| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч О.Б
Шүүгдэгч А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Э.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Ч
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, Э.Э нарт холбогдох 2523000290081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ..... төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймаг, .......... сум ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...... овогт .....-ын А /РД :.........../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ........ төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ................ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............ овогт .........-ийн Э /РД: ............./
Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын үеэс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ..... сумын ....... баг .......... тоотод байх ажилчдын байрны ........... өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 36,8 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ....... аймгийн ........ сумаас ажлын хүн болох Б.Б-т дайж Э.Э рүү явуулахаар .......... аймгийн .......... сум руу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 94,3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 09 дүгээр сард ......... аймгийн нутаг дэвсгэрт ургасан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн,
2024 оны 11 дүгээр сарын үед түүж бэлтгэсэн өвсөө ........ автобусаар А.А руу явуулахаар дайж .......... аймаг руу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч А.А, Э.Э нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 09 дүгээр сард .......... аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн,
2024 оны 11 дүгээр сарын үед түүж бэлтгэсэн өвсөө ......... автобусаар А.А руу явуулахаар дайж .......... аймаг руу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,
Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ....... аймгийн ........... сумын ............. тоотод байх ажилчдын байрны ......... өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 36,8 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ....... аймгийн ............. сумаас ажлын хүн болох Б. дайж Э.******* рүү явуулахаар ......... аймгийн ......... сум руу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 94,3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.Ц-ний “...анх танилцахдаа нэг байранд амьдардаг Э гэдэг залуутай тиймэрхүү өвсний төрлийн зүйлтэй харьцаж байсан гэж хэлж байсан ба Э аль болох А-ыг холбогдуулахгүй байх зорилгоор фейсбүүк чат болон бусад зүйлсээр нь хориглож блок хийчихдэг байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч А.Б-ын мэдүүлсэн “...Надад манай ажлын салаан захирагч А нь цэнхэр өнгийн гялгар торонд /100-н тор/ боочихсон дотуур нь дахиад тор давхарлачихсан зүйл өгсөн ба надад аймгийн төвд аавдаа өгөх гэж байгаа дүнсэн тамхи байгаа юм. Хүн тосож авна гээд над руу тосож авах дугаараа явуулсан ба “..........” дугаарыг өгсөн. Э гэж нэртэй хүн байгаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.Б-ын мэдүүлсэн “...өрөөндөө хэвтэж байтал 20 гаруй минутын дараа юм дэлбэрч байгаа дуу гарсан. Тэгэхээр нь би С.И-д юу болов оо Э.Э усанд орж байгаа биз дээ очоод үзээ гэж хэлсэн. Тэгээд С.И өрөөнөөс гүйж гараад 1-2 минутын дараа буцаж өрөөнд орж ирээд коридор утаа манан болоод бөөн тоос буучихсан байна хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй байхаар нь чи зүгээр үү гэж асуухад Э.Э би зүгээрээ гэж хэлсэн гээд орж ирсэн. Тэгсэн Э.Э өрөөнд орж ирсэн. Э.Э өрөөнд орж ирэх үедээ царай нь улаан болчихсон дээгүүрээ цээж нүцгэн доогуураа өмдтэй хөл нүцгэн орж ирээд би түлэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар Э.Э асуухад мэдэхгүй би 00 өрөөнд сууж байтал гэнэт нүүр лүү юм буудсан гэж хэлсэн. Тэгээд Н түргэн болон онцгой байдал руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг машин дуудлагад явчихсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.И-ийн мэдүүлсэн “...буудлын нэг давхарт тоосонцор бололтой бужигнасан зүйл болчихсон байсан ба буудлын ажилтан танай нэг ажилтан чинь 109 тоотод усанд орох гээд орсон. Тэнд ямар нэгэн зүйл болсон юм биш биз дээ гээд асуухаар нь хаалган дээр нь бид гурав хамт очоод орох гэтэл хаалга нь цоожтой байсан ба хаалгыг нь тогшоод Э-ийг дуудаад зүгээр эсэхийг нь асуухад ахаа би зүгээр гээд Э хариулсан. Тэгэхээр нь би буудлын эмэгтэй ажилтанд нь хандаад танай буудалд л нэг зүйл дэлбэрчих шиг боллоо. Утаа энэ тэр гарах вий гэж анхааруулчхаад эргээд Б, Н нарын амарч байгаа өрөө рүү ороод бид гурав байж байтал ардаас Э, буудлын эмэгтэй ажилтны хамт ахаа би түлэгдчихлээ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь бид нар сандралдаад эмнэлгийн байгууллагад хандсан…” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Г.Н-ийн мэдүүлсэн “...Би тэр үед амрахаар хэвтээд гар утсаараа хүүхэдтэйгээ утсаар ярьж байсан болохоор эргэн тойрондоо юу болж байгааг анзаараагүй. Нэг мэдсэн чинь Э өрөөнөөс гараад явчихсан байсан хэсэг хугацааны дараа гэнэт л Э түлэгдчихлээ гээд манай өрөө рүү ороод ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Уг өрөө рүү ороход өрөөний шал хэсэгт ус гоожиж шавхай мэт зүйлээр бохирлогдсон, угаалтуур эвдэрч хэмхэрсэн зүйлгүй, толь бүрэн бүтэн, угаалтуурын дэргэдэх хуванцар хогийн сав байх ба уг хогийн саванд байх ногоон өнгийн хайрцагтай esse гэх бичиглэлтэй, дотроо тамхигүй харин доторх мөнгөлөг цаасыг ороож шатаасан байдалтай. ...үргэлжлүүлэн явуулахад тус 4-н орны гол хэсэгт 300 мл багтаамжтай Coca cola гэх бичиглэлтэй, дотроо өвс мэт зүйлтэй /таглаатай/ байсныг “1” дугаараар тэмдэглэн хураан авсан ба усны савны харалдаа “Мао” гэх бичиглэлтэй, fire shield гэх ....... ХХК-ийн үйлдвэрлэсэн улаан өнгийн тагтай, сэгсэрч үзэхэд дундарсан төмөр савыг “2” дугаараар тэмдэглэн хураан авсан. Цааш үргэлжлүүлэн явуулахад цагаан өнгийн 2 ширхэг, 1 цэнхэр өнгийн ууттай зүйлс байсныг шалгаж үзэхэд том цагаан өнгийн уутанд нунтагласан өвс бололтой зүйл байсныг “3” дугаараар тэмдэглэн, зориулалтын жингээр хиллэж үзэхэд 38.5 грамм зааж байсныг тэмдэглэл болгон бичиж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн бөгөөд уг уутнаас хойд ирмэг гол хэсгээрээ дутуу шатсан цагаан өнгийн ариун цэврийн цаас байсныг “4” дугаараар тэмдэглэн хураан авав. Цааш үргэлжлүүлэн явуулахад өрөөний хана дагуу бор өнгийн 3-н нүдтэй шүүгээ байсан ба шүүгээний тавцан дээр шатсан тортог мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн хэсгээр, гэрэл зургийн үзүүлэлтээр,
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ......... аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.М-ийн нэгжлэг хийсэн “...ажилчдын байрны ......... гэсэн цэнхэр өнгийн хаягт бичиглэлтэй хэсэгт орох ба ус өрөөний зүүн урд буланд байх ногоон өнгийн гаднаа ........ гэсэн дугаартай, ........... гэсэн бичиглэлтэй хайрцгийг заав. Тус хайрцгийг нээж үзэхэд дотор нь ногоон өнгийн нунтаг ургамал /задгай/ тамедин гэх бичиглэлтэй хуванцар сав /дотроо мөн нунтаг ногоон өнгийн ургамалтай/, change esse гэх бичиглэлтэй хоосон тамхины хайрцаг 1 ширхэг, задлаагүй бор өнгийн иштэй шөвөг-1ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, чук-гек гэх бичиглэлтэй чихрийн цаас 1 ширхэг, задалж хэрэглэсэн шүдэнз 1 ширхэг, задалж хэрэглэсэн мөнгөлөг цаас 1 ширхэг /голтой ороосон/, 1 ширхэг цоолсон ундааны савны таг, задалж хэрэглэсэн претка 1 ширхэг, модон савх 1 ширхэг, татаж дууссан 2 ширхэг тамхины иш, голоор нугалсан бичгийн цаас 3 ширхэг, хуульсан 50 /тавин/ төгрөг 1 ширхэг зэрэг байсныг хураан авснаар тэмдэглэлийг дуусгав…” гэсэн хэсгээр, гэрэл зургийн үзүүлэлтээр, мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №ЕГ0325/1531 дугаартай “...Ирүүлсэн .......-ийн Э /.............../ 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №ЕГ0325/1532 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хоосон гялгар уут, ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 4. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 18,9 грамм болов. Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав./... гэсэн дүгнэлтээр,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №ЕГ0325/1533 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 75,4 грамм болов. Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0325/1557 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5,3 грамм болов. Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав...” гэсэн дүгнэлтээр, гэрэл зургийн үзүүлэлтээр,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЕГ0325/1556 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9 Тетрагидроканнабинол /Delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-Тетрагидроканнабинол /Delta-9-Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ-р жагсаалтад багтана. 3. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 31,5 грамм байна. /Жич: Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтыг дүгнэлтийн хамт буцаан хүргүүлэв/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай тул нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
........... аймгийн .......... сумын ......... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .......... зочид буудлын ...... тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн, мөн шүүгдэгч Б.А-н гэрт хийсэн нэгжлэг болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалахыг Эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулна.
Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үздэг.
Шүүгдэгч А.А, Э.Э нар өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр ханджээ.
Тодруулбал; Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис нь хүний эрүүл мэндийг сарниулж донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн” гэж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, хураан авахыг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад өгсөн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, шуудан, илгээмжээр илгээсэн, бусдаар хүргүүлсэн, хэрэглүүлсэн байхыг тус тус ойлгоно.
Худалдах зорилгогүйгээр гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үнэ төлбөргүйгээр бусдад шилжүүлэн өгсөн байхыг ойлгодог бөгөөд шүүгдэгч Э.Э нь 2024 оны 09 дүгээр сард Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ...... аймгаас түүж бэлтгэн, түүж бэлтгэсэн өвсөө ........ аймаг руу буюу А.А руу дайж явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн,
Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын үеэс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамал мэт зүйлийг цагдаагийн байгууллага гэмт үйлдлийг таслан зогсоох хүртэл хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр .... аймгийн ......... сумаас ажлын хүн болох Б.Б-т Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 94.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг “аав руу дүнсэн тамхи өгч байгаа юм гэж” 100-н торонд боож ....... аймгийн ......... сум руу Э.Э-ийн дугаарыг бичиж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүдэгч А.А, Э.Э нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А, Э.Э нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан, бусдад өгсөн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.А, Э.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ өөрсдөө сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд тэдэнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч А.А, Э.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч А.А, Э.Э нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.А, Э.Э нарт прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Шүүгдэгч А.А нь ........ аймгийн .......... сум ............ тоотод оршин суух хаягтай, шүүгдэгч Э.Э нь ............ тоотод оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.А, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч А.А, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г .......... аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Э-ийг ........... нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хориглож, шүүгдэгч А.А, Э.Э нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Шүүгдэгч А.А, Э.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан 18,9 граммын цэвэр жинтэй, ногоон ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан 75,4 грамм цэвэр жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан, 5,3 грамм цэвэр жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг түүний ногоон өнгийн хайрцаг, “4” гэж дугаарласан, 31,5 грамм цэвэр жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйл, түүнийг агуулж байсан тамедин гэх бичиглэлтэй хуванцар сав зэргийг тус тус устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч А.А, Э.Э нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ....... овогт .....-ын А, ........ овогт ....-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г ..... аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Э-ийг ............. нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тэдэнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч А.А, Э.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э нарт хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7.Шүүгдэгч А.А, Э.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч А.А, Э.Э нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан 18,9 граммын цэвэр жинтэй, ногоон ургамал мэт зүйлийг, “2” гэж дугаарласан 75,4 грамм цэвэр жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг, “3” гэж дугаарласан, 5,3 грамм цэвэр жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг, түүний ногоон өнгийн хайрцгийг, “4” гэж дугаарласан, 31,5 грамм цэвэр жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг, түүний агуулж байсан тамедин гэх бичиглэлтэй хуванцар сав зэргийг тус тус устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА