Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

 

 

 

                                                                                        2025/ШЦТ/161

 

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

            Улсын яллагч: Т.А

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

              Шүүгдэгч: Б.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах П овгийн Бгийн Б /ИБД:....../-д холбогдох эрүүгийн 2512......... дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ............. суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Х баг, З гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, П овгийн Бгийн Б (ИБД:)

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн И сумын Б багийн нутаг дэвсгэрт хот хоорондын төв магистрал зам дээр ....... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас  ....... улсын дугаартай Ниссан экстрал маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган ....... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Эын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, зорчигч Ё.Эын биед хүзүүнд сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, ....... улсын дугаартай Ниссан экстрал маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Уын биед өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, жолооч Д.Огийн биед өвчүү ясны хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Эрүүгийн 2512........... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Хохирогч Д.Огийн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг өнгөрч байхад нөхөр 4 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд Ниссан экстрал маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Архангай аймгийн төвд орж ирэхэд цас орж эхэлсэн. Бид нар дэлгүүрээс ойр зуурын юм худалдан аваад шууд гарсан. Тэгээд Архангай аймгийн Ихтамир сум өнгөрөөд даваа өгсөөд явж байтал урдаас саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд шууд урдаас мөргөчихсөн. Тэр машин их хурдтай явж байсан. Тэгээд осол болсны дараа хүүхдүүдээ л анхаарсан. Тэгсэн бага хүүхэд маань чимээгүй байгаад байхаар нь нөхөртэй хэлэхэд манай нөхөр бага хүүгээ сэгсрэхэд гэнэт чанга дуугаар уйлахаар нь гайгүй юм байна гэж бодоод нөгөө мөргөлдсөн гэх машин дээр очиход 3 хүн сууж байсан. Жолооны ард нь нэг эрэгтэй хүн, жолоочийн хажууд нэг эмэгтэй ард нь нэг эмэгтэй хүүхэд сууж байсан.  Тэгээд би эргээд машин дээрээ очиж эмнэлэг цагдаа хурдан дуудахыг нөхөртөө хэлэхэд түргэн дуудаад эмч нар ирж үзээд намайг болон 4 хүүхдийг нөгөө машинд явсан 2 эмэгтэйн хамтаар эмнэлэг рүү авч явсан. Тухайн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Би Улаанбаатар хотоос анх гарахад л барьсан манай нөхөр замдаа хэсэг жолоо барьсан харин осол болох үед би жолоо барьж явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний цээжний хэсэг өвчүүний яс хугарсан гэж эмч хэлсэн. Манай нөхөр Уын тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос 26 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхтэй. Би машинаа янзлуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

     Хохирогч Д.Огийн дахин: ...Тухайн гэмт хэргийн улмаас хохирол учирсан. Гэр бүлийн дундаас мөнгөн дүн нь гарсан болохоор нөхрийн өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Манай нөхрийн данс  руу хохирол болох 8 сая төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3 сая төгрөг дутуу байгаа. Би өөрт учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178 хуу/

               Хохирогч Ё.Эын “...Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны орой 20 цаг өнгөрч байхад А аймгийн Ө сумын  Хануй багаас нөхөр охины хамт Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Ихтамир сум орох гэж явж байтал манай нөхөр “машин гулгаад байна” гэж хэлээд удалгүй урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан. Үүний дараа И сумын эмнэлэг дээр ухаан орсон. И сумын эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байгаад Архангай аймгийн эмнэлэгт ирж үзүүлээд Улаанбаатар хот руу явж үзүүл гэхээр нь очиж үзүүлээд 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт ирсэн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нөхөр Б машин жолоодож явсан. Манай нөхөр хамгаалах бүс зүүсэн байсан, охин бид хоёр зүүгээгүй байсан. Машиныг худалдаж авах үедээ хүүгийнхээ нэр дээр авч байсан. Тэрнээс бол манай нөхрийн машин байгаа юм. 2023 оны 13,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний хүзүүний 5 дугаар үеийн сэртэн яс хугарсан, өөр гэмтэл байхгүй. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхтэй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/ 

 

     Хохирогч Ё.Эын дахин: “...миний эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхэд эмчилгээнд 2 сая орчим төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Б нь миний нөхөр тийм болохоор бид хоёрын дундын хөрөнгөөс тухайн эмчилгээний зардал мөнгө гарсан болохоор надад хохирол төлбөрийн ямар нэгэн асуудал байхгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 204-205  хуу/ 

     Гэрч Б.Уын өгсөн:  “...Тухайн гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд 2 сая гаран төгрөгийн зардал гарсан. Мөн миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн хохирол шинжээчийн дүгнэлтээр 7,937,400 төгрөгийн хохирол учирсан. Эмчилгээ болон нааш цааш гэр бүлийн хамт явахад зөвхөн нэг удаагийн явалт 1 сая төгрөг болсон. Ингээд 11 сая орчим хохирол гарсан. Миний эрүүл мэндэд учирсан болон тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирол болох 11 сая төгрөгөөс 8 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3 сая төгрөг дутуу байгаа. Үүнийг дариу хугацаанд төлж барагдуулна гэж ярьсан. Би өөрт учирсан хохиролд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 хуу/  

Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн:  “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Ё.Э /......./ нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдөр, 03 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 186,220 төгрөг,  Д.О /........./ нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 03 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 235,246 төгрөг, Б.У /......../ нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 03 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 235,246 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Дээрх 3 иргэн нийт 656,712 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байх тул үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ......... тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 хуу/

Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бын өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Тийм учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201 хуу/ 

 

             *Шинжээч Т.Т 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 46-57/120 дугаартай

             1. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад .... маркийн ....... улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...... маркийн ....... улсын дугаартай автомашины жолооч Д.Ог Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

             2. ... маркийн ....... улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт зөрчсөн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

             3. Уг зам тээврийн осол гарахад замын гадаргуу дээрх халтиргаа гулгаа, байгалийн нөхцөл байдал сөргөөр нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

             4. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

             5. Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 38-40 хуу/,

 

  *Дамно ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн АЦ25-58 дугаартай

   “...маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 21,805,000 төгрөг, хохирлын үнэлгээ 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 7,937,400 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 49-57 хуу/,

 

*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/104 дугаартай

1. Б.Уын биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуу/,

 

*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/103 дугаартай

1. Д.Огийн биед өвчүү ясны хугарал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.    

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” Гэх дүгнэлт /хх-ийн 75-76 хуу/,

 

*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/099 дугаартай

1. У.Энхсаруулын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 96 хуу/,

 

*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн АРХ0725/125 дугаартай

1. Ё.Эын биед хүзүүнд сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 148-149 хуу/,

 

* Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ж.Дн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/2441 дугаартай

“...Шинжилгээнд “ОС90051504 II/35 О” гэж хаяглан ирүүлсэн “.......” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж ирээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 159-160 хуу/,

 

* Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ж.Д 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/2440 дугаартай

“...Шинжилгээнд “АД82121013 08/35 Б” гэж хаяглан ирүүлсэн “....” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж ирээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 168-169 хуу/

 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 хуу/

       *Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10 хуу/

       *Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 186-191 хуу/

        *Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 215 хуу/

         *Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл хх/-ийн 232-236 хуу/

         *Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхаар хуульчилсан.  

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн И сумын Б багийн нутаг дэвсгэрт хот хоорондын төв магистрал зам дээр ....... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас  ....... улсын дугаартай Ниссан Экстрал маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган зорчигч Ё.Эын биед хүзүүнд сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Б.Уын биед өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, жолооч Д.Огийн биед өвчүү ясны хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх хангалттай, хүрэлцээтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Д.Огийн биед өвчүү ясны хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Уын биед өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Ё.Эын биед хүзүүнд сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. 

 

              Хохирогч Б.У, Д.О нар нь мөрдөн байцаалтын шатанд “эрүүл мэндэд учирсан хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэж хохирогч Ё.Э нь “хохирол нэхэмжлэхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Хохирогч Ё.Э нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 03 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 186,220 төгрөгийн,

             хохирогч Д.О нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 03 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 235,246 төгрөгийн,

 хохирогч Б.У нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 03 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 235,246 төгрөгийн нийт 656,712 (зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун арван хоёр) төгрөгийн төлбөр гарсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм.  Энэ төлбөрийг гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээнд нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  олгохоор шийдвэрлэв.  

                                                           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.              

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

 

            Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

                                                                                                                                                                                       Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.   

 

Прокурор “Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргаж, шүүгдэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрх хасах болон торгох ял, түүнийг төлөх журам тус тус хуульд нийцсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

 Иймд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч П овгийн Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч С.Бод хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 7. Хохирогч Б.У, Д.О нарын эрүүл мэндэд учирсан хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хохирогч Ё.Э хохирол нэхэмжлээгүй, мөн хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй гэснийг шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 656,712 (зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун арван хоёр) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

            9. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА