Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2021/00423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр 2 404 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., өмгөөлөгч Д.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.     Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.д холбогдуулан сурагч М.-ий 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 600 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, хоолны зардал 54 000 төгрөг, нийт 2 454 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тооцооллын хувьд энэхүү нэхэмжлэл нь 2 404 000 төгрөг болсон байна.

нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сурагч М.-э нь танхимаар болон ТВ хичээлд бүрэн хамрагдсан. Хүүхдийг цахим хичээлд бүрэн хамруулах нь эцэг, эхийн үүрэг. Сургуулийн зүгээс 2018-2019 онд сургалтын гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 2019-2020 онд автоматаар сунгагдаж, үргэлжилсэн. Суралцагч сургалтын төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгасан гэж мэтгэлцээний байр сууриа илэрхийлсэн.

2.     Хариуцагч талын зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрийг төлж байсан. Харин 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээ байгуулаагүй. Төлбөр өөрчлөгдсөн талаар мэдэхгүй. Манай хүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сургуулийн сургалтад хамрагдсан тул уг хугацааны төлбөрийг төлсөн. Анги удирдсан багш нь гадаад улсад байсан тул хүүхдэд хичээл ороогүй. Улсын хэмжээнд цахим хичээл 2020 оны 03 дугаар сараас эхлэсэн. Сургуулийн зүгээс ямар нэгэн программ ашиглаж хичээл заасан асуудал байхгүй. Зөвхөн ангийн багшаас чатаар мэдээлэл авч байсан. Хичээлийг цахимаар ороогүй, хүүхэд хичээлд хамрагдаагүй байхад сургалтын төлбөрийг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу маргасан. Харин хоолны зардлын үлдэгдэл 54 000 төгрөгийг төлнө гэжээ.

3.  Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бүрэн дунд сургууль болон эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээ, 3а ангийн сурагч М.-ий дүнгийн тодорхойлолт, хоол, унааны төлбөрийн үлдэгдлийн тооцоо, сургалтын төлбөрийн тооцоо,

хариуцагчаас гаргаж өгсөн ХХК-ийн Ө.ы нэр дээрх дипозет дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд авагджээ.

Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 3а ангийн суралцагчийн 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын хоол, унааны зардал, хоолны ирцийн бүртгэл, 3а ангийн Монгол хэл, Математик, Хүн ба Орчин, Иргэний ёс зүйн боловсрол, Дүрслэх урлаг технологи хичээлүүдийн 2019 оны 09, 10, 11, 12 дугаар сарын ирцийн бүртгэл, 3а ангийн Монгол хэл, Математик, Хүн ба Орчин, Иргэний ёс зүйн боловсрол, Дүрслэх урлаг технологи, Хөгжим, Биеийн тамир, Хятад хэл, Хятад яриа, Хятад дуу зэрэг хичээлийн 2, 4 дүгээр улирлын дүн зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн зүгээс Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн гаргасан сурагч М.-ий 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 600 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, хоолны зардал 54 000 төгрөг, нийт 2 404 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь суралцагчтай байгуулах гэрээний дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөрт дутуу төлсөн 1 600 000 төгрөг, хоолны зардал 54 000 төгрөг, алданги 800 000 төгрөг, нийт 2 404 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сар хүртэл хугацааны сургалтын төлбөр 1 900 000 төгрөгийг төлсөн, сургуулийн зүгээс цаашид хичээл заагаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин хоолны зардлын үлдэгдэл 54 000 төгрөгийг төлнө гэжээ.

Зохигчийн хооронд нэг талаас сургууль нь суралцагчийн сургалтын төлбөр болон өөрийн үйл ажиллагааны орлогод түшиглэн тухайн хичээлийн жилд батлагдсан сургалтын шаардлага хангасан хөтөлбөрийн дагуу сурагчдад мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, нөгөө талаас Ө. нь сургалтын төлбөрийг төлөхөөр тохиролцсон харилцаа үүссэн гэдэг дээр маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрээний 6.1.5-д тус гэрээ нь нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү гэрээг хичээлийн жилийн эцсээр гэрээ байгуулагч татгалзах санал гаргаагүй тохиолдолд гэрээ албөн ёсоор сунгагдана гэх заалт, хариуцагчийн 2019-2020 оны хичээлийн жилд хүүхдээ үргэлжлүүлэх сургалтад хамруулсан үйл баримт зэргээр талуудын өмнө байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдан 2019-2020 оны хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Маргааны үйл баримтын хуваарилалтын хувьд хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны хүртэл хугацаанд хүүхдээ д сургасан гэдгээ зөвшөөрч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс буюу 2019-2020 оны хичээлийн жилийн 3, 4 дүгээр улиралд улс даяар Ковид өвчний улмаас тогтоосон онцгой нөхцөл байдлын улмаас танхимаар хичээл ороогүй үед сургуулийн зүгээс аливаа байдлаар цахим хичээлийг тусгайлан ороогүй гэж маргасныг нэхэмжлэгчийн зүгээс баримтаар няцааж чадаагүй болно.

Гэхдээ хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргана гэсэн гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн сургуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор гэрээнээс татгалзах санал гаргаагүй, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 07 дугаар сарын 11-ний өдөр 300 000 төгрөг зэргээр сургалтын төлбөрийг төлж гэрээний харилцааг үргэлжлүүлсэн байна. Нөгөө талдаа нэхэмжлэгч тал гэрээний хэрэгжилтийн явцад доголдол гаргасан боловч суралцагч М.-ийг 2019-2020 оны хичээлийн жилд 87.9 гэсэн нэгдмэл дүнтэйгээр төгсгөж дараагийн шатанд буюу анги дэвшин суралцах боломжийг олгожээ. Иймд хариуцагч нь өөрийн хүүхдийн 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч тал нь 2019-2020 оны сургалтын төлбөр 3 500 000 төгрөг гэж тодорхойлж, хариуцагчаас төлсөн 1 900 000 төгрөгийг хасч 1 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Зохигчийн хооронд байгуулсан, өмнө хэсэгт хугацааны хувьд сунгагдсан болохыг тайлбарласан 2018-2019 оны хичээлийн жилийн суралцагчийн гэрээнд сургалтын төлбөрийг 2 800 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд энэ төлбөрийг 3 500 000 төгрөг болж өөрчлөгдсөн талаар нэмэлт гэрээ байгуулагдаагүй, сургуулийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй, төлбөр өөрчлөгдсөн эсэх дээр хариуцагч маргасан болно.

Тиймд зохигчийн хооронд байгуулсан тохиролцооны дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөр нь 2 800 000 төгрөг гэж үзэх үндэстэй тул хариуцагчийн төлсөн 1 900 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 900 000 төгрөгийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сургалтын төлбөрт нэхэмжилсэн 1 600 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн төлөхөө илэрхийлсэн учир хоолны зардлын үлдэгдэл 54 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учир хариуцагчаас төлөөгүй төлбөрөөс хоног тутамд 0.3%-иар тооцсон алданги 750 000 төгрөг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй билээ.

Гэхдээ гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч нь 2019-2020 оны хичээлийн жилийн 3, 4 дүгээр улиралд улс даяар Ковид цар тахалын улмаас сургууль, цэцэрлэгийн танхимийн үйл ажиллагааг хориглосон үед зохих стандарт шаардлагыг хангасан хэлбэрээр цахимаар тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулсан болохоо нотлоогүй, энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбарийг баримтаар няцаагаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байдаг. Ковид цар тахалын улмаас сургууль, цэцэрлэгийн танхимийн үйл ажиллагааг хориглосон үед явуулсан үйл ажиллагаатайгаа харьцуулахад илт их анзыг нэхэмжлэгч нэхэмжилсэн байх тул шүүхийн эрх хэмжээний хүрээнд алданги 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй баримтыг үнэлээгүй болохыг дурдвал зохино.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас сургалтын төлбөрийн үлдэгдэл 900 000 төгрөг, хоолны зардал 54 000 төгрөг, нийт 954 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас сургалтын төлбөрийн үлдэгдэл 700 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 1 450 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 54 214 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 27 446 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 800 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.оос 954 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1 450 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 54 214 төгрөгийг улсын орлого болгож,

хариуцагчаас 27 446 төгрөг, улсын төсвөөс илүү төлсөн 800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ