хугацаанд төлөхийг зөвшөөрч өгнө үү. Би 08 дугаар сарын 15-ны өдөр хуримтай. Түүнд мөнгө их хэмжээгээр орж байгаа тул хуримаа өнгөрөөж байгаад төлөх саналтай байна гэх мэдүүлэг, 

мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Батсайханы “...Бямбабаяр гэнэт уурлаад миний мотоциклийг өшиглөж унагаахаар нь би мотоциклио босгох гэтэл Бямбабаяр хүрч ирээд миний толгой, нүүр рүү цохиж, зодоод байж байтал Лувсан хүрээд ирсэн чинь Бямбабаяр намайг зодохоо болиод цаашаа зугтаад явахаар нь “Би гэртээ харимаар байна” гэж Лувсанд хэлэхэд Лувсан намайг гэрт хүргэж ирээд явсан...” гэх мэдүүлэг /ХХ09-10/,
  гэрч Д.Ундрахын “...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал гаднаас манай нөхөр болох Батсайхан, Лувсантай орж ирэхээр нь би нөхрийнхөө нүүрийг хараад “Нүүрээ яасан юм бэ?” гэхэд Лувсан “Манай хүүхэд зодсон юм.” гэж хэлээд ах нь явлаа гээд Лувсан гуай яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ13-14/
гэрч Д.Лувсангийн “... Манай хүү болох Бямбабаяр нь Батсайханыг зодоод байж байхаар нь би очиж салгаад Батсайханыг мотоциклиор гэрт нь хүргэж өгөхөд эхнэр болох Ундрах нь байж байхаар нь “Батсайханыг манай хүү зодсон байна” гэж хэлчихээд би гэр рүүгээ буцаад ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ15-16/ 
Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №218 дугаартай “...2. Иргэн Батсайханы биед 1,3-р шүдний хугарал, тархины доргилт, дээд уруулд шарх, дагз, зулай, дух, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ19-20/
гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ4/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хохирол 500000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Л.Бямбабаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх. 
Шүүгдэгч Л.Бямбабаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаагаа /ХХ58/ хавсаргаж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ /ХХ56/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоол /ХХ59/-оор хангаж шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан  /ХХ62/ байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбабаярт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбабаярт оногдуулсан 460 нэгжээр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох үндэслэлтэй  байна. 
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ41/, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогч Ц.Батсайханы “... Л.Бямбабаяртай харилцан тохиролцож, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Ундрахын дансанд 1.000.000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны дотор дуусгана гэж баталгаа өгсөн...” гэх хүсэлт /ХХ33/, “...эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны дотор өгөхөөр тохиролцсон...” гэх баталгаа /ХХ58/ зэргээр тус тус тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв. 
Шүүгдэгч Л.Бямбабаярт 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ц.Батсайханд 1.500.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Бямбабаяр нь 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбабаяраас хохирлын үлдэгдэл 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батсайханд олгох үндэслэлтэй гэж үзлээ. 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Бэсүд овогт Лувсангийн Бямбабаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбабаярыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Бямбабаярт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 
4. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Бямбабаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Бямбабаяраас хохирлын үлдэгдэл 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батсайханд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, ялтан Л.Бямбабаяраас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Л.Бямбабаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бямбабаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
 
 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА