| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0186/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/195 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521001510196 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тос, уул уурхайн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид 7-7 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 12, 22-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид 7-7 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 12, 22-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын “...Би эхнэр биед халдаж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруутай үйлдэл дээр маргахгүй, хийсэн буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан...” гэх мэдүүлэг, хохирогч ийн “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай ажлын хамт олон мартын 8 тэмдэглээд эмэгтэйчүүдээ хүлээж авсан юм. ...орой 23 цагийн орчим бид 2 гэрээс гараад гэр рүүгээ явсан бөгөөд замдаа би согтчихсон тасарчихсан байсан. Өглөө сэрэхэд миний зүүн гар, зүүн хөл хөдөлж болохгүй хөндүүр байсан. Мөн миний нүүр ам хөндүүр байхаар нь үзэхэд миний дээд талын 4 шүд байхгүй болчихсон байсан. Ингээд би хүүхдүүдээсээ юу болсон талаар асуухад манай том хүү өчигдөр орой таныг согтоод тасарчихсан байхад ах зодоод байсан тэгэхээр нь эгч цагдаа дуудаад өгч явуулсан. ...намайг согтуу байх үед миний биед халдаад 2 шүдийг маань унагаачихсан байсан, 2 шүд нь хиймэл шүд байсан. ...манай нөхөр миний эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг эхэлж өгөөд би шүдэндээ эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.ийн “...2025 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчим ах, ээж хоёр гэртээ согтуу орж ирсэн. ...ээж 00 орлоо гээд гэрээс гараад буцаад ороход ах ээжийн нүүр рүү цохиж унагасан. Тэгэхэд дүү ахыг болиулахад ах чи муу юу гээд байгаа юм бэ гээд ийг цохих гэхээр нь бултаад ахыг өөрийг нь цохиход ах уурлаад шүүгээнээс автирк аваад ийг ална гээд хөөхөөр нь бид хоёр гарч зугтаасан. ...Намайг аавынх руу явж байхад дүү залгаад ах ээжийг зодоод байна гэхээр нь би цагдаа дуудчихъя гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.ийн “...ээж босож 00 ороод буцаж гэрт орж ирэхэд ах ээжийн нүүр рүү 1 удаа цохиж унагаасан. Тэгэхээр нь би ахыг хөөе боль гэхэд ах надад чи муу юу гээд байгаа юм бэ гээд над руу дайрч ирээд намайг цохих гэхээр нь би цохилтоос нь бултаад ахын нүүр рүү 1 удаа цохиход ах шүүгээнээс автирк аваад намайг ална гээд хөөсөн. Тухайн үед эгч бид хоёр гэрээс гарч зугтаасан, намайг ална гээд хөөсөн. ...Би гадаа гараад цонхоор харахад ах ээжийг зодоод байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ДОР0725/176 тоот “...ийн биед 12, 22-р шүдний хугарал, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх 12, 22-р шүдний хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА