Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 00221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Д.Сүнжидмаа

Шүүгдэгч Т.Бүрнээбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бүрнээбаатарт холбогдох эрүүгийн 1725000000021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 2-4 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Шарнууд овогт Тэрбишийн Бүрнээбаатар /РД: МИ 69082816/

 

Шүүгдэгч Т.Бүрнээбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Сүнжидмааг лоомоор баруун гар руу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Бүрнээбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07  дугаар сарын 23-ны орой хашаандаа ажлаа хийж дуусчихаад хүмүүстэйгээ архи уусан. Энэ үед хүн хаалга тогшихоор нь өнөөдөр хүнтэй уулзахгүй гээд гэртээ орсон. Гэтэл манай хашаанд дайрч орж ирсэн. Надаар шат хийлгэхээр захиалсан байсан юм. Би жаахан удаачихсан, надаас мөнгөө авъя, юмаа авъя гэсэн. Тэгэхээр нь өнөөдөр уулзах чадал алга гэж хэлсэн. Тэгтэл гагнуурын аппарат, таслагч зэргийг хохирогч гэх энэ хүн авч гарсан. Би та нар яахаараа хүний багаж авч гардаг юм бэ гээд нөхрийг нь хашаанаас хөөж гаргасан. Багажаа булааж аваад хашаандаа орсон. Яг цохисоныг мэдэхгүй байна. Маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Би нилээн согтуу байсан. Эмчилгээний зардалд 290.000 төгрөг төлсөн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа ийм асуудал гаргахгүй. Хохирогч нь залуу хүн байж дахиж багаж булааж авч ийм байдалд хүргэхгүй байгаасай гэж хүсэж байна. 300-хан мянган төгрөгний төлөө хүний багаж авч болж байгаа юм уу ямар 3 саяыг авчихсан биш гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Сүнжидмаагийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: 2017 оны 06  дугаар сарын 17-нд энэ хүнд шат хийлгэхээр захиалга өгсөн. Ажлын хөлсийг нь 300.000 төгрөгөөр тохирч шилжүүлсэн. Шат хийж өгөхгүй удаад байсан. Ажлаа хийж байсан газраасаа нүүгээд явчихсан байсныг нь хүнээс асууж байж гэрт нь очсон. Удаа дараа очиж сүүлдээ шилжүүлсэн мөнгөө буцааж авъя гэсэн боловч өгнө гээд өгөхгүй удсан. Тэгээд 2017 оны 07  дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед гэрт нь очиход гэртээ байсан. 2 хүнтэй хамт архи ууж байсан, та нартай уулзахгүй хүсэл ч алга гэсэн. Тэгэхээр нь гэрт нь орсон. Сүүлдээ шат ч хийж өгөхгүй, мөнгийг чинь ч өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би багажийг чинь авлаа, мөнгөө өгөөд аваарай гээд таслагчийг нь аваад хашааны гадаа гартал лоом бариад манай нөхрийг хөөсөн. Тэгснээ машины ард зогсож байхад над руу ирээд лоомоор гар руу цохиод дахиж цохих гээд дайрахаар нь манай нөхөр ирж салгасан. Тэгээд цагдаа дуудсан чинь зугтаагаад алга болчихсон. Эмчилгээний зардал 290.000 төгрөг гарсныг төлсөн. Би Баян-Өндөр сумын  тамгын газарт мэргэжилтан хийдэг, одоо ажлаа хийж чадахгүй байгаа. 2017 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин 666.500 төгрөг нэхэмжилнэ. Хохирол барагдуулбал гомдол алга гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ж.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эхнэр хашааны гадна Бүрнээбаатарын төмөр тастагчийг барьчихсан машиныхаа хажууд зогсож байхад Бүрнээбаатар байшингийн хажуу талаас лоом барьж гарч ирээд намайг цохих гэхээр нь би зугтаагаад хашаанаас гарсан. Бүрнээбаатар миний араас намайг хөөж хашаанаас гарч ирэнгүүтээ эхнэрийг хараад гартаа барьсан байсан лоомоороо цохисон. Бүрнээбаатар манай эхнэрийн баруун гар руу цохисон гэсэн мэдүүлэг / хх 11 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 645 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Сүнжидмаагийн биед баруун алганы шивнүүр ясны далд хугарал үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.

4. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху/,

 

- Т.Бүрнээбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 19-21 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Бүрнээбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Сүнжидмааг лоомоор баруун гар руу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гагнуурын аппарат, таслагч зэргийг хохирогч гэх энэ хүн авч гарсан. Би та нар яахаараа хүний багаж авч гардаг юм бэ гээд нөхрийг нь хашаанаас хөөж гаргасан. Багажаа булааж аваад хашаандаа орсон. Яг цохисоныг мэдэхгүй байна. Маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Би нилээн согтуу байсан. Эмчилгээний зардалд 290.000 төгрөг төлсөн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн, хохирогч Д.Сүнжидмаагийн “...над руу ирээд лоомоор гар руу цохиод дахиж цохих гээд дайрахаар нь манай нөхөр ирж салгасан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Батбаатарын /хх 11ху/ мэдүүлэг, хохирогчийн биед баруун алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл үүссэнийг тогтоосон 645 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Т.Бүрнээбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Сүнжидмаа нь 2017 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин 666.500 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар цалингийн тодорхойлолтыг ирүүлсэн байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг энэ удаад хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Бүрнээбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зуургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Бүрнээбаатарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Т.Бүрнээбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бүрнээбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.БАЙГАЛМАА