Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ж-ын О-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2025 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, э.эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, .. ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, ээжийн хамт, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, . баг,..тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогт Ж-ын О /РД: ../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "Төмөр замын замчин" мэргэжлээр төгсөөгүй атлаа "Төмөр замын замчин"-ийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангид Төмөр замын замчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "Төмөр замын замчин" мэргэжлээр төгсөөгүй атлаа "Төмөр замын замчин"-ийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангид Төмөр замын замчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 03/, гэрч Ч.Д-ын мэдүүлэг /хх-ийн 09-12, 15-18/, гэрч С.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 21-23/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 26-28/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-37/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-62/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.С-ийн мэдүүлэг /хх-ийн 72-74, 79/, гэрч А.О-ын мэдүүлэг /хх-ийн 82-83/, гэрч А.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 86-87/, шүүгдэгч Ж.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115/, Улаанбаатар Төмөр Замын замын дөрөвдүгээр ангийн даргын 2020 оны 09 сарын 01-ны өдрийн 490 дугаартай дагалдангаар ажиллуулах тухай тушаал, жинхлэн ажиллуулах 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 553 дугаартай тушаал, мэргэжлийн зэрэг олгох 2022 оны 06 сарын 02-ны өдрийн Б-247 дугаартай тушаал, хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгож, ажилд түр авах тухай 2022 оны 02 сарын 14-ны өдрийн Б-84 дугаартай тушаал, цалингийн картууд /хх-ийн 142-151/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулахаар хуульчилсан. Улсын яллагчийн санал болгосон хугацаа нь дээрх хуулийн хугацаатай дүйцэж байх тул хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2020/288 дугаартай Мэргэжлийн үнэмлэх” гэх 1 ширхэг хуурамч баримт бичгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв.  

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У  овогт Ж-ын О-ийг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын О-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримт болох “2020/288 дугаартай Мэргэжлийн үнэмлэх” гэх 1 ширхэг хуурамч баримт бичгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.Б