Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

 

 

 

 

 

 2021         05            13                                         2021/ДШМ/20

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                         Г.Дт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Н.Б,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 175 дугаар захирамжтай Г.Дт холбогдох 2138000000130 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Н.Батмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тогоруутан овогт  Г-ийн Д, . оны … дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....................../.

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дугаар баг 32 дугаар гудамжны … тоотод оршин суух иргэн Д.Э-ны гэрт иргэн Л.Ц-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 175 дугаар захирамжаар шүүгдэгч Г-ийн Д-т холбогдох эрүүгийн 2138000000130 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Б эсэргүүцэлдээ: ... Дээд шатны прокурорын зүгээс шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлтэй маргахгүй байгаа бөгөөд харин дараах үндэслэлээр захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж дурдаад урьдчилсан хэлэлцүүлэг хийх 17 үндэслэлийг хуульд тусгайлан зохицуулсан.

Дээрх 17 үндэслэлийн 1 буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д заасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Монгол Улсын Их хурлаас баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол агуулга, үзэл санаа нь хэргийг буцааж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг чирэгдүүлэх, тэднийг залхаахгүй байх, хэргийг буцаах зайлшгүй шаардлагатай бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны эцэст нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх явдал юм.

2. Захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээс 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаах талаар заасан бөгөөд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй атлаа хийсэн мэтээр хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 32 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн Д.Э-ы гэрт иргэн Л-н биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулах журамтай бөгөөд хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Б.Бээжин хүлээн авч 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цаг 00 минутаас хянан хэлэлцэж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүх шүүгдэгч Г.Дт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан захирамж гаргалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг нөхцөл байдал тогтоогдвол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаадаг.

Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 175 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Г.Дт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                    Н.БАЯРХҮҮ