Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00234

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч М.м-

Шүүгдэгч Б.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1725000140026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ** дүгээр ангид хянагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Б овогт Б-ийн Б- /РД: хх************/

 

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** **ийн ** тоотод М.м-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Миний буруу. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөг төлсөн. Архидан согтуурсан үедээ бусдад гэмтэл учруулсандаа гэмшиж байна  гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч М.м-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэр өдөр ажлаасаа буучихаад гэрийг нь нүүлгэж байгаад бид архи ууцгаасан. Нэг мэдэхэд Б- намайг цохисон. Би согтуу байсан. Миний хувьд гомдол санал байхгүй. Хохиролд 2.000.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 30 минутын үед миний утас руу ******* дугаарын утаснаас танихгүй залуу залгаад м-ын аав мөн үү гэхээр нь би мөн байна гэхэд м-тай хамт ажилладаг хүний дүү нь байна. м- архи уугаад зодуулчихсан байна. Эмнэлэг рүү явж байна, та эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би эхнэрийн хамт БОЭТ-ийн хүлээн авах тасагт ирэхэд хүргэн м- хүнд зодуулсан байдалтай толгой нүүр хэсэг нь цус болчихсон, чихнээс нь цус гарчихсан, ар дагз хэсгийг даавуугаар боочихсон байсан. Эмч толгойг нь боосон даавууг авахад ** ар талын дагз хэсгээс цус гарч байсан. Эмнэлэг дээр архи уучихсан эрэгтэй хүн би м-ыг зодсон, юугаар цохисоноо санахгүй байна гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Гэрч А.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...хадам аавын гэрт 23 цаг 50 минутын үед очиход Б- гэрийн ** талд байх орны урд сууж байсан. Харин м- орон дээр хэвтэж байсан. м-ын хэвтэж байсан ор цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад Б- надад нэг үг хэлж байсан, яг юу гэж хэлсэн талаар санахгүй байна. м- орон дээр унтаад толгой болон нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 624 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- М.м-ын биед хуйханд шарх, нүүр, эрүү, хүзүү, эрүүний доор, цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ** тохой, ** гуянд зулгаралт үүсчээ.

- Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

- Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 32-33 ху/,

 

-Б.Б-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-45 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** **ийн ** тоотод М.м-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч М.м-ын “...Тэр өдөр ажлаасаа буучихаад гэрийг нь нүүлгэж байгаад бид архи ууцгаасан. Нэг мэдэхэд Б- цохисон. Би согтуу байсан.” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Б- /хх 19 ху/, А.С-о /хх 21 ху/ нарын мэдүүлгүүд,  хохирогчийн биед хуйханд шарх, нүүр, эрүү, хүзүү, эрүүний доор, цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ** тохой, ** гуянд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон 624 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч М.м- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хохиролд 2.000.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дриллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дриллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА