Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/524

 

 

Ш.З, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Ш.З, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2111000000156 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................, 19..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “..........” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48-1087 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

2. ................., 19.... оны ...... дугаар сарын .......-ний өдөр .............. аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 62 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Ш.З нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1087 тоотод хохирогч Т.Бтэй маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Т.Б нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1087 тоотод хохирогч Ш.Зтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.З, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....................... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З, Т.Б нарыг тус бүр 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.З, Т.Б нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.З, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг бичээгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр биелүүлэх талаар тусгаагүйгээс гадна уг ялыг “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэх” гэж дурдсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт дурдсан агуулга хоорондоо зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгахаар хуульчилсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ял биелүүлэх хугацаа болон хохирол төлөгдсөн эсхүл бусдад төлөх төлбөргүй эсэх талаар тодорхой дурдаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг аль хуульд заасан ямар хугацаанд, ямар хэмжээгээр биелүүлэх болон хохирол төлөгдсөн эсхүл төлөх төлбөртэй эсэхийг тодорхой тусгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангана гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурор С.Солонгын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ш.З, Т.Б нарт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ш.З нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1087 тоотод хохирогч Т.Бтэй маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Т.Б нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1087 тоотод хохирогч Ш.Зтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад  нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ш.З, Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.З, Т.Б нарын бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Ш.З, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин шүүхээс шүүгдэгч Ш.З, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан бөгөөд энэ нь тухайн иргэний эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Ш.З, Т.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар дурдаагүй байх тул шүүгдэгч нарыг хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З, Т.Б нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З, Т.Б нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол...” гэж,

5 дахь заалтын “Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг “Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ