Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек, шүүгч Х.Талгат, Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,  

орчуулагч, хэлмэрч Т.Х,

иргэдийн төлөөлөгч А.М-,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.П-,

шүүгдэгчийн өмгөөлөгчид: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б-, Е.Т-,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын /ахлах/ прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.б овогт Б-ы Т-т холбогдох эрүүгийн 2413000000233 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, С.б овогт Б-ы Т-, 19... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, .. настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн 3.. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 9.2.11, 9.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БК..............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, алахыг завдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч М.П-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар тогтоолд заасны дагуу дүгнэхэд, шүүгдэгч Б.Т-ийн үйлдэлд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтыг үндэслэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч Б.Б- нь учирсан хохирлын талаар тодорхой баримт гаргаж өгөөгүй боловч мэдүүлэгтээ сэтгэл санаа, эмчилгээний зардал зэргээр нийт 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т- нь өөрийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах газар болон байшингийн эрхийг хохирогч Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ гар бичмэл баримтаар илэрхийлсэн бөгөөд, энэхүү хөрөнгийг шилжүүлснээр хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, бусад хор уршгийг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Б.Б- нь мөн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэгтээ цаашид ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй гэдгээ илэрхийлсэн хэдий ч сэтгэл санааны хохирол болон бусад шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй тул түүний иргэний нэхэмжлэлийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

2. Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хүрээнд шийтгэлийг хөнгөрүүлэн үзэхийг хүсье” гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “....Улсын Дээд Шүүхээс гаргасан дүгнэлтийг үндэслэн, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсгээр зүйлчилж шийдэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргаж байна. Хохирлын хувьд, Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсанаар, Б.Т- нь өөрийнхөө эзэмшлийнхээ Өлгий сумын 10 дугаар багт байрлах 48 м² талбай бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууцыг хохирогч Б.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон бөгөөд уг тохиролцоо хэвээрээ байгаа тул бусад хохирол, хор уршиг үүсээгүй гэж дүгнэх боломжтой байна. Б.Т- нь анхан шатны шүүхэд эхнээсээ эхнэрээ алах зорилгоор довтолсон бөгөөд улмаар хутгалж гэмтээсэн үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогийн шүүх хуралдаанд ч өөрийнхөө үйлдлийг үгүйсгэж, маргалдаагүй болохыг хэлье” гэв.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.Т-гээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Т.Б-ын хэлсэн дүгнэлттэй санал нэг байна” гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч А.М-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь хохирогчийн амь насанд аюул учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэм буруутай гэж үзэж байна” гэв. 

 

Эрүүгийн 2413000000233 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Улсын яллагчаас:

6. Иргэн Б.Б-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

8. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

9. Саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

10. 8 см-ийн эвэр иштэй, ажлын хэсэг 12 см урттай, хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгай 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,

11. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23-24, 110-111, 229 дэх тал/,

12. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

13. Гэрч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

14. Насанд хүрээгүй гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

15. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Х-ын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

16. Иргэн Б.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

17. Хохирогч Б.Б-ээс гаргаж өгсөн гэрлэлт цуцлах тухай шүүхийн шийдвэрийн хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 112-118 дахь тал/,

18. Шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 66-69, 95, 122-133 дахь тал/,

20. Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

21. Шүүгдэгч Б.Т-, өмгөөлөгч Т.Б-, Е.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

22.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

23. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар.

24. Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, алахыг завдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

25. Иргэн Б.Б-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

26. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

 

27. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

 

28. 8 см-ийн эвэр иштэй, ажлын хэсэг 12 см урттай, хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгай 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

29. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 06 цаг 30 минутын орчимд би хүүхдүүдийн хамт унтаж байхад манай гэрийн хаалгыг хэн нэгэн хүн цохисон бөгөөд энэ үеэр би хаалга тайлаагүй, тэгтэл манай том өрөөний цонхоор миний салсан нөхөр болох Б.Т- нь гартаа хутга барьсан байдалтай орж ирээд намайг ална гэж хэлээд над руу дайрах үед нь би гэрээс гараад зугтсан, тэгтэл нөхөр Б.Т- нь миний араас хөөгөөд манай хашаан дотор байдаг хөрш айлын байшингийн урд барьж аваад гартаа барьсан хутгаар миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалахад тэр үед би арай гэж амь тэмцээд ахиж зугтаагаад хашааны хаалганы гадна талд гарч ирэхэд нөхөр маань ахиад миний ар дал нуруу хэсэгт нэг удаа хутгалсан юм. Энэ үед миний хутгалуулсан хэсгээс их хэмжээний цус гарч байсан болохоор би ухаан санаа балартаж ямар ч байсан хашаа руу буцаад орох үед хөрш айлын эрэгтэй ирээд хашааны хаалгыг хаасан, тэр үед нөхөр Б.Т- хашааны гадна үлдсэн. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна.

...миний бие өмнөх мэдүүлэгдээ нэмж хэлэх зүйл гэвэл салсан нөхөр болох Б.Т- нь намайг алах гэж оролдсон бөгөөд өмнө нь Б.Т- нь төрсөн ахынхаа амь насыг бүрэлгэж байсан ийм зэрлэг хүн. Одоо миний амь насанд халдахаар ирсэн бөгөөд цаашид надад тайван амьдрах баталгаа байхгүй байна. Тийм болохоор Б.Т-т маш их гомдолтой байгаа бөгөөд түүнээс болж би эмнэлэгт хэдэн хоног эмчлүүлээд гарсан, мөн эмчилгээний төлбөр мөнгө болон одоо хүртэл гадуур эмчилгээ хийлгүүлж байгаа ба одоогийн байдлаар эмчилгээний төлбөрт 600,000 төгрөг гарсан. Тухайн төлбөр мөнгийг Б.Т-ээр төлүүлмээр байна. Б.Т- намайг алах гэж оролдохдоо миний ар дал нуруунаас нэг удаа хутгалсан, тухайн хутга нь дотогшоо нэвтэрч уушгинд хүрсэн байсан, мөн хэвлий хэсэгт хоёр удаа хутгалсан одоо оёдол тавиулсан байгаа. Миний хувьд гэвэл Б.Т-ээс би албан ёсны гэр бүлээ салгасан бөгөөд одоо намайг тайван орхихгүй, миний амь насанд аюул заналхийлж байна, цаашлаад миний 6 хүүхдэд мөн аюултай нөхцөл байдал үүсэж байна. Тийм болохоор Б.Т-т энэ байдлыг бүгдийг нь харж үзээд түүнд хуулийн хатуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. ...Б.Т-ээс одоо манай хүүхдүүд бүгд айж эмээж байна, хэзээ гарч ирээд бид нарыг алах бол гэсэн айдас түгшүүртэй амьдарч байна. Тийм болохоор Б.Т-т энэ байдлыг бүгдийг нь харж үзээд түүнд хуулийн хатуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна.

...Надад уг гэмт хэргийн улмаас 600,000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохиролтой холбоотой надад гаргаж өгөх баримт байхгүй. Түүнийг Б.Т-ээс нэхэмжилж байна. Надад уг хэргийн улмаас сэтгэл санааны хямрал ихээр үүсэж, одоо айдас хүйдэстэй амьдарч байна. Сэтгэл санааны маш их хохирол учирсан байгаа. Харин би уг сэтгэл санааны хохирол, хор уршиг болон эмчилгээ, бусад зардалд гарсан гэх 600,000 төгрөгийн хохиролд салсан нөхөр Б.Т-ээс түүний эзэмшлийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах байшин болон газрыг нь авахаар шүүхэд хүсэлт гаргасан. Б.Т- надад байшин болон газрын эрхийг шилжүүлж өгвөл надад өөр нэхэмжлэх хохирол байхгүй. Өнөөдөр түүнийг цагдан хорих байрнаас авч гараад цагдаа нар гэрт нь дагуулж очиж байшингийн болон газрын гэрчилгээг хайсан боловч олдоогүй байна. Байшингийн болон газрын гэрчилгээ Б.Т-ийн өөрт нь байсан бөгөөд одоо хаана хаясныг нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23-24, 110-111, 229 дэх тал/,

 

30. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг 43 минутад “Өлгий сумын 10 дугаар багт ээж хутгалуулсан” гэсэн дуудлагын дагуу очиход 41 настай эмэгтэй Б.Б- нь цээжний хэсэгт 2 удаа, ар нурууны хэсэгт 1 удаа хутгалуулсан, маш их хэмжээний цус алдаж шокийн байдалтай байсан ба яаралтай тусламж үзүүлж Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

31. Гэрч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг өнгөрч байх үеэр би ээж, дүү нарын хамт гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг дотор талаасаа түгжсэн байсан ба тэр үед манай гэрийн хаалгыг гадна талаас нэг хүн цохисон, тэгээд тэр үеэр манай ээж Б.Б- орноосоо босож хувцсаа өмсөөд харснаа “Б.Т- ирсэн байна, согтуу юм шиг байна” гэж хэлээд хаалгаа тайлаагүй бөгөөд надад “чи хувцсаа өмсөөд босоорой” гэж хэлсэн юм. Тэгээд би дуу чимээг хэсэг чагнахад хаалга цохиж байснаа хэсэг чимээгүй болсон юм. Удалгүй манай гэрийн том өрөөний цонх хагарсан бөгөөд энэ үед би орноосоо босоод хувцсаа өмсөөд том өрөөнд ороход манай ээж хаалганы хажууд зогссон байсан ба тухайн хагарсан цонхоор манай аав болох Б.Т- нь орж ирсэн, гартаа нэг хутга барьсан “чамайг алах гэж ирлээ” гээд ээж рүү дайрсан. Энэ үед ээж маань гэрээсээ гараад зугтаах үед Б.Т- ээжийн хойноос гэрээс гараад явсан бөгөөд миний охин дүү болох А- бид хоёр аав, ээжийн хойноос гараад гүйхэд ээж хажуу айлын цонхны дэргэд очоод хөршийн цонхыг цохих үед Б.Т- ээжийг барьж авсан бөгөөд тэр хоёр тухайн газарт нэлээд ноцолдсон, харин дүү бид хоёр аав руу хараад боль, боль гэж орилж хэлсэн боловч эцэг Б.Т- огт тоогоогүй, ээж рүү гартаа хутга бариад дайраад байсан юм. Тэгээд ээж Б.Б- тухайн газраас ахиж зугтаад хашааны хаалганы дэргэд очоод хаалга онгойлгоод гарах үед Б.Т- ээжийг ахиад барьж аваад тэнд зуралдаад байсан, миний харснаар Б.Т- ээжийг хэд хэдэн удаа бие рүү нь хутгалсан байх шиг байсан, ээжийн цээж, гэдэс хэсгээр нь цус гарч байсан. Тэр үед аав ээжийг барьж аваад “би чамайг ч гэсэн ална, өөрийгөө ч гэсэн ална” гэж хэлээд гартаа барьсан хутгаар өөрийнхөө хүзүүний хавьд жаахан газар зүсэх шиг болсон, тэгээд ээж буцаад хашаан дотор орж ирэх үед нь тухайн хаалгыг дотор талаас нь цоожилж авсан бөгөөд энэ үед ээж маань нэлээд цус алдаж байсан болохоор эмнэлэгт дуудлага өгсөн юм.

Уг асуудал болоод дууссаны дараа, ээжийг эмнэлэг рүү авч явсны дараа манай охин дүү А-ы зүүн гарын алга нь хутганд зүсэгдсэн байсан, би тэгээд “гараа яасан бэ” гэж асуухад манай дүү хэлэхдээ “аав ээж рүү хутга бариад хөрш айлын байшингийн цонхны дэргэд ноцолдож байхад нь би боль гэж дундуур нь орж салгах гэж оролдож байхад аавын барьж байсан хутганд гараа зүсүүлсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

 

32. Насанд хүрээгүй гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 06 цаг өнгөрч байх үеэр бид нар ээж, эгч нарын хамт унтаж байхад манай гэрийн хаалгыг нэг хүн гаднаас цохисон юм. Тэр үед манай ээж Б.Б- хувцсаа өмсөөд босоод хаалганы дэргэд очоод буцаж ирээд “Б.Т- ирсэн юм шиг байна, алив босоорой” гээд манай эгч Ж-т ээж хэлж байсан ба ахиад нэг хэсэг хаалга цохиж байсан дуу чимээ байхгүй болсон, тэгтэл гэнэт том өрөөний цонх хагарсан бөгөөд тухайн цонхоор манай аав болох Б.Т- нь орж ирээд ээж рүү хараад “чамайг алахаар ирлээ” гээд дөхөх үед ээж шууд хаалга онгойлгоод гэрээс гараад зугтаасан, түүний араас эцэг Б.Т- ч гэсэн ялгаа байхгүй хөөгөөд гарсан бөгөөд манай эгч Ж- бид хоёр бас гэрээс гараад хойноос нь очиход аав ээжийг хөрш айлын байшингийн дэргэд  ээжийг ална гээд түүнтэй зууралдаж байсан, тэгээд би харахад аав гартаа хутга барьсан байсан ба ээжийг ална гээд түүнтэй зууралдаж байсан. Тэгээд эгч бид хоёр аавыг боль боль гэж хэлсэн боловч ерөөсөө хүч өгөхгүй дайрч байсан, тэгээд ээж ахиж зугтаагаад хашааны хаалганы дэргэд очоод хаалгаар гарч байхад нь эцэг Б.Т- ээжийг ахиад хувцаснаас нь зуурч бариад тухайн газарт нэлээд ноцолдсон, энэ үед бид нар орилоод болиулах гэсэн боловч Б.Т- болихгүй байсан бөгөөд ээж рүү хандаад “би чамайг ална, бас өөрийгөө ч гэсэн алах болно” гэж хэлээд гартаа барьсан хутгаар өөрийнхөө хүзүү хэсэгт 2-3 удаа зүсэх шиг болсноо хутгаа газарт шидсэн, тэр үед ээж буцаад хаалгаар ороод хашааны хаалга хаах үед хөрш айлын ахын хүү болох хоч нэр Н- гэх залуу ирээд хашааны хаалгыг дотор талаас нь цоожилж авсан юм. Тэгээд манай эгч түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн бөгөөд ээж рүү харахад ээжийн хамаг бие нь тэр чигээрээ цус гарсан байсан ба тэгэхэд би эцэг Б.Т- нь ээжийг хутгалсан гэдгийг мэдсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирж ээжид эмнэлгийн тусламж үзүүлээд эмнэлэг рүү авч явсан бөгөөд түргэн тусламжийн машин ирэх үед эцэг Б.Т- хашааны гадна хаалганы дэргэд газарт сууж байсан бөгөөд эргээд ээжийг түргэний машин авч явах үед Б.Т- хаашаа явсан юм бүү мэд зугтаагаад явчихсан байсан юм. Түүнээс хойш ээж эмнэлэгт очсоны дараа эмнэлэгт цагдаа нар ирсэн байсан гэж сонссон.

Манай аав ээжийг 3 удаа хутгалсан байсан, мөн аав өөрийнхөө хүзүүг хутгаар зүссэн, харин уг асуудал болсны дараа харахад миний зүүн гарын алга зүсэгдэж гэмтсэн байсан. Би ойлгохдоо аав ээжийг ална гээд хөрш айлын цонхны дэргэд дарж байхад эгч бид хоёр аав, ээжийн дундуур орж салгаж байхад би аавын барьсан хутганд гараа зүсүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

33. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Х-ын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаартай “1. Иргэн Б.Б-ийн биед хутганы шарх, зүүн далны хэсэгт цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушигны хатгагдсан шарх, хэвлийн зүүн талд хөндлөн байрлалтай 2 ширхэг хатгагдсан шархтай, зүүн уушиг шалчийсан, зүүн уушигны пневмоторокс (цус хуралттай), гидроторокс (шингэн хуралттай) гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь 3 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь 1-7 хоногтой үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх болно. 5. Иргэн Б.Б-ийн дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

34. Иргэн Б.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

 

35. Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдөр би гэртээ байж байгаад 1 шил архи уугаад жаахан согтоод тэгээд шөнө 01 цагийн үед байсан байх манай гэрийн цонхны үүдэнд гал тавьсан, тэр үед хөршийн байшинд уг гал хүрсэн болохоор хөрш цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад очоод хөрш айлын хүнээс уучлал гуйж биднийг явуулсан. Ингээд би гэртээ ирсний дараагаар жаахан сэтгэл санаагаар унаад эхнэр, хүүхдүүдийнхээ гэрт очих гэж бодоод эхнэр Б.Б-ийн гэрийн хаалга нь дотор талаас цоожилсон байсан. Тухайн үед цаг эрт байсан ба ойролцоогоор 06 цагийн үе байсан. Тэгээд эхнэрийнхээ гэрийн хаалгыг хэд хэдэн удаа тогшсон боловч хаалга тайлахгүй болохоор миний уур хүрээд том өрөөний цонхыг хагалж орсон. Тэр үед шөнө миний халаасанд байсан жижиг хутгыг гаргаж ирээд эхнэрийгээ айлгах гээд яагаад хаалга, үүдээ нээхгүй байгаа юм бэ гээд хэлэхэд эхнэр Б.Б- өөрийнхөө гэрийн хаалгыг онгойлгоод гэрээсээ гараад зугтсан. Тэгэхээр нь би хойноос нь гүйгээд хашаан дотор эхнэрийгээ барьж аваад тухайн газарт бид хоёр нилээн удаан ноцолдсон бөгөөд энэ үед би эхнэрийнхээ гэдэс хэсэг рүү гартаа барьсан хутгаар 2 удаа хутгалсан, тэгээд эхнэр буцаад хашааны хаалга руу гүйж очих үед нь би ахиад барьж аваад бид хоёр ноцолдож байхад эхнэр маань хашаан дотор ороод хаалгаа хаасан. Тэр үед миний ухаан санаа орж гараад л байсан. Тухайн үед би Б.Б-ийг хутгална гэж ноцолдож байхад манай хоёр охин А-, Ж- нар намайг салгах гээд миний гараас татаж явж байсан, тэр үед хутга хүрсэн байж магадгүй, түүнээс биш би өөрөө охидуудаа хутгалж гэмтээсэн асуудал байхгүй. ...Би өмнө нь 2010 онд гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд төрсөн дүүгээ алсан хэрэгт шалгагдаж хоригдсон юм. Би эхнэртээ хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу, хэрэв эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзах юм бол уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрх зүйн дүгнэлт.

36. Гэмт хэргийн олонлогийн нэг төрөл болох нийлмэл гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлжээ.

37. Эрүүгийн эрх зүйн онолд нийлмэл гэмт хэргийг нэг удаагийн үйлдэлтэй, хэд хэдэн үйлдэлтэй гэж ангилан авч үздэг. Нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг санаа зорилгод хүрэхийн тулд хийсэн нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр, түүнээс дээш эрх ашигт халдаж үйлдсэн гэмт хэргийг, хэд хэдэн удаагийн үйлдэл бүхий нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг цаг хугацаанд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг хэд хэдэн үйлдлээр дараалуулан үйлдсэнийг ойлгох бөгөөд энэ агуулга нь Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт “... нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр ...” гэсэн байдлаар тусгалаа олжээ.

38. Шүүгдэгч Б.Т-ийн холбогдсон “Хүнийг алахыг завдах” болон “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэргүүд нь гэмт санаа зорилго буюу субъектив талын шинжээр ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулж үйлддэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгддэг тул эдгээр хэргүүд нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэргээр зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлгүй юм.

39. Иймд шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн хэргийг давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар нийлмэл гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...прокурор нэгэнт дээрх зүйл ангиар яллах санал гаргахаас татгалзаж байгааг дэмжиж байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэх боломжтой” гэх санал, дүгнэлтүүдийг хүлээн авч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын /ахлах/ прокуророос шүүгдэгч Б.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

40. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 1/ амьд явах эрхтэй; 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.

41. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлсон “Хүнийг алах” гэмт хэрэг нь хүний амьд явах эрх, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

42. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “Хүнийг алах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчилнэ.

43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү. 3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан байна.

44. Эрүүгийн хавтаст хэргийн 114-118 дахь талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 980 дугаартай шийдвэрээр хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.Т- нарын гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдийг хохирогч Б.Б-ийн асрамжид үлдээж, эцэг Б.Т-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх үүрэгтэй.   

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж тодорхойлжээ.

46. Хохирогч Б.Б-ийн “... том өрөөний цонхоор салсан нөхөр Б.Т- гартаа хутга барьсан байдалтай орж ирээд, намайг ална гэж хэлээд дайрах үед би гэрээс гарч зугтсан. Б.Т- миний араас хөөж хашаан дотор барьж аваад хэвлийд хутгалсан, арай гэж амь тэмцэн зугтаж хашаанаас гарахад ар дал руу хутгалсан. Ухаан санаа балартаж ямар ч байсан хашаа руу буцаад орох үед хөрш айлын эрэгтэй хашааны хаалга хаах үед Б.Т- гадна үлдсэн...” /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч Т.Ж-ын “... том өрөөний цонх хагарсан бөгөөд би орноосоо босоод том өрөөнд ороход аав Б.Т- гартаа хутга барьсан “чамайг алах гэж ирлээ” гээд ээж рүү дайрсан. Ээж гэрээс гарч зугтаахад барьж аваад нилээд ноцолдсон. Дүү бид хоёр аав Б.Т-ийг хориглоход огт тоохгүй ээж рүү хутга бариад дайраад байсан. Миний харснаар ээжийг хэд хэдэн удаа хутгалсан байсан. Аав “би чамайг ч ална, өөрийгөө ч ална” гээд хоолой орчимдоо жаахан зүсэх шиг болсон. Тэгээд ээж хашаа руу буцаж орох үед хаалгыг дотор талаас нь түгжиж авсан...” /1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал/, гэрч Т.А-ы “... том өрөөний цонх хагарч, аав Б.Т- орж ирээд ээж рүү “чамайг алахаар ирлээ” гээд дөхөхөд ээж гэрийн хаалгаар гарч зугтсан. Аав, ээжийг ална гээд гартаа хутга барьсан, зууралдаж байсан... “Би чамайг ална, бас өөрийгөө ч алах болно” гээд хүзүү хэсгээ зүсэх шиг болсноо хутгаа газар шидсэн... ээжийг 3 удаа хутгалсан байсан ...” /1 дэх хавтаст хэргийн 44-46 дахь тал/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Т- анхнаасаа хохирогчийг алах гэсэн санаа зорилготой, түүнийгээ үгээр болон үйлдлээрээ илэрхийлж зэвсэг хэрэглэн довтолсон, шинжээчийн 487 тоот дүгнэлтээр хохирогч Б.Б-д зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгинд хүрсэн шарх, мөн хэвлийн зүүн хэсэгт 2 ширхэг хатгагдсан шарх гэмтэл учирсан ба зүүн уушгинд хүрсэн шархны улмаас шингэн, хий хуралдаж уушгины үйл ажиллагаа алдагдан амь насанд аюултай нөхцөл байдалд хүрсэн болох нь тогтоогдсон /1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэрч О.Ж-ийн “... дуудлагын дагуу очиход 41 настай, эмэгтэй, Б.Б- нь цээжний хэсэгт 2 удаа, ар нурууны хэсэгт 1 удаа хутгалуулсан, маш их хэмжээний цус алдаж, шокийн байдалд орсон байсан тул яаралтай тусламж үзүүлж, Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн ...” /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/ гэсэн мэдүүлгээр хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж амь нас нь аврагдсан нөхцөл байдлууд тогтоогджээ.

47. Хүнийг алах гэмт хэрэг нь довтолгооноор эхэлж, хохирогч амь насаа алдсанаар төгс үйлдэгдсэнд тооцох ба тэрхүү хохирол учраагүй бол завдалт гэж үзэх нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.

48. Нөгөө талаар, хохирогч амь тэмцэн хашаанд орж ирэхэд хөрш нь хаалгыг хааж түгжихэд шүүгдэгч Б.Т- хашааны гадна үлдсэнээр үйлдэл нь таслан зогсоогдож, гэмт санаа нь туйлдаа хүрээгүй байх тул хүнийг алахыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

49. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Т- тухайн цаг хугацаанд согтуурсан, байшингийн хаалгыг тайлж өгөөгүй явдалд уурлаж, хохирогч буюу гэрлэлтээ цуцлуулсан эхнэр болох Б.Б-ийг алах санаа төрж, улмаар халаасанд авч явсан хутгыг гартаа барьж хохирогч Б.Б-ийг алахаар шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгч Б.Т-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна. Мөн шүүгдэгч Б.Т- нь гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийг зэвсэг буюу хутгаар 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

50. Шүүгдэгч, хохирогч нарын хамтын амьдрал, гэр бүлийн харилцаа, гэрлэлт цуцлалт зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон бөгөөд шүүгдэгч Б.Т-ээс хохирогч болон төрсөн охиддоо үзүүлж байсан айдас, түгшүүр зэргээс дүгнэхэд тухайн хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

51. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

52. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Б.Т- буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэсэн болно.

53. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Т-ийн согтуурсан байдал, хууль бус, зүй бус харилцаа, шүүгдэгч, хохирогч нарын хамтын амьдрал, гэр бүлийн харилцаа, гэрлэлт цуцлалт зэрэг нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

54. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

 

55. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан байна.

 

56. Шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн хохиролд хамаарна.

 

57. Прокуророос шүүх хуралдаанд: “Хохирогч Б.Б- нь мөн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэгтээ цаашид ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй гэдгээ илэрхийлсэн хэдий ч сэтгэл санааны хохирол болон бусад шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй тул түүний иргэний нэхэмжлэлийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэх боловч хохирогч Б.Б-ээс шүүх хуралдаанаас өмнө “...шүүгдэгч Б.Т-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар баг /Хөх толгой/-т байршилтай, 48 метр кв талбайтай, улсын бүртгэлийн Y0213002185 дугаар гэрчилгээ бүхий хувийн сууцыг газрын хамт шилжүүлэн авсан, цаашид ямар нэгэн сэтгэл санааны болон бусад хохирол нэхэмжлэхгүй ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

58. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгчийг 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

59. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн хүрээнд “гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуульд зааснаар ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах зохицуулалттай тул тус зүйлийн тусгай ангид заасан хорин жилийн хорих ялын гуравны хоёрын дээд тал нь 13 жил 2 сар байх бөгөөд үүнээс давсан ял оногдуулах боломжгүй юм. Ийнхүү хуулийн заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс урьд нь оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ял нь хууль зүйн хүрээнд нийцэж байгаа бөгөөд уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлтийг,    

60. Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.Т-гээс  “Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-ын гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,  

61. Шүүгдэгч Б.Т-ээс “Би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Архидан согтуурсан үедээ буруу үйлдэл хийсэн нь миний алдаа. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ хараагүй 3 жил болсон тул хүүхдүүдээ хармаар байна. Одоо 46 насанд хүрсэн ба хэчнээн жил амьдрахаа ч мэдэхгүй байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

62. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

63. Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

64. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Т- нь хувийн байдлын хувьд 46 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, урьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

65. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2. “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзаж үзлээ.

66. Шүүгдэгч Б.Т- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, хувийн буюу насны байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүхээс шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

67. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь заалтад “Хүн алах гэмт хэрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алахыг завдсан бол тухайн ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан ба улсын яллагчаас: “...шүүгдэгчийг 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” талаар дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

68. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “..шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэм хэмжээг хэрэглэж ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

69. Учир нь, шүүгдэгч Б.Т- нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.11, 91.2.15-д заасан хүнийг алах гэмт хэргийг “бүлэглэн”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдэж, 16 жил хорих ял шийтгүүлсний дараа дахин ийм төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алахыг завдсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлт хийж үзлээ.

70. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийсний үндсэн дээр түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

71. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2.Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Т-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 363 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

72. Шүүгдэгч Б.Т-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 8 см-ийн эвэр иштэй, ажлын хэсэг 12 см урттай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгай 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав. 

73. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.б овогт Б-ы Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 363 /гурван зуун жаран гурав/ хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Т-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 8 см-ийн эвэр иштэй, ажлын хэсэг 12 см урттай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгай 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК

 

                                        ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ

 

                                        ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА