| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2020/01077 |
| Дугаар | 138/ШШ2020/01127 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2020/01127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг ******* ******* 14 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын Солонгын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг ******* 16 тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох Хүүхдийн тэтгэлэг болон эмчилгээний зардал 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр гэр бүл байсан бөгөөд 2010 оны 4 сарын 15-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 226 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас 2003 оны 7 сарын 21-ний өдөр охин , 2008 оны 4 сарын 5-ны өдөр охин төрж одоо миний асрамжинд байна. Тухайн үед ******* нь хүүхдийн тэтгэлэг өөрөө сайн дураараа өгнө гээд байсан учир би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй. Гэвч ******* нь тохиролцсноо биелүүлээгүй хүүхдүүдээ харж хандахгүй байсан учир 2014 онд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн л шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гээд байхад нь би тухайн үед шийдэж байсан эрэгтэй шүүгчээс дахин хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж болно биз дээ гэхэд болно гэж хэлсэн. Ингээд бид хоёр дахин эвлэрч шийдвэр гаргуулсан. Гэвч мөн л энэ хугацаанд хоёр охиноо дэмжиж туслаж эцгийнхээ үүргийг биелүүлээгүй. ******* нь охидуудтайгаа таарахаар дуугарахгүй танихгүй хүн шиг явдаг болсон. Энэ байдлаас болж том охин сая гэнэт эрүүл мэнд нь муудаж солиорлын байдалд орж эмнэлэгт хэвтэж улмаар Улаанбаатар хот руу онош тодруулахаар явж шар хадны эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж байсан. Энэ талаар *******д мессежи бичиж байсан. Охин маань гэнэт бие муудахаасаа өмнө та биднийг тоохгүй байна гэсэн утгатай мессежи бичсэн байсан. Тэр мессежи бичсэнээс хойш 2 хоногийн дараа охин маань яасан нь мэдэгдэхгүй солиорлын байдалд орсон. ******* энэ хугацаанд нэг ч анхаараагүй, надад хамаагүй гэсэн. Охин маань эмнэлгээс гараад байж байгаад 2 хоног алга болж эрэл сурал болж олсон. Энэ талаар хэлэхэд ******* надад хамаагүй цагдаадаа ханд гэж хайхрахгүй байсан учир энэ хүн цаашид хүүхдүүдээ харж хандаж байна гэдэг нь худлаа юм байна гэж бодоод шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах мөн охин г эмнэлэг, засал, бөө, ламаар засуулсны зардал 6 000 000 төгрөг гарснаас 50 хувь болох 3 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Охин биеэн нь муудахаас хэд хоногийн өмнө нойргүйдээд, бие нь сулраад байсан. өөрөө маш их хичээл хийдэг бөгөөд хэд хоног нойргүй хоноод байсан. Тэгээд нэг өглөө гэнэт дэмийрээд, зан ааш нь хурц болсон охиноо гэдэг эмчид үзүүлэхэд сэтгэцийн өвчинтэй болсон байна, сэтгэц мэдрэлийн эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй гэсэн. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлээд тэнд 10 хоног хэвтсэн. Эмнэлэгт эхний 8 хоног ухаангүй байж байгаад сүүлийн 2 хоног нь бие нь бага зэрэг сайжирсан. Тэр үед эмч нар нь залуу хүүхэд хот явж онош тодоруулах хэрэгтэй гээд 13-р маягт бичиж өгөөд яаралтай хот руу яв гэсэн болохоор бид охиноо өөрсдийн машинаар авч явсан. Хотод очоод шар хадны эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Энэ хугацаанд охиноо сахихын хажуугаар лам, бөөгөөр явж засал, ном уншуулах гээд бүх л аргыг хэрэглэж охиноо эдгээж авсан. Эмнэлгээс гармагцаа бөө дээр очиж гэрт нь 7-8 хоног засал хийлгэж байж байх хугацаанд гэнэт алга болсон. Энэ бүх засал, ном, эмнэлгийн зардал, хэрэглээний зардалд их мөнгө зарцуулсан учраас 3 сая төгрөг нэхэмжилж байгаа юм. Бид өөрсдөөс гарсан зардлаа баримт байхгүй учир байгаа баримтаа өгсөн. Хамгийн гол нь ******* нь хүүхдүүдээ хайхрахгүй, надад хамаагүй гэж хэлсэнд маш их гомдсон учир шүүхэд хандаж хүүхдүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хэрэгтэй юм байна гэж шийдсэн гэв.
Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2008 оноос эхлэн тусдаа амьдарсан. Бидний амьдарч байсан Ялалтын 08-20 тоотын хашаа, байшин нь тухайн үед манай ээжийн хөрөнгө байсан юм. Хамт амьдарч байх хугацаанд том охин төрсөн. Тэр үед би хувиараа наймаа хийдэг байсан бөгөөд 30-р *******ны 14 тоотыг ХААН банкны зээлээр авч байсан юм. Мөн Ялалтын 08-20 тоот хашаа, байшинг Солонгын нэр дээр шилжүүлэн Голомт банкны барьцаанд тавьж 10 сая төгрөгийн зээл авч байсан. Гутал засварын газрыг би *******огийн эгчээс 4 сая төгрөгөөр худалдаж авч байсан боловч худалдаж авснаас хойш тэд өөрсдөө ажиллуулж орлогоо авдаг байсан. Ингээд *******о болон түүний эгч, ах нар нь тэр гутал засварын газрыг ажиллуулж орлогоо аваад, ******* манай дүү гийн өрийг сардаа төлж байхаар тохиролцсон юм. Энэ асуудал биднийг салахаас өмнө болсон бөгөөд салсны дараа ******* тэр өрийг огт төлөөгүй. 2008 онд би *******д хоёулаа салъя гэхэд 30-р *******ны 14 тоот *******ны зээл болон Ялалтын 08-20 тоотын хашаа, байшинг барьцаалсан зээлүүдээ төлж дуусгаад салъя гэсэн. Тэгээд би малаа зарж 2010 онд нэг ч өр зээлгүй болгож 30-14 тоот *******ыг Солонгын нэр дээр болгоод өгсөн.Өөрөөр хэлбэл 2010 онд гэрлэлтээ цуцлуулахдаа би гутал засварын газрыг өгч, үүнийхээ орлогоор 2 хүүхдийнхээ өдөр тутмын хэрэглээг хангаж, 30-14 тоот *******андаа амьдраарай гэж өгсөн. Тухайн үед болсон шүүх хурлын тэмдэглэл дээр хүүхдийн тэтгэлэг өгөхгүйгээр ******* болон гутал засварын газраа өгч байгаа талаар бичээгүй байсан. Гэтэл 2014 онд ******* дахин хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тэр үед би хэрвээ ингэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргаж чамд өгсөн ******* болон гутал засварын газраас өөрт оногдох хувийг нэхэмжилнэ гэсэн. Тэгээд ******* энэ хоёр хөрөнгөө аваад тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзаж эвлэрэхээр тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн тэтгэлгийн асуудлыг 2014 онд хоорондоо тохиролцоод шүүхээр эвлэрснээ баталгаажуулсан. Хүүхдийн бие муудсан тухайд ******* өөрөө хүүхэддээ анхаарал халамж тавихгүй, утас их үзүүлсэнээс болж ядаргаанд оруулчихаад зүгээр хүүхдийг мэдрэл муутай болгож яриад байна. бол хичээл номондоо сайн, эрүүл саруул хүүхэд. Тиймээс хүүхдийн тэтгэлгийн асуудал 2014 онд тохиролцоод шийдэгдчихсэн учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд нар лам, бөөгөөр явсан мөнгөө надаас нэхэж байгаа зөвшөөрөхгүй. Бидний маргаан бол 2010 болон 2014 онд шийдэгдээд өнгөрчихсөн асуудал. Гэвч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуульч хүн байж энэ асуудал дээр дахин зардал чирэгдэл учруулж байна гэж үзэж байна. Мөн 3 сая төгрөгийн хувьд нотлох баримт хангалттай байхгүй байна. Өөрсдөө дураа зардал гаргаж лам, бөөгөөр явчихаад надаас мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг болон эмчилгээний зардал 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргажээ.
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.******* нар нь 2003 онд гэр бүл болж хууль ёсны гэр бүл байсан ба гэрлэгчид нь 2008 оноос тусдаа амьдарч хэн аль нь цаашид хамт амьдрах хүсэлгүй гэх үндэслэлээр гэрлэлтийн харилцааг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 226 дугаартай шийдвэрээр цуцалж, тэдгээрийн дундаас 2003 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М., 2008 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн охин М. нарыг эх Э.Солонгын асрамжинд үлдээн шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Э.******* нь ******* нь заавал шүүхээр тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй тухай бүрт нь хүүхдүүдээ харж хандаж байна гэж тохиролцсон гэх үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг шийдвэрт тусгажээ.
Нэхэмжлэгч Э.******* нь 2014 онд дахин хариуцагч А.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ ******* нь 2 охиноо гэсэн сэтгэлгүй байгаа учир эцэг хүнийх нь үүргийг ухамсарлуулж ойлгуулах ... гэсэн байх бөгөөд хариуцагч А.******* нь мөн гэрлэгчдийн хамтран амчлах дундын эд хөрөнгө хуваах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрсэн гэж 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн өдрийн 03 дугаартай шүүгчийн Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болох тухай захирамж гаргасан байх ба уг захирамжинд нэхэмжлэгч Э.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас, хариуцагч нь гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзахаар эвлэрэн хэлэлцсэн гэж үндэслэлээ заан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Дээрх шүүхийн шийдвэр гарах үед би тухайн хэргийг шийдвэрлэж байсан шүүгчээс асууж байсан. Хэрэв энэ хүн хүүхдүүдтэйгээ эцэг хүний хувиар харьцаж шаардлагатай үед туслалцаа үзүүлж байвал хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Харин ******* нь уг тохиролцоог зөрчвөл дахин нэхэмжлэл гаргана гэсний дагуу хүүхдийн тэтгэлэг шаардаж байна. Мөн ******* нь том охин г утсаар ярих, гудамжинд таарахад нь танихгүй хүн шиг байх болсон нь охинд маань маш том цохилт болж эрүүл мэндээр хохирсон. Би охиноо алга болчиход нь эцэг рүү ярихад надад хамаагүй, цагдаадаа хэл гэж хэлж байсан. Ер нь хуулийн дагуу хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах ёстой юм байна гэж бодоод шүүхэд хандсан.******* нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлж хүүхдүүдээ харж хандах ёстой гэж үзсэн. Охиноо бид эмнэлэг, лам, бөөгөөр давхар явж байж эдгээсэн. Үүнд гарсан зардлын тал 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн... гэж
Хариуцагч А.******* татгалзаж буй үндэслэлээ: Энэ асуудал 2010 болон 2014 онд шийдвэрлээд өнгөрсөн. Би өөрийн бий болгосон 30 *******ны 14 тоот, гутал засварын газраа хүүхдүүдийнхээ хэрэгцээ, тэтгэлэгт өгсөн. Энэ гутал засварын газар нь миний хоёр хүүхдийн хэрэглээнд бүрэн хүрнэ гэж үзэж байна. Хүүхдийг зүгээр байхад лам бөөгөөр явж гарсан зардлаа надаас 3 000 000 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед хүүхдүүдээ ая тухтай амьдрах гээд өөрийн бий болгосон *******, гутал засварын газраа өгсөн. Хэрэв гутал завсарын газраас орж байгаа орлого хүүхдүүдийн амьдралд бүрэн хүрнэ. ******* өөрөө өөрийн ах дүү, нөхөр хүүхдээ тэжээж байгаа... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан хүүхдийн эрхийг хамгаалсан байхаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай ба гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдол тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хэдийгээр гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд гаргах үед нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тухайн үед нэхэмжлээгүй гэсэн нь хариуцагчийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлж буй хариуцагчийн хувьд өөрийн үр хүүхдийг өсөн бойжих, аятай таатай орчин амьдрах, ахуйн хэрэгцээнд зориулж буй эдийн засгийн туслалцаа зэрэг дээрх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөөгүй ба эцэг, эх байх эрхийг хасаагүй учир Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж эцэг, эхийн үүргийг хуульчилсан байна.
Хариуцагч А.******* нь Хүүхдийн тэтгэлэгт тооцож өөрийн зүгээс орон сууцаа, гутал засварын газрын хамт тооцож өгсөн гэж байгаа боловч түүний хүүхдийн тэтгэлэгт тооцож өгсөн гэх гутал засварын газар болон орон сууцыг хүүхдүүдийн хэдийгээс хэдий хүртэлх хугацааны тэтгэлэгт ямар шийдвэрийг үндэслэл тооцож дуусгавар болгосон эсвэл хүүхдүүдийг тэжээн тэтгэх хугацаанд тооцсон эсэн талаар /18 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт/ мөн тэтгэлгийг хаасан талаар албан ёсны шийдвэр байхгүй байх бөгөөд хариуцагч А.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцааж чадаагүй байна.
Иймд хариуцагч А.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд 2003 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М., 2008 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн охин М. нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам тэжээн тэтгүүлэх зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******аас хүүхдийн эмчилгээний зардал 3 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Охин нь эцгийгээ санаж сэтгэл санаагаар хямарснаас солиорлын байдалд орж зан ааш нь хурц болж маш хэцүү байсан учир эмчид үзүүлж аймгийн болон шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Бид охиноо эрүүл саруул болгохын тул эмнэлгээр эмчлүүлэхээс гадна лам, бөөгөөр явж маш их мөнгө зарцуулсан. Ойролцоогоор 6 сая төгрөг гарсан. *******аас үүний 50 хувь болох 3 сая төгрөгийг нэхэмжилсэн. Хүүхдээ бие муу байхад эцэг хүний үүргээ огт биелүүлээгүй. Утсаар ярихад надад хамаагүй, цагдаадаа хэл гэж байсан учир гомдож шүүхэд хандсан болно. Бидний хувьд баримт бичгүүдээ сайн бүрдүүлээгүй байгаа боловч өөрсдийн материалаа хавсаргасан болно ... гэж
Хариуцагч А.******* татгалзаж буй үндэслэлээ: Солонгын нэхэмжилж байгаа 3 сая төгрөгийг зөвшөөрөхгүй. ******* нь охиноо харж хандахгүй байснаас хүүхэд утас их хэрэглэснээс ийм байдалд хүрсэн. Хүүхдийг зүгээр байхад лам, бөө гэж явсан байдаг. Энэ бол өөрсдийнх нь хэрэг. Би тухайн үед цагдаад ханд гэсэн түүнээс өөрийнхөө хүүхдүүдийг тоохгүй, хайхрахгүй байна гэж байхгүй. Охидуудтайгаа уулзах, манай ээж дээр очиход ******* нь загнаж уурласан байдаг ... гэж тайлбарлан маргаж байгаа.
Нэхэмжлэгч Э.******* нь хүүхдийн эмчилгээний зардал гэж нэхэмжилж байгаа боловч уг нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтаар хуульд заасан шаардлага хангаж шүүхэд ирүүлээгүй ба түүний гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотолгооны шаардлага хангаагүй, нотолж чадаагүйгээс гадна дээрх нэхэмжлэл нь ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүхэд өөрөө нотлох, нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Солонгын хариуцагч А.*******аас эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Э.******* нь 170 302 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 170 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.*******аас 107 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин М., М. нарыг 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг А.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******д холбогдох эмчилгээний зардал 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 170 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.*******аас 107 302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА