| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н
Шүүгдэгч У.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ш овогт У-ийн Д-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2025 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны.. сарын ..-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, .. настай, э., яс үндэс халх, .. боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .. хамт, Дорноговь аймаг, Өргөн сум, .. баг, ..оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/241 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан, Ш овогт У-ийн Д /РД: ../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч У.Д нь 2025 оны 03 сарын 22-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 23.1 “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг, Аман ус гэх газарт .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Дорноговь аймгийн Сайншанд сум, 6-р багт оршин суух Н.Ө-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 23.1 “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2025 оны 03 сарын 22-ны өдөр зам тээврийн осол гаргаж, Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг, Аман ус гэх газарт .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Дорноговь аймгийн Сайншанд сум, 6-р багт оршин суух Н.Ө-ыг дайрч, амь насыг нь хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-16/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 17-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-ийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 33/, гэрч Д.У-ийн 2025 оны 03 дугаар өдөр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр 21-ний өдрийн ДОГ0625/023 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 50-52/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд “Зураг №1-ээс зураг №35 хүртэл /хх-ийн 38-46/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГО325/2702 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ДОГ0125/015 дугаартай дүгнэлт гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 62-67/, ослын техникийн дүгнэлт 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №166, хавсаргасан тээврийн хэрэгслийн эвдрэлийн зургууд /хх-ийн 71-76/, А хөрөнгийн үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн No9001901 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн хавсралт /хх-ийн 87-88/, Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 52-50/164 дугаар дүгнэлт /хх-ийн 83-85/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/1476 дугаартай "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ"-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/, K маркийн .. улсын дугаартай авто машины техникийн тодорхойлолт, гэрчилгээ /хх-ийн 123-124/, K маркийн авто машиныг У.Д-д олгосон бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 125/, амь хохирогч Н.Ө-ын бичиг баримтууд /хх-ийн 134-139/, хууль ёсны төлөөлөгч В.Н-аас гаргасан хохирол нэхэмжилсэн хүсэлт, хохирлын баримтууд /хх-ийн 99-106/, яллагдагч У.Д-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-д хохирол, төлбөр төлсөн баримт /хх-ийн 107-108/, шүүгдэгч У.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 162-163/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-д 8,700,000 төгрөгийн хохирол төлсөн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг 2 дугаар зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцон гаргуулах хүсэлт гаргасан.
2024 оны 10 сарын 07-ны өдрийн 03 дугаартай Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөр хэлсний доод хэмжээг 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Иймд гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөр хэлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 сарын 16-ны өдрийн ЕГ0825/1476 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд /хх-ийн 93-94/ хамаарч байна.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-д учирсан гэмтлийн зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2025 оны 03 сарын 22-ны өдрийн байдлаарх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 6,600,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч У.Д-оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт У-ийн Д-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийн Д-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч У.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үүрэг үүрэг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч У.Даваадоржид анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч У.Д-оос сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 6,600,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Н-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б