Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01124

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01124

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Э холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 051 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Ц.М болон Ү.Э нар нь Баянзүрх дүүрэгт Улиастайд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа тус дэлгүүрийнхээ үйл ажиллагааг дэмжих бараа материал татах зорилгоор хүсэлт гарган 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатайгаар өдөр бүр 40 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр зээлсэн болно. Энэ тухай зээл хүсч өргөдөл өгсөн, нотариатаар баталгаажуулсан гэрээ байгаа. Зээл авсны дараа тэд 1 000 000 төгрөг төлөөд түүнээс хойш огт зээлийн төлбөр төлөөгүй болно. Бид удаа дараа сануулсан боловч төлөөгүй. Бидний тохиролцсон гэрээ ёсоор хугацаа хэтэрсэн хоног тутам 2 000 төгрөгийн торгууль төлөх юм. Өнөөдрийг хүртэл тэдний зээл хүү төлөх хугацаа 592 хоног хэтэрсэн тул торгуульд 1 184 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 702 125 төгрөг, хүүгийн төлбөр 165 375 төгрөг, нийт 2 051 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц.М уг зээлийг төлүүлэх гэж 2 жил 6 сар хөөцөлдсөн боловч төлбөрийн чадваргүй гэх нэрийдлээр өнөөг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул уг төлбөрийг гэрээний 2.2.5-д заасны дагуу Ү.Э гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, манай эхнэрийн дүүгийн эхнэр болох Ц.М нь 2014 онд Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Улиастайд 8 нэрийн дэлгүүр түрээслэн ажиллуулдаг байсан. Харин миний хувьд уг дэлгүүртэй огт хамааралгүй. Ингээд 2014 онд Ц.М нь хүнээс мөнгө зээлж авах гэсэн юм. Нийгмийн даатгал төлдөг хүн хэрэгтэй байна, та очоод гарын үсэг зураад өгөөч гэхээр нь очиж гарын үсэг зурсан. Гэхдээ мөнгийг бол Ц.М л авсан байх, би гарын үсэг зурчихаад яваад өгсөн. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Мөн тухайн үед хэдэн төгрөг ямар ямар хугацаагаар ямар нөхцөлтэйгээр зээлж авч байгааг нь мэдээгүй. Ингээд Ц.М уг зээлээ төлсөн эсэх, хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөг төлөөгүй зэрэг уг зээлтэй холбоотой зүйлүүдийг би огт мэдэхгүй. Иймд би уг мөнгийг бодитойгоор хүлээж аваагүй, авсан мөнгөнөөс нь нэг ч төгрөг хэрэглээгүй тул Г.А бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иймд Ц.М мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй. Иймд намайг хариуцагчаас хасч өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ү.Эд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 2 051 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч биш гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.

Нэг талаас нэхэмжлэгч Г.А нөгөө талаас хариуцагч Ү.Э болон иргэн Ц.М нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлэгч нэг талаас зээлдэгч нарт төлөх үүрэг үүссэн, зээлдэгч нөгөө талд 1 500 000 төгрөгийг 60 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлөх, хугацааны эцэст 1 867 500 төгрөг төлөх үүрэг тус тус үүссэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр /х.х-ийн 4-6 дахь талд/ тус тус тогтоогдож байна.

Тус гэрээний агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоос дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг үүссэн, тус үүрэг бүхий зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Гэрээний дагуу зээлдэгч Ц.М ийн өмчлөлд зээл болох 1 500 000 төгрөг шилжүүлсэн буюу гэрээ хэрэгжсэн талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын байгуулсан гэрээний дагуу Ц.М нь зээлдэгч гэсэн эрх зүйн байдалтайгаар, Ү.Э нь хамтран зээлдэгч гэсэн эрх зүйн байдалтайгаар тус гэрээний дагуу үүрэг хүлээсэн байна.

Гэрээний 1.2.1-д зааснаар зээлдэгчид 1 500 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх тул гэрээний дагуу мөнгийг хамтран зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байх бөгөөд энэ үндэслэлээр мөнгийг хамтран зээлдэгчид шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэхгүй байна.

Гэрээний 2.2.5-д зааснаар зээлдэгч нас барах буюу хөдөлмөрийн чадвараа алдах болон төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд зээлийн өрийг хамтран зээлдэгч хариуцан төлнө гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.М болон Ү.Эд нарт холбогдуулан гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М татгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү.Эс бүхэлд нь гаргуулна гэсэн тайлбарыг хариуцагчид гардуулсан байна.

Хариуцагч энэ талаар нэмэлт тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт, Үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.5-д заасан нөхцлөөс дүгнэн үзэхэд гэрээний үүргийг гэрээний нэг тал болох Ц.М Ү.Энар хамтран хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Гэрээний төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд гэсэн нөхцлийн хувьд зээлдэгч Ц.М төлбөрийн чадваргүй болсон гэж зээлдүүлэгч үзжээ.

Иргэний хууль тогтоомжид иргэнийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх зохицуулалтыг тусгайлан зохицуулаагүй байна. Дампуурлын хуулиар тодорхойлсон төлбөрийн чадваргүйд тооцох ажиллагаа энэ харилцаанд хамаарахгүй бөгөөд төсөөтэй хэрэглэх боломжгүй юм.

Талууд гэрээгээр зээлдэгч төлбөрийн чадваргүй болох гэдгийг тусгайлан тохиролцож тогтоогоогүй байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний үүргээс хойш 2 жил 6 сарын хугацаанд төлбөрийг төлөх талаарх шаардлагыг биелүүлээгүй нь төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл болно гэснийг буруутгах боломжгүй байна. Энэ үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох Ү.Эрдэнэболдоос гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэгнээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтанд нийцнэ гэж үзэв.

Хэдийгээр хариуцагч гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч гэрээнд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн өөрийн нэрээр эрх олж авсан, үүрэг хүлээсэн болохыг баталгаажуулсан гэж үзнэ.

Нөгөө талаар талууд хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийн ямар үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцах, хариуцахгүй байх талаар тохиролцоогүй байх тул гэрээний дагуу зээлдэгчийн хариуцах үүргийг бүхэлд нь хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцана гэж тайлбарлах нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг болон 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцнэ.

Хариуцагч гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хүлээхгүй байх тайлбар, татгалзлаа нотлох ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүхэд гаргасан тайлбараар гэрээний дагуу үүргийг хэн хариуцах талаар маргаж, тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын задаргаа буюу нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаж тодорхой тайлбар, нотолгоог гаргаагүй байна.

Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч болох Ү.Э зээлийн гэрээний дагуу гаргуулна гэсэн шаардлагыг дараах байдлаар хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар үндсэн зээлийн үлдэгдэлд 702 125 төгрөг, хүүгийн төлбөр 165 375 төгрөг, торгуульд 1 184 000 төгрөг гаргуулна гэжээ.

Гэрээнд зааснаар зээлдэгч 1 500 000 төгрөгийг хүлээн авч, хүүгийн хамт 1 867 500 төгрөг болгон буцаан төлөх үүрэг үүссэн байна. Зээлдэгч гэрээний төлбөрөөс 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан байна. Иймд тус үнийн дүнг нийт төлөх төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй. Энэ үндэслэлээр гэрээний дагуу төлөх үндсэн үүргийн төлбөрт 867 500 төгрөг төлөх үүрэг үлдсэн байна.

Гэрээнд зааснаар торгууль төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг болон 232.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага юм.

Талууд гэрээнд торгууль төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй бөгөөд харин торгуулийн үнийн дүн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн үүрэгт 867 500 төгрөг, торгуульд түүний 50 хувь болох 433 750 төгрөг, нийт 1 301 250 төгрөгийг ханган шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 750 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Э 1 301 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ү.Э 35 770 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН