Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Т.Тунгалагтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000187 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүргийн 18 дугаар хороо 4 хороолол ******* Аюушийн өргөн чөлөө гудамж ******* байр ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Төмөр замын тойрог гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Lexus-570 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Төмөр замын тойрог гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Lexus-570 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Beat баар руу ганцаараа орсон. Ингээд тус бааранд 2-3 лааз пиво уугаад 2 цагт баар хаах үеэр гарсан. ...өөрийн эзэмшлийн улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгслээ бариад beat баарнаас хойшоо чигээрээ замаар явж баруун гар тийш эргээд төв замаар зүүн тийш нэлээн явж байгаад тойрог хэсэгтэй газар очиж зогссон. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нар машинтай ирсэн. ...би 2024 оны 10 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаатайгаар хасуулсан юм...” гэх мэдүүлэг, гэрч “...2025 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 00 цагаас ...хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 02 цагийн орчимд жижүүрийн 102 станцаар Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талд Lexus маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн дуудлагын дагуу очиж ...жолоочийг буулгахад архи уусан биеэ авч явах чадваргүй байсан тул тээврийн хэрэгслийг саатуулж жолоочийг ЭСБ-д авчирч драгер багажаар үлээлгэж үзэхэд 2,73% хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5057 дугаар шийтгэврийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5057 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч *******гийн согтуурлын зэрэг 2,73 хувьтай гарсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт  прокурор,  дээд  шатны  прокурор,  оролцогч  нар  зөвхөн  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА