| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0181/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000209 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, газрын тосны сав, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ******* ******* ХХК-ний зүүн бүсийн клонк, дэлгүүрийн тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг хорооллын тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг уурхайн авто замд журмын хашааны ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Toyota prius-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг уурхайн авто замд журмын хашааны ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Toyota prius-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Найзтайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд найз маань согтчихсон болохоор гэр рүү нь дөхүүлж өгөх гээд тээврийн хэрэгсэл жолоодсон. Би Хэрлэн сумын 8 дугаар баг Төмөр замаас Хэрлэн сумын 1 дүгээр баг журмын хашаа хүртэл тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, гэрч “...Тухайн улсын дугаартай тээрийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийг шалгахад ******* гэх хүн байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул журмын хашаанд жолооч *******г согтуурал шалгах багажаар шалгахад 3,25 бүхэлтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн лавлагааг шалгахад 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж жолооч *******г мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.ын “...Тухайн үед архи хувааж уугаад нэлээн муудсан байсан болохоор манай найз найз нь машиныг чинь бариад гэр рүү чинь хүргээд өгье гээд миний приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хэрлэн сум 10-р баг руу манай гэр рүү явах замдаа Хэрлэн сумын 1-р баг журмын хашааны ойролцоо цагдаад баригдсан. Тухайн үед нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тээврийн хэрэгслийг маань журмын хашаанд хийсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1436 дугаар шийтгэврийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх-ийн 33/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******гийн амьсгал дахь спиртийн агууламж 3,25 промиль гарсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА