Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00785 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХИ” ХХК--д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 711 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр “ХИ” ХХК--тай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өрөмдлөгийн ажлын нэг тууш метрийг 176 000 төгрөгөөр тооцон, нийт 100 тууш метрийн гүн бүхий нэг худаг гаргахаар төлөвлөн нийт үнийн дүнг гаргасан бөгөөд нийт үнийн дүн урьдчилсан байдлаар 17 600 000 төгрөг болсныг гэрээнд тодорхойлж өгсөн. Учир нь гүний ус яг хэдэн метрээс гарах эсэхийг урьдчилан бүрэн тодорхойлох боломжгүй. Тиймээс гэрээний 3.2-т ажлын хэмжээг тодорхойлохоос гадна нийт төлбөрийг захиалагч тал ажлын гүйцэтгэлээр төлөхөөр зөвшөөрөн энэхүү гэрээгээр тохиролцсон. Ажлын гүйцэтгэлээр худаг 120 тууш метр гүнээс ус гарсан. Гүйцэтгэгч тал буюу “Э” ХХК гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч тал ажил хүлээлцэх актаар хүлээж авсан. Захиалагч тал буюу “ХИ” ХХК- нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 13 140 900 төгрөгийг төлөхгүй өдийг хүрсэн. Захиалагч тал нь худгийн ажил доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй бүтэн жил худгийг ашиглаж байгаа тул ажлыг хүлээж авсан гэж үзэж байна. Хариуцагч тал ажил хүлээж авсан баримт нь хуурамч гэж тайлбарласан. Гэтэл захиалагч талын томилсон хүн Д.Ням-Осор гарын үсэг зурсан. Тийм учраас гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлыг давуулан биелүүлсэн гэж үзэж байна. Мөн гүйцэтгээгүй үүрэг болох 13 140 900 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 6 570 450 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн насос сольж тавьсны зөрүүнд 820 900 төгрөгийн хамт хариуцагч талаас 19 711 350 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээнд анхнаасаа цагт 2 000 тонноос багагүй ус гарахаар заасан, шууд 6 тонн гэж заагаагүй, насосны хүчин чадлын талаар тохиролцоход яригдсан. Баталгаат хугацаа дууссан гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиалагч тал нь худгийг бүрэн ашиглаж байгаа бөгөөд ундаргад хийсэн дүгнэлт, хэмжилтээр хоногт 73.4 тонн ус гарч гэрээнд заасан хэмжээнээс илүү байсан. Манай талаас захиалагч талын ажлыг бүрэн дуусгасан гэж үзэж байгаа. Мөн худгийн гэрчилгээг “Эрдэнэдринлинг” ХХК-д гаргаж өгсөн. Усны химийн хэмжээг тогтоох хамгийн сүүлд хийгдэх ажил юм. Иймээс Иргэний хуульд гэрээнд заасан тоо, чанарт тохирч байгаа бол биет байдлын доголдолгүй ажил гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХИ” ХХК- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сугарням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч нь 100 тууш метрийн гүний худгийг өөрийн бараа материалаар гаргахаар тохиролцсон. Гүйцэтгэгч нь гэрээний дагуу дараах ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Үүнд: өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, цооногийн бэхэлгээний яндан хийх, шүүр яндан хийх, цооног ямар ч усгүй тохиолдолд урьдчилгаа телбөрийг буцаан төлөх, хоногт 2 000 литр ус авахгүй тохиолдолд гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх, өрөмдлөгийн ажлаа дуусгасны дараа худгийн насос, цахилгааны утас, ус өргөх хоолой, пускатель, бүрээстэй тросс зэрэг тоног төхөөрөмжийг суулгах, худагт 12 сарын баталгаа гаргах, худгийн насост 12 сарын баталгаа гаргах үүргийг тус тус хүлээсэн. Харин захиалагч тал гэрээний төлбөрийг төлөх, худаг өрөмдөх зөвшөөрлийг авах, худаг өрөмдөх газрын газар доогуурх зургаар хангах, өрөмдлөгийн ажлын цахилгаанаар хангах үүргийг тус тус хүлээсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 4.8-д заасны дагуу гүйцэтгэгч нь 1 цагт 6 тонн ус татах хүчин чадалтай насос тавих үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ гүйцэтгэхдээ үндэслэлгүйгээр насосны үнийн зөрүү гэж 820 900 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Хэрэв гэрээнд заасан насос нь анхаасаа 1 цагт 6 тонн ус татах хүчин чадалгүй байсан тохиолдолд гүйцэтгэгч тал хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний 2.1-т заасны дагуу нийт төлбөр болох 17 600 000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцон захиалагч нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаанд 8 800 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээний 2.3-т заасны дагуу цооногийн гүнийг хэмжиж, худгийг хүлээж авсны дараа гурав хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь 12 сарын баталгаатай худаг бөгөөд тухайн гэрээний зүйл болох худаг нь гэрээнд заасны дагуу дараах бүрдэл хэсэгтэй байна. Үүнд: цооногийн бэхэлгээний яндан, шүүр яндан, худгийн насос, цахилгааны утас, ус өргөх хоолой, пускатель, бүрээстэй тросс зэрэг тоног төхөөрөмжүүд. Гүйцэтгэгч нь худгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй боловч худаг нь захиалагчийн өмч болохыг нотлох аливаа баримт өгөөгүй тул захиалагч гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй. Гүйцэтгэгч талаас гэрээний үр дүнг хүлээлгэж өгсөн тухай гаргаж өгсөн баримт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайлбал, баримтад гарын үсэг зурсан этгээд нь хэн болох нь тодорхойгүй, захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь менежер ажилтай Д.Нямосор байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь өрөмдлөгийн ажлыг талбай дээр очсоноос хойш 14 хоногийн дотор дуусгаж, худгийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч одоог хүртэл энэ үүргээ гүйцэтгээгүй байна. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу бүх тоног төхөөрөмжийн хамт худгийг хүлээлгэн өгч, зохих ёсоор ажиллаж байгаа эсэхийг шалгаж, гэрээнд заасан шаардлагын дагуу цагт 6 тонн ус гарч байгааг нотлон баримтаар баталгаажуулсан тохиолдолд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гүйцэтгэгч талаас гэрээнд зааснаас илүү хүчин чадалтай насос тавьсан гэж байгаа боловч үүнийг нь нотлох баримт байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас шалгаж гэрчилгээгүй тул ашиглаагүй. Өрөмдлөгийн ажил дууссан нь үнэн боловч цооногийн гүнийг хэмжээгүй, ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй учраас ажил дууссан гэж үзэж үндэслэл байхгүй. Талууд цагт 6 тонн ус татах чадвартай насос байх ёстой гэдэг шаардлага гаргасан байдаг. Гүйцэтгэгч талын анхны санал болгосон насос нь цагт 6 тонн ус татах чадалгүй байсан. Тийм учраас гүйцэтгэгч талаас цагт 6 тонн ус татах чадалтай насос тавьж зөрүү төлбөрийг авах талаар хэлсэн. Насосны төлбөр нь гэрээний үнийн дүнд орсон байгаа учраас манай талаас зөрүү төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гүйцэтгэгч тал цагт хичнээн тонн ус гарч байгааг тогтоогоод цагт 2 тонн ус гаргах чадалгүй байх юм бол ажлыг дуусгаад үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, харин захиалагч талаас ажилтай холбоотой гарсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж гэрээнд заасан байдаг. Тус худгийн ашиглах гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй. Нэхэмжлэгч талаас гэрчилгээ авч өгсөн гэж байгаа боловч гэрээнд заасан худгын гэрчилгээ биш хажууд нь өөр хувь этгээдээр ухуулсан худагны гэрчилгээ байгаа. Нэхэмжлэгч тал нь цооног хүлээлгэж өгсөн актаар бүх ажлыг хүлээлгэж өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас манай талаас бүх ажлыг хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХИ” ХХК--аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 300 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 410 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 506 75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХИ” ХХК-аас 254 454.5 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн 4 дэх талд байгаа үндэслэх хэсэгт “хариуцагч нь тус гэрээний үндсэн нөхцлийн талаар маргаагүй боловч худагт цооногийн бэхэлгээний яндан, шүүр яндан, худгийн насос, цахилгааны утас, ус өргөх хоолой, пускатель, бүрээстэй тросс зэрэг тоног төхөөрөмжүүдийг хийж гүйцэтгэх, худгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлж хүлээлгэж өгөөгүй, худгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, худгийг ашиглах гэрчилгээ, зөвшөөрөл байхгүйгээс ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалзсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч дээрх татгалзлаа нотлоогүй” гэж дүгнэсэн. Энэхүү үндэслэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй байна. Үүнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хариуцагчийн тайлбар гаргах эрхийг хязгаарлаж, хууль зөрчсөнийг зөвшөөрөхгүй байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тухайгаа нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн зөвхөн нэг хэсгийг буюу цооног өрөмдөж, хүлээлгэн өгснийг нотолсон бөгөөд бусад үүргээ гүйцэтгэсэн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нотолбол зохих зүйлийг хариуцагч нотлох үүрэгтэй мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй ажлыг гүйцэтгээгүй гэж хариуцагч нотлох боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийн 4, 5 дахь талд байгаа үндэслэх хэсэгт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь худгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, худгийг ашиглах гэрчилгээ, зөвшөөрөл байхгүйгээс хариуцагч тал ашиглаагүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна. Монгол улсын Усны тухай хуульд зааснаар “ХИ” ХХК- нь ус ашиглагч хуулийн этгээдэд хамаарах ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.23-т зааснаар гүний худгийн цооног өрөмдлөгийн ажлын дүгнэлтийг Байгаль орчны яам, 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар тус дүгнэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгохоор, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар мөн хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулах, эрхийн бичиг олгох, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйийн 31.1-д хоногт 60 шоо метр буюу 6000 л ус ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа гаргах, ус ашиглах гэрээ байгуулан, ус ашигласны төлбөр төлөх талаар зааж, уг үүрэг нь ус ашиглагчид хамаарахаар заасан байх тул нэхэмжлэгч “Э” ХХК-д хамааралгүй гэж дүгнэсэн. Энэхүү үндэслэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй байна. Үүнд, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.18 дахь хэсэгт “Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно” гэж заасан. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасны дагуу ус ашиглах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргахдаа 28.2.1-28.6 дахь хэсэгт заасан бичиг баримтыг хавсаргахаар заасан. Эдгээр хавсаргах баримт бичгийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр заасан. Хариуцагч нь хуульд заасны дагуу ус ашиглах зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийг хангуулах үүднээс тусгай зөвшөөрөл бүхий нэхэмжлэгчээр ажил гүйцэтгүүлсэн бөгөөд ажлын үр дүн болох хуульд заасан шаардлагатай баримт бичгүүдийг одоог хүртэл хүлээж аваагүй. Хариуцагчийн зүгээс энэ талаар тайлбартаа дурьдсаар байтал шүүхээс маргааны мөн чанарыг ойлгож, харгалзаж үзэхгүйгээр аливаа тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг нэхэмжлэгчид хамааралгүй гэж үндэслэж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “ХИ” ХХК--д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 19 711 350 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 25-26 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч талын томилсон хүн болох Д.Ням-Осор гарын үсэг зурж хүлээн авсан атал үлдэгдэл хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул 12 320 000 төгрөгийн дутуу төлөгдсөн хөлс, насос сольж тавьсны зөрүү 820 900 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцсон алдангид 6 570 450 төгрөгийн хамт хариуцагчаас 19 711 350 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, харин хариуцагч “ХИ” ХХК- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “гүйцэтгэгч талаас гэрээний үр дүнг хүлээлгэж өгсөн гэх баримт нь хүчин төгөлдөр бус, уг баримтад гарын үсэг зурсан этгээд нь хэн болох нь тодорхойгүй, захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь менежер ажилтай Д.Ням-Осор байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь өрөмдлөгийн ажлыг талбай дээр очсоноос хойш 14 хоногийн дотор дуусгаж, худгийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч одоог хүртэл энэ үүргээ гүйцэтгээгүй байна. Гүйцэтгэгч талаас гэрээнд зааснаас илүү хүчин чадалтай насос тавьсан гэж байгаа боловч үүнийг нь нотлох баримт байхгүй.” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Талууд худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон хариуцагч байгууллага ажлын хөлсөнд 8 800 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

            Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр талууд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 124 тоот хаягт байршилтай талбайд худгийн өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх, захиалагч “ХИ” ХХК- нь гүйцэтгэгч “Эрдэнэдрийлинг“ ХХК-ийг өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, өрөмдлөг хийх талбай дээр очсоноос хойш 14 хоногийн дотор 100 тууш метрийн гүнтэй худаг гаргах, 1 тууш метрийн үнийг 176 000 төгрөгөөр тооцон, захиалгат ажлын хөлсөнд 17 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба урьдчилгаа төлбөрийг гэрээт ажил эхлэхээс өмнө 8 800 000 төгрөгийг төлөхөөр, худгийн өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногийн гүнийг хэмжиж, худгийг хүлээж аван үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дотор төлөхөөр гол нөхцөлийг, түүнчлэн дээрх гэрээний үндсэн нөхцлөөс гадна захиалагч хоногт 2 000 литр ус авахгүй бол гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр, гүйцэтгэгч нь цооногийн бэхэлгээний янданг 377 мм ган труба, шүүр янданг 219 мм трубагаар хийж, өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногт суурилуулах тоног төхөөрөмжийг бүрэн хариуцан цахилгаан утас, ус өргөх хоолой 32 мм-ийн хуванцар, пускатель, бүрээстэй тросс, гүний худгийн насос зэргийг бүрэн хариуцахаар тохиролцжээ./Хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Дээрх гэрээг гүйцэтгэгч талыг төлөөлөн захирал Б.Шихтулга, захиалагч талыг төлөөлөн Д.Ням-Осор нар гарын үсэг зурсныг “Э” ХХК-ийн захирал Б.Шихтулга, “ХИ” ХХК--ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат нар гэрээний толгойн хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хэргийн 8 дугаар тал/

 

            Хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Гүний худгийн цооног хүлээлгэн өгөх актаар цооногийн гүн 120 метр, 219, 150 мм-ийн цооногийн тоноглолтой, 3 квт 6 тн-ийн насосны марктай, насосны байрлал 115 м, ундарга 1,8 л/сек, усны өнгө тунгалаг байдалтай хүлээлгэн өгч гүйцэтгэгч талыг төлөөлөн өрмийн мастер н.Болд гарын үсэг зурж, захиалагч талыг төлөөлөн гэрээ байгуулсан Д.Ням-Осор нар гарын үсэг зурж хүлээлцсэн баримт авагдсан байна./хэргийн 11 дүгээр тал/ Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүнг хариуцагч буюу захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Иймд ажлын үр дүнг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

 

            Хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гүний худгийн цооног хүлээлгэн өгсөн актад цооногийн гүн 77 метр, 219, 150 мм-ийн цооногийн тоноглолтой, насосны 1,5 квт 6 тоннын марктай, насосны байрлал 75 м, ундарга нь 1,5 л/сек, усны өнгө тунгалаг байдалтай байсныг захиалсан хэмжээнд ус гарахгүй ажил дутуу цааш ухах шаардлагатай гэж дүгнэн, мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гүний худгийн цооног хүлээлгэн өгсөн актад зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 120 метрийн гүнтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн талаар дурджээ. Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д “Өрөмдлөгийн ажлын явцад нийт 100 тууш метрийн гүнтэй худаг гаргахаар төлөвлөсөн ба төлбөрийг гүйцэтгэлээр хийнэ” гэж заасан байна.

 

            Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 1 метрийн хэмжээтэй гүний өрөмдлөгийн ажлын хөлс 176 000 байхаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцон ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

            Түүнчлэн, хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний дагуу гомдлын шаардлага гаргаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХИ” ХХК--аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 12 320 000 /120*176 000/-8 800.000=12 320 000/ төгрөгийг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцон 6 160 000 төгрөг, нийт 18 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв.

 

            Монгол Улсын Усны тухай хуульд зааснаар ХИ ХХК нь ус ашиглагч хуулийн этгээдэд хамаарах ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.23-т зааснаар гүний худгийн цооног өрөмдлөгийн ажлын дүгнэлтийг Байгаль орчны яам, 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар тус дүгнэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгохоор, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар мөн хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулах, эрхийн бичиг олгох, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйийн 31.1 дэх хэсэгт хоногт 60 шоо метр буюу 6000 л ус ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа гаргах, ус ашиглах гэрээ байгуулан, ус ашигласны төлбөр төлөх талаар зааж, уг үүрэг нь ус ашиглагчид хамаарахаар заасан байх тул нэхэмжлэгч “Э” ХХК-д хамааралгүй гэж дүгнэснийг буруутгах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 4.8-д “....захиалагч 1 цагт 6 тонноос илүү хүчин чадалтай насос тавиулахыг хүсвэл зөрүү мөнгийг нэмж төлөх”-өөр тохиролцсон байна. Тухайн суурилуулсан насос нь гэрээнд зааснаас илүү хүчин чадалтай байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл ямар насос суурилуулан хариуцагчид хүлээлгэн өгсөн болохыг баримтаар нотлоогүй байна. Иймээс насосны үнийг гэрээний үнэнд орсон гэж үзэж, зөрүү 820 900 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00785 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “19 300 900” гэснийг “18 480 000” гэж, “410 450 төгрөг” гэснийг “1 231 350 төгрөг” гэж,

2 дахь заалтын “254 454.5 төгрөг” гэснийг “250 350 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                           С.ЭНХТӨР