Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н

Хохирогч Б.Т

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Энх-А-ийн Э-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2025 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, яс үндэс халх, .. настай, э.эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. баг, .. тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, С  овогт Э-ийн Э /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э  нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, .. 2025 оны 04 сарын 26-ны оройн 20 цаг 45 минутын орчимд согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Т-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би прокурорын тогтоолтой танилцаж хүлээн зөвшөөрч байгаа, урд өгсөн мэдүүлэгт болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлмээргүй байна. Гэхдээ нэмж хэлэхэд таньдаг айлдаа архи ууж байгаад оройны 20 цагийн үед гэртээ ирсэн чинь манай эхнэр намайг архи уулаа гэж гэр лүүгээ оруулахгүй байхаар нь бид хоёр маргалдаж муудалцсан. Тэгээд би эхнэрээ мангасдаж аваад цаашаа түлхсэн өөр зүйл болоогүй. Тэгсэн чинь миний дагавар охин ээжийгээ өмөөрөөд цагдаа дуудсан байсан. Тэгээд би цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд хоноод гарсан. Би эхнэртэй ямар нэгэн байдлаар гар хүрээгүй гэж нэмж хэлмээр байна. Би өөрийн хийсэн үйлдээ хүлээн зөвшөөрч байна. Үнэн, миний буруу гэжээ. /хх-ийн 39-40/    

 

Шүүгдэгч Э.Э  шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр гэртээ хоёр ихэр хүүхдээ хараад байж байтал манай нөхөр Э.Э  нь архи уучихсан халамцуу орж ирэхээр нь би уурлаад өдөржин хаагуур явдаг хүн бэ гээд уурлаж хөөсөн чинь манай нөхөр явахгүй миний өөдөөс хэрэлдээд, би гэрээсээ явахгүй унтмаар байна гэхээр нь уурандаа жаахан маргасан. Би нөхрөө гар чи гээд хаалгаар түлхсэн чинь миний өөдөөс гараараа нэг удаа түлхсэн. Тэгсэн чинь манай том охин аав ээжийг зодлоо гээд уурлаад намайг өмөөрсөн. Тэгтэл би дахин нөхрөө гар чи гээд түлхсэн чинь манай охин миний урдуур ороод хаалга мөргөж унасан. Тэгээд гарч гүйгээд цагдаа дуудсан байсан. Ер нь бол манай нөхөр надад гараараа чанга цохиж гэмтээсэн зүйл огт болоогүй, тухайн үед эхнэр нөхөр хоёр маргаж бие биеэ түлхсэнээс өөр зүйл болоогүй би цагдаагийн байгууллагад хохирчихлоо гэж дуудлага өгөөгүй, харин манай том охин айсандаа цагдаад дуудлага өгсөн байсан. Миний биед болон охинд маань ямар нэгэн гэмтэл учраагүй. Охин маань аав ээж хоёр нь хэрэлдэхээр айсандаа цагдаа дуудсан байх, мөн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй яалаа гэж гэмтэл аваагүй байж үзүүлэх билээ. Манай нөхөр гараараа нэг удаа түлхсэний төлөө ямар гэмтэл учрах билээ, гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй татгалзаж байна. Тийм зүйл байхгүй, харин манай нөхөр урд нь 3 удаа мөн ялгаагүй хэрүүл маргаанаас болж баривчилгаанд явж байсан. Гэхдээ миний биед гэмтэл учруулж байгаагүй. Миний хувьд гомдол санал байхгүй, би хоёр ихэр хүүхэд хараад гэртээ байнга суугаад байхаар нөхрөө жаахан удахаар бухимдаад ааш зан эвдэрч бачимдаад байдаг болсноос байх аа би цагдаа дуудаагүй гэжээ. /хх-ийн 23-24/

Хохирогч Б.Т  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ажил нь 7 цагаас буудаг юм. Тэгээд 8 өнгөрөөд ирэхээр нь би уурласан. Ер нь гайгүй л уусан байсан. Миний хувьд гэртээ хүүхдүүд хараад байдаг болохоор бухимдалтай байсан байх. Тэгээд л би уурлаж бухимдсан. Тэгээд би гэрээс гаргах гээд чирсэн, тэгтэл намайг түлхсэн юм. Надад одоо гомдол санал байхгүй гэв.

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 05/

Шүүгдэгчийн зөрчилд холбогдож байсан мэдээлэл /хх-ийн 15-16/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-32/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

2024 оны 04 сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/90 дугаартай, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/981 дугаартай, 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/105 дугаартай шийтгэвэр /хх-ийн 54-66/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 67-68/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, .. 2025 оны 04 сарын 26-ны орой 20 цаг 45 минутын орчимд согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Т-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч  Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 05/, шүүгдэгчийн зөрчилд холбогдож байсан мэдээлэл /хх-ийн 15-16/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, 2024 оны 04 сарын 01-ны өдрийн 2024/ЗШ/90 дугаартай, 2024 оны 10 сарын 31-ны өдрийн 2024/ЗШ/981 дугаартай, 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/105 дугаартай шийтгэвэр /хх-ийн 54-66/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Э-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Т-ын биед халдсан үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.     Шүүгдэгч нь өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр удаа дараа зөрчлийн арга хэмжээ авагдсан байсан нь 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/90 дугаартай, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/981 дугаартай, 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/105 дугаартай шийтгэвэр /хх-ийн 54-66/-үүдээр нотлогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон энэ зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирлын хувьд:

Хохирогч Б.Т  нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэж байсан байдал зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон нийтэд тусгай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тусгай ажил хийлгэх ялыг оногдуулахад саад болохуйц нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э-ийн Э-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 10 /арав/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б